| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0060/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 63
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Сүхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000180044 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл *, эхнэр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг, Жавхлант сум * дугаар баг Моностой гэх газар оршин суух, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 121 тоот тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дугаар зүйлд зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж оногдуулсан ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Бэрсүүд овогт Доржбалын Сүхбаатар РД: /ДМ88052918/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Сүхбаатар нь 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн М.Анхбаярын адуунаас алдагдаж өөрийн адуун сүрэгт ирж нийлсэн нэг тооны морийг бусдад худалдаж борлуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Сүхбаатарын 2018 оны 03 дугаар сарын 01-нгий өдөр яллагдагчаар өгсөн: “...Манай 2017 оны 08 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ерөө гол гэх газарт гол дагуу зуншлагандаа байхад манай адуунд хүрэн зүсмийн морь ирээд нийлсэн эхний хэд хоног манай адууны захад байж байгаад сүүлдээ дасаад манай адуунд ижилссэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байх Дархан-Уул аймгийн зун манай ахаас мал авч байсан Цэмбэл ахыг дуудаад адуугаа тууж ирээд адуунаасаа сартай хүрэн зүсмийн хүрэн морийг барьж өгөөд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/
Хохирогч М.Анхбаярын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 17, 18-ны үед манай хүүхдүүд уналга эдэлгээнд хэрэглэж байгаад адуунд тавьсан байсан тэгээд хэд хоногийн дараа алга болсон байсан. Жавхлант сум болон Хүдэр сумаар хайгаад олдоогүй тэгээд Ерөө сумын Цагдаагийн хэлтэст алдуул малын бүртгэлд бүртгүүлсэн байсан хүнээс сонсоод сураг тавиад байсан чинь Жавхлант сумын Ерөө голын тэнд байдаг Сүхбаатар гэдэг айлын адуунд нийлсэн сурагтай байсан тэгэхээр нь авах гээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны үед яваад очиход махны ченжид өгөөд мөнгө болгосон байсан тэгээд миний морины орийг өгчих байх гэж бодоод өдий болтол цагдаагийн байгууллагад хандаагүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/
Гэрч Ц.Цэмбэлийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна. Д.Сүхбаатар нь миний гар утас руу залгаад та Ерөө голд ирээд надаас 3 адуу худалдаж аваач гэхээр нь би тэр өдрөө тээврийн хэрэгсэлтэй очиж худалдаж авсан. Бор зүсмийн соёолон, бор зүсмийн нас гүйцсэн гүү, Хүрэн зүсмийн нас нийлсэн морь зэргийг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
Гэрч Ц.Цэмбэлийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Ерөө сумаас Жавхлант сумын Хуурай хөндий гэх газраас Д.Сүхбаатар нь 15 тооны адуу тууж ирээд түүн дотроосоо 3 адуу барьж өгсөн... “ гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/
Гэрч Д.Удвалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Сүхбаатар нь Жавхлант сумын Моностой багийн Ерөө голд ам бүл-* эхнэр хүүхдийн хамт амьдардаг, одоо хувиараа мал маллаж амьдардаг. Уг хүн нь 2017 оны мал тооллогоор хонь 206, ямаа 194, адуу 15 толгой нийт 415 толгой мал тоолуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Ерөө сумын үнэлгээ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 14 дүгээр тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 24, 26 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар тал/
Жавхлант сумын Моностой 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28-29 дүгээр тал
Сэлэнгэ аймаг дахь авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-35 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Д.Сүхбаатар нь 2017 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн М.Анхбаярын адуунаас алдагдаж өөрийн адуун сүрэгт ирж нийлсэн нэг тооны морийг бусдад худалдаж борлуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 05-07/, гэрч Ц.Цэмбэлийн /хх-ийн 10-12/ мэдүүлгүүд зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.Анхбаярын мэдүүлэг нь гэрч Ц.Цэмбэлийн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Сүхбаатарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Сүхбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1-д заасан “...Алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Сүхбаатар нь урд өмнө гэмт хэрэг үйлдэж байсан боловч ялгүйд тооцогдсон, Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Д.Сүхбаатар нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч М.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Бэрсүүд овогт Доржбалын Сүхбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 д заасан “...Алдуул мал завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Бэрсүүд овогт Доржбалын Сүхбаатарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Сүхбаатарт оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Сүхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Д.Сүхбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
.