Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 126/ШШ2025/0019

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*************** нарын хоорондын албан шаардлага, албан даалгавар, шийтгэлээс чөлөөлөх хуудас, албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б***************  (цахим), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.    Нэхэмжлэгчээс анх Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан Хөвсгөл аймгийн Хүнс, Хөдөө аж, ахуйн газрын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлагыг болон У*************** сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*************** ыг зөрчил үйлдсэн гэж дүгнэсэн, улмаар зөрчлийн шийтгэлээс чөлөөлж, сахилгын арга хэмжээ авхуулахаар явуулж буй улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.2.    Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлага, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгавар, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/206 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлагаар У*************** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр мал зүйч мэргэжилтнийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн томилж ажиллуулах, дээрх мэргэжилтний томилгоог хийхдээ Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгчийг холбогдох арга хэмжээг авч илэрсэн зөрчлийг арилгах талаар шийдвэрлэжээ.

2.2. Улмаар дээрх албан шаардлагыг биелүүлээгүйтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсаар нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг буюу төрийн албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг үйлдсэн гэж шийдвэрлэсэн.

2.3. Мөн дээрх шийтгэлээс чөлөөлөх хуудсын 9 дэх хэсэгт зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар У*************** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн Малын үржил, бүртгэл, генетик нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч орон тоог Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу нөхөх арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг нэхэмжлэгчид даалгажээ.

2.4. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/206 тоот албан бичигт ...даалгаврын хэрэгжилтийг хангуулан ... хариуцлага тооцон хариу мэдэгдэнэ үү гэж дурдан У*************** сумын Засаг дарга Д.Б************-д хүргүүлсэн байна.

2.5. Дээрх шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч иргэнийхээ хувьд 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 126/ШЗ2025/0129 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШЗ2025/0162 дугаар захирамжаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.6. Ийнхүү уг татгалзсан нөхцөл байдлыг арилган нэхэмжлэгчээс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын М.Б***************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сумын Засаг даргын Тамгын газраас тус Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрыг олон удаа зарлагдсан боловч нөхөгдөөгүй учраас Төрийн албаны салбар зөвлөлд захиалга өгөхөд Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар-ыг өөрийн сайтад тавьж нийтэд мэдээлсэн. Энэ зарын дагуу Рэнчинлхүмбэ сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч Б.С*************** нь У*************** суманд шилжин ажиллах хүсэлтээ Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөл болон аймгийн Мал эмнэлгийн газар, У*************** сумын Засаг даргын Тамгын газарт гаргасныг холбогдох байгууллагууд хүлээн авч хянан шалгаад зөрчилгүй гэж үзээд дээрх хүнийг томилохыг санал болгосон тул би Тамгын газрын даргын хувьд уг ажлын байранд томилсон байсан юм.

У*************** сумын Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг өрөөндөө дуудахад нь орж уулзахад Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагч Ц.Э*************** гэх хүн манай сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд төлөвлөгөөт бус шалгалт хийж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын газрын Улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №08-33-04/155/11 дугаартай шаардлага ирүүлсэн байна гээд надад уг албан шаардлагыг танилцуулсан.

Уг шаардлагатай танилцахад ...Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг зөрчсөн гэж үзжээ.

Шаардах хуудасны шаардах нь хэсгийн 1-д ... орон тоонд мал зүйч мэргэжилтнийг холоогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилох ... , 2-т ...Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг зөрчсөн дагуу ... Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлэх ..., гэж дурьдаад шаардах хуудасны сүүлчийн хэсэгт энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэх болно. Гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэжээ.

Би дээрх шаардлагыг хүлээн аваад эрх бүхий байгууллага буюу Төрийн албаны салбар зөвлөлийн томилолтын дагуу томилсон талаарх тайлбарыг улсын байцаагчид бичгээр хүргүүлсэн. Гэтэл Мал үржлийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Э*************** нь 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирж уулз гэж дуудахад нь очиж уулзахад таны ирүүлсэн тайлбар чинь шаардлага хангаагүй тул таныг улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй, зөрчил арилгаагүй байна гэж үзлээ. Танд зөрчлийн хэрэг нээсэн гэхэд нь би гомдлоо гаргана, эрх бүхий байгууллага томилохыг зөвшөөрсөн тул би томилсон гэхэд Э*************** байцаагч таны гомдол гаргах 14 хоногийн хугацаа дууссан гэхэд нь би 4 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авснаа хэлсэн боловч та дуугүй бай гээд хүлээн аваагүй. Би хэдний өдөр зөрчлийн хэрэг нээсэн ямар хугацаанд хаана гомдол гаргах талаар болон надад та ийм эрх үүрэгтэй ч гэж огт танилцуулалгүйгээр баахан юман дээр гарын үсэг зуруулсан. Би яг юун дээр гарын үсэг зурж байгаатайгаа танилцаж байж гарын үсэг зурна гэхэд та юун хар санаатай юм, төрийн албан хаагч таныг болж бүтэхгүй юман дээр л зуруулав гэж дээ гэж хэлээд гарын үсэг зуруулсан.

Тэгээд ч улсын байцаагчийн шаардлагад гомдол гаргах эрхтэйг дурьдсугай гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд, хугацааг заах гэснийг зөрчиж хэд хоногийн дотор хаана, хэнд гомдлоо гаргахыг тодорхой заагаагүй, албан шаардлагыг надад биш Засаг даргад явуулсан байсан.

Ингээд би надад зөрчлийн хэрэг нээсэн юм байна ойлгоод аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан боловч Прокурорын газраас надад Таныг шийтгэлээс чөлөөлсөн байна, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн хариу өгсөн байна.

Ер нь бол би Тамгын газрын даргын хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй тул намайг зөрчил үйлдсэн гэж зөрчлийн хэрэг нээсэн, улмаар шийтгэлээс чөлөөлж, сахилгын арга хэмжээ авхуулахаар санал хүргүүлж байгаа улсын байцаагчийн үйлдлийг би хууль бус байна гэж үзэж байна.

Би Мал эмнэлэг, үржлийн байцаагчийн энэхүү үйлдэл үйл ажиллагааг Зөрчлийн хуулиар тоггоосон харьяалал зөрчин хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдлэн төрийн /албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, шилжүүлэн болон сэлгэн ажиллах асуудалд хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээн, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх/ үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул илт хууль бус байна гэж үзэж байна.

Намайг зөрчил гаргасан гэж дүгнэн шийтгэлээс чөлөөлсөн гэдгийг прокурорын хариу бичгээс мэдлээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 16.12-т Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагчийн хэрэгжүүлэх хяналтын хүрээ мөн хуулийн 16.13-д Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагчийн үйл ажиллагааны хяналтын хүрээ-г тус тус заасан бол,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д Дараах эрх бүхий албан тушаалтан дор дурьдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ, 6 дугаар зүйлийн 6.43, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.25, 10.27, 10.29, 11.2 дугаар зүйл. 13.4 дүгээр зүйлийн 1,2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 13.11 дүгээр зүйлд заасан зөрчлийг,

Мөн хуулийн 6.44.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5,13 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1,3,4, 5, 6, 7, 8,9,10,11 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 6.15, 7.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7 19 дүгээр зүйлийн 4, 5, 7, 8. 9 дэх хэсэг, 10,2дугаар зүйл, Ю.Здугаар зүйлийн 1,2, 1.3, 1.4, 1.5 дахь заалт, 10.4, 10.25, 10,27, 10.29, 11,2, 13.5. 13.9 дүгээр зүйл. 13.10дугаар зүйлийн 1. 2, 3, 4. 5 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг тус тус шалган шийдвэрлэхээр заасан харьяалал дотор төрийн албан хаагчийн томилгоо, төрийн албан хаагчийн сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах асуудалд хяналт тавих талаар заагаагүй байх тул эрх бүхий албан тушаалтан болох мал эмнэлэг, үржлийн улсын ахлах байцаагч нь харьяалал зөрчин хяналт шалгалт хийсэн нь илт хууль бус байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн эрх зүйн байдал. хөдөлмөрлөх эрх, сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах, амрах, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны Төв байгууллага хяналт тавьж түүнтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр заасан байна,

Гэтэл Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын улсын ахлах байцаагч нь Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хяналт шалгалт хийгээд томилохыг зөвшөөрсөн асуудалд хяналт шалгалт хийж У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу намайг хууль зөрчин У*************** сумын Засаг даргын тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнийг томилсон гэж буруутган шаардах хуудас өгч, намайг зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж үзээд улмаар шийтгэлээс чөлөөлж. Тамгын газрын даргадаа сахилгын арга хэмжээ авч хариу мэдэгд гэсэн албан бичиг Засаг даргад хүргүүлсэн Энэ нь эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хуулинд заасан эрхээ эдлэн мэргэжилтэнг томилсон болохоос биш, эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бусаар томилоогүй тул би ямар нэгэн арга хэмжээ авагдах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Хүнс, Хөдөө аж, ахуйн газрын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлагыг болон У*************** сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Б*************** ыг зөрчил үйлдсэн гэж дүгнэсэн, улмаар зөрчлийн шийтгэлээс чөлөөлж, сахилгын арга хэмжээ авхуулахаар явуулж буй улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б***************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У*************** сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нөхөгдөхгүй олон жил явсан сул орон тоо юм. Тус орон тоог нөхөхөөр удаа дараа төрийн албаны тусгай шалгалт зарлагдсан боловч нөхөгдөөгүй. Тус орон тооны мэргэжилтний зайлшгүй шаардлага үүсэж байсан тул орлог гүйцэтгэгч томилон ажиллуулж байсан. 2025 оны эхээр Төрийн албаны салбар зөвлөлийн төрийн жинхэнэ албан хаагчийг сул орон тоонд шилжүүлэх, сэлгүүлэн ажиллуулах зарын дагуу Ренчинлхүмбэ сумын тархвар зүйчээр ажиллаж байсан Б.С*************** нь хуулийн хугацаанд хүсэлтээ өгсөн. Тус хүсэлтийг манай байгууллага хүлээн аваад Б.С***************-ийг шилжүүлэх ажиллуулах хүссэн албан тоотыг Мал эмнэлгийн газар хүргүүлсэн. Үүний дагуу аймгийн Мал эмнэлгийн газар Б.С***************-ийг сул орон тоонд шилжүүлэх тушаал гаргасны дагуу Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон. Мөн Төрийн албаны салбар зөвлөлөөс томилгоотой холбоотой хяналт шалгалтыг хийдэг бөгөөд уг томилгоо нь хуульд нийцсэн байна гэж үзээд тус орон тоог нөхөх тусгай шалгалтыг зарлаагүй.

Гэтэл У*************** сумын Засаг дарга намайг дуудаж Б.С***************-ийг ажлаас чөлөөл, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагчийн албан шаардлага ирсэн. Тайлбараа бичиж өг гэсний дагуу би хууль ёсны дагуу томилгоо хийсэн талаараа тайлбараа бичиж Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар руу явуулсан. 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар яаралтай ирж мэдүүлэг өг, таны тайлбарыг хүлээж авахгүй гэсэн. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би Ц.Э*************** байцаагчтай очиж уулзан болсон процессыг тайлбарлаж хэлсэн. Прокурорын хяналт дор уг ажиллагааг хийж байгаа учир давж заалдах гомдол гаргах боломжгүй гэж байсан. Тухайн өдөр бид янз бүрээр ярилцаж, маргалдсан. Албан шаардлагыг шууданд хийснээс хойш гомдол гаргах хугацаа дууссан гэж хэлсэн. Тухайн бичгээ Тамгын газрын дарга надад хаяглаж явуулаагүй. Сумын Засаг даргад хаяглаж явуулсан байсан. Хэн гомдол гаргасныг хэлэхгүй, хуулийн дагуу нууцлах ёстой гээд хэн гэх хүн гомдол, мэдээлэл өгсөн талаар мэдээгүй. Намайг чи хууль зөрчиж томилгоо хийсэн гэж тулгаж байсан. Яагаад ямар үндэслэлээр хууль бус томилгоо хийсэн гэж үзсэн талаар асуухад Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-г зөрчсөн. Уг орон тоонд заавал мал зүйч ажиллах ёстой гэж хэлсэн. Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэж заасан. Гэтэл сумын бүтэц орон тоог сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга баталдаггүй. Аймгийн Засаг дарга баталдаг. Албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албан зөвлөлөөс баталж, салбар зөвлөл тусгай шалгалт зарлаж, батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заагдсан шалгуурыг хангасан хүнийг албан тушаалд томилдог. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан албан хаагч шилжин ажиллах боломжтой.

Гэхдээ хоёр байгууллага хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр албан хаагчийг шилжүүлдэг. Б.С*************** нь албан тушаалтын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаж байсан тул хуулийн дагуу томилгоо хийсэн. Бид энэ талаар маргалдаж би өөрийн хууль бус томилгоо хийгээгүй талаараа олон удаа тайлбарлаж хэлсэн. Би мал эмнэлгийн үржлийн байцаагч нь байсаар байтал тархвар зүйч томилсон бол хууль бус томилгоо гэж үзэх үндэслэлтэй байсан. Намайг хууль бус шийдвэр гаргаж, хууль зөрчсөн гэж удаа дараа шахаж дарамталсан. Тухайн өрөөнд олон байцаагч сууж байхад хууль мэдэхгүй хүн Тамгын газрын дарга хийж байна гэх мэтээр хэлж байсан. Би мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэхэд тулгаж, шаардаж байсан. Тухайн байцаагч нь төрийн албанд олон жил ажилласан зүрх муутай хүн байсан. Би зүрх муутай хүнтэй маргаан үүсгэж зүрхийг нь өвтгөхийг хүсээгүй. Мөн прокурор хяналт тавьж байгаа тул дээд шатны прокурор гомдол гаргаж болно гэсний дагуу гомдол гаргасан. Прокурор гомдлыг хүлээн авч надтай уулзаад Захиргааны хэргийг шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу гомдол гаргасан. Би өөрийн эрх ашигт нийцүүлж, хууль бус томилгоо хийгээгүй. Гомдол гаргагчийг нууцлах хуулийн заалттай гээд надад хэн гомдол гаргасан талаар хэлээгүй. Сүүлд судалж үзэхэд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Н*************** гомдол гаргасан талаар олж мэдсэн. Б.С*************** нь одоо түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Ц.Э*************** байцаагчийн эхнэр нь удаа дараа миний томилгоог хүчингүйд тооцож, Н.Намхайбаатарыг ажилд авахыг сумын засаг даргаас шаардаж байсан. Би олон жил төрийн албан ажиллаж байна. Миний өмгөөлөгч хууль зүйн талаас нь нэмж тайлбар хэлэх байх гэв.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны хууль болон Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар харьяаллын бус маргааныг мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагч хянаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Харьяалал зөрчиж, холбогдогчид эрх үүрэг танилцуулахгүйгээр, сайн дураараа зөрчлийн хэргийг хүлээн зөвшөөрсөн мэтээр хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил гаргагч буюу зөрчилд холбогдогч гэж үзэж буй У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** од холбогдуулан хэн ямар үндэслэлээр гомдол гаргасан талаар огт хэлэхгүйгээр, гомдлыг танилцуулахгүйгээр шалгаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд хүсэлт, гомдлыг зөрчлийн хэрэгт заавал хавсаргана гэж заасныг зөрчсөн. Зөрчилд холбогдогчид гомдол гаргах эрхийг нь тайлбарлаагүй. Гомдол гаргах талаараа хэлэхэд таны гомдол гаргах эрхийн хугацаа дууссан гэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэнд, хаана, хэд хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж өгөх ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд зааснаар гомдол мэдээлэл нь тухайн байгууллагатай харьяаллын бус болох нь тогтоогдвол харьяаллын дагуу шилжүүлэх үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй. Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэж заасныг зөрчсөн гэх үзсэн. У*************** сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бүтцэд дээрх хуульд заасан орон тоо тухайн үед байхгүй байсан. Гомдол гаргагчийг нууцалсан үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйл, 6.20 дугаар зүйлд зааснаар нууцалж байгаа талаар бичсэн байсан. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд дээрх заалтууд байхгүй. Зөрчлийн тухай хуульд зааснаар 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодох, 6.20 дугаар зүйлд хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэх зөрчил үйлдсэн гэх заалт бий. Гэтэл тухайн улсын байцаагч нь Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиа ялгахгүйгээр үндэслэлгүй хуулийн зүйл заалт баримталсан байна. Тус улсын байцаагч нь ямар эрх үүрэгтэй талаар судалж үзэхэд төрийн албаны тухай хуулийг зөрчих, төрийн албатай холбоотой маргаан, гомдолд хяналт тавих эрхгүй этгээд байна. Үүнээс үзэхэд Ц.Э*************** байцаагч харьяаллын бус хэргийг шалгасан байна. Харьяаллын дагуу хэрэг маргааны хянан шийдвэрлэж, албан шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд улсын байцаагчийнхаа эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэж болох байсан. Харьяаллын бус зөрчил шийдвэрлэж, сумын Засаг даргад Тамгын газрын дарга М.Б*************** од заавал арга хэмжээ ав гэх шаардлага хүргүүлж, шахаж, шаардаж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл юм. Төрийн албан хаагчийг томилох, чөлөөлөхтэй холбоотой маргааныг Төрийн албан хуулийн дагуу төрийн албан зөвлөл хянан шийдвэрлэх ёстой. Тиймээс Мал эмнэлгийн улсын байцаагчид хамааралгүй маргаан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч тайлбартаа Ц.Э*************** байцаагчийн эхнэр нь удаа дараа шахалт, дарамт үзүүлж байсан талаар хэлсэн. Ц.Э***************-ийн эхнэр Л.С*************** гэх хүн гомдол гаргаж, эхнэрийнхээ гаргасан гомдлын дагуу шалгалт хийснээ нууцлаад байсан юм болов уу гэж хардаж байна. Гэр бүл, садан төрлийн холбоотой хүмүүстэй холбогдох асуудлыг шийдвэрлэхээс татгалзах үүрэгтэй байдаг. Улсын байцаагчийн үүргээ зөрчиж хууль бус хяналт шалгалт хийж, албан шаардлага гаргасан байна. Нэгэнт албан шаардлага үйлдэгдэж хүчин төгөлдөр болсон тул н.Намхайбаатарыг заавал ажилд томилох ёстой гэсэн шахалт, дарамт удаа дараа үзүүлж байгаа нь хууль бус үйлдэл юм. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газраас 1/206 тоот У*************** сумын Засаг дарга н.Б***************-д танай сумын Тамгын газрын дарга М.Б***************  улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул даалгавар өглөө, уг даалгаврыг хэрэгжилтийг хангуулан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10-т заасны дагуу хариуцлага тооцон хариу мэдэгдэнэ үү гэх утга бүхий албан бичгийг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тухай хууль зөрчөөгүй, зөрчил үйлдээгүй, шийтгэлээс чөлөөлөгдөх ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй гэж марган, шүүхэд гомдол гаргасан. Мөн дээрх албан бичгийн дагуу Засаг дарга нь арга хэмжээ авах гээд байгаа учраас гомдол гаргасан. Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч нь өөрийн харьяаллын бус зөрчлийг хянан шийдвэрлэж, эрх зүйн акт гаргасан нь илт хууль бус юм.

Тус захиргааны байгууллага нь өөрийн харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэж, үйл ажиллагаа явуулан захиргааны акт гаргасан. Тиймээс Албан шаардлага, албан даалгавар, шийтгэлээс чөлөөлөх хуудас зэрэг нь илт хууль бус захиргааны акт юм гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хүнс хөдөө аж ахуйн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08- 33-04/155/11 дугаартай албан шаардлагыг болон У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ыг зөрчил үйлдсэн гэж дүгнэсэн, улмаар зөрчлийн шийтгэлээс чөлөөлж сахилгын арга хэмжээ авахуулахаар явуулж буй улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох талаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг шүүхэд гаргаж байна. Үүнд:

Нэг. Хариуцагч мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын ахлах байцаагч нь гомдлын мөрөөр төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг У*************** сумын хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагаанд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хийсэн байна. Шалгалтын явцад тус сумын хөдөө аж ахуйн тасагт Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалт зөрчигдсөн болохыг тогтоожээ. Энэ нь захиргааны зөрчилд тооцогдох тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий албан тушаалтанд хугацаатай албан шаардлага өгсөн байна.

Хариуцагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 дугаартай албан шаардлагад нэхэмжлэгч М.Б***************  нь гомдол гаргаагүй бөгөөд биелэлтийн талаарх хариуг заасан хугацаанаас нь өмнө буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 03/64 дугаартай албан тоотоор манай газарт ирүүлсэн байна. Улсын ахлах байцаагч Ц.Э*************** албан шаардлагын биелэлттэй танилцаад биелүүлээгүй байсан тул албан шаардлаганд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Хариуцагчийн албан шаардлага нь өөрийн хариуцсан чиглэлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилготой байх тул биелүүлэх үйл ажиллагааг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох нэхэмжлэгч М.Б***************  хариуцах үүрэгтэй. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгсөн албан шаардлагыг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б***************  нь нэхэмжлэлдээ улсын ахлах байцаагч нь харьяалал зөрчин хяналт шалгалт хийсэн нь илт хууль бус байна гэжээ. Хариуцагч мал үржүүлэг, технологийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Э*************** нь төрийн албан хаагчийн томилгоо, төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах, шилжүүлэн томилох асуудлыг огт шалгаагүй ба аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажилд огт оролцоогүй. Харин хууль, тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Малын генетик нөөцийн тухай хуулийн холбогдох заалт, түүнтэй холбоотой захиргааны актын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн байна.

Гурав. Хариуцагчийн 08-33-04/155/11 дугаартай албан шаардлагад тухайн албан шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу хариуцлага тооцохоор заасан ба томилох эрх бүхий албан тушаалтан болох нэхэмжлэгч М.Б***************  албан шаардлагаар өгсөн үүргийг биелүүлээгүй тул түүний эс үйлдэхүйтэй холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч М.Б***************  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би хэдний өдөр зөрчлийн хэрэг нээсэн ямар хугацаанд хаана гомдол гаргах талаар болон надад та ийм эрх үүрэгтэй ч гэж огт танилцуулалгүйгээр баахан юман дээр гарын үсэг зуруулсан. Би яг юун дээр гарын үсэг зурж байгаатайгаа танилцаж байж гарын үсэг зурна гэхэд та юун хар санаатай юм төрийн албан хаагч таныг болж бүтэхгүй юман дээр л зуруулав гэсэн илт худал зүйлийг бичжээ. Нэхэмжлэгч М.Б*************** ын улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй 'үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлтэй ба зөвхөн нэхэмжлэгч М.Б***************  зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм. Энэ нь зөрчлийн хэргийн материалд авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөтлөгдсөн, нэхэмжлэгч М.Б*************** ын гарын үсэг зурж баталгаажуулсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илруулсэн тухай /ЗХБ2/, зөрчлийн холбогдогчийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай /ЗХБ 27/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай /ЗХБ 22/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай /ЗХБ7/, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай /ЗХБ 50/, шийтгэлээс чөлөөлөх тухай зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Дөрөв. Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагыг зөрчиж томилгоо хийснийг зөрчил үйлдсэнд тооцох ба тухайн зөрчлийг улсын байцаагчийн тогтоосон хугацаанд арилгаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн зөрчилд хариуцлага ногдуулсан байна. Энэхүү зөрчил нь төрийн албан хаагч болох нэхэмжлэгч М.Б*************** ын албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэлд хамаарч байсан тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах талаар 1/206 дугаартай албан тоотыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн байна.

Тав. Хариуцагч улсын ахлах байцаагч Ц.Э***************-ийн зүгээс төрийн хяналт шалгалт хийх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай, Малын генетик нөөцийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд, Хяналт шалгалт хийх нийтлэг журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг үндэслэн явуулжээ.

Дээрх үндэслэлүүдээс харахад хариуцагч улсын ахлах байцаагч Ц.Э***************-ийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** од албан тушаалын эрх, үүргийнх нь дагуу албан шаардлага өгсөн, түүний биелэлттэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлснийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу албан тушаалтанд хуулиар бүрэн эрх олгоогүй, чиг үүрэгтээ огт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ын Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлага, У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ыг зөрчил үйлдсэн гэж дүгнэсэн, улмаар зөрчлийн шийтгэлээс чөлөөлж, сахилгын арга хэмжээ авахуулахаар явуулж буй улсын ахлах байцаагчийн үйл ажиллагааг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт иргэн Н.Н***************-с  2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гомдол гаргаж, манай байгууллагад 03 дугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Дээрх өргөдөл гомдлын дагуу мал үржүүлэх технологийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Э*************** нь У*************** сумын Засаг даргын Тамгын газар руу манай байгууллагад ирсэн гомдлын дагуу танай байгууллагад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэх тул холбогдох материалыг манай байгууллага руу хүргүүлнэ үү гэх утга бүхий тоотыг хүргүүлсэн. Дээрх албан тоотын дагуу Б.С***************-ийн тушаал холбогдох шийдвэр, материалуудыг манай байгууллагад ирүүлсэн. Ирсэн баримтыг үндэслэн Ц.Э*************** байцаагч төлөвлөгөөт бус шалгалтаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 479 тогтоолоор батлагдсан хяналт шалгалт хийх нийтлэг журам, 2025 оны Төрийн албан зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр албан шаардлагыг хүргүүлсэн.

Улсын ахлах байцаагч нь тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8 болон Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.12.3, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан нийтлэг журмын 7.1-2, Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг тус тус мөрдөж ажилласан. Төлөвлөгөөт бус шалгалтын ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн болохыг баримталж ажилласан хуулийн заалтаас харж болно. М.Б***************  нь улсын байцаагч нь хууль тогтоомжид зааснаар хяналт шалгалт хийх эрх олгоогүй, Ц.Э*************** байцаагчийг мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч гэж тайлбартаа дурдаж байна. Ц.Э*************** байцаагч нь мал үржүүлэх технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын ахлах байцаагч юм. Мал эмнэлгийн улсын байцаагч нь Мал эмнэлгийн газар дээр харьяалагддаг. Хүнс, хөдөө аж ахуйн газарт үржлийн байцаагч харьяалагддаг. Б.С*************** нь М.Б*************** ын бэр юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй атлаа улсын байцаагчийн шаардлагыг харьяаллын бус шалгалт хийсэн гэж үзэж, түүнийг илт хууль бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч М.Б***************  нь тухайн үедээ улсын ахлах байцаагчийн албан шаардлагад гомдол гаргаагүй. Албан шаардлагын хариуд зөрчлийг арилгасан гэх албан тоотыг манай байгууллагад ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47.4-т зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандаагүй атлаа, шүүхэд албан шаардлага нь илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь түүний нэхэмжлэл үндэслэлгүй болохыг нотолж байна. Албан шаардлагад 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч М.Б***************  нь гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч М.Б***************  нь нэхэмжлэлийн шаардлагадаа У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б***************  зөрчил үйлдсэн гэж дүгнэсэн. Зөрчлийн шийтгэлээс чөлөөлж, сахилгын арга хэмжээ авахыг шаардсан нь илт хууль бус гэж дурдсан. Зөрчлийн тухай хуульд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулах заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзэхээр заасан. Тиймээс нэхэмжлэгч М.Б***************  нь улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Биелэлтийг хангуулах боломжтой байсан боловч биелүүлээгүй нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн албан тоотоос нь тодорхой харагдаж байсан учраас улсын ахлах байцаагч Ц.Э*************** нь түүнийг зөрчил үйлдсэнд тооцсон.

Нэхэмжлэгч М.Б***************  нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албан зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй. Албан шаардлагын дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон. Цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байсан учраас улсын ахлах байцаагч Ц.Э*************** нь тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар арга хэмжээ авч хариуцлага тооцуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1/206 дугаартай албан тоотыг хүргүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1/164 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулагдлаа Хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагаанд хууль тогтоомж зөрчигдсөн болохыг тогтоож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан. Иймд улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангах талаар холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллана уу? гэх тоотыг сумын Засаг даргад хүргүүлж байсан. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Тамгын газрын даргын ирүүлсэн албан тоотоос үзэхэд албан шаардлага биелэгдээгүй гэдэг нь тодорхой харагдаж байсан тул манай байгууллагын зүгээс шүүхэд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Зөрчлийн тухай хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу албадан гүйцэтгүүлэх хуудас гаргуулахаар хандсан. Мөн сумын Засаг даргад 1/206 тоотоор зөрчлийн үр дагаврыг арилгуулах, арга хэмжээ авхуулах тоот хүргүүлсэн. Дээрх албан шаардлага, даалгавар, тоот нь улсын байцаагч хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан болохыг харуулж байна. Ц.Э*************** байцаагч нь М.Б*************** ыг улсын байцаагчийн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлээгүй, улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйл, 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.43, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ажилласан болох нь түүний бүрдүүлсэн зөрчлийн хэргээс харагдаж байна.

Уг зөрчлийн хэргийн материал нь хэрэгт хавсаргагдсан байгаа. У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б***************  нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтын мөрөөр Б.С***************-ийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр томилсон тушаалыг ирүүлсэн. Гэтэл М.Б*************** ын нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн материалд авагдсан Б.С***************-ийг ажилд томилсон тушаалаас үзэхэд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр томилсон байна. Өөрөөр манай байгууллагад гаргаж өгсөн болон шүүхэд гаргаж өгсөн тушаалуудын он сар зөрүүтэй, зөрчилтэй байна. Тушаалуудын огноо зөрүүтэй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлтэй болохыг нотолж байна. Төрийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн тасралтгүй, хэвийн явуулахад санаатайгаар саад учруулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар улсын байцаагчийн хяналт шалгалт тухайн зөрчлийг арилах хүртэл үргэлжилдэг учраас гомдлын дагуу зөрчил илэрсэн гэж үзэн хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар прокурорт мэдэгддэг. М.Б***************  нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 0364 дугаартай зөрчил арилсан гэх албан тоотыг ирүүлсэн.

Төрийн албан зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар олгосон зөвшөөрлийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн тасгийн мал үржүүлэх, технологийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/60 тушаалаар шинэчлэн баталсан. Бүртгэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн дээр томилогдон ажиллаж байгаа Б.С*************** нь өөрийн ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэлт сонирхолтойн улмаас Хөдөө аж ахуйн их сургуульд мал зүйч мэргэжлээр эчнээ ангид суралцаж байгаа ба жирэмсний болон амаржсаны хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа мал зүйч мэргэжлээр төгсөж, зөрчилгүй болгох боломжтой юм гэх хариу өгсөн нь манай албан шаардлагыг биелүүлээгүйг илтгэж байгаа тул албан даалгаврыг хүргүүлсэн. Ц.Э*************** байцаагч ажлаа өгснөөс хойш миний бие тус сумын Засаг даргатай нэг удаа утсаар ярьж манай байгууллагаас хүргүүлсэн албан бичгийн хариу хэзээ ирэх талаар асуух гэсэн боловч утсаа аваагүй. Тус байгууллагын бичиг хэргийн ажилтан руу залгаж асуусан. Албан даалгаврыг биелүүлэхийг удаа дараа шаардаж, дарамт шахалт үзүүлээгүй. Мөн Б.С***************-ийн ажилд томилсон тушаалын он сар зөрүүтэй байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгчээс ...төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, хөдөлмөрлөх эрх, сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах, амрах, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны төв байгууллага хяналт тавьж түүнтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр заасан хяналт шалгалт хийж намайг хууль зөрчин У*************** сумын Засаг даргын Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтнийг томилсон гэж буруутган албан шаардлага өгч, намайг зөрчил үйлдсэн нь тогтоогдсон гэж үзээд улмаар шийтгэлээс чөлөөлж, сумын Засаг дарга руу надад сахилгын арга хэмжээ авч хариу мэдэгд гэсэн албан бичиг хүргүүлсэн нь илт хууль бус ... эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр хуулинд заасан эрхээ эдлэн мэргэжилтэнг томилсон болохоос биш, эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бусаар томилоогүй тул надад ямар нэгэн арга хэмжээ авагдах үндэслэлгүй гэж, хариуцагчаас ... хууль, тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Малын генетик нөөцийн тухай хуулийн холбогдох заалт, түүнтэй холбоотой захиргааны актын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын явцад тус сумын хөдөө аж ахуйн тасагт Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалт зөрчигдсөн болохыг тогтоож, энэ нь захиргааны зөрчилд тооцогдох тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий албан тушаалтанд хугацаатай албан шаардлага өгсөн. Уг албан шаардлагыг биелүүлээгүй байсан тул албан шаардлагад заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлээс чөлөөлөх хуудас, албан даалгаврыг гаргасан, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгсөн албан шаардлагыг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

3.  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1. Хөвсгөл аймгийн У*************** сумын иргэнээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржүүлэг, технологийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08-33-04/155/01 тоот хяналт шалгалтын удирдамжийн (1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар тал) дагуу хяналт шалгалтыг хийсэн байх бөгөөд хяналт шалгалт хийх явцад тус сумын хөдөө аж ахуйн тасагт Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мал зүйч мэргэжилтэн ажиллаагүй, шилжүүлж томилсон мэргэжилтний мэргэжил нь тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдаж байгаа хуулийн шаардлага, албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй байгаа нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус зөрчсөн гэж үзэн маргаан бүхий акт болох албан шаардлагыг гаргажээ.

3.2. Албан шаардлагын нэг дэх заалтаар дээр дурдсан мэргэжилтний орон тоон дээр малзүйч мэргэжилтнийг хууль тогтоомжид нийцүүлэн томилж ажиллуулахаар, хоёр дахь заалтаар Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний томилгоог хийхдээ холбогдох арга хэмжээг авч илэрсэн зөрчлийг арилган, биелэлтийн талаарх хариуг ирүүлэхээр, гурав дахь заалтаар уг албан шаардлагыг биелүүлээгүй, биелэлтийн талаар хугацаанд нь хариу ирүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу хариуцлага хүлээлгэх талаар тус тус дурдсан байна.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-д Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж тус тус заасны дагуу аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан тохиолдолд уг захиргааны акт нь илт хууль бус болно.

3.4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.8-д Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж тус тус заасны дагуу хэдийгээр улсын байцаагч нь албан шаардлага гаргах эрх хэмжээтэй боловч албан шаардлагын агуулгад дурдаж буй асуудал нь түүний чиг үүрэгт хамаарахгүй асуудал байна.

3.5. Тодруулбал, маргаан бүхий албан тушаал болох сумын Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал нь төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан хаагч болох нь уг албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд Төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар зохицуулжээ.

3.6. Гэтэл хариуцагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийн улмаар албан шаардлага гаргаж нэхэмжлэгчид хүргүүлсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

3.7. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан хариуцагчийн албан тушаалын тодорхойлолтод (1 дүгээр хавтаст хэргийн 102-105 дугаар хуудас) маргааны үндэслэлд дурдаж буй асуудлаар хяналт шалгалт хийх эрх хэмжээг заагаагүй болно.

3.8. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Монгол улсын Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын холбогдох заалт зөрчигдсөн... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх боловч энэ талаар хяналт шалгалт явуулах, цаашлаад албан шаардлага гаргах эрх хууль болон албан тушаалын тодорхойлолтоор олгогдоогүй байна.

3.9. Өөрөөр хэлбэл, Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын генетик нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч улсын байцаагч ажиллана гэж заасан, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг (1 дүгээр хавтаст хэргийн 94-99 дүгээр тал) баталсан байх ба уг албан тушаалд тавигдах мэргэжилд Мал аж ахуй /081101/, Мал зүй /081102/, Мал амьтны гаралтай түүхий эд судлал /081104/, Тэжээл, бэлчээр судлал /081103/ гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь маргаж буй албан тушаалд уг албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй өөр мэргэжлийн буюу Мал эмнэл зүй мэргэжилтэй хүнийг шилжүүлэн ажиллуулсан нь буруу боловч энэ асуудлаар хариуцагч албан шаардлага гаргах эрхгүй юм.

4.  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

4.1. Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудсаар нэхэмжлэгчийг төрийн албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийг үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн торгуулийн шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

4.2. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, 1.1-д Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ... тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан ... хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

4.3. Шүүхээс нэгэнт хариуцагчийн гаргасан албан шаардлагыг илт хууль бус гэж дүгнэсэн буюу түүний тавьсан шаардлагыг анхнаасаа гарах ёсгүй байсан акт гэж үзсэн тул уг шийтгэлээс чөлөөлөх хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзлээ.

4.4. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан бөгөөд энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгох ба шүүх шийтгэлээс чөлөөлөх хуудсын үндэслэл болсон албан шаардлагыг өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж шүүхээс нэгэнт үзсэн тул уг хуудас нь дээрх хуулийн заалтаар илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

5.  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

5.1. Маргаан бүхий албан даалгавраар (1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал) Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн малын үржил, бүртгэл, генетик нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч орон тоог Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу нөхөх арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг холбогдогч М.Б*************** од даалгаж шийдвэрлэжээ.

5.2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-д Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж тус тус заасны дагуу аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан тохиолдолд уг захиргааны акт нь илт хууль бус болно.

5.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд албан даалгавраар үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн Малын үржил, бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд уг албан хаагчийг томилох, сул орон тоог нөхөхтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох арга хэмжээг авах эрх хэмжээ нь хариуцагчид бус Төрийн албаны зөвлөлд олгогдсон талаар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасан байна.

5.4. Гэтэл хариуцагч нь хууль болон өөрийн албан тушаалын тодорхойлолтоор олгогдоогүй асуудлаар албан даалгавар гаргасан нь илт хууль бус, хариуцагчийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

6.  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/206 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

6.1. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдаж буй албан бичигт (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал) ...Танай сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б***************  нь улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 дугаартай албан шаардлагыг биелүүлээгүй тул зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны даалгавар өглөө. Иймд даалгаврын хэрэгжилтийг хангуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцон хариу мэдэгдэнэ үү гэжээ.

6.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр мэдэгдэнэ гэж заасан.

6.3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж тус тус зааснаар нэгэнт маргааны үндэслэлд дурдаж буй асуудал нь зөрчлийн шинжийг агуулаагүй байхад хариуцлага хүлээлгэхтэй холбоотой албан бичгийг нэхэмжлэгчийн харъяалах байгууллага болох У*************** сумын Засаг даргад хүргүүлсэн нь илт хууль бус юм.

7.  Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй акт буюу шийтгэлээс чөлөөлөх хуудас болон албан даалгавар нь тусгай журмаар, албан шаардлага, албан бичиг нь ердийн журмаар шийдвэрлэх маргаан боловч хэргийн оролцогчдод чирэгдэл учруулахгүй байх, түргэн шуурхай хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул хамтатган тусгай журмаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-д зааснаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3, 47.1.6, 47.2, 47.3, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн У*************** сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Б*************** ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 08-33-04/155/11 тоот албан шаардлага, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэлээс чөлөөлөх хуудас, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай албан даалгавар, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/206 тоот албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР