Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/356

 

 

 

 

 

 

  2024              3            21                                       2024/ДШМ/356

 

 

Э.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, 

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар, даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Х-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ийн Х-, 1985 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:00000/,

Шүүгдэгч Э.Х- нь:

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ... байрлах “-” нэртэй жолооны авто сургуульд менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 124 иргэний тус жолооны курст үнэмлэх гаргуулах, эрх сэргээлгэх, ангилал даруулах зорилгоор шилжүүлэн 34,565,000 төгрөгийг тус компанийн холбогдох данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд “....” нэртэй жолооны курст бүртгэнэ, үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч З.Л-гээс 2,797,500 төгрөгийг, хохирогч Б.М-аас 420,000 төгрөгийг тус тус авч залилсан,

мөн “-” нэртэй жолооны курс ажиллуулна, суралцах хүн байвал зуучилж өгөөрэй гэж хохирогч М.З-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогчийн дансаар шилжүүлсэн 7,800,000 төгрөгийг авч залилсан,

“Жолооны ангилал дарж өгнө” гэж хохирогч Ц.З-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хооронд хохирогчийн шилжүүлсэн 1,050,000 төгрөгийг авч залилсан,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд “-" нэртэй жолооны курст бүртгэн үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 38 хохирогчоос нийт 20,495,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Cонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Э.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгайн агийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-аас нийт 35,227,500 /гучин таван сая хоёр зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж, энэ тогтоолын хавсралтад дурдсанаар нэр бүхий хохирогч нарт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х- нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нөхөр Н.Т, 10 настай хүү Т.Х, 8 настай хүү Т.Т нарын хамт амьдардаг. Би хоригдож эхэлснээс хойш олон зүйлийг тунгаан бодож байгаа бөгөөд олон хүнийг хохироож бодлогогүй үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Би хуулийн мэдлэггүйгээсээ болж анхан шатны шүүх хуралдаанд хүүхдүүдийнхээ талаарх баримт бичгийг авч очоогүй. Би 2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр бага хүү Т.Төгстөмөрийг төрүүлсэн ба хүү маань төрсөн цагаасаа хойш эхийнхээ сүүгээр хооллодог байсан. Цагдан хоригдсоноос хойш хүү маань гэнэтийн сүүнээсээ холдож, хоол, сүүндээ дасахгүй байснаар хоол тэжээлийн дутагдалд орж, тамир тэнхээ алдаж, сэтгэл санааны цочролд орсон байна. Би үр хүүхдүүдээс холдон, тэдэндээ маш их санаа зовож байна. Миний дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулж өгнө үү. Энэ хугацаандаа нөхрийнхөө ажилд туслан, хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Х- болон өмгөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримт болон зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар хөнгөрүүлэн өөрчлөх байр сууринаас давж заалдах гомдлыг гаргаж байгаа ба анхан шатны шүүх прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагуй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. ...” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Э.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.   Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Х-ын хувийн байдалтай холбоотой авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 115/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх 116/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /1хх 121/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1хх 122, 123/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 126/ зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт тус тус авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Х- нь 2003 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Х.Э гэх хүүтэй, 2008 оны 9 дүгээр сараас Н овогтой Т-тэй хамтран амьдралтай байсан ба 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүү Т овогтой Х төрсөн, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Э.Х- болон түүний нөхөр Н.Т нарын дундаас 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Т овогтой Т төрсөн байдаг. Энэ талаар миний үйлчлүүлэгч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож цагдан хорьсон цаг хугацаанд хүү Т.Т нь 7 сар 28 хоногтойдоо эхээсээ хагацал үзэж үлдсэн байдаг.

Анхан шатны шүүх хуралдаанаас хойш бага насны хүүхэд болох Т.Т нь  эцэг Н.Т-ийн асрамжид үлдсэн бөгөөд хүү төрсөн цагаас хойш эхийн сүүгээр хооллож байсан бөгөөд дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эхийн сүүгээр хооллох боломжгүй болсон, эхээсээ хагацаж холдсон тул жингийн дутагдалд орох, шөнө унтахгүй уйлах, сэтгэл санааны хямралд орох, шилэн хүзүүний үс их хэмжээгээр унах зэрэг хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйд сөрөг үр дагаварууд бодитой үүсээд байна.

Нөгөөтээгүүр, шүүгдэгчийн нөхөр Н.Т нь бага насны хүүхэд асарч байгаа тул ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй болж тухайн гэр бүл эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалтай байна.

Монгол Улсын үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 11-д “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;”,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтална:”, 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;”  гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, 24 дүгээр зүйлийн 2-т “Оролцогч улсууд энэхүү эрхийг бүрэн хэрэгжүүлж дараахь арга хэмжээг авна:”

(е) хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хөхөөр хооллохын давуу тал, эрүүл ахуй, ...талаарх ...дэмжлэг туслалцаа үзүүлэх;”, 36 дугаар зүйлд “ Оролцогч улсууд хүүхдийн аж байдлыг аливаа байдлаар хохироох аливаа бусад хэлбэрийн мөлжлөгөөс хүүхдийг хамгаална.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.Х-ын хувьд мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг сайн дураараа төлж барагдуулан үлдэх хэсгийг цаашид төлж барагдуулахаа чин сэтгэлэээс илэрхийлдэг.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж” болно гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.6 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд үүрэг болгоогүй гэдгийг өмгөөлөгчийн хувьд ойлгож байгаа бөгөөд дээр дурдсан нөхцөл байдал, олон улсын гэрээ конвенцийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Э.Х-д дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдэл олон удаагийн давтамжтай, олон хохирогчийг залилж хохирол учруулсан болох нь тогтоогдсон боловч байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлсэн байна. Анхан шатны шүүхэд шүүгдэгч хүүхдийнхээ төрсний гэрчилгээг гаргаж өгөөгүй, биеийн байцаалтад ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн учир түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд тохирох ял оногдуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.  

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Х- нь:

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр - төвд байрлах “-” нэртэй жолооны авто сургуульд менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 124 иргэний тус жолооны курст үнэмлэх гаргуулах, эрх сэргээлгэх, ангилал даруулах зорилгоор шилжүүлэн 34,565,000 төгрөгийг тус компанийн холбогдох данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд “-” нэртэй жолооны курст бүртгэнэ, үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч З.Лхамсүрэнгээс 2,797,500 төгрөгийг, хохирогч Б.М-аас 420,000 төгрөгийг тус тус авч залилсан,

мөн “-” нэртэй жолооны курс ажиллуулна, суралцах хүн байвал зуучилж өгөөрэй гэж хохирогч М.З-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хохирогчийн дансаар шилжүүлсэн 7,800,000 төгрөгийг авч залилсан,

“Жолооны ангилал дарж өгнө” гэж хохирогч Ц.З-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хохирогчийн шилжүүлсэн 1,050,000 төгрөгийг авч залилсан,

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд “-“ нэртэй жолооны курст бүртгэн үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нэр бүхий 38 хохирогчоос нийт 20,495,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-гийн “...2020 оны 9 дүгээр сарын үеэс эхлээд жирэмсний амралтаа авч менежер Э.Х-д өөрийн ажлаа хариуцуулж үлдээж гэрээсээ утсаараа хяналт тавьдаг байсан. ...Тухайн үед танихгүй олон дугааруудаас залгаад “Э.Х- гэх эмэгтэйд жолооны курсийн мөнгө өгсөн, үнэмлэх гарч байгаа болов уу” гээд залгаад байхаар нь Э.Х-аас тодруулахад “мөнгө авсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Манай байгууллагын нэрийг барьж “жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэж өөрийнхөө дансаар болон бэлнээр иргэдээс төлбөр гэж нийт 34,565,000 төгрөг авч хувьдаа завшиж, сугалаа авсан зэрэг зүйлс хэлж байсан. ...” /10хх 143-144/,

хохирогч З.Л-гийн “...Э.Х- гэх хүнд эрх сэргээлгэхээр болон ангилал даруулахаар нийт бэлнээр 350,000 төгрөг өгсөн. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хамаатны ах Л-гийн жолооны үнэмлэхийн эрхийг сэргээлгэхээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ... 2 худалдааны төв жолооны курс дотор нь байхдаа Э.Х-д бэлнээр 30,000 төгрөг өгсөн, мөн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ...-2 худалдааны төв жолооны курс дотор нь байхдаа “С ангилал даруулна” гэж бэлнээр 180,000 төгрөг өгсөн нь үнэн. ...Би Э.Х-д бэлнээр болон дансаар нийт 2,797,500 төгрөг өгсөн. ...” /3хх 15-16/,

            хохирогч Б.М-ын “...Х- “жолооны курсийн үнэ 420,000 төгрөг, энэ жил өвчин зовлон их байгаа учраас жолоонд суух нээх шаардлага байхгүй” гэж хэлээд 150,000 төгрөг бэлнээр аваад “бүртгэчихлээ” гэж хэлээд орой 270,000 төгрөгийг шилжүүлэхээр болж салаад явсан. ...Ах А-ын .... дугаартай Хаан банкны данснаас .... гэсэн Х-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд Х-тай утсаар ярихад “2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр жолооны үнэмлэхээ ирж аваарай” гэж хэлсэн. Нийт 420,000 төгрөг өгч залилуулсан...” /3хх 72-73/,

хохирогч М.З-ын “...Би өөрийнхөө ойр дотны хүмүүсээс жолооны курсийн төлбөрийн мөнгө авч Х-ын .... дугаарын дансанд нийт 7,800,000 төгрөг шилжүүлсэн. ...Надад жолооны курсийн төлбөр өгсөн хүмүүсээс өөртөө ашиг харж байгаагүй, би ирсэн мөнгийг нь Х-ын данс руу шууд шилжүүлдэг байсан.. ” /3хх 129-130/,

хохирогч И.С-ийн “...2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Х-ын .... дугаартай данс руу 200,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мөн тухайн данс руу 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мөн тухайн .... дугаарын данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 220-221/,

хохирогч А.Д-ын “...Надтай байнга харилцаж мөнгө авдаг байсан хүн нь Х-. ...Нийтдээ 3 хүний сургалтын төлбөр болох 1,960,000 төгрөгийг өөрөөсөө гаргаж Х-ын өгсөн Хаан банкны данс руу нь шилжүүлчихсэн юм. ...” /4хх 20-21/,

хохирогч О.П-ын “...Би Х- эзэмшигчтэй Хаан банкны .... дугаартай данс руу өөрийн .... дугаарын данснаасаа 100,000 төгрөг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн. ...2022 оны 9 дүгээр сард ...80,000 төгрөг өөрийнхөө данснаас шилжүүлсэн юм. Түүнээс хойш 10 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн данснаасаа 80,000 төгрөг Х- эзэмшигчтэй Хаан банкны ... гэсэн дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд Х-ын эзэмшлийн..., .... дугаартай данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 260.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /4хх 67-68/,

хохирогч А.Ц-гийн “...Сургалтын төлбөрийн урьдчилгаа болох 250.000 төгрөг Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлж байсан. ...“Надад мөнгө хэрэгтэй байна. Чи надад 40,000 төгрөг зээлчих” гэж хэлэхээр нь би 40,000 төгрөг зээлсэн юм. ...Би 02 дугаар сарын 27-ны өдөр Х- эзэмшигчтэй Хаан банкны .... дугаарын данс руу 80,000 төгрөг шилжүүлсэн. ...Х-ын эзэмшлийн .... гэсэн данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. ...Х- багш манай ажил буюу 153 дугаар сургуулийн ойр орчим хүүхдээ хүргэж өгөх үеэр надтай уулзаж надаас бэлнээр 100,000 төгрөг аваад явсан. ...Би хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн ойр орчим байж байхдаа Х-д бэлнээр 100,000 төгрөг өгч залилуулсан. ..Би 570,000 төгрөг сургалтын төлбөр гэж өгч байсан мөнгөө нэхэмжилж байна. ...” /4хх 118-119/,

хохирогч Б.М-ийн “...Х- багш бүртгэж авсан бөгөөд багш надаас “сургалтын төлбөрийн урьдчилгаа мөнгө өг” гэж 300,000 төгрөг Т эзэмшигчтэй Хаан банкны .... дугаартай дансаар урьдчилгаа төлбөрөө авсан. ...Би итгээд сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 210,000 төгрөг Х- эзэмшигчтэй .... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “үнэмлэхийг чинь шууд гаргаад өгье, чи надад 120,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь би 65,000 төгрөг Х- эзэмшигчтэй ... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 5 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 55,000 төгрөг Х- эзэмшигчтэй ... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би 630,000 төгрөг шилжүүлснийгээ нэхэмжилж байна...” /4хх 164-165/,

хохирогч Х.Т-гийн “...Х- гэх эмэгтэйд урьдчилгаа гээд 100,000 төгрөг Хаан банкны Х- эзэмшигчтэй ... тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь удаагаа 300,000 төгрөгийг Хаан банкны мөн ... Х- эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. 2022 оны 8 дугаар сард мөн Х- гэх хүн надаас мөнгө зээлнэ гэж 40,000 төгрөгийг авсан. Би нийт 3 удаагийн гүйлгээгээр 440,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 203-205/,

хохирогч Б.Э-ын “...Х- эзэмшигчтэй Хаан банкны ... дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр жолооны сургалтын үлдэгдэл төлбөр болох 300,000 төгрөгийг Х- эзэмшигчтэй Хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “60,000 төгрөг над руу шилжүүлчих” гэж хэлэхээр нь би Хаан банкны Х- эзэмшигчтэй ... данс руу 60,000 төгрөг шилжүүлсэн. ...Өөрийн Хаан банкны ... данснаас Х-ын ... данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн. ...Би нийт 4 удаагийн гүйгээгээр 650,000 төгрөг шилжүүлсэн” /4хх 246-247/,

хохирогч Т.Г-ийн “...Б.Ц гэх хүний Хаан банкны ... тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 6 дугаар сарын 09-ний өдөр тус тус 250,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийг шилжүүлж залилуусан...” /5хх 41/,

хохирогч М.Б-ын “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 250,000 төгрөгийг Б.Ц гэх хүний Хаан банкны ... тоот дансанд шилжүүлэн хийсэн юм. Тэгээд удалгүй 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл 250,000 төгрөгийг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн юм. ...Би 2 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг шилжүүлсэн юм. ...” /5хх 207/,

хохирогч Ж.З-ын “...250,000 төгрөгийг Б.Ц гэх хүний Хаан банкны ... тоот дансанд 03-ны өдөр шилжүүлсэн. ...Үлдэгдэл 250,000 төгрөгөө шилжүүл гэхээр Ц-ын Хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн юм. Би 2 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөг шилжүүлсэн. ...” /6хх 3/,

хохирогч З.М-ын “...100,000 төгрөгийг өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. Би түүнд итгээд  300,000 төгрөгийг, нийт 2 удаагийн гүйлгээгээр 400,000 төгрөг Х-ын эзэмшлийн Хаан банкны ... данс руу шилжүүлж байсан. ...” /5хх 73-74/,

хохирогч Ц.З-ийн “...2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн гүйлгээгээр 1,050,000 төгрөг 4 хүний жолооны ангилал даруулах мөнгө шилжүүлсэн. ...Би тухайн данс руу мөнгө шилжүүлэхдээ дандаа гэрээсээ шилжүүлдэг байсан. ...” /5хх 117-118/,

хохирогч О.У-ын “...2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би бэлнээр 250,000 төгрөгийг тэр эмэгтэйд өгөөд, үлдсэн 300,000 төгрөгийг найз Н-ийн ... тоот данснаас Хаан банкны .... тоот “Х-” гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа шилжүүлсэн. ...” /5хх 152-153/,

 хохирогч Д.С-ын “...2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жолооны курсийн төлбөр болох 500,000 төгрөгийг манай аав Д.Д нь .... дугаартай Хаан банкны данс руу хийсэн. ...Тэгээд тэрнээс хойш сураггүй алга болсон. ...” /6хх 45-46/,

хохирогч Б.Б-гийн “...Хаан банкны Түвшинтөгс эзэмшигчтэй ... дугаартай данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. ...2022 оны 5 дугаар сард бид нар өөрсдөөсөө мөнгө гаргаж тухайн эмнэлгийн байгууллагад өөрөөсөө 50,000 төгрөг гаргаж эмчийн үзлэгт хамрагдаж тамгатай бичиг авч байсан боловч тэр ямар ч үр дүнд хүрэлгүй хойшлуулчихсан. Иймээс би нийт 550,000 төгрөг нэхэмжилж байна. ...” /6хх 97-98/,

хохирогч Э.У-гийн “...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас Х- багшийн өгсөн Хаан банкны данс руу сургалтын төлбөрийн урьдчилгаа мөнгө болох 200,000 төгрөг өгсөн. Түүний дараа сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгө болох 400,000 төгрөгийг мөн данс руу нь шилжүүлсэн. ...Нийт 620,000 төгрөг нэхэмжилж байна. ...” /6хх 132-133,

хохирогч Г.М-ын “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 340,000 төгрөгийг Х-ын эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн юм. Надад нийт 640,000 төгрөгийн хохирол учирсан. ...” /6хх 176/,

хохирогч Б.М-ийн “...2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би бүртгүүлчихлээ гэж бодоод бүртгүүлснээсээ хойш хөдөө ажилтай очиж чадахгүй явсаар байгаад 2022 оны 7 дугаар сарын сүүлээр жолооны курсийнхээ газар очиход хаалга үүд нь цоожтой байсан. Тэрнээс хойш уг жолооны курсийн ажилтантай холбогдож чадахгүй явсаар байгаад одоог хүртэл ямар ч хэл чимээгүй болчихоор нь өөрийгөө залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /6хх 214-215/,

хохирогч Х.О-ийн “...2022 оны 7 дугаар сарын үед ажлынхаа газар дотор хөнгөлөлттэй сурах гээд Г говийн захирал Х-д бэлнээр 300,000 төгрөг болон дансаар 100,000 төгрөг шилжүүлсэн боловч одоо болтол хариу байхгүй алга. ...Надад нийт 400,000 төгрөгийн хохирол учруулсан...” /7хх 10-11/,

хохирогч Ц.Б-ийн “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөгийг ... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2 сар орчмын дараа над руу нөгөө жолооны курсээс холбогдсон. Тэгээд “чи жолооны үнэмлэхээ шууд гаргуулах уу” гэж асуусан. Тэгэхээр би “тэгье” гэсэн чинь 70,000 төгрөгийг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би ... дугаарын данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш тэгээд хааяа болж байна, удахгүй гэж ярьдаг байж байгаад алга болсон...” /7хх 49/,

хохирогч Д.Б-ий “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 640,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус сургалтын төвд бүртгүүлснээс хойш нийт 5 удаа дүрмийн болон дромын хичээлд суусан. ...Тэр өдрөөс хойш тус сургалтын төвийн байранд ирэхэд багш нар хөдөө явсан хичээл орохгүй гэдэг байсан. Тус төвийн багш болох Х-тай утсаар холбогдон ярихад “шалгалтдаа бэлдээд байж бай шалгалт дөхөхөөр ярья” гэдэг байсан. ...” /7хх 79-80/,

 хохирогч С.Э-ын “...Х- гэх эмэгтэйн ... дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. “жолооны үнэмлэх чинь удахгүй гарна” гэж олон удаа хэлж байгаад алга болсон. Х- нь “...”-ийн захирал ажилтай жолооны үнэмлэх гаргадаг хүн байна гэж ойлгосон өөр сайн мэдэхгүй байна. Надад нийт 200,000 төгрөгийн хохирол учруулсан. ...” /7хх 109-110/,

хохирогч Б.Б-ийн “...Тэрнээс хойш ерөөсөө хичээл явуулаагүй. ...“шууд үнэмлэх гаргаж өгөх үү” гэж асуусан ба “600,000 төгрөг өгчихвөл багш нь өнөөдөр шууд үнэмлэх гаруулах материалуудаа цааш нь өгөх гэж байна” гэсэн юм. Тэгэхээр нь би 200,000 төгрөгийг Х-ын Хаан банкны .... дугаарын дансанд ээж болох О-ийн эзэмшлийн интернэт Хаан банкны .... дугаартай данснаас шилжүүлсэн юм. ...” /7хх 148/,

хохирогч О.Б-ын “...Би өөрийн Голомт банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай Энхтөр Х- гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бүртгүүлснээс хойш сарын дараа тухайн жолооны газраас над руу Х- залгаад “яаралтай мөнгөний хэрэг болчихлоо үлдэгдэл мөнгөө гялс шилжүүлчих” гэхээр нь би 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Голомт банкны . .. тоот данснаас Хаан банкны ... дугаартай Энхтөр Х- гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 250,000 төгрөгийг шилжүүлсэн ба нийт  500,000 төгрөг шилжүүлсэн. ...” /7хх 183/,

хохирогч Х.Ө-ийн “...Э-ийн Х- гэх нэртэй .... дугаарын данс руу 650,000 төгрөг шилжүүлсэн боловч одоо болтол жолооны үнэмлэх гаргаж өгөөгүй, би хохирлоо барагдуулмаар байна. ...” /7хх 213-214,

хохирогч А.Б-гийн “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр жолооны курст элсэлт авч байгаа гэхээр нь би бүртгүүлээд сургалтын төлбөр болох 550,000 төгрөгийг тушаасан. Тэгээд тухайн жолооны курст суралцахаар болоод нэг очиж хичээлд нь суугаад өөрийнхөө суралцах хугацаагаа хойшлуулж өгөхийг хүсэхэд хүлээн зөвшөөрсөн. ...” /7хх 250/,

хохирогч Х.И-гийн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг өөрийн .... тоот Хаан банкны данснаас Түвшинтөгс гэх хүний .... тоот данс руу шилжүүлсэн. Тухайн жолооны төлбөр 500,000 төгрөг гэж байсан бөгөөд би өөрийн төрсөн эгч Х.Х-, мөн найз залуу Ш.Г-ийг мөн жолооны дамжаанд хамруулахаар өөрөөсөө 1,500,000 төгрөгийг төлсөн юм. ...” /8хх 34-35/,

хохирогч Э.Н-ийн “...2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Х- багш “жолооны үнэмлэхийг чинь шалгалтыг чинь зохицуулаад гаргаад өгнө, 150,000 төгрөг миний данс руу шилжүүлчих” гэсэн ба би ээжийн Хаан банкны интернэт банкны ... данснаас Х- багшийн .... дугаарын дансанд шилжүүлсэн юм. ...” /8хх 74/,

 хохирогч У.Г-гийн “...2022 оны 6 дугаар сард сургалтын мөнгө болох 300,000 төгрөгийг Хаан банкны Түвшинтөгс гэх хүний ... тоот дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөө жолооны сургууль дээрээ номын мөнгө гээд 40,000 төгрөгийг Түвшинтөгсийн данс руу шилжүүлсэн ингээд жолооны дүрмийн багш Х- надтай утсаар яриад “төлбөрөө яаралтай бүрэн төлөөрэй” гээд 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 150,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 30,000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...” /8хх 109-110/,

хохирогч Д.О-ийн “...Жолооны дүрмийн мөнгө болох 40,000 төгрөгийг .... дугаартай данс руу шилжүүлсэн. ...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Т гэх хүний ... тоот дугаартай данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. ...” /8хх 144-145/,

хохирогч М.Б-гийн “...Х-тай анх өөрийн биеэр уулзаж жолооны сургуульд сурахаар болж улмаар 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 400,000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш жолооны сургуульд ямар нэгэн байдлаар танхим болон дадлагаар сургалтад хамрагдаагүй. ...” /8хх 173-174/,

хохирогч Б.А-ийн “...Надаас “200,000 төгрөг урьдчилгаа өгөөрэй” гээд хэлэхэд нь би зөвшөөрөөд өөрт байсан 100,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр цаг хугацаанаас хойш Х-тай огт яриагүй. ... ” /8хх 204-205/,

хохирогч Ц.П-ын “...2022 оны 9 дүгээр сард тухайн сургалтын газарт бүртгүүлсэн найз С холбогдож “жолооны багш үнэмлэх гаргаад өгье гэж байна өнөөдөр 600,000 төгрөг өгөх юм бол 14 хоногийн дараа гаргаад өгье” гэж байна гэж хэлэхээр нь би хүнээс мөнгө зээлээд .... тоот дугаартай Х- гэх хүний данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн. ...” /9 хх 3-4/,

хохирогч Б.А-ын “...Би өөрийн Голомт банкны .... тоот данснаас Хаан банкны .... дугаартай Н Т гэх эзэмшигчтэй данс руу Драгон дээр байхдаа 450,000 төгрөг шилжүүлсэн. ...Би үлдэгдэл 150,000 төгрөгийг өөрийн Голомт банкны ... тоот данснаас Хаан банкны ... дугаартай Н. Т гэх эзэмшигчтэй данс руу хийсэн. ...” /9хх 36-37/,

хохирогч Н.С-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 120,000 төгрөг ... дугаарын данс руу би өөрөө шилжүүлж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 380,000 төгрөг шилжүүлж байсан. ...” /9хх 94/,

хохирогч Д.Х-гийн “...Тэгээд 600,000 төгрөгийг бэлнээр Г-д өгсөн. 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр 200,000 төгрөгийг бэлнээр Х- гэх багшид өгсөн. гэж хэлсэн. ...Сүүлд нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг 600,000 төгрөгийг жолооны курс нь залилан мэхэлж үнэмлэх өгөөгүй асуудал дээр гомдолтой байна. ...” /9хх 116-117/,

хохирогч О.У-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “-” төв дотор байхдаа 100,000 төгрөгөө Хаан банкны мобайл банк ашиглан мөнгөө шилжүүлсэн. ...” /9хх 164-165/,

хохирогч Ч.Э-ы “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ч-ын Э миний бие өөрийнхөө өр зээлийг дарах гээд зүс таних хүн О эгчийн төрсөн хүү болох У-ын жолооны сургалтын төлбөр болох 600,000 төгрөгийг Хаан банкны .... тоот дугаартай данс руу шилжүүлсэн. ...” /9хх 171-172/,

хохирогч Ш.Э-ны “...Дараа дахин уулзаад жолооч болох талаараа хэлэхэд “надад 100,000 төгрөг өгчих, би бүртгээд өгье, өнөөдрөөс жолоондоо сууж болно” гэхээр нь 100,000 төгрөг шилжүүлсэн. ...Мөн би Х-д бэлнээр эхлээд 80,000 төгрөг, дараа нь бэлнээр 60,000 төгрөг 2 удаа өөрийн боломжоороо өгч байсан. Мөн 2022 оны 5 сараас 8 сарын хооронд Х-д сургалтын төлбөрт тооцуулж өөрийн зарж, худалдаж байсан хувцасны бараанаасаа хүүхдийн куртик 1 ширхэг үнэ нь 55,000 төгрөг, хүүхдийн палаж 2 ширхэг нийт үнэ нь 80,000 төгрөг, том хүний палаж 1 ширхэг үнэ нь 55,000 төгрөг, том хүний нөмрөгтэй цамц үнэ 60,000 төгрөг, эмэгтэй хүний сандал 1 ширхэг үнэ 35,000 төгрөгийн үнэ бүхий шинэ бараануудыг өгч байсан бөгөөд уг бараа нийт 285,000 төгрөгийн үнэ бүхий шинэ бараануудыг өгч байсан. ...М овогтой Б гэдэг хүн онлайнаар бараа худалдаж борлуулдаг хүн юм. Би энэ хүний ажилтан нь бөгөөд тухайн үед би өөрийн авах ёстой цалингаа хасуулж Х-д бараа өгөөд, мөн захирлаас 100,000 төгрөг авч Х-д өгсөн бөгөөд би уг тооцоогоо авах ёстой цалингаасаа хасуулсан. ...” /10 хх 11-12/,

яллагдагч Э.Х-ын “...2020 оны 02 дугаар сараас эхлээд миний бие жолооны курст бүртгүүлж байгаа ангилал нэмүүлж байгаа хүмүүсийн төлбөрийг өөрийн .... дугаарын дансаар авч өөрийн хувьдаа хэрэглэж эхэлсэн. ...Тухайн үед надад өгөх мөнгө байхгүй байсан учраас төлж чадаагүй. ...цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл өөрийн дансаар нийт 34,565,000 төгрөг авсан байсан. Миний хувьд М эгчтэй тооцоо нийлж дансны хуулгаа үзээд уг дүнг гаргаж ирсэн. Би тухайн үед фейсбүүкээр цахим сугалаанд мөнгө өгдөг байсан. Тэр дундаа автомашины сугалаанд машин хожих байх гэж бодоод өгөөд байдаг байсан. Мөн ойр зуурын хоол унаанд хэрэглэдэг байсан. 2021 оны 6 дугаар сард Л надад өөрийнхөө таньж мэддэг хүмүүсийг жолооны курст бүртгүүлж, ангилал даруулан, эрх сэргээлгэхээр нийтдээ 2,797,500 төгрөгийг миний ... тоот Хаан банкны данс руу ... тоот данснаасаа шилжүүлсэн юм. Би тухайн Л-гээс авсан 2,797,500 төгрөгийг увуулж цувуулж авсаар байгаад дандаа сугалаанд сугалаа авч зарцуулсан байгаа. ...Тиймээс би өөрийн ..., ..., нөхөр Т-ийн Хаан банкны ... тоот дансуудаар жолоонд элсэх гэж бүртгүүлсэн хүмүүсийн урьдчилгаа болон бүтэн төлбөрийг авч эхэлсэн. ...Тэгээд тухайн үед Ц.З гэх хүнээс урьдчилгаа мөнгө болох нийт 4 удаагийн үйлдлээр 1,050,000 төгрөгийг өөрийн ... тоот дансанд авч байсан юм. ...” /2хх 174-175, 3хх 35-36, 4хх 91-93, 5хх 130-132/,

гэрч Н.Т-ийн “...Манай эхнэр Э.Х- 2017 оны 9 дүгээр сарын 01- ний өдрөөс эхэлж “-” ХХК-д менежерээр ажилд орсон. 2021 оны 8 дугаар сард өдрийн сайн санахгүй манай эхнэр Э.Х- надад “би байгууллагадаа өрөнд орж байна” гэж хэлэхээр нь “юу болсон юм” гэж асуутал “өрөнд орчихлоо” гээд юу ч хэлж ярихгүй байхаар нь захирал Д.М-тэй уулзаж юу болсон талаар нь асуухад “танай эхнэр жолооны курст бүртгүүлсэн иргэдийн төлбөрийн мөнгийг хувьдаа өөрийнхөө дансаар авч хэрэглэсэн байна” гэж хэлсэн. Хэдэн төгрөгийн хохирол учирсан байгаа талаар асуухад “нэлээн олон хүнээс мөнгө авсан байна” гэж хэлэхээр нь “төлж өгч хохиролгүй болгоё” гэсэн. Тэгээд би эхнэр Э.Х-тай уулзаж “ямар учраас жолооны курст бүртгүүлсэн хүмүүсийн төлбөрийн мөнгийг авч юунд хэрэглэсэн юм бэ” гэж асуухад “сугалаа сугалсан юм аа” гэж хэлээд өөр зүйл ярьж хэлээгүй. ...” /1хх 99, 7хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 7, 3хх 123, 4хх 9/, Д.М-гийн Хаан банкны дансны хуулга /1хх 16-20/, “-” ХХК-ийн захирлын тушаалууд /1хх 21, 22/, Э.Х-ын Хаан, Хас банкны дансны хуулгууд /1хх 127-250, 2хх 1-214, 3хх 3-9, 43-55, 5хх 24-25/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 39-40, 109-110, 196-198, 4хх 7-8, 35-36, 101-102, 191-192, 214-215, 5хх 8-9, 81-82, 240, 6хх 170, 7хх 24-25, 52-53, 152-153, 224-225/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 223-228, 4хх 12-15, 110-114, 156-159, 216-219, 5хх 26-30, 83-86, 109-112, 158-163, 232-236, 6хх 183-187, 220-225, 7хх 19-23, 85-88/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэгдлэл /9хх 179-188/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Э.Х-ын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 38 удаагийн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 20,495,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн, мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 124 иргэний тус жолооны курст үнэмлэх гаргуулах, эрх сэргээлгэх, ангилал даруулах зорилгоор шилжүүлэн 34,565,000 төгрөгийг тус компанийн холбогдох данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлүүдэд нь залилах, хөрөнгө завших, гэмт хэргүүдийн шинжийг тус тус хангасан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн Э.Х-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокуророос шүүгдэгч Э.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Х-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч Э.Х-д 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар “...шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан хугацаагаар хойшлуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1, 7.6 дугаар зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг тэнсэх, хөнгөрүүлэх, чөлөөлөх, хойшлуулах эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүгдэгч Э.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуульд заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн буюу нэр бүхийн 38 хохирогчоос нийт 20,495,000 төгрөгийг авч залилсан, мөн нэр бүхий 124 иргэний жолооны үнэмлэх гаргуулах, эрх сэргээлгэх, ангилал даруулах зорилгоор шилжүүлсэн 34,565,000 төгрөгийг компанийн холбогдох данс руу шилжүүлэхгүйгээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1, 7.6 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг хэрэглээгүйг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Харин, шүүгдэгч Э.Х-ын хувийн байдал, завших гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын дийлэнхийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээ баримтаар тэрээр 10 сартай хүүхэдтэй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд багасгаж, хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгайн агийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус болгон хөнгөрүүлснийг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Х-ын биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосон өөрчлөлтийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Х-ын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            3 дахь заалтын “...Шүүдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгайн агийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгайн агийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй...” гэж,

            4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА