| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 105/2019/0599/Э/ |
| Дугаар | 572 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 572
Л.Э -д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 562 дугаар магадлалтай, Л.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Л-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э ыг гэр бүлийн харилцаатай хүнтэй байнга догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э , түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх дараах нөхцөл байдлыг үл харгалзан ял оногдуулсан байна. Үүнд:
1. Л.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан байнга догшин авирлах шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, 3 болон түүнээс дээш удаа догшин авирласан гэдэг нь тогтоогдохгүй байна. Тодруулбал 2018 оны 08 дугаар сарын 31, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрүүдийн №1362, 1473 дугаартай шийтгэврүүдэд дурдсан “...хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна. Зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 12 дугаар сарын 26-ны шийтгэврүүдээр оногдуулсан зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгагджээ. Иймээс дээрх 2 удаагийн үйлдлийг “Байнга” шинжид хамааруулах боломжгүй байх тул Л.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.
2. Л.Э од Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үйлдэлд нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1362 дугаартай шийтгэврээр, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэврээр нэг зөрчилд нь давхардуулан хариуцлага тооцжээ. Ийм эргэлзээтэй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болж чадахгүй байна. Таарамжгүй харилцаа байсан болохоос биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харгис хэрцгий хандсан, догшин авирласан гэх хэргийн зүйлчлэлд таарахгүй гэж үзэж байна.
3. Хохирогч ямар нэгэн гомдол саналгүй, Л.Э нь өөрийн үйлдэлдээ гэмшиж байх тул түүний ялыг хөнгөрүүлэн тэнсэх боломжтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Гэр бүлийн хамаарал бүхий хүнд байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байна. Учир нь эхнэрээ байнга хэл амаар доромжлох, сэтгэл санааны дарамт учруулж байсан нь удаа дараагийн зөрчлийн арга хэмжээ авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Энэ хэргийн хувьд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүх Л.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1362 дугаартай шийтгэврээр эхнэр В.О-д агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,
2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1473 дугаартай шийтгэврээр эхнэр В.О-д агсам тавьж, хэл амаар доромжилж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,
2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1557 дугаартай шийтгэврээр эхнэр В.О-д агсам тавьж, хэл амаар доромжилж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд нь халдаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан,
2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэврээр эхнэр В.О рүү аяга шидэж, нуруу руу нь цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон зөрчилдөө тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тохирох хэсгүүдээр буюу 3 өөр үндэслэлээр албадан сургалтад хамрагдах, баривчлах шийтгэл тус тус хүлээж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Л.Э нь дээрх үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуулийн дагуу 4 удаа, 3 өөр үндэслэлээр шийтгэл хүлээсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон; хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан; бусадтай харилцахыг хязгаарласан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжийн аль нэг нь эсхүл хэд хэд нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга: зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардсан байх бөгөөд Л.Э ын шийтгүүлсэн зөрчлөөс В.О-г “зодсон”, “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд нь халдсан” гэсэн 2 зөрчлөөс бусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжийг хангахад дээрх хоёр хуулийн ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр дүгнэлт хийх хүрээгээ тогтоож байх нь зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг тодорхойлох хууль зүйн үндэслэл болно.
Нэгтгэн дүгнэвэл, Л.Э ын 4 удаа Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгүүлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатарын гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 562 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Л.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН