Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0019

 

"М.Ү" ХХК, "ЭП.М" ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0822 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "М.Ү" ХХК, "ЭП.М" ХХК-иудын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2017/0822 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан "М.Ү" ХХК, "ЭП.М" ХХК-иудын нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн "М.К" ХХК-д холбогдох хэсгийн барилгын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөөгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь доорх байдлаар тогтоогдож байгаа төдийгүй маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий газар холбогдох хууль зөрчиж олгогдсон эсэх, гуравдагч этгээдийн зүгээс эрх бүхий байгууллагад нэмж газар эзэмших хүсэлт гаргаагүй зөвхөн өөрийн эзэмшил газраа 3 хуваалгаж авсан талаар, нэхэмжлэлийн шаардлага болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 748 дугаар шийдвэртэй "М.К" ХХК-ийн нэхэмжлэлтэй мэргэжлийн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрт дүгнэгдээгүй улсын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшүүлсэн үйл байдлын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй.

Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хурлын эхэнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн атлаа хэргийн оролцогч нарт танилцуулж хариу тайлбар гаргах боломжоор хангаагүй энэ талаар шүүхийн хэлэлцүүлэг хэлэлцэнэ гэсэн боловч хэлэлцэгдээгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон, хариуцагч талаас шүүх хурлын эхэнд нийслэлийнЗасаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар "М.К" ХХК-д олгосон 15834 мкв хэмжээтэй газар эзэмшүүлэхээр олгосон маргаан бүхий захиргааны актад заасан 5 жилийн хугацаа дууссан байгаатай холбогдуулж маргаан бүхий газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан эсэхийг тодруулах хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газарт төвийн ус хангамж, дулааны шугам хэрхэн байршиж байгаа талаарх мэдээллийг гаргуулахаар хандсан ч зөвхөн нэхэмжлэгч нарыг хангаж буй төвийн ус хангамж, дулааны шугамын мэдээлэл ирснээс өөр мэдээлэл бүхий лавлагааг шүүх шаардаж аваагүй.

Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн гуравдагч этгээд "М.К" ХХК-д хамаарах баримтыг хэрэгт аваагүй, нийслэлийн Засаг дарга 2012 онд шийдвэр гаргахдаа дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэхийг тодруулаагүй нь шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйг харуулж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж бусдын эзэмшил газарт барилга барьсан гэж дүгнэсэн дүгнэлт болон "М.К" ХХК-д газар олгосноос шалтгаалж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, "М.К" ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт маргаан бүхий газарт нэхэмжлэгч "М.Ү" ХХК, "ЭП.М" ХХК-уудыг ус, дулаанаар хангаж байгаа шугам сүлжээ болон нэхэмжлэгч нарын барьсан барилга нь 2012 онд гуравдагч этгээдэд газар олгохоос өмнө 2011 онд хийгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий газрын давхцал хэсэгт, ус хангамж, дулааны шугам нь маргаан бүхий газрын давхцал хэсэгт болон тухайн газрын давхцаагүй хэсэгт зурвас хэлбэртэй байршиж байгаатай хамааралтайгаар хөндөгдөж байгааг нэхэмжлэгч тал хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий тайлбар хийж шүүх хуралдаанд оролцсон болно.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ "М.К" ХХК-ийн зүгээс ямар ч байдлаар 2012 онд газар нэмж эзэмших хүсэлт гаргаагүй, зөвхөн өөрийн эзэмшил газраа хуваалгасан талаарх тайлбарын тухайд дүгнэлт хийгээгүй атлаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан зохицуулалтыг үндэслэн газар нэмж эзэмшүүлэх талаар тусгайлан зохицуулалтгүй, газар шинээр эзэмшүүлэхэд хүсэлт гаргагчид тавигдах шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг гэж дүгнэж гуравдагч этгээдийг шинээр газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Дээрх байдал нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн нэр болон 1 дэх заалтаар ...68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулсугай гэж заасан шүүхийн дүгнэлтэд дурдагдсан гуравдагч этгээдийг нэмж газар эзэмших хүсэлт гаргасан талаарх дүгнэлттэй зөрчилдөж байгаа төдийгүй "М.К" ХХК-д шинээр газар эзэмшүүлсэн гэх байдлыг няцааж байгаа болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т заасан зохицуулалтыгүндэслэн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхийг хариуцагчид хуулиар олгогдсон,нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснийг буруутгах боломжгүй гэх дүгнэлт нь эргэлзээтэй төдийгүй маргаанбүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасан зохицуулалтын хүрээнд хэрэгт авагдсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний 2011, 2012 онуудад хамаарах хэсэгт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2011, 2012 онуудад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах, нэмж газар эзэмшүүлэх талаар ямарч төлөвлөлт хийгдээгүй, тухайн үед Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэх нь тодорхойгүй байхад үүнийг зөрчин гуравдагч этгээдэд эзэмшил газрын талбайн хэмжээ, байршлыг өөрчлөн баталгаажуулсаннийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар шүүх дүгнэлт хийхийн оронд Газрын тухай хуулийн хариуцагчид газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон заалтын хүрээнд "М.К" ХХК-д өмнөх эзэмшил газрыг өөрчлөн баталгаажуулах нэрээр нэмж газар эзэмшүүлэх хууль бус үйлдлийг хууль ёсны мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байгаа төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргаас "М.К" ХХК-д газар эзэмшүүлэхдээ доорх хууль, тогтоомжийг зөрчсөн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 102 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгтҮерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын тэнхлэгээс 5 метр байхаар тогтооно, уг тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц барих газар эзэмшүүлэх, өмчлүүлэх болон Захирагчийн ажлын албанаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно

Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийн хүрээнд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүнийг дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга гаргасан шийдвэрээ эргэн харахгүй байгаа тохиолдолд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.5, 121.3.7-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч "М.Ү" ХХК, "ЭП.М" ХХК-уудаас Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн "М.К" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд үндэслэлгүйгээр, хууль зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт нэмж газар эзэмшүүлсэн нь хууль бус, маргаж буй газраар манай компаниудыг ус дулаанаар хангадаг шугам сүлжээ явж байгаа, "М.С" ХХК-ийн барьсан барилга нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд газар олгохоос өмнө баригдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар "М.К" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 14120 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд мөн Засаг даргын 2010 оны 476 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох "М.К" ХХК-д дээрх байршилд 7827 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Улмаар гуравдагч этгээдээс эзэмшил газраа 3 хувааж баталгаажуулахаар Нийслэлийн Газрын албанд 1/33 дугаартай хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд үл хөдлөх хөрөнгөтэй хэсэг-2184 м.кв, үйлдвэрлэлийн талбай-5650 м.кв, баталгаажсан барилгажиххэсэг 8000 м.кв гэж нийт 15834 м.кв талбай бүхий газар хүссэний дотор барилгажих хэсэг гэх нэрээр 8000 м.кв газрыг нэмж хүссэн байна.

Хариуцагчаас уг хүсэлтийн дагуу маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар нийт 15834 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн газрыг 3 нэгж талбарын дугаараар хувааж, маргаж буй газарт 7997 м.кв газрыг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Хариуцагч дээрх захирамж гаргах болсон үндэслэлээ гуравдагч этгээдээс эзэмшиж байгаа газраа хуваалгах хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн гэх боловч дан ганц газар хуваасан гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь маргаж буй 7997 м.кв газрыг нэмэгдүүлсэн болох нь тогтоогджээ.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаж буй газрыг эзэмшүүлсэн үндэслэл нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, газрын хэмжээг ямар үндэслэлээр нэмэгдүүлэх болсон, энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдснаар нэхэмжлэгчийн байшин цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээс өмнө баригдсан эсэх, тухайн газар доогуур нэхэмжлэгч нарын эзэмшлийн шугам сүлжээ явж байгаа эсэх, тухайн газарт орон сууцны болон үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, өмнөх эзэмшил газраас зориулалт, байршил хэрхэн өөрчлөгдсөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байхад гуравдагч этгээд "М.К" ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс үндэслэл бүхий тайлбар хийгээгүй гэсэн дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

Тодруулбал, иргэн болон хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэх, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших хүсэлт нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хүсэлтдээ хавсаргасан байхаар, мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа 33.1.1-33.1.3-т заасан журмыг баримтлахаар тус тус зохицуулсан заалтуудтай нийцэж байгаа эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй нь маргаж буй актаар маргаан бүхий газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Маргаан бүхий газарт нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийг ус, дулаанаар хангаж байгаа шугам, сүлжээ болон нэхэмжлэгч нарын барьсан барилга нь 2012 онд гуравдагч этгээдэд газар олгохоос өмнө 2011 онд баригдсантай холбоотойгоор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэмээн маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь гуравдагч этгээдийн газартай давхцалгүй байгаа нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бус маргаагүй үндэслэл буюу газрын давхцалд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу, маргаж буй үндэслэлд холбогдох баримтуудыг цуглуулахгүйгээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ талаарх нотлох баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй, эзэмшил газрыг өөрчлөх нэрээр газар эзэмшүүлсэн хууль бус үйлдлийг хууль ёсны мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэсэн нэхэмжлэгч "М.Ү" ХХК-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан зарим баримтуудыг /1-р хавтаст хэрэг 184-216 хуудас/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "М.Ү" ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР      

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ