Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 122

 

Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар магадлалтай, Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 52 дугаар байрны урд орших 29 гражийн зориулалт бүхий газрыг бид 1999 оноос эхлэн хууль журмын дагуу эзэмшиж ирсэн билээ. Гэтэл 2014 онд Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн Хүүхэд залуучуудын ордон, нийтийн номын санг барихаар газрыг чөлөөлөхөөр болж нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-ын дагуу нөхөн олговортойгоор газрыг эргүүлэн авах тухай гэрээ байгуулан газрыг чөлөөлөн авсан.

Газрыг нөхөн олговортойгоор гэрээ байгуулж чөлөөлөн авахдаа гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөр 35 хувь буюу 3,500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн, үлдэгдэл 65 хувь буюу 7,000.000 /долоон сая/ төгрөгийг ирэх оны нийслэлийн төсөвт суулгуулан 2015 оны 1 дүгээр улиралд багтаан нэг граж нийт 10,500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг олгоно гэж тайлбарласан юм. Уг төсөл нь 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайдын багцад батлагдсан ажил бөгөөд уг газрын эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний А/351 захирамжаар олгосон болно.

Бид энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл болон Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нартай удаа дараа биечлэн уулзаж, цахим хэлбэрээр мөн гурван удаа хүсэлт гарган урьдчилан шийдвэрлэх журмаар олон удаа гомдол гаргаж ярилцаж, хэлэлцэж ирсэн боловч хариуд нь та нарын мөнгийг өгнө, өгөх ч ёстой гэвч санхүү мөнгө хүндрэлтэй байна гэдэг шалтгаанаар захирамжаа гаргахгүй байгаад гомдолтой байна.

Бидний нөхөн олговрыг олгохоор нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэн гарын үсэг зуруулан явж байгаа бөгөөд ихэнх дарга нар гарын үсэг зурж зөвшөөрсөн байхад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү гарын үсэг зурахгүй удаа дараа буцааж, улмаар мөнгө олгох асуудлыг санаатай гацааж, асуудлыг буруу талаас нь тайлбарлаж биднийг хохироож ирсэн болно.

Дүүрэгт асуудлаа тавихаар мөнгө байхгүй, нийслэлд 2015 оны төсөвт суулгаж оруулахаар төлөвлөж ирсэн одоо нийслэлийн төсөвт суусан тул нийслэлээс авахаар хөөцөлдөж байна, нийслэл өгөх ёстой гэдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл өргөдөл гомдол шийдвэрлэлтэд гэрээний дагуу мөнгийг шийдэхийг даалгасан байдаг ч одоо болтол шийдэгдээгүй. Нийслэл, дүүргийн ажлын уялдаа холбоо асуудлыг бие биендээ шилжүүлж шийдвэрлэхгүй байгаагаас болж иргэд бид хохирох ёсгүй. Иймд хариуцагч нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэр гаргахыг даалгаж, нэхэмжлэгч бидэнд олгох ёстой нөхөн олговрын үлдэгдэл төгрөгийг олгох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 52 дугаар байрны урд талд Хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг 2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хийхээр шийдвэрлэж барилга баригдах 840 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн Хүүхэд хөгжлийн НӨААТҮГ-т конторын зориулалтаар олгосон. Тус Хүүхэд хөгжлийн төвийн барилгыг барих төсөл нь 2014 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад батлагдсан бөгөөд нийслэлийн Засаг даргад эрх шилжиж ирээгүй тул газар| чөлөөлөх, нөхөх олговор олгох асуудлаар нийслэлийн Засаг дарга үүрэг хүлээх боломжгүй гэж үзэж байна.

Уг газарт 29 граж байсан ба Хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр Баянгол дүүргийн Засаг дарга, дүүргийн Өмч, газрын харилцааны алба тус 29 граж эзэмшигч иргэдтэй 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ” байгуулж газрыг чөлөөлсөн байна. Уг гэрээг Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Өмч газрын харилцааны алба болон иргэд хооронд байгуулсан гэрээ байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “хариуцагчаар татагдсан этгээд уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Өмч газрын харилцааны албыг жинхэнэ хариуцагчаар татан нийслэлийн Засаг даргыг хэргийн оролцогчоос хасаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн Хүүхэд залуучуудын ордон, нийтийн номын сангийн барилгыг барихаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар 870 м.кв газрыг конторын зориулалтаар эзэмшүүлэн олгосон билээ. Ингэж олгохдоо уг газар дээр авто машины граж барьж олон жил ашиглаж байсан 29 иргэний гражийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-ын дагуу иргэдтэй гэрээ байгуулан газрыг эргүүлэн авсан.

Иргэдтэй байгуулсан гэрээний дагуу дүүргийн Засаг даргын тамгын газраас 2014 онд нөхөх олговрын 35 хувь буюу нэг иргэнд 3,500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөс гарган олгосон юм. Харин үлдэгдэл 65 хувь буюу 7,000.000 /долоон сая/ төгрөгийг 2015 оны нийслэлийн төсөвт газрын нөхөн олговорт олгогдохоор суугдсан 7 тэрбум төгрөгөөс гаргуулан олгохоор шийдвэрлүүлж 2015 оны нэгдүгээр улиралд багтаан иргэдэд олгохоор ажилласан.

Иргэдийн нөхөх олговрын асуудлыг дүүргийн зүгээс дээд шатны байгууллага болох нийслэлийн Засаг даргад хандан тавьж нийслэлийн Засаг дарга нийслэлийн Өмчийн харилцааны газраас нөхөх олговрыг олгох захирамжийн төслийг боловсруулуулан захирамжийн төсөлд санал авах шатандаа явж байсан болно. Гэтэл захирамжийн төсөлд санал авах явцад саатаж өнөөдрийг болтол захирамж гарахгүй байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас төсөл гүйцэт санал авч чадахгүй байгаа нь тодорхойгүй байна.

2015 оны төсөвт тусгагдсаны дагуу дүүргээс гаргуулахаар хандсан нөхөх олговрын асуудал нийслэлийн шатанд шийдвэрлэгдэн иргэдийн нөхөх олговрын мөнгө дүүрэгт шилжин ирсэн тохиолдолд Баянгол дүүргийн зүгээс иргэдэд саадгүй гарган олгож өгөх буюу иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг хэргийг захиргааны журмаар шийдвэрлэх боломжтой гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нөхөн олговрын үлдэгдэл мөнгийг олгохгүй байгаа Баянгол дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын нөхөх олговрын үлдэгдэл 14,000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нарт олгох шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 108 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Хүүхэд, Залуучуудын ордон, нийтийн номын сангийн барилгын газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөн авсан Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-ын дагуу явагдсан бөгөөд Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан төсөвт суулгуулсан байсан атал иргэдийг нөхөн олговрын мөнгийг гаргаж олгоогүй нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоохгүй Баянгол дүүргийн Засаг даргад нөхөн олговрыг гарган олгохыг даалгасан шийдвэр гаргасан нь дээрх журмыг зөрчсөн шийдвэр болсон юм.

Мөн уг шийдвэрт Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Засгийн газар гаргаж болно” гэж заасны Засгийн газарт заавал гаргах гэсэн утгаар ойлгож шийдвэртээ тусгасан нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс нийслэлийн Засаг дарга гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлийг тавьсан байх ба “Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам”-ын 1.4-т “Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах энэ журмын 1.3-т заасан үйл ажиллагааг дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүүргийн Засаг даргын удирдлага, зохион байгуулалтын дор хэрэгжүүлэх бөгөөд нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана” гэж заасны дагуу зохион байгуулж холбогдох төсөвт суулгуулахаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас хүсэлтийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1087 тоот албан бичгээр хүргүүлэн ажилласан.

Ингээд 2015 оны нийслэлийн төсөвт иргэдийн газрыг чөлөөлөн авсны нөхөн олговорт олгогдох 7 тэрбум төгрөг батлагдан суусан байхад анхан болон давж заалдах шатны шүүх нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 24/04 тоот тогтоолоор батлагдсан төсвийг хянан үзэлгүйгээр дээрх шийдвэрүүдийг гаргаад байна. Энэ тухайгаа давж заалдах шатны шүүх магадлалдаа “хариуцагч давж заалдах гомдолд дээрх мөнгийг нийслэлийн төсөвт суусан гэх боловч дээрх мөнгө нь төсөвт суулгасан нь нотлох баримтаар нотлогдоогүй байна” гэсэнд гомдолтой байна.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “нөхөн олговор олгож газар чөлөөлөх тухай” А/946 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 52 дугаар байрны урд талд баригдах Баянгол дүүргийн хүүхэд хөгжлийн төвийн барилгын газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа гэх иргэдийн 29 тоосгон граж, 2 төмөр чингэлэг, 2  контейнерыг албадан буулгаж, уг газрыг чөлөөлөх, нөхөн олговрыг граж эзэмшигчидтэй урьдчилан тохиролцож шийдвэрлэх, гэрээ байгуулж хэрэгжүүлэхийг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргад даалгаж, нөхөх олговрыг холбогдох данснаас гаргахыг Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт зөвшөөрчээ.

Уг захирамжийн дагуу Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нартай тохиролцож газар чөлөөлсөний нөхөн олговорт тус бүрт нь 10500000 төгрөг олгохоор болж, энэ тухай протокол үйлдсэн, мөн өдрөө “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ”-г тус бүртэй нь байгуулж, дүүргийн Засаг даргаар батлуулсан ба гэрээнд зааснаар нөхөн олговорт олгох 10500000 төгрөгийн 3500000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, үлдэх 7000000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан өгөх үүрэг хүлээсэн, иргэд тус тусын гражийн газрыг чөлөөлсөнийг 2014 оны оны 11 дүгээр сарын 06-ны өдөр актаар хүлээж авсан, урьдчилгаанд тус бүрт нь 3500000 төгрөг олгосон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/351 дүгээр захирамжаар “Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-д конторын барилгын зориулалтаар эзэмшүүлсэн 870 м.кв газар нь 1999 онд баригдсан ижил хийцтэй нэг загварын 29 автомашины граж байрлах газарт давхацсан бөгөөд граж эзэмшигч иргэдтэй харилцан тохирч, тэдэнд нөхөн олговор олгох замаар уг газрыг чөлөөлүүлэх арга хэмжээг Баянгол дүүргийн Засаг даргын дээрх 2014 оны А/946 дугаар захирамжаар хэрэгжүүлсэн гэдэг нь тогтоогджээ.

Түүнчлэн “иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай” гэрээнд нэхэмжлэгч Т.Мэндсайхан, Д.Цэнгэгмаа нарт өгөх нөхөн олговрын үлдэгдэл 7000000  төгрөгийг нийслэлийн Засаг даргаас шийдвэрлэж олгох тухай заагаагүй, “мөнгийг нийслэлийн төсвөөс шилжүүлэн хувиарласны дараа олгогдоно” гэсэн болзол тавиагүй, газар чөлөөлж нөхөн олговор олгох ажиллагааг нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр гүйцэтгэсэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Иймээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын “газар чөлөөлөх нөхөн олговорт нийслэлийн төсөвт 7 тэрбум төгрөг тусгагдсаныг хянан үзээгүй” гэх хяналтын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  6 дугаар зүйлийн  6.1-д “аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна”, 6.2-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн орлогын нэр төрөл, зарлагын ангилал, санхүүжилтийн зориулалт болон төсөв зохиох, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах, тайлагнах үйл ажиллагааг төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна” гэж заасан, дүүргийн Засаг дарга нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн а/-д зааснаар орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлуулахаар тухайн Хуралд оруулах бүрэн эрхтэй, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасны дагуу дүүргийн жилийн төсвийн төслийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй юм.

Үүнээс үзвэл Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/946 дугаар захирамжаар шийдвэрлэсэн газар чөлөөлсөний нөхөх олговорт олгох үлдэгдэл мөнгийг хуулийн дээрх заалтын дагуу төсөвт тусгуулан шийдвэрлэх бүрэн эрх нь тус дүүргийн Засаг даргад хадгалагдаж байгаа, уг үйл ажиллагаанд зориулан батлагдсан нийслэлийн төсвөөс өөрт хувиарлуулах, эндээс шилжүүлсэний дараа шийдвэрлэх асуудал нь нийслэлийн болон Баянгол дүүргийн Засаг дарга нарын хоорондох харилцаанд хамааралтай, гэрээний үүргийг биелүүлээгүй буруу нь Баянгол дүүргийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйтэй шууд холбоотой байна.

Иймд, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...эзэмшил газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ”-г биелүүлэх захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэгч нарын хууль ёсны шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж бичиж техникийн алдаа гаргасан, гэрээний “...төсөвт  тусгуулна...” гэсэн бичвэрийг “...нийслэлийн төсөвт...” гэж дэлгэрүүлэн тайлбарласан нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзнэ.

Дээрх байдалд үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 873 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ