Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 806

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Б.М********нгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-22******* дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М********н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Миний бие тус шүүхэд хандан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-22******* дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг миний хүсэлтээр түдгэлзүүлсэн байгаа. 

Уг хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан Б.М********н миний нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар талуудын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Б.М********н миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан  гаргасан “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-22******* дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй боллоо. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг минь хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М********н нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдогдуулан гаргасан  “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-22******* дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний  шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.М********н нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б.М********н Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.М********нгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Ү-22******* дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч Б.М********н нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОДМАА