Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ/2025/0507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А******* /РД:УУ*******/,                              

Хариуцагч: “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан банкны эрх хүлээн авагчийн тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.                                       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.     

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:                                                    

1.1.“Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-67 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:                                           

2.1.Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэж, тус өдрийн А/97 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийг томилжээ.               

2.2.“Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай” А-67 дугаар тушаалаар 2000001821040031 /Ажилчдын орон сууцны урьдчилгааны 30 хувь/ тоот авлагын дансанд бүртгэлтэй, уг тушаалын хавсралтад заасан 583,015,875.00 төгрөгийг авлагын эрсдэлийн сангаас хорогдуулж, хорогдуулсан дүнгээр А.А*******ын нэр дээр авлагын данс нээж бүртгэх гүйлгээ хийхийг ахлах нягтлан бодогчид даалгасан байна.

2.3.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч А.А*******оос 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчид хандан гаргасан гомдолд Монголбанкны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б-01/141 тоот албан бичгээр “...Таны өргөдөлд дурдсан асуудал шүүхээр шийдвэрлэгдэж байхаас гадна Монголбанкнаас “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн тушаал шийдвэрийг хүчингүй болгох асуудлаар банкны эрх хүлээн авагчид чиглэл өгөх, энэ талаар захиргааны аливаа шийдвэр гаргах эрх, хууль зүйн үндэслэлгүй байгааг үүгээр уламжилж байна” гэх хариуг өгчээ.

2.4.Нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:                             

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А\67 дугаар тушаалаар  “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай” тушаалаар ажилчдын орон сууцны урьдчилгааны 30 хувийн 2000001821040031 тоот авлагын дансанд бүртгэлтэй тушаалын хавсралтад заасан 583.015.875 төгрөгийг авлагын эрсдэлийн сангаас хорогдуулж, хорогдуулсан дүнгээр А.А*******ын нэр дээр авлагын данс нээж гүйлгээ хийхийг нягтлан бодогчид зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.А*******ын нэр дээр нэр бүхий иргэдийн зээлийн 583.015.875 төгрөгийн авлагыг бүртгэсэн тушаал гарсан. Энэ тушаалыг хууль бус гэж үзэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А\96 дугаар тушаалаар “Банкийг албадан татан буулгах тухай”  шийдвэр гарч, мөн өдрийн А\97 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийг томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйл, Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан тушаал, удирдамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг нэхэмжилж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж орлогыг хуваарилах чиг үүрэгтэй. Банкны эрх хүлээн авагчийг томилсон шийдвэрийн хүрээнд Банкны тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу банкны эрх хүлээн авагч үйл ажиллагаагаа явуулж байгаа учир захиргааны байгууллага гэж үзнэ. Банкны эрх хүлээн авагч нь 41 нэр бүхий иргэний зээлийг төлүүлэх чиг үүрэгтэй болохоос огт хамааралгүй А.А*******ын нэр дээр авлагын эрсдэлийн сан үүсгээд тушаал гаргаж, нэхэмжлэх эрхгүй. Авлагын эрсдэлийн сан үүсгэсэн үндэслэлээ “Капитал банк” ХХК-ийг татан буулгасан эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан тайлбарладаг. Тус эрүүгийн хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А\761, Улсын дээд шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 689 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэр бүхий иргэдийн зээлийн төлбөр болох 583.015.875 төгрөгийг банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх хөрөнгөд тооцсон бөгөөд 41 иргэдээс гаргуулж авах боломжтой гэж шүүх шийдвэрлэсэн. Гэтэл А.А*******оос авахаар тушаал гаргасан нь үндэслэлгүй бөгөөд 41 нэр бүхий иргэний зээлийг А.А*******ын нэр дээр авлагын данс нээж хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр 41 иргэний зээлтэй холбоотой асуудал нь эргэн төлөгдөх чадвартай зээл буюу зээлдэгч нараас гаргаж ав гэх шийдвэр гарсан байхад шүүхээс нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тушаал гаргаж, үүнийг бодитоор А.А*******оос гаргуулан авах ёстой гэдэг байдлаар дахин шийдвэрлэж, шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлыг дахин иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хохирол гаргуулах гэж байгаа нь хууль бус юм. Гэтэл энэ талаар ямар ч мэдээлсэн зүйл байхгүй бөгөөд үүнийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үед нь мэдсэн. Шийдвэр гаргахтай холбоотой ямар ч ажиллагаа хийгээгүй. А.А*******ын нэр дээр авлагын данс нээж хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр дээр “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчаас ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Хариуцагч тал бүртгэлтэй байсан учир шүүхээс ямар нэгэн шийдвэр гарвал авлагыг хаана гэсэн агуулгатай тайлбар өгч байна. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар өр төлбөр барагдуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр тушаал гаргаад шууд А.А*******оос бодитоор нь гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны А\155,А\134 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах эрсдэлийн сан байгуулах зохицуулах журмын 3.5.4-т зааснаар активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тохиолдолд тэнцлийн гадуурх дансанд бүртгэж төлүүлж барагдуулах арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж заасан. Тодруулбал, Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах зохицуулах журмаар активын эрсдэлийн сан байгуулсан бол тэр журмаар хорогдуулаад тэгэхдээ тэнцлээс гадуур бүртгээд тухайн иргэдээсээ гаргуулж авах зохицуулалт байгаа болохоос шууд хамааралгүй иргэнээс гаргуулж авна гэсэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр энэ тушаалын цаашид үүсэх эрх зүйн үр дагавар нь “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь  авлагын эрсдэлийн санд бүртгэлтэй бүх зээлийн төлбөрөө иргэн, хуулийн этгээд төлж чадаагүй бол төлбөр төлөгч нь А.А*******оос гаргуулах авах шийдэл гарч ирж байна. Иргэн, хуулийн этгээд авсан зээлээ өөрөө төлөх ёстой. Зээлийн харилцааны дунд байсан иргэн буюу “Капитал банк” ХХК-д ажиллаж байсан гэдэг утгаараа иргэдийн зээлийг төлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.  Иймд “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-67 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.         

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, мөн Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан 2023 оны А\15 дугаар тушаалаар баталсан банкны албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх, банкны эрх хүлээн авагч томилох, дуусгавар болгох журмын 5.11 дэх хэсэгт зааснаар “Капитал банк” ХХК-ийн удирдлагын бүрэн эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан мэдээлэх, сонсох, танилцуулах арга хэмжээг хэрэгжүүлэх этгээд биш. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т  заасанчлан банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхдээ Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагатай ажилчин авна, өр төлбөрийг шилжүүлнэ гэх мэт аж ахуйн шинжтэй эрхүүдийг эдэлдэг. Үүнээс үзвэл банкны эрх хүлээн авагч нь банкны удирдлагын бус зарим чиг үүргийг Монголбанк болон хуульд заасан хүрээнд хэрэгжүүлдэг этгээд болохоос нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн хуулийн этгээд биш юм. Банкны тухай хуульд банкны эрх бүхий албан тушаалтанд эрх шилжинэ гэж заасан байдаг. Эрх бүхий албан тушаалтанд банкны хувьцаа эзэмшигч ордоггүй. Банкны эрх хүлээн авагч үйл ажиллагаа явуулаад захиран зарцуулаад төвлөрүүлээд бүр мөсөн дуусгавар болгосон тохиолдолд хувьцаа эзэмшигчид ногдол ашиг өгөх асуудал яригдана. Тэгэхээр банкны хувьцаа эзэмшигчээс бусад албан тушаалтнуудад эрх шилжээд явж байгаа. Банкны эрх хүлээн авагч өр төлбөрийг барагдуулаад дуусах юм уу, эсвэл өр төлбөр нь илүү байх юм бол “Капитал банк” ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах асуудал яригдана. Дараагийн яригдаад байгаа асуудал бол “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А******* нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хэрэгт “Капитал банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагч иргэний нэхэмжлэгчээр оролцож миний бие хуульчийн хувьд өмгөөлөгчөөр оролцсон. Уг хэрэг нь “Капитал банк” ХХК-ийн банкны эрх хүлээн авагч ажилчдын орон сууцны 30 хувь нэртэй 583.015.875 төгрөгийг бүртгэсэн байсан. Эрүүгийн хэргийн материалыг үзэхэд энэ нь “Капитал банк” ХХК-д ажиллаж байсан 41 ажилтанд хамааралтай асуудал байгаа юм. Үүний 32 ажилтан А.А*******од холбогдох эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын 27-34 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Мэдүүлгийн нийтлэг агуулга нь тухайн үед “Капитал банк” ХХК-д ажиллаж байсан 1.350.000 төгрөгөөр орон сууц худалдаж авахаар тохиролцоод барилгын компанитай гэрээ байгуулсан. Үүний дараа орон сууцны 8 хувийн зээл гарсан. Тэгтэл “Капитал банк” ХХК орон сууцны үнийг 1.800.000 болгон нэмэгдүүлж төлбөрийг төлсөн мэт гүйлгээ хийж тухайн ажилтныг тогтвортой ажилсан тохиолдолд мөнгөн дүнгээс хасна гэсэн гэрээ хийсэн нь тодорхой байсан. Уг 32 иргэд бүгд Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн ангилалтай гээд санхүүгийн харилцаанд орох боломжгүй байна, уг мэдээллийг худал тул устгаж өгнө үү гэсэн гомдол, санал гаргаад явсан байгаа. А.А******* нь эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгөхдөө 1.350.000 төгрөгийг 1.800.000 төгрөг болгоод зөрүү мөнгийг төлсөн мэт баримт үйлдээд бэлнээр гаргаад авсан гэх тайлбар хэлсэн байдаг. Уг нөхцөл байдал тодорхой байсан тул банкны эрх хүлээн авагч уг хүмүүсээс хохирлыг барагдуулахгүй, хохирлыг А.А******* хариуцна гэж үзсэн. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар “Капитал банк” ХХК-ийн  баланст бүртгэлтэй актив 387.8 тэрбум төгрөгийг нэг өдрийн дотор бүгд төлөгдөнө гэж тооцоод зөрүү нь 104.651.104.478,85 төгрөг гэх хохирлыг А.А******* хариуцна гэж шийдсэн. Үүнд 583.015.875 төгрөгийн авлага багтаж байгаа. Иймд банкны хүлээн авагч зээлийн өр төлбөр барагдуулахтай холбоотой гаргаж байгаа шийдвэртэй ямар нэг байдлаар А.А*******од мэдэгдэх үүрэг байхгүй. А.А******* нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл “Капитал банк” ХХК-д ажиллаж байхдаа төлүүлсэн зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 2.2000001821040031 тоот авлагын дансанд бүртгэлтэй Капитал банкны ажилчдын орон сууцны урьдчилгааны 30 хувь болох 583,015,875 төгрөгийг авлагын эрсдэлийн сангаас хорогдуулж, хорогдуулсан дүнгээр А.А*******ын нэр дээр авлагын данс нээсэн “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай” А-67 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ДШМ/761 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 689 дүгээр тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор А.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 5.352.333.291 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Капитал банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ.

4.Тодруулбал, ажилчдын орон сууцны урьдчилгаа 30 хувь 2000001821040031 тоот дансанд бүртгэлтэй 583,015,875 төгрөг нь Капитал банкинд ажиллаж байсан нэр бүхий 41 ажилтанд олгосон орон сууцны зээлийн хүрээнд үүссэн авлага бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолоор Капитал банканд ажиллаж байсан нэр бүхий 26 иргэний гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн А.А*******ыг “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

5.Уг шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч А.А******* нь ... Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тушаал гарах үеийн байдлаар нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн бодит хуримтлагдсан алдагдал нийт -375,283.1 сая төгрөг, хувь хүн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 492,490,987,834 төгрөгийн өр төлбөртэй байгаагаас банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө нь 387,839,880,355 төгрөг, зөрүү 104,651,984,834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь ... нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

...Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай: Шүүгдэгч А.А*******ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 104,651,984,834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирснаас А.А******* нь 99.351.651.543 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үлдэх 5.300.333.291 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.А******* нь 3 сарын хугацаанд төлж барагдуулахаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж, энэ талаар баримт хүсэлтийг шүүхэд өгч байх тул шүүх шүүгдэгчээс 5.300.333.291 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид /банкны эрх хүлээн авагчид/ ... олгох нь зүйтэй байна...” гэж дүгнэжээ.

6.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас хамтран давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ДШМ/761 дүгээр магадлалд “...Хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй гэх гомдлын хувьд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан шинжээчийн 234 тоот дүгнэлтээр ... хохирлын хэмжээг тогтоохдоо Капитал банк ХХК-д эрх хүлээн авагч томилсон өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тус банкны актив болон пассив хөрөнгийг бодит байдлаар үнэлэн хохирлын хэмжээг тогтоосон байх бөгөөд банкны хөрөнгийн нийт дүн, банкны өр төлбөрийн зөрүү 104.651.104.478,85 төгрөг болсон байх ба энэ хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй.

...Зарим хохирлыг тооцоогүй гэх гомдлын тухайд, Хөгжлийн банк, С.Анастасия зэрэг этгээдүүдтэй өр төлбөрийн талаар харилцан тохиролцож, биелэгдэх боломжтой гэж үзэн хоорондоо өр төлбөр барагдуулах, хөрөнгө шилжүүлэх гэрээ зэргийг байгуулсан байна. Бусад Капитал банкинд холбогдох өр төлбөрийг банкны эрх хүлээн авагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хуулиар хийвэл зохих үйл ажиллагааг хийх нь зүйтэй ба энэхүү эрүүгийн хэрэгтэй бүхий л өр төлбөрийн асуудлыг иргэний нэхэмжлэл гаргуулан хамтатган шийдвэрлэх боломжгүй...

...анхан шатны шүүх шүүгдэгч А.А*******ын энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар битүүмжилсэн хөрөнгүүдээс “...шүүгдэгчийн талаас сонгон санал болгосон хөрөнгүүд...”-ийг нэр заан битүүмжлэлийг хэвээр үлдээж, бусад хөрөнгийн битүүмжлэлийг сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, “...иргэний нэхэмжлэгчийн зөвхөн зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж бусад гэм хороо нэхэмжлэх боломжийг хязгаарлалаа, бусад хөрөнгүүдийн битүүмжийг чөлөөлснөөр тус эд хөрөнгийг захиран зарцуулж хохирлыг төлүүлэх боломжгүй болголоо...” гэх агуулга бүхий хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй...” гэж дүгнээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт яллах дүгнэлтийн 2 дахь хавсралтад дурдсан, прокурорын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж ирүүлсэн эд хөрөнгүүдээс цагаатгагдсан этгээдүүдийн эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгож, харин шүүгдэгч А.А*******ын холбогдох хэрэгт холбогдуулан түүний хамаарал бүхий компани, Капитал банкны нэр дээрх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээн хохирол барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн өөрчлөлтийг оруулсан байна.

7.Тодруулбал, дээрх магадлалаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /банкны эрх хүлээн авагч/ нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь /банкны эрх хүлээн авагч/ гэм хороо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулжээ.

8.Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 689 дүгээр тогтоолоор хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр дээрх шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан “шүүх дээрх эрүүгийн хэргийн хохирлыг шийдвэрлэхдээ “... 104,651,104,478.85 төгрөг гэж хохирлын хэмжээг тогтоож, үүнийг А.А*******оос гаргуулахаар шийдвэрлэсэн. 583,015,875.00 төгрөгийн авлага нь төлөгдөх, харин А.А*******ын эрүүгийн хэргийн төлөх хохиролд оруулж тооцоогүй...” гэх тайлбар болон дээрх шүүхийн шийдвэрүүдээс үзвэл Капитал банкны ажилчдын орон сууцны урьдчилгааны 30 хувь болох 2000001821040031 тоот авлагын дансанд бүртгэлтэй 583,015,875 төгрөгийн авлагыг банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгө /387,839,880,355 төгрөг/ буюу эргэн төлөгдөх хөрөнгөд оруулж тооцсон байна.

11.Өөрөөр хэлбэл, А.А*******ын үйлдсэн “банкны төлбөрийн чадвар алдагдуулсан” гэмт хэргийн улмаас Капитал банканд 104,651,104,478.85 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж, уг хохирлоос А.А******* нь 99.351.651.543 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, үлдэх 5.300.333.291 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн буюу эрүүгийн шүүхээс 2000001821040031 тоот авлагын дансанд бүртгэлтэй 583,015,875.00 төгрөгийг хохиролд тооцон А.А*******оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлээгүй, харин банкны хөрвөх чадвартай нийт хөрөнгөд оруулан тооцсон байх тул түүний нэр дээр авлагын данс нээж бүртгэсэн нь үндэслэлгүй байна.

12.Банкны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 68 дугаар зүйлийн 68.3-т “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна”, 69 дүгээр зүйлийн 69.1.2-т “банкийг төлөөлөх, удирдах” гэж тус тус заасны дагуу банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхээс гадна банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

13.Банкны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монголбанк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна” гэж заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн A-155/134 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг баталжээ.

14.Уг журмын 3.5.1-д “Банкнаас дараах активыг одоогийн болон шинээр байгуулсан эрсдэлийн сангаас дор дурдсан нөхцөлд дараах үндэслэлээр улирал тутам хорогдуулж болно:” гээд 3.5.1.2-т “Төлбөр хариуцагчаас тодорхой хэсгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч үлдэх хэсгийг төлбөр хариуцагч хариуцахгүй болсныг тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн үлдэх хэсгийг”, 3.5.1.4-т “Банкны үнэлгээгээр цаашид эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй гэж тооцогдсон муу ангилалтай активыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр” гэж, 3.5.4-т “Активыг холбогдох эрсдэлийн сангаас хорогдуулсан тохиолдолд тэнцлийн гадуурх дансанд бүртгэж, төлүүлж барагдуулах арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж тус тус заажээ.

15.Дээрх журмын зохицуулалтаас үзвэл банкны эрх хүлээн авагч нь хуульд заасан “гадна банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулах” чиг үүргийн дагуу “Төлбөр хариуцагчаас тодорхой хэсгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч үлдэх хэсгийг төлбөр хариуцагч хариуцахгүй болсныг тогтоосон шүүхийн шийдвэрээр тухайн үлдэх хэсгийг” болон “Банкны үнэлгээгээр цаашид эргэн төлөгдөхгүй байх эрсдэлтэй гэж тооцогдсон муу ангилалтай активыг Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр” эрсдэлийн сангаас улирал тутам хорогдуулж болох ба ийнхүү активыг эрсдэлийн сангаас хорогдуулсан тохиолдолд “тэнцлийн гадуурх дансанд бүртгэж, төлүүлж барагдуулах арга хэмжээ”-г хэрэгжүүлэхээр байна.

16.Маргаан бүхий энэ тохиолдолд “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай” А-67 дугаар тушаалаар Ажилчдын орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 2000001821040031 тоот авлагын дансанд бүртгэлтэй байсан 583,015,875.00 төгрөгийг авлагын эрсдэлийн сангаас хорогдуулсан тохиолдолд тэнцлийн гадуурх дансанд бүртгэж, төлүүлэх арга хэмжээг авах байтал уг хорогдуулсан дүнгээр А.А*******ын нэр дээр авлагын данс нээж бүртгэсэн нь  дээрх журамд нийцээгүй хууль бус шийдвэр байна.

17.Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

18.Маргаан бүхий А-67 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 583,015,875.00 төгрөгийг авлагыг төлөх эрх зүйн үр дагавар үүсч байх тул “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн энэхүү шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр” шинжийг бүрэн агуулсан захиргааны акт байна.

19.Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 221/ШТ2025/368 дугаартай тогтоолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх талаар дүгнэсэн, энэ тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар тухайн асуудлаар эцсийн шийдвэр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Банкны эрх хүлээн авагчийн банкны активыг төлүүлэх ажиллагааны хүрээнд гаргасан тушаал нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн байх захиргааны актын шинжийг агуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

20.Энэхүү шүүхийн шийдвэр нь “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасны дагуу Капитал банкинд холбогдох өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Банкны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.5, 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А*******оос “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Авлагын эрсдэлийн сангаас хорогдуулах тухай” А-67 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.                                                                              

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ