Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 226/МА2021/00016

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18-ны өдөр            226/МА2021/00016                                    Хэрлэн сум

 

 

 

 

Л-, Ю- нарын хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

226/2021/00016

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Прокурор Д.Отгонтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2021/00317 дугаар шийдвэртэй Л-, Ю- нарын хүсэлттэй хэлмэгдэгч Ч-ийн Д- нь 1979 онд нас барсан бидний төрсөн эцэг П-ийн Д- мөн болохыг тогтоолгох, Л-, Ю- нар нь хэлмэгдэгч Ч-ийн Д-тэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагч Л-, Ю- нарын өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагч Л-, Ю- нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д- овогтой Ю- нь 1954 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, Д- овогтой Л- 1960 оны 10 дугаар сарын 18-ны өдөр П.Д-, Н.Ш нарын гэр бүлд мэндэлсэн.

Бидний эцэг Д- нь 1894 онд төрсөн бөгөөд 13 настайгаа лам болсон. Эцгийг маань улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн 1939 онд баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэсэн байсан бөгөөд түүнийг хилсээр шийтгүүлсэн нь тогтоогдсон учир түүнийг Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай магадлалаар цагаатгасан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд зааснаар Д-гийн үр хүүхдүүд болох Ю-, Л- бид хэлмэгдэгчид болон түүний ар гэрт олгох нөхөн олговрыг авах бичиг баримтаа бүрдүүлэх явцад эцэг Ч-ийн Д- маань ял шийтгүүлж гарч ирэхдээ өөрийн эцгийн нэрийг сольж “П-” гэдэг нэрээр овоглож, түүнээс хойших бичиг баримтад П-ийн Д- гэж бичигдсэн байна. Архивын лавлагаанаас гаргуулсан бидний төрсний бүртгэлийн лавлагаа, аавын нас барсны бүртгэлийн лавлагаа, эцэг, эхийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд аавын овог нэр нь П-ын Д- гэж бичигдсэн байна. Гэтэл хилс хэрэгт хэлмэгдэж ял шийтгүүлсэн талаарх болон цагаатгагдсан баримтад Ч-ийн Д- гэж бичигдсэн тул бид эцгийнхээ овгийг үнэн зөвөөр сэргээн тогтоолгохгүй бол нөхөн олговор авах боломжгүй байдалд хүрээд байна.

 

Иймд “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 1938 онд баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгуулсан Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг П-ийн Д- мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л-, Ю- нар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ч-ийн Д-тэй садан төрлийн холбоотой болохоо тогтоолгох, мөн тэдний аав П-ийн Д- нь хэлмэгдсэн Ч-ийн Д- мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ч-ийн Д- нь 1938 оны 05 сарын 13-ны өдрийн 18 дугаар хуулийн Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг Монгол Улсын Дээд шүүхээс 1993 оны 05 сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрсний бүртгэлийн болон нас барсны лавлагаанууд, садан төрлийн талаарх лавлагаанууд, Үндэсний төв архивын лавлагаа, албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын албан бичиг, БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн магадлал, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс ирүүлсэн албан бичиг, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудаар хэлмэгдэгч Ч-ийн Д- нь хүсэлт гаргагч Ю-, Л- нарын төрсөн эцэг П-ийн Д- мөн гэдгийг хангалттай нотолж чадаагүй.

Хүсэлт гаргагч нарын өмгөөлөгч тодорхойлолт болон гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг гэсэн нотлох баримтыг дурдаж байна. Гэрч Ц- нь “Д- нь багадаа Ч- гэдэг хүнд өргүүлж байсан. Ч гэдэг нь өргөж авсан эцэг нь, П- гэдэг нь төрсөн эцэг нь юм. Д- лам байсан учир улс төрийн хилс хэлмэгдсэн ба хүүхдүүдээ эсэргүүний хүүхэд гэж нэрлэгдэхээс айж овгоо солиулсан талаар миний аав Н ярьдаг байсан” гэж мэдүүлдэг. Дамжмал байдлаар мэдүүлсэн дан ганц Ц-гийн мэдүүлгээр Ю-, Л- нарын аав П-ийн Д-г хэлмэгдсэн Ч-ийн Д- мөн гэдгийг нотлоход эргэлзээтэй байна. Гэрч Ц-ын ээж А нь Д- гэдэг хүний дүү байсан гэдгийг мөн  нотлох боломжгүй юм. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж үзэхэд  лавлагаан дээр Д-гийн овог байхгүй, насаар нь хөөгөөд үзэхэд насны зөрүү их гардаг.

Ч-ийн Д- нь Ю-, Л- нарын эцэг, П-ийн Д-, Ч-ийн Д- мөн гэдгийг нотлох хангалттай нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2021/00317 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л-, Ю- нарын “Улс төрийн хилс хэрэгт 1938 онд баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгагдсан Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг 1979 онд нас барсан П-ийн Д- мөн болохыг тогтоолгох, Л-, Ю- нар нь хэлмэгдэгч Ч.Д-тэй садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч нарын өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч Б овогт Д-гийн Л-, Б овогт Д-гийн Ю- нар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч-ийн Д-гийн төрсөн охин буюу түүнтэй садан төрлийн холбоотой эсэх нь нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч нар нь “бидний аав, ээж бидэнд хэлмэгдсэн тухайгаа амьд сэрүүн байхдаа хэлж байсан, Цэнхэрмандал суманд манай ааваас өөр “Гавж” цолтой лам хүн байгаагүй, мөн аавын маань тухай Ц- тодорхой гэрчилж хэлсэн. Иймд бидний мэдүүлгийг болон бусад нотлох баримтыг үнэлж хэлмэгдэгч Ч-ийн Д- нь бидний эцэг П-ийн Д- мөн болох”-ыг тогтоож өгөхийг хүссэн тайлбар өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарна гэж үзэж байна.

Хэлмэгдэгч Д- нь 1984 онд төрсөн хүн бөгөөд одоогоос 41 жилийн өмнө буюу 1979 онд нас барсан хүн юм. Иймд тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, төрийн албаны тогтолцоо, архив албан хэргийн хөтлөлтөөс шалтгаалаад энэ үеийн баримт бичиг, хувь хүмүүсийн лавлагаанууд одоо үеийнх шиг цаасан хэлбэрээр болон цахимжиж хадгалагдах нөхцөл бүрдээгүй дулимаг байсан.

Ингээд хэлмэгдэгч нар нь өөрсдийн чадах чинээгээрээ цуглуулсан нотлох баримтуудаар буюу аав Д-, ээж Ш нар нь амьд сэрүүн байхдаа өөрсдөд нь хэлж, ярьж байсныг үндэслэж, үүнийгээ гэрч нараар болон улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтууд, хэлмэгдэлтийн хавтаст хэргээс авчруулсан баримтууд, орчуулга, хэлмэгдэгчийн фото зураг зэргээр тухайн нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолсон.

Гэрч Ц- нь Д-г амьд сэрүүн байхад нь өөрийн биеэр шавилан эрдэм ном заалгаж, түүнийг бодитоор харж байсан хүн бөгөөд гэрчээр шүүхэд мэдүүлэг өгсөн. Ц-гийн аав болон Д- нар нь өөрт нь “Д- нь хэлмэгдэж ял эдэлж байсан, хэлмэгдэж гарч ирээд Д- нь өөрийн төрсөн эцэг П-аар овоглосон” тухайгаа хэлсэн ба үүнийг Ц- шүүхэд гэрчилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй хүн байдаг. Гэрч Ц-д багшийгаа шүтэж хадгалж ирсэн зураг нь байсныг шүүхэд өгч хүсэлт гаргагч нар нь өөрийн аав мөн болохыг таньж мэдүүлсэн байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтад хамаарч байна.

Гэрч Ц бол Д-гийн дүү А-н төрсөн охин бөгөөд тэрээр хэлмэгдэгч Д-г ямар хүн байсан, хэлмэгдэж байсан талаар нь мэдэх зүйлээ гэрчилсэн. Түүний фото зургийг харуулахад түүний ээжийн ах Д- байна гэж таньсан. Хэлмэгдэгч Д-гийн хэлмэгдсэн хэргийн хавтаст хэргээс ирүүлсэн албан ёсны орчуулга хийлгэсэн материалд түүний биеийн байцаалт дээр түүнийг Цэнхэрмандал сумын хүн болохыг, тэндээс баригдаж ирснийг тэмдэглэн үлдээсэн байсан.

Энэ баримтаар “хүсэлт гаргагч нарын манай аав болон бид бүгдээрээ Цэнхэрмандал сумын хүмүүс ял эдэлж гарч ирээд нутагтаа амьдарсан, манай аав Д-гээс өөр Д- гэдэг лам хүн байгаагүй”, гэрч Ц- нь “Цэнхэрмандал сумын иргэн, тус суманд Д- амьдардаг байсан, тус сумын Ш-н хийдийн тууринд эрдэм ном заалгадаг байсан, манай суманд “Гавж” мядагтай хоёр л хүн байсан, түүний нэг нь Д-, Д- нь хэлмэгдэж байсан талаар хэлсэн”, Сэцэнханы хүрээ Гүндгаравлин хийдийн захиргааны тодорхойлолт зэрэг нь давхар нотолж байна гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 1938 онд баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгуулсан Ч-ийн Д- нь Л-, Ю- нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, Л-, Ю- нар нь хэлмэгдэгч Ч-ийн Д-тэй садан төрлийн холбоотой болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хүсэлт гаргагч Л-, Ю- нар нь “Улс төрийн хилс хэрэгт 1938 онд баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар магадлалаар цагаатгагдсан Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг П-ийн Д- мөн болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч нар нь “бидний эцэг Ч-ийн Д- нь ял шийтгүүлж гарч ирээд өөрийн эцгийн нэрийг сольж “П-” гэх хүнээр овоглосон бөгөөд аавын төрсний болон нас барсны лавлагаа, эцэг эхийн гэрлэлтийн лавлагаанд П-ийн Д- гэж бичигдсэн байна. Гэтэл хилс хэрэгт хэлмэгдэж ял шийтгүүлсэн талаарх баримтад Ч-ийн Д- гэж бичигдсэн тул хэлмэгдэгч Ч-ийн Д- нь бидний төрсөн эцэг П-ийн Д- мөн болохыг тогтоолгуулах хүсэлттэй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаартай “Хан Хэнтий уулын аймгийн Баянхан уулын хошууны 1926, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд Ч- /П-/-ийн Д-д холбогдох баримт байхгүй байна” гэх албан бичиг /хх27/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03-1/5585 дугаартай “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогоор С-н А 16 настай, Д- 41 настай, С 49 настай гэж бүртгэгдсэн байна...” гэх лавлагаа  /хх49/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/2447 дугаартай “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогоор П-ийн Д- 37 настай, С-н А 28 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа /хх167/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/2446 дугаартай “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогоор С-н А 16 настай, Д- 41 настай, С 49 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа /хх168/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03-02/2449 дугаартай “Манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийг шүүж үзэхэд П- /Ч-/ овогтой ам бүл, С, С-н А нарт холбогдох баримт байхгүй болно” гэх албан бичиг /хх169/ зэрэг бичгийн нотлох баримтуудаас  үзэхэд 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогод П-ийн Д- болон Ч-ийн Д-гийн хэн алины нэрээр хүн амын тооллогод бүртгэгдсэн талаарх лавлагаа гараагүй байна.

“Хүсэлт гаргагч нар нь “Ч-ийн Д- нь ял эдэлж ирээд овгоо өөрчлөн П-ийн Д- болгосон” гэх боловч ямар шалтгаанаар овгоо сольсон, Ч- нь П-тай садан төрлийн холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй, хүсэлт гаргагч Ю-, Л- нар нь П-ийн Д-гийн хүүхдүүд болох нь тогтоогдсон хэдий ч П-ийн Д- нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ч-ийн Д- мөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т  заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэн байна.

Иймд  өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч  нарын өмгөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2021/00317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

    

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

                               ШҮҮГЧИД                                         Б.ДЭНСМАА

                                                                                                                         

                                                                                                    Я.АЛТАННАВЧ