Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/357

 

 

 

 

 

 

  2024              3            21                                       2024/ДШМ/357

 

 

Р.Г, Ч.Б- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг,  даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, 

шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2015 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлээр Р.Г, Ч.Б- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Р-ийн Г, 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын техникч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:... /,

2. Б овгийн Ч-ийн Б, 1998 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалт ашиглалтын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний цехэд ХАБ-ын инженер ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ввв тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:... /,

Яллагдагч Р.Г нь “Улаанбаатар төмөр зам" Барилга засвар ашиглалт, үйлчилгээний ангийн мастераар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” Үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын “Ажпын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”-ийг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн элс, хайрга буулгах 2 дугаар зам дээр тус ангид операторч ажилтай Н.Б нь вагоны люкэнд цохигдож нас барсан,

Яллагдагч Ч.Б- нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./”-ыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. “/аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/,” гэснийг зөрчиж, мөн Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6. “/Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх/”, 4 дэх хэсгийн 2. “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд, шат Дамжлага бүрд зохион баигуулах/”, 4. “/Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион явуулж, тэдний мэдлэгийг шалгах/” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн элс, хайрга буулгах 2 дугаар зам дээр тус ангид операторч ажилтай Н.Б- нь вагоны люкэнд цохигдож нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн дүүргийн прокурорын газраас: Р.Г, Ч.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд “...Шинжилгээ хийлгэх үед оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах эрхтэй гэж заасан бөгөөд оролцогчийн хүсэлтийг хангах нь үндэслэлтэй гэж үзвэл шүүх шийдвэрийг өөрчилж, нэмэлт оруулж болно. ...” гэж заажээ.

 Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18.1.4-т ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд прокурор хууль зүйн дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна. Иймд дээрх үндэслэлүүдээр яллагдагч Р Г-, Ч.Б- нарт холбогдох хэргийг тээврийн прокурорын газарт буцааж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг бичлэгийг хэргийн хамт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Р.Г, Ч.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд “...шинжилгээ хийлгэх үед оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах эрхтэй. ...” гэж заасан бөгөөд мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13 дахь заалтад “...“оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно. ...” гэж заажээ.

Шүүгчийн захирамжид заасан яллагдагч нарт шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй гэсэн нь тухайн шинжээчийг томилох цаг хугацаанд яллагдагч нарын хэн аль нь яллагдагчаар татагдаагүй буюу хэргийн “оролцогч”-д хамаарахгүй байсан тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлтийг...прокурор... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана. ...” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...прокурор нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. ...”, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ. ...” гэж тус тус заасан бөгөөд прокуророос дээрх заалтын дагуу эрх зүйн ухамсрыг удирдлага нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, тухайн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Учир нь, хавтас хэрэгт тухайн вагоны лүүкний түгжээ гацсан, түүнээс улбаалан амь хохирогч осолд өртөх нэг шалгаан болсон бөгөөд уг лүүкний түгжээг гацсан талаар гэрч Д.А мэдүүлдэг. Тухайн лүүкний түгжээ гацсан талаар тухайн ажлыг хариуцсан мастер Р.Гд хэлсэн байдаг. Дээрх тохиолдолд мастер Р.Г нь Ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5079:2001 стандартын 4.2. /Ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна./ гэж заасны дагуу тухайн ажлын байранд анхааруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн 4.21. /Нуранги ачааг вагоноос буулгахдаа ажиллагсад аюулгүй зайнаас тусгай хэрэгслээр нүхийг онгойлговол зохино/ гэж заасан шаардлагууд хангагдаагүй. Вагоны лүүкний түгжээг тусгай зориулалтын цохиураар хэрхэн, ямар зайнаас цохиж аюулгүй мултлах, лүүк онгойлгох үед ойр хүн ажиллуулахгүй байх/ гэх агуулгаар аюулгүй ажиллагааны арга барил эзэмшүүлэх талаар тухайн ажлыг хариуцсан мастер Р.Г нь биечлэн үзүүлэх журмаар амь хохирогчид зааж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн осол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./ гэснийг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг тус тус зөрчсөнөөс тухайн осол гарсан.

Уг осол, хэргийн талаар шинжээч Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 4.8 Ажлын байран дахь анхан шатны зааварчилга гэдэг нь“тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл ашиглах болон ажлын явцад үүсэж болох серег хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил...” гэх зэрэг байх бөгөөд энэхүү стандартын 4.9 Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө./ 4.10 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгын дараа зааварчилга өгсөн ажилтан шалгалт авч хангалттай гэж үзвэл уг ажилтанд бие даан ажиллах зөвщөөрөл олгоно./ гэсэн заалтуудыг мастер Р.Г, ХАБ-ын инженер Ч.Б- нар нь зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол, зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар захирамжид заагаагүй буцаасан нь ойлгомжгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгчийн захирамжид ямар ажиллагааг хийх талаар тодорхой заагаагүй. Мөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд миний зүгээс Улаанбаатар төмөр замын ашиглалт, засварын ангийг энэ хэрэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9, 35 дугаар зүйлүүдэд зааснаар иргэний хариуцагчаар татагдах үндэслэлтэй талаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн. Мөн хүсэлт гаргасныг болон хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамжид огт дурдаагүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн байгууллага нь хэрэгт иргэний хариуцагчаар татагдах нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасан шалтгаан нь А гэх хүн вагоны люкны түгжээг мулталсан бөгөөд буцааж хийхээ мартаад цайндаа орсон. Шинжээч мэдүүлэхдээ тухайн түгжээг мулталсан тохиолдолд аюулгүйн зурвас татаж бусдад анхааруулах тухай аюулгүй ажиллагааны стандарт байдаг тухай дурдсан. Энэ асуудлыг шалгуулах талаар өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж байсан ч ямар ч ажиллагаа хийгдээгүй. Анхан шатны шүүхээс энэ хэрэгт ямар ажиллагааг хийлгэхээр заахгүй прокурорт буцаах нь зохимжгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан агуулгаар дүгнэсэн байсан. Эдгээр ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлуулах хүсэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах гол үндэслэл болсон. Шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой нь үнэн. Гэвч шинжээчийн дүгнэлт гарах үед яллагдагч нар гэрчээр явж байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд шууд нэр заан асуусан байдаг. Тухайн асуултын хариултаар дээрх хүмүүсийг яллагдагчаар татсанд гомдолтой байна. Ингэснээр миний үйлчлүүлэгчийн сургалт явуулсан, шалгалт авсан баримтуудаа гарган өгч бүрэн нотлуулах боломжийг хязгаарласан. Мөн шинжээчийн дүгнэлт худлаа гарсан. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хамгаалалтын каск байгаагүй гэсэн боловч бодит байдал дээр каск малгай байсан бөгөөд хүмүүс өмсөөгүй байсан. Мөн сургалт зааварчилгаа өгч байсан болох нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээч өөрийн гэсэн бланктай бөгөөд тамга тэмдэгтэй байх ёстой. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтэд тамга тэмдэг дарагдаагүй байсан. Эдгээр нөхцөл байдлууд байсан тул өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлуулсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн 4 үндэслэл, хэрэгт нэмж хийлгэх 3 ажиллагаа байгаа талаар санал гаргасан. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргах, каск малгайтай холбоотойгоор гэрчүүдээс мэдүүлэг авах, иргэний хариуцагчтай холбоотой асуудлуудыг нэмж тогтоохоор шийдвэр гаргасан боловч шүүгчийн захирамжид зөвхөн шинжээчийн дүгнэлт гаргуулах байдлаар бичигдсэн байна. Нэгэнт хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн зүгээс мөрдөгч, прокурорт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх, Р.Г, Ч.Б- нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжаар тодорхой яг ямар ажиллагааг хийлгэх, тухайн ажиллагааг хийснээр хэргийн үйл баримт, зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх, ач холбогдолтой болохыг тодорхой зааж даалгасан тохиолдолд шүүгчийн захирамж бүрэн биелэгдэх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

Гэтэл энэ талаар шүүгчийн захирамжийн үндэслэл тодорхой бус байх бөгөөд шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэх, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлж хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн агуулгад тус тус нийцнэ.

Иймд прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн “...хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар захирамжид заагаагүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай...” агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Р.Г, Ч.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/2015 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА