Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2025/0545

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                            

Нэхэмжлэгч: Ж.Н******* /РД:ОА72052113/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.                                   

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:                                      

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:                                                         

1.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаартай захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах.                                                                                              

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:                                                         

2.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Ж.Н*******д олгожээ.      

2.2.Ж.Н*******гаас Нийслэлийн газрын албанд хандан гаргасан “...Энэ газар нь БЗД-ийн Засаг даргын захирамжтай бөгөөд одоо уг газартаа Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах хүсэлтэй байгаа...” гэх хүсэлт, Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар дээрх 200 м.кв газрын эзэмших эрхийг шинээр баталгаажуулжээ.             

2.3.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Н*******д нэгж талбарын 1330500182 дугаар бүхий 200 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204000570 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон байна.

2.4.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийг үндэслэн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 869 дугаартай иргэн Ж.Н*******гийн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, эксиз зургийг баталжээ.                                  2.5.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-05/6500 дугаар албан бичгийг үндэслэн Ж.Н*******гийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.                             

2.6.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжийг үндэслэн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар Ж.Н*******д олгосон Хот байгуулалт, хотын стандартын газрын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны эксиз зургийг тус тус хүчингүй болгожээ.                                                                     

2.7.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гарсны дагуу 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/538 дугаар албан бичгээр хариу өгчээ.                                                        2.8.Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандсан хэдий ч хариу өгөөгүй байна.                                                                                        Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:                                                                       

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******аас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг газар дээр хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад барилга барихаар төлөвлөж хүнсний дэлгүүрийн хашааг нураасан.  Тухайн барилгыг эхлүүлэх явцад “Говь” СӨХ-өөс нэхэмжлэл гаргаж, маргаан гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхээс Ж.Н*******гийн газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрөл хууль ёсны бөгөөд “Говь” СӨХ-д хамаарах орон сууцны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчихөөргүй байна гэж шийдвэрлэсэн. 2022 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны Засаг дарга А.О*******, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.На*******, Д.Г*******, мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 36Б байрны оршин суугч Н.Чи, Н.Д, Э.Ч нарт холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэсэн. Мөн үүнээс гадна дэлхий нийтээр Коронавирусийн халдвар тархаж хөл хорио тогтоож, хил гааль хаагдаж, барилгын бараа материалын хомсдол үүсэж барилгын ажлаа эхлүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ж.Н*******гийн эзэмшлийн 200 м.кв газар дээр №25\007 дугаартай мэдэгдэх хуудас өгөөд маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас хүмүүс ирээд хашааг нураасан. 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол шуудангаар 16 цаг 40 минутад очиж авах үед Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гэсэн дугтуйтай Нийслэлийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  А\1172 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тухай захирамж гарсан байсан. Үүнийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдсэн. Захирамжийг хүлээн авмагцаа буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүлээгдэж буй тул хаав гэсэн хариуг ирүүлсэн. Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй. Хот байгуулалт, хотын стандартын газар нь нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А\1172 дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжтай холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01\275 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хот байгуулалт, хотын стандартын газарт хариу тайлбарыг хүргүүлсэн байдаг. Тус газрын мэргэжилтэнд Нийслэлийн газрын маргаан гомдол гаргасан тухайгаа мэдэгдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А\84 дугаартай Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын тушаалаар 2013 оны 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгох шийдвэр гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн газрын маргаан таслах зөвлөлд нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А\1172 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр захиргааны актыг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин гомдол гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03\7180 дугаартай албан бичиг Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны Захиргааны актыг хүчингүй болгуулах тухай А\184 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэх хариу ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А\1172 захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А\24 дугаартай тушаал нь Ж.Н*******гийн эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Иймд хүчингүй болгож өгнө үү” гэв.                                                                                     

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2012-2013 оны үед тухайн барилыг нураагаад 9 давхар барилга барихаар шийдэж өнөөдрийг хүртэл шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж явсан. Нийслэлийн Засаг даргын захирамж хуулийн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтыг үндэслэн гэрээний нөхцөлөөр газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж тайлбарлаж байна. Хотын дарга иргэдэд газрыг чөлөөлж гоё харагдах гэж 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэх хуудас наагаад 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүмүүстэй очиж хашааг нь нураасан нөхцөл байдал үүссэн. Хэд хоногийн дараа газар эзэмших эрхийг хүчингүй болсон захирамж гарсан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан иргэний ашиг сонирхол маш их зөрчигдөж, хөрөнгө, санхүүгээр хохирч байна. 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарладаг. Энэ хугацааг хэзээнээс тоолж байгаа нь ойлгомжгүй. 2018 он гэж тайлбарлаж байгаа боловч яагаад 2024 онд хүчингүй болгоогүй юм бэ? эсвэл 2022, 2023 он гэж байгаа. Захирамж гарахаас өмнөх хугацааг тоолсон байх гэж таамаглаж байна. Барилга барихтай холбоотой зураг, техникийн нөхцөл болон шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн энэ талаарх баримтыг Нийслэлийн газрын алба болон бусад өөр албан тушаалтанд хүргүүлж байсан. Зарим баримтуудаа гомдолтой хамт өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг огт харгалзахгүй зөвхөн сонгуулийн нөхцөл байдлыг ашиглаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.                                                

3.3.Хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******эс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Н*******д анх Нийслэлийн засаг дарга 2010 онд газар олгосон. Тус газрын газар эзэмших хугацаа нь 5 жилийн хугацаатай байсан бөгөөд уг 5 жилийн хугацаа дуусгавар болсны дараа 2018 онд хугацааг сэргээж газар эзэмших эрхийг олгосон. Хугацаа сэргээсэн үндэслэл нь тухайн газар нь шүүхийн маргаантай байсан тул хугацааг сэргээж олгосон. 2024 он хүртэл Ж.Н******* нь уг газрыг ямар нэгэн худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийж, мэдэгдлийг  хүргүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А\1172 дугаартай захирамжийг гаргасан. Учир нь Ж.Н******* нь ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан зурган нотлох баримтаар тогтоогдож байна. Улсын дээд шүүхийн тайлбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг 2 жилийн хугацаанд гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл эрхлээгүй буюу барилга байгууламжийн, зам  талбай бариагүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн газар дээр барилга байгууламж бариагүй авто зогсоол өөрчлөгдөөгүй болох нь нотлогддог. Иймд Газрын тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь газар эзэмшигч бусдын эрх ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар зөрчсөн болох нь харагдаж байна. Үүнийг зөрчөөгүй гэж үгүйсгэх боломжгүй. Ямар нэгэн байдлаар тухайн иргэдийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй бол гомдол гаргах үндэслэл байхгүй. Гомдол гаргаад явж байна гэдэг нь тэдний эрх, ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

3.4.Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******аас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн 200 м.кв газрыг үндэслэн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, эскиз зураг баталсан. Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/275 дугаар албан бичгийг иргэн Ж. Н*******д хүргүүлж газрын эрх цуцлагдсан тул тус байгууллагаас олгосон 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг хүчингүй болгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасан хэлбэрээр сонсох ажиллагаа явуулсан. Иргэн Ж.Н******* 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эс зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар ирүүлсэн байдаг. Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Захиргааны акт хүчингүй болгох тухай” А/84 дүгээр тушаалаар иргэн Ж.Н*******д олгосон 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны Эскиз зургийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/1172 дугаар захирамжийг үндэслэн хүчингүй болгосон. Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/538 дугаартай албан бичгээр Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг нь хүчин төгөлдөр газрын бичиг баримтад тулгуурлан олгодог тул Нийслэлийн Засаг даргын  захирамжийг үндэслэн гаргасан. Манай гаргасан акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан хэсгийг хангасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэг.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар Ж.Н*******д тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны хойд талд 200 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд түүний Нийслэлийн газрын албанд хандан гаргасан “...Энэ газар нь БЗД-ийн Засаг даргын захирамжтай бөгөөд одоо уг газартаа Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулах хүсэлтэй байгаа...” гэх хүсэлт, Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар дээрх 200 м.кв газрын эзэмших эрхийг шинээр баталгаажуулжээ.

3.2.Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 36а байрны 0 тоот хаягт байршилтай “Говь” СӨХ-оос Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0623 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 475 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.3.Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Н*******гаас Нийслэлийн газрын албанд хандан гаргасан  “газар эзэмших эрхийг хууль журмын дагуу сэргээн сунгаж өгөх хүсэлт”[1], Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн акт[2], Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл[3], дээрх шүүхийн шийдвэр, тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар[4] Ж.Н*******гийн маргаан бүхий 200 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн газрын албанаас Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж[5], 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 000732236 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгосон бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01110-2018/20922 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж[7], 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 000011560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[8] олгосон байна.

3.4.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01-05/6051 дугаартай  албан бичгээр Ж.Н*******д “...Энэ хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, үр ашигтай  зохистой ашиглах, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйгээс хотын өнгө үзэмж, орчны оршин суугчдын эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалт, газар эзэмшүүлэх гэрээний 3.2 дахь хэсгийг тус тус зөрчиж байх тул 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох...” мэдэгдлийг хүргүүлж, холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг ирүүлэх тохиолдолд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор тус албан ирүүлэхийг мэдэгджээ.

3.5.Үүний дараа тус албанаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-05/6500 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Н*******гийн худалдаа үйлчилгээний зориулалттай 200 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захиражийн төслийг хавсралтаар хүргүүлсэн байна.

3.6.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-05/6500 дугаар албан бичгийг үндэслэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгон нэхэмжлэгч Ж.Н*******гийн маргаан бүхий 200 м.кв газар эзэмих эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01-05/6768 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид, 01-05/6769 тоот албан бичгээр тухайн газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус хүргүүлжээ.

3.7.2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газрыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор чөлөөлөх тухай Мэдэгдэх хуудсыг хүргүүлж, албадан чөлөөлөх ажиллагааг хийсэн байна.

4.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-05/6500 дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай танилцуулга”-аас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга “тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйгээс хотын өнгө үзэмж, орчны оршин суугчдын эрх ашигт сөрөгөөр нөлөөлсөн” гэж үзэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн 200 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг 2010 оноос эхлэн тоолох бөгөөд энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж бариагүй, бүтээн байгуулалт хийгээгүй, мөн иргэдээс удаа дараа Хот байгуулалт, хотын стандартын газарт гомдол гаргасны улмаас тус газраас нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл явуулж байсан, үүнээс үзвэл бусдын эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь тодорхойлогдоно” гэж тайлбарлан маргадаг.

5.2.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:” гээд 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг тодорхойлон заасан бөгөөд энэ нь иргэн, хуулийн этгээдийн газрын эзэмших эрхийг дуусгавар болгох шууд үндэслэл болохгүй юм.

5.3.Хэрэв газар эзэмшигч нь дээрх хуульд заасан үүргийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдвол эрх бүхий этгээд болох Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” үндэслэлээр тухайн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалттай.

5.4.Энэ маргааны тухайд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжид Газрын тухай хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсний улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл бүхий заалтыг баримтлаагүй, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй нь бусдын эрх ашгийг зөрчсөн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

5.5.Түүнчлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан “маргаан бүхий тус газарт хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж холбогдох арга хэмжээ авах” талаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-06/2413 тоот албан бичгээр мэдэгджээ.

5.6.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 37 дугаар байрны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд тус газраас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт чиглэл хүргүүлж, иргэн Ж.Н*******д Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр торгууль ногдуулсан бөгөөд энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-02/1895 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн байна.

5.7.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ж.Н******* нь өөрийн эзэмшлийн 200 м.кв газар дээр барилга барихтай холбогдуулан уг газрын урд байрлах Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 37 дугаар байрны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд захиргааны байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа хийсэн байх боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аливаа шийдвэр гаргаагүй атлаа 2 жилийн дараа Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргийг зөрчсөн гэж дүгнэж, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “... шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр байна.

5.8.Учир нь Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны үйл ажиллагаа “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмын хүрээнд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргийг хүлээнэ.

5.9.Энэ үүргийн дагуу захиргааны байгууллага 2022 онд 37 дугаар байрны оршин суугч иргэдээс ирүүлсэн гомдолд үндэслэн хяналт шалгалтын ажиллагааг тухайн үед шуурхай хэрэгжүүлж, бодит нөхцөл байдлыг тогтоон, холбогдох нотлох баримтыг цуглуулж үнэлсний үндсэн дээр шийдвэр гаргах байтал тухайн үед сонсох ажиллагаа хийсэн боловч шийдвэр гаргаагүй атлаа тэр үеийн хяналт шалгалтын баримтад үндэслэн 2024 онд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуульд зарчим, зохицуулалтад нийцээгүй байна.

5.10.Зүй нь захиргааны байгууллага иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд өмнөх хяналт шалгалтын ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг нэхэмжлэгч 2 жилийн дараа арилгасан эсэхийг дахин нягтлан шалгаж, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны дараа нөхцөл байдлыг дахин үнэлж, шийдвэр гаргах байжээ.

5.11.Гэтэл энэ ажиллагааг захиргааны байгууллагаас хийгээгүй байх бөгөөд 2022 онд Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн ажиллагаа, хүргүүлсэн албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан үүргээ зөрчиж, бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж шууд буруутгасан нь үндэслэлгүй байна.

6.1.Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нөгөө нэг үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тайлбарладаг.

6.2.Хэрэгт авагдсан Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн актад[9] “1.Нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг чөлөөтэй байлгасан эсэх” гэх хэсэгт “илүү талбайд барьсан хашаагаа татаж, зөрчил арилгасан” гэж, “3.Бусдын газар эзэмших, ашиглахтай холбогддсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх” гэх хэсэгт “Үгүй” гэж, “Гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар гаргасан дүгнэлт” хэсэгт “биелүүлсэн гэж дүгнэв” гэж тэмдэглэж, Нийслэлийн газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байгаагаас үзвэл хариуцагчаас Ж.Н*******г Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргийг бүрэн биелүүлж ажилласан гэж дүгнэжээ.

6.3.Түүнчлэн “Говь” СӨХ-оос Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Н*******д холбогдох хэсгийг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0442 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0623 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 475 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болж, энэхүү маргаан дууссан байна.

6.4.Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ж.Н*******гаас Нийслэлийн газрын албанд гаргасан  “газар эзэмших эрхийг хууль журмын дагуу сэргээн сунгаж өгөх” хүсэлтийг[10] үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар маргаан бүхий 200 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэхдээ гэрээний үүргийн биелэлтийг хангасан гэж дүгнэсэн байх тул шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашигласан” эсэхийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоолох нь зүйтэй бөгөөд үүнээс өмнөх хугацаанд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашигласан эсэх асуудал нь энэхүү маргаанд хамааралгүй гэж үзлээ.

6.5.Маргаан бүхий 200 м.кв газар дээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  869 дугаартай төмөр бетон каркасан хийцтэй 9 давхар барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон ба уг барилгад “Улаанбаатар дулааны сүжлээ” ТӨХК-иас 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 313/2018 дугаартай Техникийн нөхцөл[11], “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас  2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ТН-М309/2022 дугаартай Техникийн нөхцөл[12], Ус сувгийн удирдах газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 403/22 дугаартай Техникийн нөхцөлийг[13] тус тус олгосон, нэхэмжлэгч Ж.Н*******гаас “ББСМО” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 06/19 дугаартай Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулсан, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13/2022 дугаартай Барилгын ажлын зөршөөрлийн гэрчилгээ олгосон, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/4319 тоот албан бичгээр Ж.Н*******д “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт, 13 дугаар хорооллын 37 дугаар байрны хойд талд төлөвлөгдсөн үйлчилгээ, албан конторын барилгын эх загвар зургийг ... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 25 дугаар хурлаар хэлэлцэн, 2014 онд батлагдсан эх загвар зургийг хүчинтэй байх шийдвэр гаргасныг уламжилъя” гэж мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

6.6.Түүнчлэн дээрх техникийн нөхцөлүүдийн хүчинтэй хугацаа дууссантай холбогдуулан нэхэмжлэгч Ж.Н*******гаас гаргасан хүсэлт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40/2024 дугаартай Техникийн тодруулгыг үндэслэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300/2024 дугаартай Техникийн нөхцөл, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр D-U2024/218 дугаартай Техникийн нөхцөлийг олгосон байх бөгөөд Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/2116 тоот албан бичгээр “контор үйлчилгээний 9 давхар барилгад олгогдсонг 403/22 тоот техникийн нөхцөлийн хугацааг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40/2024 дугаартай Техникийн тодруулгыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс энхлэн 1 жилийн хугацаатай сунгасан” болохыг мэдэгдсэн байна.

6.7.Мөн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ж.Н*******, “Тулга чанар групп” ХХК нар Төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах 24/01 дугаарай гэрээ байгуулжээ.

6.8.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж” гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг, 4.1.4-т “барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг тус тус ойлгохоор, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл барилга байгууламжийг барихад барилгын ажлын зөвшөөрөл, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл зэрэг холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагуудаас заавал авч бүрдүүлсэн байхыг шаарддаг байна.

6.9.Нэхэмжлэгч нь маргаан бүхий 200 м.кв газар дээр үйлчилгээ, албан конторын зориулалт бүхий 9 давхар барилга барихаар дээрх хуульд заасан холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, техникийн нөхцөл зэрэг зайлшгүй бүрдүүлэх барилга байгууламжийн баримт бичгийг эрх бүхий байгууллагуудаас авсан, зарим хугацаа нь дууссан техникийн нөхцөлүүдийг 2024 онд дахин авсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь газрыг гэрээнд заасан “худалдаа, үйлчилгээний” зориулалтын дагуу ашиглах агуулгад хамаарах тул нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг 2018 оноос 2024 он хүртэл 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй  гэж дүгнэх үндэслэлгүй байна.

6.10.Түүнчлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.

6.11.Дээрхээс нэгтгэн үзвэл нэхэмжлэгч Ж.Н******* нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш маргаан бүхий газарт 9 давхар үйлчилгээ, албан конторын зориулалт барилга барихтай холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг авах, Төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой тодорхой үйл ажиллагаа хийсэн байх тул түүний маргаан бүхий 200 м.кв газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр байна.

6.12.Нөгөөтэйгүүр өөр хоорондоо үндэслэн гарсан захиргааны шийдвэр нь иргэн, хуулийн этгээдийн тухайн эрх/тухайлбал газар эзэмших эрх/-ийг хэрэгжүүлэх нэг нөхцөл болох тул энэхүү эрхийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан бусад захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд итгэх иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай.

6.13.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан “барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих” бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй 9 давхар үйлчилгээ, албан конторын барилгад эрх бүхий байгууллагуудаас 2024 онд техникийн нөхцөлүүд олгосон байгааг мэдэх бүрэн боломжтой бөгөөд энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчмыг зөрчсөн байна.

7.Иймд шүүх нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

8.Хоёр. Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

9.1.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалаар Ж.Н*******д Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн 200 м.кв газрын эрхийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжаар дуусгавар болгосон үндэслэлээр 2013 оны 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Загвар зургийг хүчингүй болгожээ.

9.2.Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1-д “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол” эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах нэг үндэслэлийг заасан, энэхүү маргааны хувьд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаар тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамж нь хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй, нөгөөтэйгүүр хууль бус захиргааны актад үндэслэн гарсан захиргааны акт мөн адил хууль бус байна.

9.3.Иймд нэхэмжлэгч Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

10.Харин хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг 25 дугаар хорооны Засаг дарга А.О*******, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч П.На*******, мөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 36Б байрны оршин суугч н.Б, 37 дугаар байрны оршин суугч н.Чимэдбальдир, н.Д нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.27 дугаар зүйлийн 1-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан” үндэслэлээр үүсгэсэн 2202000125 дугаартай зөрчлийн хэрэгт мэдүүлэг авах, хугацаа сунгасан талаар Ж.Н*******д мэдэгдсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/762 тоот, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 02/850 тоот албан бичгүүд нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлд хамааралгүй нотлох баримт байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг тэмдэглэж байна.

11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдэврлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н*******гаас  Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаартай захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.                                                                

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ

 

 

 

 

[1] Хх-2 дугаар хавтасны 112-113 тал

[2] Хх-2 дугаар хавтасны 100-104 тал

[3] Хх-2 дугаар хавтасны 115-116 тал

[4] Хх-2 дугаар хавтасны 142-143 тал

[5] Хх-2 дугаар хавтасны 162-163 тал

[6] Хх-2 дугаар хавтасны 109 тал

[7] Хх- 1 дүгээр хавтасны 231-234 тал

[8] Хх- 1 дүгээр хавтасны 228 тал

[9] Хх-2 дугаар хавтасны 100-104 тал

[10] Хх-2 дугаар хавтасны 112-113 тал

[11] Хх-1 дүгээр хавтасны 53 тал

[12] Хх-1 дүгээр хавтасны 56-57 тал

[13] Хх-1 дүгээр хавтасны 66-7 тал