Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 146/ШШ2025/00066

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.Ц-н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ц нь шүүхэд гаргасан хүсэлдээ: “Д.Ц би 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл, цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд адуучны туслах болон малчнаар ажиллаж байсан юм. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, зарим баримтууд олдохгүй байгаа ба ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байгууллагаас үзсэн.

Иймд намайг 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл, цэргээс халагдаж ирээд 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд адуучны туслах болон малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.Ц нь 1985 оны 05 дугаар сарын  01-ний өдрөөс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, мөн цэргээс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс халагдан ирээд 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдлийг хувьчлагдтал адуучны туслахаар ажиллаж байсан. Малчнаар тэтгэвэрт орох гэтэл зарим тушаал олдохгүй, шаардлага хангахгүй байгаа учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа. 1987 оноос 1989 оны 11 дүгээр сар хүртэл цэрэгт байсан юм билээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бичихдээ би сайн тулгаж харж байгаад бичсэн. Нэгэнт баримт байхгүй юм чинь хэрэгт байгаа баримтын дагуу шийдвэрлэж өгнө үү. 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны баримт байхгүй учир татгалзаж байна  гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

   ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Ц-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хүсэлт гаргагч Д.Ц нь

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 54 дугаартай Архивын лавлагаа,

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай “мал сүрэгт хаврын мал эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах” тухай тогтоол,

-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 1985 оны 05 дугаар сар, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Г.Д-гийн “Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1976 оноос 1992 оны 06 дугаар сард нэгдэлд тартал бригадын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Д.Ц нь Бат зам нэгдлийн 2 дугаар бригад буюу Зөрүүлэг гэдэг газар малчнаар ажиллаж байсан. Д.Ц-ийг яг хэдэн оноос эхэлж нэгдэлд орсныг санахгүй байна. Цэргээс ирээд шууд мал маллаж 1992 онд нэгдэл тарах хүртэл малчин хийсэн. Бод мал маллаж байсан. Тухай үед малчид 200-300 төгрөг, мал хариулсны хөлс гээд 150 орчим төгрөг нэмж авдаг, жилийн эцэст үлдэгдэл цалин гээд 200-300 төгрөг авдаг байсан. Бат зам нэгдэл 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан. Зарим малчид малаа тарааж дуусаагүй байсан тул 1992 оныг дуустал цалингаа аваад явсан. Өвөрхангай аймгийн Бат зам нэгдэл нь малчдаас бүрдсэн 2 бригадтай байсан. Тухайн үед ойр нутагладаг саальчин 15 орчим айлууд нэг суурь болдог байсан. Д.Ц-ийн суурь Улсын аварга хадланчаар шалгарч шагнуулж байсан. Бид гуяын нурууны аваргууд гэж хошигнодог байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.С-ын Би Өвөрхангай аймгийн Орхоны кинотеатрын харьяа Бат-Өлзий сумын Улаан-Амны бригадад кино механикчаар 1987-1993 оны хооронд ажиллаж байсан. Д.Ц нь Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 2 дугаар бригад буюу Зөрүүлэг багт малчнаар ажиллаж байсан. Би хөдөөгийн айлуудаар  малчдад кино үзүүлж явдаг байсан. Ингэхдээ эмч, номын санчтай хамт явдаг байсан. Өвөлдөө ухуулах үйлчилгээ нэртэй бүрхүүлтэй машинаар, зундаа цөцгийний трактороор, бригад хооронд үхэр тэргээр явдаг байсан. Тухайн үед төлөвлөгөө гаргаж малчдад Мандхай сэцэн хатан, Морьтой ч болоосой, Гарьд магнай, Мартагдсан дууль гэх мэт олон кино үзүүлсэн. Ингээд кино үзүүлээд явж байхад Д.Ц нь малчнаар ажиллаж байсан. Би 300 төгрөг авдаг байсан. Малчид малынхаа тоогоор цалинждаг байсан. Би хэдийгээр Бат зам нэгдэлд харьяалагддаггүй байсан ч Бат зам нэгдлийн малчдад кино үзүүлж тойрон явдаг байсан тулд Д.Ц-ийг тус нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсныг мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Д.Ц-ийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаас татгалзсан болохыг дурдав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Д.Ц-ийн 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ********************** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ДАГИЙМАА