| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00055 |
| Дугаар | 146/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2025/00067
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д.Б-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь шүүхэд гаргасан хүсэлдээ: “Д.Б би 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл, цэргээс халагдаж ирээд 1990 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, тушаал олдохгүй байгаа ба ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байгууллагаас үзсэн.
Иймд намайг 1986 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл, цэргээс халагдаж ирээд 1990 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Б нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суудаг. Энэ хүн нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар 20-ны өдөр, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 31-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Малчнаар өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, зарим тушаал байхгүй байсан тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Ингэхдээ 1990 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын баримт байхгүй учир татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч Д.Б нь
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай Архивын лавлагаа,
-Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 1986 оны 08 дугаар сар, 1992 оны 08 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Г.Д-ийн “Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1976 оноос 1992 оны 06 дугаар сард нэгдэлд тартал бригадын даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Д.Б нь Бат зам нэгдлийн 2 дугаар бригад буюу Зөрүүлэг гэдэг газар малчнаар ажиллаж байсан. Д.Б-г яг хэдэн оноос эхэлж нэгдэлд орсныг санахгүй байна. Цэргээс ирээд шууд мал маллаж 1992 онд нэгдэл тарах хүртэл малчин хийсэн. Үхэрчин байсан. Тухай үед малчид 200-300 төгрөг, мал хариулсны хөлс гээд 150 орчим төгрөг нэмж авдаг, жилийн эцэст үлдэгдэл цалин гээд 200-300 төгрөг авдаг байсан. Бат зам нэгдэл 1992 оны 06 дугаар сард хувьчлагдсан. Өвөрхангай аймгийн Бат зам нэгдэл нь малчдаас бүрдсэн 2 бригадтай байсан. Тухайн үед ойр нутагладаг саальчин 15 орчим айлууд нэг суурь болдог байсан. Д.Баясгалангийн суурь Улсын аварга хадланчаар шалгарч шагнуулж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч С.С-вын “Би Өвөрхангай аймгийн Орхоны кинотеатрын харьяа Бат-Өлзий сумын Улаан-Амны бригадад кино механикчаар 1987-1993 оны хооронд ажиллаж байсан. Д.Баясгалан нь Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 2 дугаар бригад буюу Зөрүүлэг багт малчнаар ажиллаж байсан. Би хөдөөгийн айлуудаар малчдад кино үзүүлж явдаг байсан. Ингэхдээ эмч, номын санчтай хамт явдаг байсан. Өвөлдөө ухуулах үйлчилгээ нэртэй бүрхүүлтэй машинаар, зундаа цөцгийний трактороор, бригад хооронд үхэр тэргээр явдаг байсан. Тухайн үед төлөвлөгөө гаргаж малчдад Мандхай сэцэн хатан, Морьтой ч болоосой, Гарьд магнай, Мартагдсан дууль гэх мэт олон кино үзүүлсэн. Ингээд кино үзүүлээд явж байхад Д.Баясгалан нь малчнаар ажиллаж байсан. Би 300 төгрөг авдаг байсан. Малчид малынхаа тоогоор цалинждаг байсан. Би хэдийгээр Бат зам нэгдэлд харьяалагддаггүй байсан ч Бат зам нэгдлийн малчдад кино үзүүлж тойрон явдаг байсан тулд Д.Баясгаланг тус нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсныг мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Д.Баясгалангийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бат зам нэгдэлд 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагаас татгалзсан болохыг дурдав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц овогт Д.Б-ийн 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ***************** малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА