| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00065 |
| Дугаар | 146/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2025/00068
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Н-д холбогдох
1,657,663 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Н нь М ББСБ-тай 2022 оны 07 сарын 27-ны өдөр 14000078249 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ч.Н нь гэрээний үндсэн дээр 2023.03.26-ны өдөр 3 удаагийн хүсэлтээр нийт 900,000 төгрөгийг тус бүр 01 сарын хугацаатайгаар авсан ба зээлийн гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
М ББСБ-ын зүгээс Ч.Н-ээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар: Ч.Н-ээс зээлийн гэрээний үүрэг нийт 1,657,663 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, зээлийн хүү 636,985 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,678 төгрөг байна. ...Ч.Н нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,657,663 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно” гэжээ.
Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Н би 2022 оны 07 дугаар сарын 27-нд “М ББСБ” ХХК-аас 900,000 төгрөг зээлсэн. Одоо үндсэн зээл 900,000 төгрөг, хүү 636,985 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120,678 төгрөг, нийт 1,657,663 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Н-ээс 1,657,663 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч.Н нэхэмжлэлийн шаардлага 1,657,663 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,473 төгрөгийн 50 хувь буюу 20,736.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,736.5 төгрөгийг улсын орлогоос, 20,736.5 төгрөгийг хариуцагч Ч.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Н-ээс 1,657,663 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,473 төгрөгийн 50 хувь буюу 20,736.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,736.5 төгрөгийг улсын орлогоос, 20,736.5 төгрөгийг хариуцагч Ч.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА