| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00020/И |
| Дугаар | 146/ШШ2025/00069 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2025/00069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: З.Д-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Д /цахим/, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн харьяа Хархорин дахь Усны аж ахуйн барилга угсралтын трестийн Газар шорооны тусгаарлалтын бригадад 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажил орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй учир дээрх хугацаа ажилласан жилд тооцогдохгүй болоод байна.
Иймд намайг Өвөрхангай аймгийн харьяа Хархорин дахь Усны аж ахуйн барилга угсралтын трестийн Газар шорооны тусгаарлалтын бригадад 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Д-ын хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч З.Д нь
Өвөрхангай аймгийн харьяа Хархорин дахь Усны аж ахуйн барилга угсралтын трестийн Газар шорооны тусгаарлалтын бригадад 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай “ажилчдыг цалинжуулах, түр ажилчид авах” тухай тушаал, тушаалын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Г.Д-гийн “Би Өвөрхангай аймгийн Барилгын угсралтын харьяа Хархорин сум дахь Усны аж ахуйн трестэд гагнуурчны туслахаар 1985 оны 07 дугаар сараас 1990 оныг дуустал ажиллаж байсан бөгөөд З.Д нь 1989 оны хавар буюу 3, 4 дүгээр сараас эхлэн 1990 оныг дуустал тус усны аж ахуйн трестийн газар шороо яндан угсралтын бригадад нормчноор хамт ажилласан. Тухайн үед хар тос хайлуулж, цаасаар ороогоод яндан хийдэг байсан бөгөөд түүний хар тосны нормыг тааруулдаг, хийдэг хүнийг хэлдэг байсан. Тухайн үедээ цалин гэдэг байсан бөгөөд ажил хийсэн хэмжээгээр авдаг, сайн ажил хийвэл 400 төгрөг, хамгийн багадаа 200 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үедээ гагнуур, полигон цех, газар шороо гэсэн 4 бригадтай байсан. З.Д нь 1989 оны 03 дугаар сараас 1990 оныг дуустал тус бригадад нормчноор тасралтгүй хамт ажилласан. Тухайн үедээ шагнал урамшуулал гэж мөнгө өгдөг байсан бөгөөд З.Д шагнуулж байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Э-ын “Би Өвөрхангай аймгийн Барилгын угсралтын харъяа Хархорин сум дахь усны аж ахуйн трестэд гагнуурчны туслахаар 1985 оны 04 дүгээр сараас 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан бөгөөд З.Д нь 1989 оны хавраас эхлэн 1990 оныг дуустал тус усны аж ахуйн трестийн газар шороо яндан угсралтын бригадад нормчноор ажилласан. Тухайн үед хар тос хайлуулж, цаасаар ороогоод яндан хийдэг байсан бөгөөд түүний хар тосны нормыг тааруулдаг, хийдэг хүнийг хэлдэг байсан. Тухайн үедээ цалин гэдэг байсан бөгөөд ажил хийсэн хэмжээгээр авдаг, сайн ажил хийвэл 400 төгрөг, хамгийн багадаа 200 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үедээ гагнуур, полигон цех, газар шороо гэсэн 4 бригадтай байсан. З.Д нь 1989 оны 03 дугаар сараас 1990 оныг дуустал тус бригадад нормчноор тасралтгүй хамт ажилласан. Тухайн үедээ шагнал урамшуулал гэж мөнгө өгдөг байсан бөгөөд З.Д шагнуулж байсан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч З.Д-ын Өвөрхангай аймгийн харьяа Хархорин дахь Усны аж ахуйн барилга угсралтын трестийн Газар шорооны тусгаарлалтын бригадад 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт З.Д-ын ***********-д 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА