Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2025/00080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.М-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.М /цахим/, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1990 онд сургуулиа төгсөөд 1995 оныг хүртэл ээж Б.Д-тэй хамт амьдарч байсан. Гэвч 1989 оны хүн амын тооллогод ээжтэйгээ хамт тоологдож байсан тухай архивын бүртгэлд байхгүй байгаа юм. 1989 оны баримт дээр миний сургууль төгссөн баримт байхгүй байсан. Би тухайн үед 7 дугаар ангиа төгсөж байсан. Би 2024 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгоход малчнаар ажилласан 2 жил дутсан тул 1992, 1993 онуудад ээжтэйгээ хамт мал маллан амьдарч байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.М-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь: Д.М нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд эх Б.Д-ын хамт 1992, 1993 онуудад мал маллаж байсан гэх боловч түүний Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай албан бичгээр түүнд холбогдох баримт гаргаагүй тул лавлагаа олгох боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

Мөн хүсэлт гаргагч нь эх Б.Д-ын 1992, 1993 оны малын А дансны хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Үндэсний төв архивын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №03-07/6752 дугаартай лавлагаагаар “1989 оны хүн амын тооллогын хадгаламжийн нэгжийн 641-ийн 88 дугаар хуудсанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум хөдөө өрхийн тэргүүн Д.Б эрэгтэй 23 настай, эцэг, эх Б.Дмэгтэй 51 настай, ах, эгч, дүү Д.Ц эмэгтэй 26 настай, Ч.Т эрэгтэй 6 настай, Ч.Н эмэгтэй 3 настай, Ц.Г эмэгтэй 3 настай” гэсэн байх тул Д.М нь эх Б.Д-ын хамт мал маллаж байсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Д.М-ийн 1992, 1993 онуудад малчин байсан болох нь нотлогдохгүй байх тул хүсэлт гаргагч Д.М-ийн 1992, 1993 онуудад малчин байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт Д.М-ийн 1992, 1993 онуудад малчин байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ДАГИЙМАА