Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01511

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01511

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02274 дугаар шийдвэртэй

К ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Мд холбогдох

гэрээний үүрэгт 55 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч К ХХК-ийн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх нэхэмжлэгч К ХХК-иас иргэн Ч.М нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр УНП 66-64 улсын дугаартай Mersedes benz CLS350 маркийн автомашиныг зээлээр авсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрснээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03494 дугаар захирамж гарч байсан. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч тухайн үед өр төлбөрийн үлдэгдэл 37 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай төлж барагдуулах буюу сүүлийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд төлж дуусгасан байхаар тохиролцож эвлэрсэн. Эвлэрэх үедээ 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алдангитай байхаар харилцан тохиролцож Төлбөр төлөх тухай хэлцэл байгуулан нотариатаар баталгаажуулан тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож байсан юм. Гэвч иргэн Ч.М нь үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгний төлбөр төлөлт хийгээгүй байна. Төлбөр төлөх тухай гэрээний үндсэн өр төлбөр үнийн дүн 37 000 000 төгрөг, гэрээнд заасан 0.5%-ийн алданги хоног тутамд 185 000 төгрөг байх ёстой бөгөөд энэ үнийн дүн хэт ихэдсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтын дагуу алданги 18 500 000 төгрөг, гэрээний үүрэгт нийт 55 500 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компаниас Ч.Мтай холбоотой мерседэс бенз маркийн автомашиныг зээлээр худалдаж шүүхээр орж зохигчид эвлэрч байсан, албан ёсоор эвлэрлийн гэрээ баталгаажиж гарсан, үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд үлдэгдэл төлбөр 37 сая төгрөг дээр зохигчид эвлэрч хариуцагч 1 сарын хугацаа хэрэгтэй гээд эвлэрч, эвлэрсэн хугацаанаас хойш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүргийн 0,5 хувиар алданги тооцож төлбөр барагдуулах хэлцэл хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хаасан байдаг. Үүнээс хойш Ч.М нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, үндсэн өр төлбөр болох 37 сая төгрөг байгаа. Алданги нь хэтэрсэн тул 50 хувиас хэтрэхгүй гэж тооцсоноор 18 500 000 төгрөг, нийт 55 500 000 төгрөгийг үүргийн эрх зүйн харилцааны дагуу нэхэмжилж байгаа, хэлцэл хийснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаалгасан байгаа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан өмнө нь буюу тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болж 101/ШШ2019/03494 дугаартай захирамжаар зохигчид эвлэрч байсан. Хариуцагч Ч.Мгийн хувьд А ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд талууд 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №АГ/023, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мөн АГ/023-01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, иргэн Ч.Мгийн компани нь К ХХК-иар Хан-Уул дүүргийн Яармаг дахь Нийслэлийн захиргааны байрны гадна хөөсөн фасадны ажил гүйцэтгүүлсэн. Гэвч Нийслэлийн захиргааны барилгаас хөөсөн фасадтай холбоотой гомдол, саналууд гарч, төлбөрийн үүргийг гүйцэтгээгүй байгаа. Энэ хугацаанд К ХХК нь мөн төлбөрийн асуудлаар шүүхэд хандаж гэрээний төлбөрийн үлдэгдэл 286 526 800 төгрөг, алданги 71 631 700 төгрөгийн хамт нийт 429 790 200 төгрөгийг нэхэмжилсний дагуу Ч.Мгийн хувьцаа эзэмшдэг компани нь төлбөрийг барагдуулж дууссан. К ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цийн хувьд тухайн үед талуудын ажлын явц байдал, нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийг ойлгож байна. Эхний ээлжинд яаралтай 429 790 200 төгрөгийг барагдуулчихвал тээврийн хэрэгслийн төлбөрийн үлдэгдлийн талаар харин ярилцъя. Эдийн засгийн нөхцөл байдал дээрдвэл тухайн үедээ дахин хэлцэл хийж шийдвэрлье гэсэн санааг амаар илэрхийлж байсан боловч дахиад л төлбөр, алдангийн хамт нэхэмжилжээ. 2020, 2021 оны ажлын үйл явц, эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын улмаас маш зогсонги байдалтай байсаар байсан. Мөн дээр дурдсан Нийслэлийн захиргааны барилгын зүгээс К ХХК-ийн ажил гүйцэтгэлтэй холбоотой гомдол санал шийдвэрлэгдээгүйн улмаас манай талд шилжүүлэх төлбөрөө одоог хүртэл төлөөгүй юм. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн заалтын дагуу тус нэхэмжлэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлээр худалдан авсан автомашины төлөгдөөгүй төлбөрт алданги тооцож шүүхээр 85 сая төгрөгийн маргаан шийдэгдсэн байхад үлдэгдэл төлбөр дээр дахин алданги тооцож байгаа нь тодорхой бус, хариуцагч эрх зүйн мэдлэггүй учраас ийм зүйлд гарын үсэг зурсан байдаг гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан 55 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Өмнө зохигчдын хооронд маргаан үүсэж шүүхээр эвлэрэн шийдвэрлүүлж байсан бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байсан. Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад талууд өөрсдөө эвлэрэн хэлэлцэж, үлдэгдэл 37 000 000 төгрөгийн өрийг төлөх хэлцлийг шинээр байгуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгон хаалгасан. Энэ талаар маргадаггүй. Энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.1.4-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн зохицуулалттай үйлдэл бөгөөд дахин сэргэх үндэслэлгүй, гомдол гаргах эрхгүй гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа явдал болно. Үүнээс хойш иргэний эрх зүйн шинэ харилцаа үүсэж байгаа бөгөөд зохигч талуудын хооронд байгуулсан Хэлцэл нь тодорхой харилцааг зохицуулсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон хуулиар хориглоогүй үйлдэл бөгөөд түүнээс гарах үр дүнг дахин зохицуулсан, хариуцлагын хэмжээг тодорхойлсон бичгээр үйлдэж, хүсэл зоригоо илэрхийлж нотариатаар баталгаажуулсан баримт бичиг юм. Ийнхүү шинээр үүссэн иргэний эрх зүйн харилцаанд ямар нэгэн давхардсан алданги тавьсан ойлголт байхгүй. Иргэний хуулийн 466 дугаар зүйл 466.5 дахь хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээ хийж байгаа бол төлөх төлбөрт хүү тооцон бодож болох зөвшөөрсөн хуулийн заалттай байдаг бөгөөд талууд төлөх хугацааг хэтрүүлбэл 0,5% алданги тооцохоор хэлцэлдээ тусгасан байна. Хэлцлийн дагуу төлбөр төлөх хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд хэлцлээр тохиролцсон 37 000 000 төгрөгийг төлж барагдуулалгүй өнөөдрийг хүргэсэн. Хариуцагч тал тус төлбөрөө барагдуулахаа амлаж, тодорхой хугацааг тохиролцож шүүхийн шатанд эвлэрэн хэлэлцэж байхад шүүгч Д.Янжиндулам нь эвлэрлийг батлалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 741.6-д заасныг зөрчсөн, гомдол гаргах эрхгүй татгалзсан захирамж гаргасан. Энэхүү татгалзсан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл 124.1 дэх хэсэгт заасан илт үндэслэл муутай, хууль зөрчсөн захирамж байсан. Шүүхийн шатанд зохигчдын хийсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 741.6-д заасан ямар нэгэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцээгүй гэрээ биш байсан болно. 101/ШШ2019/03494 дугаартай шийдвэрийг дүгнэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг шүүх дүгнээгүй, шинээр үүсэж байгаа иргэний эрх зүйн харилцааг ойлгож дүгнээгүй болно. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дутуу дуусган өр төлбөртэй үлдсэн талаар, тухайн өр төлбөрөө төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж байгааг ойлгож авч үзээгүй. Цаашид тус өр төлбөрийг яаж барагдуулахыг шүүхийн шийдвэртээ тусгаагүйгээс өнөөдрийн нөхцөл байдал дээр хариуцагч тал өр төлбөрийг төлөх хүсэл сонирхолгүй болсон. Ингэснээр шүүхээс гарах шийдвэр, шийдвэрийн биелэлтийг дутуу дуусгавар болгож хэн нэгэн хохирсон, нийгэмд гарах сөрөг үзэгдлийг нэмэгдүүлсэн хуулийн цоорхой үүсгэсэн шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүгч нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02274 дугаар шийдвэр, .......... дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Ч.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 55 500 000 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...шүүхээр шийдвэрлэгдсэн төлбөр дээр дахин алданги тооцсон нь үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги төлчихвөл тээврийн хэрэгслийн төлбөрийг хойшлуулъя гэж амаар хэлж, итгэлцэл төрүүлж байгаад алданги тооцсон нэхэмжлэл гаргасан нь шударга ёсонд нийцээгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Талууд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төлбөр төлөх тухай хэлцэл байгуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул гэрээний үүрэгт 37 000 000 төгрөг, алданги 18 500 000 төгрөг, нийт 55 500 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03494 дугаар хүчин төгөлдөр захирамжаар хариуцагч Ч.Мгаас зээлээр худалдсан автомашины үнэд 85 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 30 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 55 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.7-8/

Дээрх хүчин төгөлдөр захирамжаар шүүх зохигчдын хооронд үүссэн тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг шийдвэрлэж, уг эрх зүйн маргаан дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд худалдагчийг төлөөлж К ХХК-ийн захирал Д.Ц, худалдан авагч Ч.М гэж гарын үсэг зурсан байна. /хх.6/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дахь хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгдөөгүй 37 000 000 төгрөгийг дахин шүүхийн шийдвэрээр шийдвэрлэхгүй юм.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан хэлцлээр нэхэмжлэгчид төлөхөөр үүрэг хүлээсэн 37 000 000 төгрөг нь тус шүүхийн 2019 оны 03494 дугаар шийдвэрээр тогтоогдсон хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн төлбөрийн үлдэгдэл буюу хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад тухайн төлбөрийг дахин нэхэмжлэгчид төлөхөөр үүрэг хүлээлгэсэн нь хуульд заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр уг төлбөрт үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт нь шинээр эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх арга хэрэгслийн талаар эвлэрүүлэх зохицуулалт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан заавал биелүүлнэ гэж заасан.

Харин шүүхийн шийдвэрийн дагуу төлөөгүй үлдэгдэл төлбөрийн үнийн дүн дээр дахин алданги тооцуулахаар эвлэрч байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасантай нийцээгүй байна. Харин гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...шүүгч нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж заажээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/11873 дугаар захирамжаар талуудын тохиролцоо нь хуульд нийцээгүй, салаа утгатай хийгдсэн байх тул энэхүү эвлэрлийн гэрээгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч К ХХК-ийн хариуцагч Ч.Мд холбогдуулан гаргасан 55 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02274 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 435 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Ц.ИЧИНХОРЛОО