Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 146/ШШ2025/00092

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: Б.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Н-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие *******тай 2014 онд танилцаж, 2017 онд хуримаа хийгээд, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2015 онд охин *******, 2017 онд хүү *******, 2023 онд охин ******* нар төрсөн. Хамт амьдрах хугацаандаа 2020 оноос архи ууж агсам согтуу тавьдаг, надад гар хүрдэг болсон хэл амаар доромжилж, хий хардаж, тодорхой ажил төрөл хийдэггүй. 2024 онд бага охин 3 сартай байх үед агсам тавьж гэр орноо буулгаад тухайн үед цагдаад өгөөд зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан, 2024 оны 12 дугаар сард согтуу ирээд агсам тавиад нүд рүү цохиод, толгойгоор хана мөргүүлж зодож эрүүгийн хуулиар шийтгүүлж байсан. Одоо цахим тоглоом мөрийтэй тоглоод сүүлдээ хүүхдүүдийн мөнгөөр, хадгаламжид байсан мөнгөөр хүртэл тоглодог болсон. Энэ хүний зан аашyаас болоод би болон манай хүүхдүүд байнгын айдас түгшүүртэй, сэтгэл санааны дарамтад айдастай байна. 2025 оны 02 дугаар сард согтуу ирээд намайг унтаж байсан чинь унтуулахгүй чимхээд нүд рүү цохиод, хүүг орноос авч шидээд гар нь өвдөөд, чих нь өвдөөд байсан. Сүүлдээ бүр хүүхдүүддээ ч хүртэл гар хүрээд байгаа тул цаашид энэ хүнтэй амьдарч чадахгүй нь. Эвлэрүүлэн зуучлагчаар орох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин *******, хүү *******, охин ******* нарыг эх миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдүүдэд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. ******* нь өөрийн үйлдэлдээ гэмшиж, өөрчлөгдөж байгаа тул миний зүгээс гэр бүлээ элэг бүтэн авч үйлдэхийн тулд энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

            ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Л-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Н-д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

   ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА