Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Б, 

Шүүгдэгч Б.А, Н.О, Г.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.У,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.А, Б овогт Н.О нарт холбогдох эрүүгийн 1820000360019 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их-Засаг их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү, 6 сартай, 5 настай хоёр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Г.У,

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 2, 4 настай хүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, С овогт Б.А,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 3, нөхөр, 2 настай хүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Н.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.А нь Н.О-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.О нь Б.А-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      - Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цаг 30 минутын үед би гэрээсээ ганцаараа гарч яваад ажлынаа үсчин Н.О-г гэрт нь очиж хоёулаа хамт гараад “Б” бааранд хамт ажилладаг маникюрчин С-н төрсөн өдөр болж бид хоёрыг урьсан ба оройтож ирлээ гэж хэлээд 2 хундага архийг бид хоёрт өгч уулгасан. Тэгээд удаагүй байж байхад Д бааранд орж ирээд бид нар дээр орж ирсэн. Тэр үед бааранд манай ажлын С, О, М, У, О нар бид нар 3 шил 0,75л “С” нэртэй архи хамт ууцгаасан. Шөнийн 01 цаг 20 минутын орчим баарнаас би Н.О-н хамт гараад баар луу уруудаж ордог шатны хажууд зогсож байхад Г.У гэдэг хүүхэн согтуу гадаа зогсож байснаа орж ирээд наад Д чинь миний залуу гэж хэлээд намайг баарны шатан дээрээс түлхтэл би шатны уруу доошоогоо газар унаад жаахан манарсан юу болсныг хэсэг зуур ухаан алдаж унаснаа санаж байна. Тэр үед цагдаа ирэхэд Г.У намайг янхан, гичий банзал гэж хэл амаар доромжилж би уур хүрч Г.У бид хоёр бие биенийхээ үснээс зулгаахад миний уруулны дээр Г.У маажсан. Би Г.У-тай маргалдаж бид хоёр баарны гадаа бие биенийхээ үснээс зулгаалцаж зууралдсан. Маргааш нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан. Ийм асуудал болсон. Г.У-н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр эвлэрсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 6-8/,

      - Шүүгдэгч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны орой би 21 цагийн үед гэрээсээ ганцаараа найз Д-н гэрт очоод би Б-тай утсаар хүрээд ир гэхэд удалгүй ирсэн. Бид гурав 0,5 л “С” архийг талд нь ортол уугаад сууж байтал Б намайг гэрээс дуудаад байна гэж хэлээд гараад явсан. Би 23 цагийн үед Д-н гэрээс хоёулаа гараад Т-тай утсаар ярьж байгаад уулзаж гурвуулаа “Б” бааранд орж 0,5 л “Нийслэл” пиво нэг, нэгийг уугаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад Д надад хэлэхдээ: Б.А, Д нар сууж байна гэсэн. Д, Т хоёр 00-н өрөө лүү явж бие засчихаад баарны үүдэнд гарч тамхи татаад байсан. Би бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Б.А бааранд хамт сууж байсан найзуудтайгаа баарнаас 01 цагийн орчим гарсан. Тэр үед Д бааранд орж ирэхэд хойноос нь Б.А, Н.О хоёр орж ирээд Д-г Б.А чи яагаад энэ хоёр хүнтэй явж байгаа юм бэ гээд 2 удаа алгадсан. Д Б.А-д алгадуулсныхаа дараа та нартай би найзлахаа болилоо гэж хэлсэн. Би баарны шатны дээр Д-г авч явах гээд гарнаас нь татаад зогсож байхад Б.А гарч ирээд бид хоёрын дундуур орж ирээд миний баруун гарнаас татахад нь би гараа татаж авахад Б.А баар луу ордог шатны уруу өөрөө хөл алдаж унасан. Тэр үед Т-г баарны гадаа орчмоор хайгаад олоогүй. 01 цаг 30 минут өнгөрчихсөн баар хаах цаг болж байсан. Баарны үүдэнд намайг ганцаараа зогсож байхад Б.А ирээд намайг янхан гэж хэл амаар доромжилохоор би зөрүүлээд янхан гэж хэл амаар доромжилсон. Тэр үед Б.А-н хажууд 2-3 танихгүй хүүхэн зогсож байсан. Би Б.А-тай дахиж хэрэлдэх байх гэж бодоод баарны зүүн талын контейнерийн хажууд очоод буцаад баар луу ороод Д, Т хоёрыг аваад баарны үүдэнд гартал Б.А баарнаас гарч ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Н.О намайг чи хүн түлхэж унагаадаг хэн бэ гээд над руу дайраад байсан. Б.А миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд Б.А-н үснээс зулгаахад Б.А миний баруун хөл рүү 2 удаа өшиглөсөн. Н.О миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон бас нуруу руу гараараа 2 удаа цохисон. Тухайн үед миний төрсөн дүү Э найз М-тэй ирж салгахад Б.А миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Д баарны гадаа “Приүс-20” маркийн машин дотор сууж байхад нь би очоод чи Б.А-г аваач гээд Д-ний цамцнаас нь зуурахад үгүй гээд машинаасаа гарч ирэхгүй машиныхаа хаалгыг хаасан. Би буцаад баарны үүдэнд очиход цагдаа ирсэн байсан. Б.А бид хоёрыг баарны гадаа хоёр биеныхээ үснээс зулгаацалдаад байж байхад Д, Т хоёр хажууд байгаагүй. Цагдаа ирээд Б.А бид хоёрыг дагуулаад аваад явсан цагдаад очсон хойно Б.А-г эмнэлэг рүү явуулсан. Намайг ар гэрт нь хүлээлгэж өгнө гээд байлгаж байгаад өглөө 04 цагийн орчим Э ирж намайг авч явсан. Ийм л асуудал болсон. Б.А-н биед хөнгөн гэмтэл учруулсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Бид ярилцаад эвлэрсэн...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 11-14/,

      - Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 сарын 05-ны орой 21 цаг 40 минутын орчим гэртээ байж байхад Б.А манай гэрт ирээд ажлын С-н төрсөн өдөр болсон хамт гаръя гэхээр нь би зөвшөөрөөд хоёулаа гараад “Б” бааранд ороход 22 цаг болж байсан ба ороод Б.А бид хоёр С-д авсан бэлгээ өгөхөд ажлын М болон зүс танидаг У, 2 танихгүй 2 хүүхэнтэй хамт сууж байсан. Бааранд ороход ширээн дээр архи, пиво ундаа байсан. С, Б.А бид хоёрыг хоцорч ирлээ гээд надад 1 хундага архи өгснийг уусан би дахиж архи уугаагүй. Б.А-г хоцорч ирлээ гээд 3 хундага архи шахаж уулгасан. Тэр үед бөөнөөрөө бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Б.А бид хоёр С-н төрсөн өдөрт зориулаад 0,5л "Алтан-Чингис” нэртэй архи 1 шилийг баарнаас авч өгсөн. Тэр үед тэнд байсан хүмүүс бүжиг бүжиглээд суух нь суугаад л байж байсан. Бааранд гаднаас 23 цаг 30 минутын орчим Д гэдэг залуу ганцаараа орж ирээд ширээн дээр суусан. Д-д С архи хийж өгсөн. 00 цаг 30 минутын орчим Г.У, Т, Д гурав орж ирээд тусдаа ширээнд сууцгаасан. Г.У, Т, Д гурав баар хаатал бид нарын ширээн дээр ирээгүй тусдаа сууцгааж байсан. 01 цагийн орчим Б.А, Г.У-н дүү Э-н сууж байсан ширээнд очоод суучихсан байхаар нь би очоод чи юу хийж байгаа юм бэ гээд Б.А-д гадуур хувцасыг нь өмсүүлээд авч гараад баарны үүдний шатаар дээшээ өгсөөд үүдэнд бид хоёрыг юм яриад зогсож байтал Г.У гараад ирчихсэн зогсож байсан Г.У, Б.А хоёр хоорондоо юм ярьж байгаад Г.У, Б.А-г баарны шатны уруу гараараа түлхэж унагаахад нь би хажууд нь байсан ба Г.У-г чи яагаад Б.А-г түлхэж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж Г.У хэлсэн. Б.А баарны үүдний шатны уруу унаад хэсэг зуур дуу гаргахгүй хэвтэж байснаа босоод гадаа гараад Б.У дээр очоод чи яаж байгаа юм бэ гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад хоёулаа бие биенийхээ үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би голоор нь орж салгаж зууралдаад салахгүй байж байхад цагдаа ирээд Г.У-тай уулзаад баарны үүдний хашаанаас авч гараад буцаагаад дагуулаад ирсэн. Б.А тэр үед таксинд сууж байгаад гарч ирээд дахиад Б.У-тай муудалцах гээд байхаар нь цагдаа ирээд аваад явсан. Би цагдаа дээр очиж Б.А-г аваад эмнэлэг дээр хүргэж өгчихөөд гэртээ харихад 02 цаг 40 минут болж байсан. Намайг манай найз нар О гэж дууддаг юм. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Ийм л зүйл болсон. Тухайн үед Б.А, Г.У нар нилээн согтуу байсан. Т, Д нар халамцуу байсан. Би 1 хундага архи уусан дахиж архи уугаагүй миний нойр булчирхай өвддөг юм. Д-тэй хамт байгаагүй болохоор хэр зэрэг согтолттой байсныг мэдэхгүй байна. Б.А-тай 2009 онд танилцаж түүнээс хойш ойр дотно найзууд болсон. Харин Г.У-тай гудамжинд таарахаараа мэндтэй зөрдөг тийм ч ойр дотно найзууд биш ээ. Б.А нь ер нь архи уухаараа жаахан дургүй хүргэсэн хүнтэйгээ ам зөрөх гээд байдаг болохоос биш тэр болгон хүнтэй муудалцаад байдаггүй. Ер нь өөрийг нь хүн өдөхгүй бол муудалцах гээд байдаггүй. Г.У ойр дотно биш болохоор ямар зан авиртай гэдгийг мэдэхгүй байна. Г.У, Б.А нар үснээсээ зулгаалцаад байж байхад нь би салгах гээд Г.У-н толгой руу түлхсэн. Гэхдээ нээх хүчтэй түлхээгүй. Г.У-н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 28-31/,

      - Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 02 сарын 05-ны орой 23 цагийн орчим би Замын-Үүдэд байдаг гэртээ байж байхдаа Болороотой утсаар яриад манай гэрт хүрээд юм ярьж сууя гэсэн чинь тэгье би Г.У-г дагуулаад очьё гэж хэлсэн. Удалгүй Г.У эхэлж манай гэрт ирсэн дараа нь Б ирсэн. Бид гурав 0,5 “Соёрхол” архи 1 шилийг, 0,33 л “Нийслэл” пиво 4-г ууцгааж юм ярьж сууцгааж байхад Б удалгүй хүүхэд уйлаад байна гэж хэлээд гараад явчихсан. Г.У бид хоёр архи, пивоо уугаад дуусч байхад Т орж ирээд гурвуулаа манай гэрээс 00 цагийн орчим гараад “Б” бааранд гурвуулаа орж 0,5 л “Нийслэл” нэг, нэгийг авч уусан. Бид гурав баарны бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Тэр үед бид нарын сууж байсан ширээний баруун талын ширээн дээр миний таньдаг үсчин Б.А гэдэг хүүхэн найзуудтай хамт сууж байсан. Намайг бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад Б.А, О, Д гурав ирээд сайн уу юу хийж яваа юм бэ гэхээр нь би зугаацаад л явж байна та нар төрсөн өдөр тэмдэглэж байж намайг яагаад дуудаагүй юм бэ найзууд ийм байдаггүй юмаа гэж би тэр гуравт хандаж хэлсэн. Б.А тухайн үед надад хэлэхдээ: чи юун 2 янхантай цуг явж байгаа юм бэ? бид нартай нийлээч гэхээр нь би та нар олуулаа явж байна би хамт явж байгаа хүнээ хаяж явахгүй гэсэн чинь чи энэ 2 янхнаар яах гээд байгаа юм бэ гэж Б.А надад хэлсэн. Би Б.А, Д, О нартай хамт баарнаас гараад баарны гадаа үүдэнд гараад хоорондоо юм ярьж байгаад удаагүй буцаж ороод Г.У, Т хоёрыг гаръя гэсэн чинь тэгье гэж хэлээд гарах гэтэл Б.А над дээр ирээд чи энэ 2 янхнаар найзыгаа солилоо гэж хэлээд миний зүүн хацар луу 3-4 удаа Б.А алгадсан. Б.А нилээн согтуу байсан учир би чамтай юм ярихгүй намайг тайван орхи гэж хэлээд баарны үүдний шатан дээр Б.А миний хувцаснаас зуураад бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байхад Г.У ирээд Б.А-г чи наад залуугаа явуулаач гэж хэлэхэд Б.А, Г.У-н өөдөөс чи юу яриад байгаа юм бэ? би найзтайгаа юм ярьж байна гээд Г.У, Б.А хоёр хоорондоо маргалдаад байсан ба тэр хоёрыг бие биенийхээ гарнаас барилцаад авахаар нь би Г.У-н гарнаас нь татаж аваад баарны үүдний шатан дээрээс аваад гарахад Б.А тэр үед баарны үүдний шатан дээрээс өөрөө хөл алдаж газар унасан. Би Г.У-г аваад баарны үүдэнд дахиж очиход Б.А баарны үүднээс гарч ирээд гадуур хувцасаа тайлаад Г.У луу чи намайг шатнаас түлхлээ чи муу янхан 2 хүүхэдтэй биз дээ гэж хэл амаар доромжлоод Г.У руу дайраад байсан. О тэр үед хажууд байж байснаа чи манай найзыг зодлоо чи муу янхан гэж хоорондоо хэрэлдээд байсан. Би тэр гурвыг хооронд нь муудалцуулахгүй гээд хориод байсан ба нэг харсан чинь Б.А, Г.У, О гурав хоорондоо үсдэлцээд зууралдчихсан байсан. Би салгах гэсэн боловч хоорондоо салахгүй зууралдаад байсан. Удалгүй цагдаа ирээд Г.У, Б.А, О, Д нарыг аваад явсан. Би тэндээс Т-г аваад гэртээ хариад амархад шөнийн 02 цаг болж байсан. Түүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Өөр надад мэдэх зүйл алга. Б.А намайг 3-4 удаа алгадсан нь үнэн надад гомдол санал байхгүй гэж хэлмээр байна. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/046 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.У-н биед тархи доргилт, хуйханд баруун дагз орчимд цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дунд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хуйханд баруун дагз орчимд цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дунд талд цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 41-45/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/047 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.А-н биед тархи доргилт, духны зүүн талд цус хуралт, зүүн шилбэний урд дунд талд цус хуралт, уруулын зүүн дээд талд, уруулын зүүн доод талд, баруун гарын 2-р хурууны 3-р үений ар талд, зүүн гарын 5-р хурууны 3-р үений ар талд, зүүн гарын 4р хурууны 3-р үений ар талд зулгаралт, толгойн орой хэсэгт үсний халцаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн талд цус хуралт, зүүн шилбэний урд дунд талд цус хуралт, уруулын зүүн дээд талд, уруулын зүүн доод талд баруун гарын 2-р хурууны 3-р үений ар талд, зүүн гарын 5-р хурууны 3-р үений ар талд, зүүн гарын 4-р хурууны 3-р үений ар талд зулгаралт, толгойн орой хэсэгт үсний халцаралт гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 46-50/,

- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-72,104/,

- Шүүгдэгч Б.А, Н.О, Г.У нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 67-70, 102-103/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Г.У, Б.А нар нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, бие биенийхээ үснээс зулгаалцаад байж байхад нь салгахаар Н.О нь Г.У-н толгойг түлхэж, нуруу руу нь цохьсон үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.У-г 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.А, Н.О нарыг бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Г.У нь Б.А-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Б.А, Н.О нар нь бүлэглэн Г.У-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нар болон  хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Г.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.А, Н.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.У, Б.А, Н.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.У, Б.А, Н.О нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С овогт Б.А, Б овогт Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г.У-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч С овогт Б.А, Б овогт Н.О нарыг тус бүр дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.У, Б.А, Н.О нарт тус бүр оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.У, Б.А, Н.О нар нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.У, Б.А, Н.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У, Б.А, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.Н