Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/380

 

 

 

 

 

 

  2024              3            28                                       2024/ДШМ/380

 

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа, 

шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базархандын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ж-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            А овгийн Б-ын Ж-, 1986 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

            Б.Ж- нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” худалдааны төвийн замын урд талд “Toyota Landcruiser 300” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Г.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас: Б.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овогт Б-ын Ж-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Ж-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт Б.Ж- нь нийт 26.493.850 төгрөгийг /хорин зургаан сая дөрвөн зуун ерэн гурван мянга найман зуун тавь/ хохирогч Г.Х-д нөхөн төлснийг тэмдэглэж, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчийн нэхэмжилсэн 98.340.000 төгрөгөөс үлдсэн 85.695.500 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, хохирогч Г.Х-ын гаргасан ажилгүй байсан хугацааны цалин олговор 20.500.000 төгрөг, үр дүнгийн урамшууллын 82.500.000 төгрөг, гэр бүлийн гишүүн өвчтөн асрамжилсан хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байснаас үүссэн гэрээний алданги, алдагдсан боломж 11.621.423 төгрөг, гадаадад явж хийлгэх шинжилгээний төлбөр зардлын 37.507.255 төгрөг, нийт 152.128.678 төгрөгийн дүн бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээ үйлчилгээний төлбөр, зардал зэрэгт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан хохирогч Г.Х-ын яаралтай тусламж, үйлчилгээ болон эмчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.474.000 /нэг сая дөрвөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг Б.Ж- нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлснийг тэмдэглэж, шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ж- давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Шүүх хурал болсон өдрөөс хойш хохирогчид учруулсан хохиролд 17.000.000 төгрөгийг нэмж төлсөн. Анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ж-ын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ж- нь гэмт хэрэгт холбогдох үеэс өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ маргаагүй. Ослын дараа өөрийн эзэмшлийн ... дугаартай утаснаас дуудлага өгсөн бөгөөд хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. Хохирогч гомдол саналгүй болсон. Тохиолдлын шинжтэй, анх удаа хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах хэрэгт холбогдсон, 1-ээс 13 насны 4 хүүхэдтэй зэрэг байдлуудыг харгалзан үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж 6 сар болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Мөн шүүгдэгч нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардалд 17.000.000 төгрөгийг нэмж төлсөн байна. Үүнтэй холбогдуулан прокурорт тусгайлан гаргах саналгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчид учирсан хор уршиг арилаагүй байсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэнд хэвийн болоогүй байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Ж- нь:

Б.Ж- нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “И март” худалдааны төвийн замын урд талд “Toyota Landcruiser 300” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Г.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн Г.Х-ын “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 25 минутын үед би гэрээсээ гараад 08 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн “Е Март”-ын уулзвараас баруун явж байгаад явган хүний зохицуулагдаагүй гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зам гарахдаа зам дагуух хайлаас модны араас ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явдаг тээврийн хэрэгслүүдийг харахад нэгдүгээр эгнээнд явж байсан автомашин гарц дээр дөхөж ирээд зам тавиад зогссон. Тэгэхэд нь би хөдөлгөөнөө үргэлжлүүлж явган хүний гарцаар явж байхад хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин зайтай харагдахаар нь “надад зам тавьж өгнө” гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлж байтал ирж мөргөөд, тэгээд л би ухаан алдсан. ...” /1хх 17-19/,

Б.Ж-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...уулзварыг зүүнээс баруун чиглэлд нэвтрээд, “Е март”-ын урд талын замд 2 дугаар эгнээнд ойролцоогоор 30 км/цагийн хурдтай явж байхад явган хүний зохицуулагдаагүй гарцаар ертөнцийн зүгээр урд талаас явган зорчигч эмэгтэй гэнэт гарч ирээд автомашины зүүн урд хэсэгт мөргөгдөн шидэгдээд унахдаа замын урд талын боржурыг толгойгоороо мөргөөд унасан. Би автомашинаа зогсоогоод явган зорчигч эмэгтэй дээр очиход эхэндээ бие нь гайгүй байж байгаад толгойны ар хэсгээс цус гоожоод эхэлсэн. ...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 149-150/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний газрын шинжээчийн “...Г.Х-ын биед дагз яс зүүн талдаа шугаман хугаралтай, зүүн лямбда заадаснаас зүүн чамархай руу 2 салаалан хөхлөг сэртэн дайрч суурийн хөндий хүрсэн нийлмэл хугарал, хугарлын харалдаа дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, 2 талын чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн дэх тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тавхайн IV, III, II хурууны шивнүүр болон дотно шаантаг ясны бяцарсан хугарал, баруун тохой, бугалгад зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалгад цус хуралт, дагз, зүүн зовхи, хацар, чамархай, баруун шагайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 7855 дугаартай /1хх 95-97/,

Шүүх шинжилгээний газрын шинжээчийн “...Г.Х-ын гэмтлийн дараах стрессийн түвшин өндөр, сэтгэл гутрал, түгшилийн зэрэг хүндэвтэр, холимог сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн шинжүүд илэрч байна. Мөнх одоогийн нөхцөл байдалдаа дасан зохицох чадвар сул, түүний сэтгэцэд илэрч буй эдгээр өөрчлөлтүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай /1хх 175-177/ дүгнэлтүүд,

дуудлага лавлагааны хуудас /1хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-7/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1хх 8/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9, 10-12/, явган зорчигч болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 13-14/, хохирлын баримтууд /1хх 24-37, 121-123, 225-226/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 102, 103/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГазрын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх 112-115/, өвчтөний түүх /1хх 126-136/, мөрдөгчийн магадлагаа /1хх 138/, хохирол төлсөн баримтууд /1хх 201-203/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Г.Х-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хохирол хор уршиг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Шүүгдэгч Б.Ж- болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар “...зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн боломжтой гэж үзлээ.

Учир нь, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Х- нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний төлбөр, зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилнэ” гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч Б.Ж- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлсөн 26.493.850 төгрөгөөс гадна нэмж 17.000.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд багасгаж, хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Ж- болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад зохих өөрчлөлийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...03 /гурав/ жилийн хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...01 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ж- нь шүүхээс оногдуулсан 03 /гурав/ жилийн. ...” гэснийг “...01 /нэг/ жилийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ж- болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ   

                        ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА