| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2021/00738/И |
| Дугаар | 210/МА2021/01513 |
| Огноо | 2021-10-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2021/01513
| 2021 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2021/01513 |
В.Нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
В.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Бд холбогдох
8 840 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Н нь Гачууртад байрлах 180 м.кв хувийн сууцаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 өдрийн 500 000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч хувийн сууцандаа очтол 21 нас хүрээгүй хүүхдүүд байсан тул оруулахгүй гээд 500 000 төгрөгийг нь буцаах гэтэл багш ирж байгаа гэсэн. 99188968 гэсэн дугаараас Э.Б гэж хүн залгасан бөгөөд өөрийгөө эдгээр хүүхдүүдийн багш нь гэж танилцуулан байшинг 100 хувь хариуцна гээд надад бичиг баримтаа барьцаалан байрыг хүлээн авсан. Гэтэл Э.Б байшинг орхин явж тэр орой байшинд маань зодоон болсныг ар талын хөрш цагдаад мэдэгдэн би өглөө очтол хаалга, цонх, тавилга эвдэрсэн байдалтай байсан. Хүүхдүүдийн багш Э.Бтэй холбогдоход тэрээр багш нь биш байсан бөгөөд надад учирсан хохирол 6 650 000 төгрөгийг хариуцна гэдгээ илэрхийлээд тоёота приус 30 маркийн УАЕ 00-00 улсын дугаартай машинаа үлдээгээд явсан. Алга болчихоор нь Э.Бий аав н.Элбэг, ээж н.Гэрэлмаа нартай холбогдон учир байдлыг хэлж байшингаа бодитоор нь харуулсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр надад учирсан хохирол 6 650 000 төгрөгийг төлөхөө илэрхийлэн 1 900 000 төгрөгийг төлсөн. Надад нийт 10 940 000 төгрөгийн хохирол учирсан. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл засвар хийсэн, уг хугацаанд байраа хөлсөлж чадаагүй, 10 өдрийн 4 000 000 төгрөг, хаалга 1 ширхэг 450 000 төгрөг, 4 ширхэг хаалга 1 800 000 төгрөг, Солонгосчуудад 3 өдөр хөлслөх байсан 1 500 000 төгрөг, диван эвдэлсэн байсан ба 450 000 төгрөг, шкаф эвдэлсэн байсан, 2 ширхэг шкаф 800 000 төгрөг, цонх эвдэлсэн байсан бөгөөд 1 цонхыг 55 000 төгрөгөөр, нийт 110 000 төгрөгөөр засуулсан, эмульс 5 ширхэг, нийт 300 000 төгрөг, цавуу 60 000 төгрөг, ханын цаас 12 ширхэг, 1 ширхэг нь 45 000 төгрөг, нийт 540 000 төгрөг, засварын ажлын хөлс 1 380 000 төгрөг, нийт 10 940 000 төгрөгийн хохирол учирсан. Э.Бээс 1 900 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 2 100 000 төгрөг авсан. Үлдэх 8 840 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: В.Нгийн нэхэмжлэлтэй Э.Бд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Г би оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч В.Нгийн Гачууртад байрлах хувийн байшинг хөлслөх гэсэн хэсэг хүүхдүүдийн гуйлтаар байшингийн эзэн гэх В.Нтай утсаар ярьж тохиролцон уг байшинд хүүхдүүдийг оруулсан юм. Гэтэл маргааш өглөө нь байшингийн эзэн эмэгтэй над руу утасдаж дуудсанаар очиход уг байшинг хөлсөлсөн хүүхдүүд хоорондоо маргалзаж зодолдсоны улмаас байшингийн доторхи эд зүйлсийг эвдэж гэмтээн хохирол учруулсан байсан, энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна. Уг байшингийн эзэн нэхэмжлэгч В.Н хохирол төлбөрийг надаас нэхэж, элдвээр загнан 6 650 000 төгрөгийн хохирол барагдуулахыг шаардан миний авто машиныг барьцаалсан. Би уг байшинг хөлсөлсөн Ч.А, Э.А, н.О нартай ярьж тэд хохирлыг барагдуулахаар тохирсон тул тэдэнд итгэн хохирол төлөгдсөн тохиолдолд авто машинаа буцааж авахаар өөрийн өмчлөлийн тоёота приус 30 маркийн УАЕ00-00 улсын дугаартай авто машиныг бичиг баримтын хамт барьцаанд үлдээгээд явсан. Гэтэл дээрх хүүхдүүд хохирол төлөөгүй, В.Н байнга мөнгө нэхэж байсан тул авто машинаа авахын тулд эцэг, эхээсээ 1 900 000 төгрөг зээлж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр В.Нд өгч авто машинаа авсан. Э.Б би тухайн өдөр В.Нгийн байшинд хоноогүй, нэхэмжлэгчийн эд зүйлийг нь эвдэж гэмтээгээгүй, хохирол учруулаагүй тул байшинг хариуцан үлдэж хоносон, эд зүйлд нь хохирол учруулсан хүмүүс хариуцах учиртай. Иймд 1 900 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт В.Нгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Бий сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Э.Б нь өөрийгөө тухайн хүүхдүүдийн багш гэж надад танилцуулан бичиг баримтаа барьцаалж хөрөнгийг маань хариуцна гэж хүлээн авсан. Үүнийгээ өөрөө ч тайлбартаа тусгасан байна. Байрны захиалга өгсөн хүүхдүүдийг би та нар насанд хүрээгүй байна гээд 500 000 төгрөгийг нь буцаах гэхэд Э.Б надад иргэний үнэмлэхээ өгч би багш нь байна, хариуцна гэсэн тул байшингийнхаа түлхүүрийг өгсөн. Тэрнээс биш насанд хүрээгүй хүүхдүүдэд байшин түрээслэхгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө байшиндаа ирэхэд хаалга үүд эвдэрсэн, тавилга ийш тийш шидэгдсэн, шалаар нэг цус болсон байдалтай байсан. Э.Бтэй холбогдон байшингаа үзүүлэхэд уучлаарай, таны хохирлыг 100 хувь барагдуулна гээд тоёота приус маркийн УАЕ 00-00 улсын дугаартай авто машинаа үлдээсэн. Э.Б миний байшинд учирсан хохирлыг өөрөө харсан бөгөөд бодит хохирлыг 6 650 000 төгрөг гэж тохирсон. Би Э.Бий аав, ээжтэй Гачуурт хамт явж байшингийн нөхцөл байдлыг харуулсан. Аав, ээж нь 1 900 000 төгрөг байна, үлдсэн 4 750 000 төгрөгийг нь 3-4 хоногоос шилжүүлье гээд машиныг нь авч явсан. Би 1 900 000 төгрөг авсан. Э.Б насанд хүрээгүй хүүхдүүдийг уруу татаж миний эд хөрөнгөнд хохирол учруулсан. 6 650 000 төгрөг бол тавилга эвдэрснийг тооцоогүй үнийн дүн байсан. Хүний хөдөлмөрөөр бий болсон зүйлийг эвдчихээд тохирсондоо байж чадахгүй байгаад нь маш их гомдолтой гэжээ.
ШҮҮХ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Бээс 4 550 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 290 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Э.Бий 1 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Нгийн улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 158 350 төгрөгийг болон хариуцагч Э.Бий сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бээс 87 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Нд олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Ё.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх В.Нгийн нэхэмжлэлтэй Э.Бд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу. Учир нь хариуцагч Э.Б нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 00-р хороо, Гачуурт тосгонд байрлах хувийн сууцыг Ч.Энхзул, Ч.А, н.О нарын гуйлтаар уг сууцыг түрээслэхэд тэдэнд тусалсан. Тэрээр тэдэнтэй уг байшинд хамт байрлаагүй, хоноогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тодруулбал ... Э.Б байшинг орхин явж тэр орой байшинд маань зодоон болсныг ар талын хөрш цагдаад мэдэгдсэн, би өглөө очтол... гэснээр хангалттай нотлогддог. Хариуцагч Э.Б маргаж буй асуудлаар, нэхэмжлэгчийн өмчлөлийн сууцыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түрээслэн хоносон Ч.Энхзул, Э.А, О нартай уулзсан, тэд эд хөрөнгийг эвдэж гэмтээн хохирол учруулсан талаар болон хохирол төлөх талаар маргаагүй, харин ч 7 хоногийн дотор хохирлыг төлөхөө илэрхийлсэн учир хариуцагч Э.Б нь Ч.Энхзул, Э.А, н.О нараас хохирлын мөнгийг авч нэхэмжлэгчид төлөх зорилгоор, тэдний амлалтад итгэж нэхэмжлэгчтэй маргаагүй байна. Иймээс барьцаалсан автомашинаа авахын тулд эцэг эхийн тусламжтайгаар нэхэмжлэгчид 1 900 000 + 200 000 = 2 100 000 төгрөгийг урьдчилан өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд яг хэн бодитоор хохирол учруулсан болохыг нэхэмжлэгч өөрийн нүдээр хариуцагчаас өмнө очиж харсан учир өөрөө хангалттай мэдэж байгаа, тухай нэхэмжлэгч, хариуцагчдын тайлбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 25-ны тодорхойлолтуудаар тогтоогдоно. Хариуцагч Э.Б нь энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 2-4 тоот Ч.А, Баянзүрх дүүргийн 21-р хороо, 0-0000 тоот Э.А нарыг хариуцагчаар татаж энэхүү хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хангалгүй орхисон юм. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 497.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь шударга ёсонд нийцээгүй шийдвэр болсон. Ийнхүү анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээрх нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч В.Н нь хариуцагч Э.Бд холбогдуулан 8 840 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлээр 1 900 000 төгрөг шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...В.Н нь 2020 оны 10 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэг, 00-р хороо, Гачуурт тосгонд байрлах хувийн сууцаа 1 өдрийн 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч байрыг түрээслэхээр тохирсон иргэд нь 21 нас хүрээгүй байсан тул түрээслэхээс татгалзахад хариуцагч Э.Б өөрийгөө тэдний багш хэмээн танилцуулан хувийн сууцыг хариуцан үлдэж, түлхүүрийг нь хүлээн авсан тул хариуцагч Э.Бээс хохирлыг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тооцооллоо ... байраа бусдад хөлсөлж чадаагүй 10 өдрийн 4 000 000 төгрөг, хаалга 1 ширхэг 450 000 төгрөг, 4 ширхэг хаалга 1 800 000 төгрөг, Солонгосчуудад 3 өдөр хөлслөх байсан 1 500 000 төгрөг, диван эвдэлсэн байсан ба 450 000 төгрөг, шкаф эвдэлсэн байсан, 2 ширхэг шкаф 800 000 төгрөг, цонх эвдэлсэн байсан бөгөөд 1 цонхыг 55 000 төгрөгөөр, нийт 110 000 төгрөгөөр засуулсан, эмульс 5 ширхэг, нийт 300 000 төгрөг, цавуу 60 000 төгрөг, ханын цаас 12 ширхэг, 1 ширхэг нь 45 000 төгрөг, нийт 540 000 төгрөг, засварын ажлын хөлс 1 380 000 төгрөг, нийт 10 940 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Э.Бээс 2 100 000 төгрөг /1 900 000 төгрөг+200 000 төгрөг/ авсныг хасаад үлдэх 8 840 000 төгрөг гэж тодорхойлж шүүхэд Кореа обой ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын баримт, Т ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримтуудыг гаргасан байна. /хх.5-11/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Би уг байшинг хөлсөлсөн Ч.А, Э.А, н.О нартай ярьж тэд хохирлыг барагдуулахаар тохирсон тул тэдэнд итгэн хохирол төлөгдсөн тохиолдолд авто машинаа буцааж авахаар өөрийн өмчлөлийн Тоёота Приус 30 маркийн УАЕ00-00 улсын дугаартай авто машиныг бичиг баримтын хамт барьцаанд үлдээгээд явсан тул би төлөхгүй гэж маргаж байна. /хх.24/
Хэргийн 5-8 дугаар талд авагдсан Зарлагын баримт-аас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 4 ширхэг хаалга авсан гэх байдал тогтоогдохгүй, хичнээн төгрөгийн зардал гарсан гэх байдал хэргийн баримтаас бүрэн харагдахгүй байна.
Тодруулбал, маргаж байгаа Баянзүрх дүүрэг, 00-р хороо, Гачуурт тосгонд байрлах хувийн сууцыг хөлслүүлэхдээ ямар байр хүлээлгэж өгсөн эсэх, уг байрыг хэрхэн дордуулсан гэдгийг тодруулах зайлшгүй шаардлагатай.
Кореа обой ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын баримт, Т ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зарлагын баримтууд нь нэхэмжлэгч В.Нгийн нэр дээр бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгчээс дээрх зүйлийг худалдаж авсныг нотолсон, мөнгө шилжүүлсэн баримт биш юм.
Түүнчлэн хэргийн 9 дүгээр талд авагдсан Хэлцэл гэсэн бичгийн баримт нь нэхэмжлэгч хариуцагчтай биш түүний эцэгтэй байгуулсан байгааг анхаараагүй.
Мөн Кореа обой ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын баримтад цонх засвар, шкаф эвдрэл, диван эвдрэл гэж бичигдсэн байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна.
Түүнчлэн хариуцагч талаас ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд тэдний хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг, мөр шийдвэрлэх боломжтой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийн 10-11 дүгээр талд авагдсан баримтад гарын үсэг зурсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь учир дутагдалтай болсон байна.
Иймээс давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 118 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ц.ИЧИНХОРЛОО