Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 122/ШШ2025/0020

 

 

 

    

 

 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдоос “******* аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний хяналтын улсын байцаагчийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0855533 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ******* аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Соронзонболд би, ******* аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Э.Сансартайван нь иргэн Г.*******эс бичгээр гаргасан “мухар олгойг мэдсээр байж эмчилгээг удааж хүндрэл үүсгэсэн эмчид хариуцлага тооцуулж өгнө үү” гэх зөрчлийн талаарх 14 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч Г.*******т 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан 0855533 дугаартай шийтгэлийн хуудсыг хянав.

Дээрх гомдол, мэдээлэлд хохирогч Б.Жавзансүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.*******, Н.******* нарын мэдүүлэг, холбогдогч Г.*******ийн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эмчлүүлэгчийн эмчилгээний хуваарь, судасны гуурстай үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх хуудас, үйлчлүүлэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бичиг зэрэг баримтууд цугларчээ.

Цугларсан баримтуудад дүгнэлт хийхэд ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн мэс заслын эмч Г.******* нь 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажлын бус цагаар яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий жижүүрт дуудагдан ажиллах хуваарьтай байсан боловч мөн өдрийн 23 цагийн үед мухар олгойн үрэвсэл оноштойгоор ирсэн өвчтөн Г.*******д эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлээгүйн улмаас хохирогч Г.Тэгш-Эрдэнийн мухар олгой хагарч хүндэрсэн болох нь холбогдогчийн зөрчлөө хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх бүхий албан тушаалтан Э.Сансартайван  ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч Г.******* нь насанд хүрээгүй Г.*******д эрүүл мэндийн мэргэшсэн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 200,000 төгрөгөөр торгох шийтгэлийг Г.*******т оногдуулж шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг гурван сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хязгаарлах, эсхүл  зөвшөөрлийг хүчингүй болгохыг эрх хасах шийтгэл гэнэ” гэж, 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах шийтгэлийг торгох шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж тус тус заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулахаар заасан байхад эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Г.*******т 200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарна.

Мөн эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.12-т заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг олж авсан даруй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу түүнийг задруулахгүй байх, хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй боловч ажиллагаанд оролцсон хүмүүсээс бичгээр баталгаа гаргуулаагүй, холбогдох баримтыг бүрдүүлэхдээ энэ хуулийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос зөвшөөрөл аваагүйгээс гадна уг зөрчлийн улмаас хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох, бусдын эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар шалгаж тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийг буруу тодорхойлж, учруулсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тооцоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн ноцтой зөрчил юм.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, зөрчил шалган

шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах болон хуульд заасан бусад эрхүүдийг эдэлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд 18 насанд хүрээгүй хохирогчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дээрх эрх, үүргээ эдлэх боловч эрх бүхий албан тушаалтны зүгээс хууль ёсны төлөөлөгч тогтоож  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй, эрхийг хязгаарласан байна.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийг буруу

хэрэглэж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь эрх бүхий

албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд хүний эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Э.Сансартайвангийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны 0855533 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд нь ******* аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний хяналтын улсын байцаагч Э.Сансартайванд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Э.Сансартайвангийн холбогдогч Г.*******т шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0855533 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний хяналтын улсын байцаагч Э.Сансартайван нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0855533 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

 

Иймд хэргийн хариуцагч ******* аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний хяналтын улсын байцаагч Э.Сансартайвангийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдын ******* аймгийн Эрүүл мэндийн газрын эмчилгээний хяналтын улсын байцаагч Э.Сансартайванд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Э.Сансартайвангийн холбогдогч Г.*******т шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0855533 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай. 

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                               О.МӨНХЗУЛ