Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/381

 

 

 

 

 

 

    2024             3            28                                         2024/ДШМ/381

 

Ш.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Ш.С-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, шүүгдэгч Ш.С-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ш.С-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Шарнууд овгийн Шувуугийн С-, 1958 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 64 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суудаг, /РД:.../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1043 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

            Ш.С- нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэрт өөрийн эхнэр, бусдын асаргаанд удаан хугацаанд байсан Б.Н-ы биед хүч хэрэглэн халдаж, улмаар биед нь хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл үүсгэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.7, 2.8 дахь заалтуудад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг янан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын газраас шүүгдэгч Ш.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Шарнууд овогт Шувуугийн С-ыг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ш.С-ын цагдан хоригдсон 362 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэртэйгээ 42 жил хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд бие биендээ дэм болж, тааламжгүй харилцаа үүсгэж байгаагүй. Би эхнэрээ алдсандаа одоог хүртэл итгэж чадахгүй байна. Тэр маань өдрөөс өдөрт дордож, өвчиндөө шаналсан ба сэтгэлийн асар их тэнхээгээр өдийг хүргэсэн гэж боддог. Насны эцэст ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн тогтвортой мэдүүлсээр ирсэн. Үнэхээр миний болгоомжгүй байдлын улмаас буруутай нөхцөл байдал үүссэн бол түүнийг маргах зүйлгүйгээр зөвшөөрье гэж бодож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч эдлэх ёстой ялаа эдлэнэ гэж бодож суусан юм. Гэхдээ хэзээ ч эхнэрийнхээ амь насанд хүрэх санаа огт байгаагүй. Гагцхүү та бүхнээс шударга шударга үнэнийг тогтоож, хувийн байдлыг минь харгалзан үзэж, хуульд нийцэхээр шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсч байна. Бүхий л зүйлд харамсаж суугаа ядарсан миний хүсэлтийг хүлээн авч хэргийн үйл баримт, болсон үйл баримтыг шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шударга ёсны зарчимд нийцээгүй дүгнэлтийг хийж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаар дүгнэлт, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаар дүгнэлтүүд, 298 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлгийг үндэслэн миний аавыг эхнэрээ багалзуурдаж алсан гэснийг би хүлээн зөвшөөрөхгүй, аавыгаа миний ээжийг санаатай алсан гэдэгт би итгэхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “ Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэсэн байхад Шинжээч эмч Н.Энхцолмон нь миний ээжийн үхлийн шалтгааныг тогтоож, нас барсан оношийг тавих үүрэгтэй атлаа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дүгээр шинжээчийн дүгнэлтийнхээ 3-д “талийгаачийг багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан” гэж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан үүргээсээ давсан дүгнэлтийг хийсний улмаас ээжийн төрсөн дүү Б.Н- энэ дүгнэлт гарснаар миний аавыг алсан байна гэж ойлголтыг авсан болохоо анхан шатны шүүх дээр мэдүүлж байсан.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэсэн байхад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтийн 1-д “Б.Н-ы хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн түвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт дээд салстад цус хуралт,зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл, эмнэлгийн анхан шатны тусламж буюу сэжигтэн Ш.С-ын үзүүлсэн амаа зуусан байдалтай байсан учир амыг нь гараараа нээх гэж гараараа эрүүний доод талаас оролдож байгаад амаараа хиймэл амьсгал хийсэн, тэгээд болохгүй болохоор нь эхнэрийнхээ дээр мордож суугаад цээжин хэсэгт нь хоёр удаа давхарлаж дараад хэд хэд хүчтэй дарсан гэх үед амьсгал бүтэлт үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт гарсан байхад үүнийг анхаарч үзээгүй, ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа шийтгэх тогтоолдоо бичээгүй. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгтээ дүгнэлтийнхээ 1-д заасан аавын хийсэн үйлдлээс амьсгал бүтэлт үүсэх боломжтой гэдгээ баталж, дэлгэрэнгүй тайлбар мэдүүлэг өгснийг огт үнэлээгүй нотлох баримтуудыг дутуу үнэлж ял шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.

Тухайлбал, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “шээсний сүв, бөгсний хэсэг, ам хамраас гарсан ямар нэг шингэнгүй” гэж тэмдэглэсэн байгаа нь багалзуурдах, боох гэх мэт үйлдлийн улмаас амьсгал бүтэлтэд орсон үед өгдөг шинж тэмдэг илрээгүй. Энэ нотлох баримтыг шүүх анхаараагүй. Мөн хэргийн газрын үзлэгээр ээжийн хэвтэж байсан гэх оронд үзлэг хийх үед орны цагаан хэрэглэл хөнжил, дэвсгэрийн даавуу зэрэг зүйлүүдэд шингэн гарсан зүйл байгаагүй. Шүүх эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дүгээр шинжээчийн дүгнэлтийн дотор эрхтний үзлэгт давсаг хоосон гэж бичигдсэнээс үзэхэд аавын хэлээд байгаа шээсэн гэдэг нь батлагдаж байгаа юм.

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дүгээр шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа миний ээжийн эд эрхтнээс дээж авч эдийн эсийн шинжилгээнд явуулсан байдаг. Шинжилгээнд илгээсэн бичиг дээр “багалзуурлалт ховч яс” гэж бичээд ховч яс илгээсэн ба ховч яс шинэ хуучин аль нь болох, ховч ясны эмнэл зүйн шинжилгээний хариуг гистилогч /эд эсийн/ шинжилгээ хийсэн эмч тодорхойлж өгөөгүй байхад дүгнэлтдээ багалзуурлалт гэж бичсэн. Тэр ч байтугай ховч ясны хугарал авснаар амьсгал бүтэлтэд орох эсэх, хэрэг учрал болохоос өмнө тодорхой хугацаанд ховч яс хугарсан тохиолдолд амьсгалын эрхтэнд нөлөөлөх эсэх зэргийг хүртэл ялгаж салгаагүй гэж үзэж байгаа тул шинжээч эмч дүгнэлтээ бүрэн гаргаж чадаагүй байхад ганц шинжээчийн дүгнэлтээр яллаж байгаад би гомдолтой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт миний аав, ээжийг минь санаатай алсан нь “хууль ёсны төлөөлөгч миний мэдүүлэг, хажуу айлын А.А-, Н.Г- нарын мэдүүлгээр нотлогдож байна” гэсэн байсан. Бид нарын хэн нь ч аав, ээжийг багалзуурдаад алж байхыг нь хараагүй, аав ээжийг ухаан алдаад өөрийнхөө зүгээс ухаан оруулах гэж тодорхой үйлдэл хийгээд ухаан орохгүй болохоор хажуу айлын хүмүүсээс тусламж хүссэн байдаг. Энэ талаар гэрчүүд өөрсдийн мэдэх зүйлээ мэдүүлж байхад харсан үзсэн мэт дүгнэж байгааг ойлгохгүй байна.

Миний ээж, аав хоёр гэр бүл болоод хамт амьдарсан 42 жилд би ухаан орж, юмны наадах цаадхыг мэддэг нас биед хүрэх хугацаанд хэрүүл маргаан үүсч байсан боловч би аавыгаа ээжийг цохиж, зодож байгааг хараагүй. Би 2007 онд 22 настай айлын эхнэр болж аав ээжээсээ тусдаа амьдарсан боловч байнгын харилцаатай байж миний үр хүүхдийг өсөж том болоход тус дэм болж, хүүхдүүдийг минь завтай үедээ харж өгөх, цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх, авахад тусалж дэмжиж байсан.

Сүүлийн 2 жил ээж хөдөлгөөний дутагдалд орж, дотор хаван гүйж, хөл нь хавагнах зэргээс зүрх судасны үйл ажиллагаанд нь нөлөөлж, биеийн жин хэт нэмэгдсэний улмаас явах, хөдөлгөөн нь хязгаарлагдмал байдалд орсон боловч аавыг эзгүйд өөрөө босоод цай хоолоо хийгээд идчихдэг байсан.

Би аавыгаа ээжийн амь насыг санаатай хохироох үйлдэл хийх шалтаг шалтгаан байгаагүй гэж боддог. Харин нэг биш удаа ухаан алдаж унаж байсан болохоор ухаан оруулах гэж буруу зөрүү үйлдэл хийснээс ээж нас барчихсан гэж боддог. Иймд миний аавд санаатай хүн алсан хэрэг тулгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Ш.С-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Ш.С- нь эхнэр болох Б.Н-ы амь насыг хохироосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. ...Дээрх үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдоно...” гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, Б.Н-, гэрч А.А, А.Г, М.Г нарын мэдүүлгүүд, мөн 249, 298, 299, 1140 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Энхцолмонгийн тайлбар гэх зэрэг баримтуудыг дурджээ. Гэтэл шүүхээс үндэслэл болгосон эдгээр нотлох баримтууд нь Ш.С-ыг өөрийн эхнэр Б.Н-ыг санаатай алсан гэдгийг хөдөлбөргүй нотлох баримт огт биш юм.

1. Шүүх эмнэлгийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай дүгнэлтийн “эхнэрийнхээ дээр нь мордож суугаад цээжин хэсэгт нь 2 удаа давхарлаж дараад, хэд хэд хүчтэй дарсан байхад боломжтой”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Ариунзулын “...Талийгаач Н-д анх шинжилгээ хийсэн эмч маань хүзүүний ховч ясны хугарал, механик амьсгал бүтэлт, үүнээс болж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан байсан. Энэ дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Анагаах ухаан мэдэхгүй хүний хувьд Ш.С- өөрийн үйлдлээ ингэж тайлбарлаж болно. Анхан шатны тусламжийг ямар хүн, ямар байдлаар үзүүлж байна вэ гэдгээс шалтгаалж ховч яс хугарах, хугарахгүй байх боломжтой. Шүүгдэгч өөрийгөө цээжин дээр дарж анхан шатны тусламж үзүүлсэн гэж хэлж байгаа боловч шахалтаар хүзүүнд даралт үүссэн байх. Талийгаач уруулаа хазсан гэдэг нь амьсгал бүтэлт удаан хугацаанд явагдсан учраас талийгаачийн уруулын дотор талд язарсан шарх үүссэн нь механик үйлчилгээ юм. Ухаан алдаад уруулаа зуусан байж болно. Шүүгдэгч “цээжин дээр” гэж хэлж байгаа болохоор та нар бүгд цээжин дээр нь дарсан гэж ойлгоод байна. Дарж байгаа нь хүзүү рүүгээ шахагдсан гэсэн үг. Үйлдлийг бид нар боломжит хувилбараар тайлбарласан, амьсгал бүтэлт үүсэх боломжтой гэж хариулсан. Анагаах ухааны үүднээс тайлбарлахад хэцүү, асуултанд хариулахад хэцүү асуултууд байдаг учраас боломжтой хувилбараар нь  хариулдаг. Цээжин хэсэгт дарж байгаа нь хүзүү рүүгээ шахалт орсон байна гэж үзсэн учраас ингэж тайлбарласан. Хүзүүний хэсэгт шахалт үүссэн учраас амьсгал бүтэлт үүсэх боломжтой гэж тайлбарладаг.

2. Мөн шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Хэр хүчтэй дарснаас болж дээрх гэмтэл үүсэх боломжтой вэ гэхэд бид нар онолын хувьд амьсгал бүтэлт гэж хариулсан. Ховч яс хугарна гэж хариулаагүй. Цээжин хэсэг гэхээр хүзүүнээс доош хэсэг хамаарна. Цээжин хэсэгт дарахгүй бол ховч яс хугарахгүй. ...Ш.С- талийгаачийн цээжин дээр дарах явцдаа хүзүү хэсэг дарагдаж дээрх гэмтэл үүссэн байх боломжтой. Хүзүүний аль хэсэгт хүч үйлчилсэн байна тэр хэсэгт зөөлөн эд хавчуулагдаж, ул мөр үлдэх боломжтой...” зэрэг нотлох баримтуудыг үнэн зөв, бодитой үнэлсэн. Харин давж заалдах шатны шүүх Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 298, 249 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн “...Багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдлын улмаас нас барсан. ...”, “...249 дугаартай дүгнэлт үндэслэлтэй...” гэх үгийг хэсэгчилж авч дүгнээд, дүгнэлтийн “...эхнэрийнхээ дээр нь мордож суугаад цээжин хэсэгт нь 2 удаа давхарлаж дараад, хэд хэд хүчтэй дарсан гэх үед амьсгал бүтэлт үүсэх боломжтой” гэх агуулгыг үнэлээгүй нь хэрэгт бүрэн бус дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Учир нь шинжээч эмч нар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...эхнэрийнхээ дээр нь мордож суугаад цээжин хэсэгт нь 2 удаа давхарлаж дараад, хэд хэд хүчтэй дарсан гэх үед амьсгал бүтэлт үүсэх боломжтой. ...” гэх дүгнэлтээ бататгаж, олон талаас нь бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтооход ач холбогдол бүхий тайлбаруудыг өгсөн. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр зөвхөн учирсан гэмтлийг тогтоосон байх ба харин тэрхүү гэмтэл ямар замаар, хэрхэн яаж учирч болох талаар эхний анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маш дэлгэрэнгүй хэлэлцсэн.

3. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэлдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн, хохирогч Б.Н-н, гэрч А.А, А.Г, М.Гийн нарын өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэж шийдвэрээ гаргасан гэх боловч гэрч А.Г-, А.А-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, Б.Н- нарын мэдүүлгүүд нь Ш.С-ыг эхнэрээ санаатай алсан гэж буруутгах үйл баримтыг нотлох агуулгатай мэдүүлгүүд биш юм. Тодруулбал гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээс зөвхөн хөршүүдээс тусламж гуйсан, охиндоо хэл дуулгасан, түргэн тусламж дуудсан болон эмнэлэг ирэхээс өмнө хэн хэн орж гарсан, юу ярилцсан талаарх нөхцөл байдлуудыг тогтоож болно. Өөрөөр хэлбэл, эдгээр нотлох баримтууд нь Ш.С-ын сэдэл, санаа зорилгыг нотлох, хөдөлбөргүй тогтоох баримт биш юм.

4. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлдээ шинжээч эмч Энхцолмонгийн мэдүүлгийг дурдсан байх бөгөөд гаргасан дүгнэлтээ эмч Энхцолмонгоос өөрөөр тайлбарлаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцож тайлбар өгсөн шинжээч эмч нар болох    Б.Ариунзул, Т.Чимэд-Очир  нарын мэдүүлгийг яагаад үгүйсгэж байгаа талаараа дүгнэлт хийгээгүй  нь нотлох баримтад тулгуурлаж үнэлэх зарчмыг зөрчсөн.

Тодруулбал, шинжээч эмч нар болох Б.Ариунзул, Т.Чимэд-Очир тайлбаруудаар  Ш.С- нь тусламж үзүүлэхдээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдээгүй байх агуулгыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Ш.С-ын үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжгүй байна. Өмгөөлөгч бид нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт Ш.С-ын гэм бурууг тогтоох, энэ зүйл, ангиар яллах хангалттай баримт байхгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсан учраас цагаатгах байр суурьтай оролцсон. Бидний үйлчлүүлэгч Ш.С-ын эхнэртээ анхны тусламж үзүүлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.С-ын өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан. Анагаахын шинжлэх ухаанд ховч яс гэсэн нэр томъёо байхгүй. Харин хөвч яс гэж байдаг. Хөвч ясны хугарлын улмаас амьсгал бүтэлтэд орох асуудал огт хөндөгдөөгүй. Хөвч яс хугарснаар шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа механик үйлчлэлийн улмаас үүсэх амьсгал бүтэлтэд орсон асуудал байхгүй. Хөвч яс хугарсан гэдэг асуудал яриад байгаа боловч хөвч яс хугарснаар амьсгал бүтэлтэд орох эсэх асуудал яригдана. Хэрэв орох бол ямар эрсдэлд орох талаар тайлбарлаагүй. 298 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ариунзулаас “Ш.С-ын хийсэн үйлдлийн улмаас хохирогчийн механик амьсгал бүтэлтэд орох уу” гэхэд “орох боломжгүй” гэж хариулдаг. Хөвч ясыг эд эсийг шинжилгээнд явуулсан. Гол нь хөвч яс шинэ, эсхүл хуучин эсэхийг тогтоолгох шаардлагатай байсан. Шинжээч эмч Энхцолмонгийн гаргасан багалзуурдалтын улмаас тухайн гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв Ш.С- тухайн үед Б.Н-ыг багалзуурдсан бол шинэ гэмтэл үүсэх байсан. Тухайн гэмтэл нь шинэ, хуучин болохыг тодорхойлох ёстой байсан. Мөн Ш.С- нь Б.Н-ыг багалзуурдсан болохыг шинжээч нотолж, тогтоодог асуудал биш юм. Гэмтлийн зэрэг тогтоох журам болон Цогцост шинжилгээ хийх журамд энэ хүний үхлийн шалтгааныг тодорхойлох ёстой гэж байгаа. Гэтэл шинжээч үйл баримтыг тогтоосон. Хэргийн үйл баримтыг мөрдөгч, прокурор тогтоох ёстой. Хөвс яс нь мөгөөрсөн хоолойны дээд талд байрладаг. /Зурган дээр тайлбарлаж үзүүлэв/ Цогцост задлан шинжилгээ хийсэн үзлэгээр “хүзүүний баруун хэсэгт 0.2х0.3 см” гэж байгаа. Цус хуралтууд хөвч яснаас хэдий хэмжээний зайд байгааг тогтоогоогүй. Мөн эмнэлгийн яаралтай тусламжид дуудлага өгсөн. Шүүгдэгч гэмт хэргийг нотлох үүрэггүй. Дуудлага өгсөн цаг хугацааны талаар баримт 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан байгаа. Яаралтай түргэн тусламжид хэдийд дуудлага өгч, хэзээ хүлээж авсан талаар баримтууд хэрэгт байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Гэтэл санаатай гэмт хэргийн санаа сэдлийг тогтоохдоо шинжээч эмч Энхцолмонгийн гаргасан “багалзуурдсан” гэсэн дүгнэлтэд үндэслэсэн. 298 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч нарын мэдүүлэгт огт анхаарал хандуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана.” гэж заасан. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн асуудлыг тогтоохдоо санаатай хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнд гомдолтой байна. Ш.С-ын эхнэртээ хиймэл амьсгал хийхийн тулд эрүү дээр нь дарж байгаа үйлдлийн улмаас талийгаач амьсгал бүтэлтэд орсон бол энэ нь болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Нотлох баримтыг үнэлэхдээ ямар үйл баримт болсон эсэх, энэ нь юугаар нотлогдож байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Хэрэгт авагдсан 249, 298 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн алийг нь үнэлэх асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, аль дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг хангаж байгаа эсэх асуудал яригдана. 42 жил хамт амьдарсан эхнэрээ санаатайгаар алсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэнд гомдолтой байна. Ш.С-ын үйлдэл болгоомжгүй гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.С-ын өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарын зүгээс хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтээс сүүлд авагдсан 239, 298 дугаартай дүгнэлтүүдийг эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Учир нь 249 дугаартай шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд тогтоогдож байна гэж гарсан боловч прокурорын тогтоолоор дахин шинжээч томилсон. Тухайн тогтоолд “249 дугаартай шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүд нь ямар үйлдэл хийх үед үүсч болох талаар тодруулах шаардлагатай байна гэж үзсэн...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь түргэн хугацааны амьсгал бүтэлт байдаг. Амь хохирогчид учирсан амьсгал бүтэлт яаж үүссэн талаар шинжээч эмч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой тайлбарласан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “амьсгал бүтсэн эсэхийг нь яаж тогтоосон юм бэ” гэж байна. Амьсгал бүтэлтийг эд эсийн шинжилгээгээр тогтоосон. Өөрөөр тайлбарлавал, голомтлог цус хуралттай цус харвалтууд үүссэн байх бөгөөд энэ нь зөвхөн хүнийг амьд байхад үүсэх боломжтой юм. Хүн нас барсан тохиолдолд тухайн цус хуралт үүсэх боломжгүй юм. Цус харвалт явагдаж байна гэдэг нь амьсгал бүтэлтийн шинж тэмдэг юм. Мөн шүүгдэгч анх “би эхнэрийнхээ цээжин дээр нь дарсан” гэж мэдүүлж байсан. Гэвч шүүх хуралдааны үед “би эрүүн дээр нь дарсан” гэж мэдүүлсэн. Шинжээчид багалзуурдалтын 95 хувь орчимд ховч яс хугарна гэж тодорхой хэлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “багалзуурдалтын ором байхгүй” гэж тайлбарлаж байна. Амь хохирогчийн ховч яс баруун хэсэгт хугарсан. Багалзуурдалт баруун талд үйлчилсэн байдаг талаар шинжээч эмч тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтээр “хүзүүний баруун хэсэгт голомтлог цус хуралттай. 2 ширхэг тод хөх өнгийн 0.3х0.3 см, 0.2х0.3 см цус хуралттай” гэж тогтоосон. Энэ нь баруун ховч яс хугарах үед илүү даралт өгсөн. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Шинжээч эмч нар шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан дүгнэлтээ маш тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна гэв. ...” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн хувьд “би эцгийнхээ үлдсэн насыг нь шоронд өнгөрүүлмээргүй байна” гэж ярьдаг байсан. Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь амь хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй үндэслэл тогтоогдсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин Б.Н-г томилсон асуудал байна. Энэ хэрэгт 2 хууль ёсны төлөөлөгч оролцдог. Энэхүү хэрэгт эргэлзээ төрүүлсэн асуудал нь 2 дахь шинжээчийн дүгнэлт гарахдаа “цээжин дээр дарахад амь хохирогчид учирсан гэмтэл учрах боломжтой юу” гэхэд шинжээч эмч “учрах боломжтой” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүх хуралдаанд 4 шинжээч эмчийг оролцуулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-гийн өмгөөлөгч Д.Гомбо “та тухайн үед байсан юм уу, цээжин дээр нь дарсан үйлдлийг хоолой дээр нь дарсан гэж тайлбарлаж байгаа юм уу” гэхэд “би эмнэлгийн хүн биш учраас анхны тусламж үзүүлэхдээ ингэсэн юм болов уу гэж бодсон юм” гэж хариулсан. Бусад шинжээч эмч Энхцолмон, Болор, Чимэд-Очир нараас тодруулахад “Анагаахын шинжлэх ухаанд ховч яс гэж байдаг. Ховч ясны бүтцийн хувьд их бие хэлбэрээр дарсан үйлдэл байгаа болохоор зүүн талдаа бага хүч үйлчилсэн болохоор багалзуурдалтаас” гэж тайлбарласан. Мөн тухайн гэмтлийг дүүжлэлтийн улмаас үүсэх боломжтой эсэхийг тодруулахад “боломжгүй” гэж хэлсэн. Мөн хуучин болон шинэ гэмтэл гэж гарах ёстой байсан гэж байна. Энэ талаар тодруулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь, шинжээчийн дүгнэлтийн төгсгөлд “ховч яс хугарсан үед эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварах боломжгүй” гэсэн асуудлыг хэлсэн байгаа тул ховч яс хугарсны дараа талийгаач амьд үлдэх боломжгүй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч “ховч яс хойшоо саваад унахад хүртэл хугарах боломжтой. Энэ тохиолдолд 6-аас 7 сарын дараа эдгэдэг” гэж тайлбарлаж байна. Энэ талаар шинжээч эмч нар огт яриагүй. Ховч яс нь боох, багалзуурдах үед хугардаг болохыг 4 шинжээч эмч маш тодорхой тайлбарласан. Мөн нэмж хэлэхэд прокурор хүний мууг үзэх гэж энэ хүртэл яваагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нь өөрт байгаа боломж, бололцоогоороо аавыгаа ялгүй гаргах гэж хүсэж байгаа гэж бодож байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийн зүйлчлэлийг тогтоосон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н- “таарамжгүй харьцаа байсан” гэж мэдүүлсэн. Мөн 28 настай дүү нь Ш.С-ын талын ах дүү нартай явж байгаад Дорнод аймагт нас барсан байдаг. Үүний улмаас амь хохирогч Б.Н- болон Ш.С- нар нь хоорондоо таарамжгүй харилцаатай байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн. Мөн амь хохирогчийг эмнэлэгт хэвтэж байх хооронд “нэг нүцгэн хүүхэн гэрт нь согтуу унтаж байсныг бид хөөж гаргасан. Тэр хүн бие нь өвдөөд эмнэлэгт байж байхад та өдий насны хүн байж яагаад ийм ёс зүйгүй үйлдэл гаргадаг юм бэ гэж хэлж байсан” гэж мэдүүлсэн. Гэрч А-, Г- нар нь шүүгдэгч Ш.С-, амь хохирогч Б.Н- нарын хөрш айл байсан бөгөөд Ш.С-ынд нэг ч удаа орж үзээгүй. Гэрчүүдийн мэдүүлэгт “Ш.С- нь тухайн шөнө манай эхнэр эвгүй болчихлоо чи цээжин дээр нь дараад өгөөч” гэж байсан. Энэ үед аль хэдийн бие нь хөрсөн байсан. Энэ үед л анх удаа Ш.С-ын гэрт орж үзсэн байдаг. Амь хохирогч гадагшаа гарахдаа заавал хүнтэй хамт гардаг байсан” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

2. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хэргийн дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туулын 12-10 тоот хашаанд байх монгол гэртээ амь хохирогч Б.Н- нас барсан байх ба тухайн цаг хугацаанд амь хохирогч Б.Н-, түүний нөхөр буюу шүүгдэгч Ш.С- нар хамт байсан байна.

- мөн шүүгдэгч Ш.С- нь тухайн шөнө хажуу талын айлынхаа хашааг давж орж, түргэн тусламж дуудаач өгөөч, манай эхнэр нэг сонин болчихлоо гэж хэлсний дагуу гэрч А.А- гэрт нь ороход амь хохирогч Б.Н- баруун талын орон дээрээ дээшээ харсан, ямар нэгэн хөдөлгөөнгүй нүд нь аниастай, амаа жимийсэн байдалтай, биед хүрэхэд хөл нь дулаан, гарынх нь хурууны үзүүр хөрсөн байсан байх ба түргэн тусламж ирж үзээд нас барсан болохыг хэлсэн үйл баримт тогтоогджээ.

Хэргийн дээрх үйл баримттай талууд маргаагүй бөгөөд энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цагийн үед аав “ээж чинь нэг л эвгүй болчихлоо” гэж манай нөхрийн утас руу залгаж хэлсэн. ...Намайг ирэхэд, талийгаач ээж маань дээшээ хараад орон дээрээ хэвтэж байсан. ...Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд, талийгаач ээжтэй хэн хэн хамт байсан гээд бусад хүмүүсийг гэрээс гаргаад, аавыг авч үлдсэн...” /1хх 35-41, 39-41/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 05 цаг 00 минут өнгөрч байхад С.О- надтай холбогдоод “ээж нас барчихлаа, А.Г-тай холбоо бариад “Гачууртад очоод өгөөч” гэсэн...” /1 хх 32-34/, гэрч А.А-гийн “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө манай баруун талын хашаанд амьдардаг Н.Сүхээ ах бид нарыг гэртээ унтаж байхад манай хашаанд өөрийнхөө хашааг давж ирээд, гэрийн хаалгыг чанга нүдэж “түргэн тусламж дуудаад өгөөч, манай эхнэр нэг сонин болчихлоо” гэж хэлээд түрүүлээд гэр рүүгээ орсон. …би нөхөр Г-д түргэн тусламж дуудаарай гэж хэлээд өөрөө гэрт нь ороход талийгаач Б.Н эгч баруун талын орон дээрээ дээшээ харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөнгүй нүд нь аниастай, амаа жимийсэн байдалтай байсан. Харин Ш.Сүхээ ах талийгаачийн хоёр хөлийг бариад сууж байснаа намайг “эхнэрийнхээ гар хөлийг бариад өгөөч” гээд өөрөө талийгаачийн цээжин дээр нь дараад аманд нь хиймэл амьсгал хийсэн. Би талийгаачийг нас барсан гэж бодоогүй. Ухаан алдсан юм байна гэж бодсон. Тэгээд Ш.Сүхээ ах талийгаачийн цээжин дээр нь дараад хиймэл амьсгал хийж байгаад намайг “цээжин дээр нь дараад өгөөч” гэсэн учраас би цээжин дээр нь нэг удаа дарсан. Намайг талийгаачийн биед хүрэхэд хөл нь дулаан, гарынх нь хурууны үзүүр хөрсөн байсан. Түргэн тусламж 5-аас 10 минутын дараа ирсэн. Түргэн тусламж ирээд Б.Нараа эгчийг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгсэн Ш.Сүхээ ах надад хандаж “чи бид хоёр чинь нас барсан хүний хөлийг бариад байгаа юм байна” гэж хэлсэн ...” /1хх 49-52/, гэрч А.Г-ын “...Дүү бид хоёрыг очиход Ш.С- ах хажуу айлынхаа залуутай гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Тэгээд Ш.С- ах дүү бид хоёрт хандаж “ханиа алдчихлаа, би яаж ч чадсангүй” гэж хэлээд уйлах шиг болсон. Би шууд гэр рүү яваад ороход талийгаач эгч Б.Н-ы дээгүүр хөнжлөөр хучсан байдалтай байсан. ...” /1хх- 59-60/, гэрч Н.Г-ийн “...Намайг эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 11-12 тоотод гэртээ байж байхад манай хөрш айлын Ш.С- ах манай хаалгыг нүдэхэд эхнэр хаалга онгойлгож өгсөн. ...Тэгээд А.А- Ш.С- ах бид гурав манай гэрээс гараад үүдэнд зогсож байхад Ш.С- ах “Нараа эгч чинь сонин болчихлоо” гээд уйлж байгаа юм шиг царай гаргаад, уйлах гээд байна гэж дотроо бодсон. Тухайн үед Ш.С- ах “түргэн тусламж яасан вэ” гээд орилоод байсан. …Намайг түргэн тусламж дуудаж байхад Ш.С- ах манай эхнэрийг дагуулаад гэртээ орсон байсан. …Гачууртын түргэн тусламж 10-аас 20 минутын дотор ирсэн. Би түргэн тусламжийг гудамжинд тосож аваад эрэгтэй эмчийг Ш.С- ахын гэрт оруулж өгөөд би гэрт нь ороогүй. Түргэн тусламжийн эмч ороод, 10 минут орчим үзээд нас барсан байна гэж хэлсэн байсан. Нас барсан гэдгийг би эхнэр А.А-гаас сонссон...” /1хх 61-64/ гэх мэдүүлгүүд, дуудлага лавлагааны хуудас /1хх 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-11, 12-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 16-17, 18/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 21-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 69-70, 71-72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

- Амь хохирогч Б.Н-ы биед учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тодорхойлоход, хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл учирч, багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтээр “...Талийгаач Б.Н-ы цогцост хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. …Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломж муутай. ...” /1 хх 74-79/ гэсэн байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-гээр “...Б.Н-ы цогцост хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс, булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл эмнэлгийн анхан шатны тусламж буюу сэжигтэн Ш.С-ын үзүүлсэн “амаа зуусан байдалтай байсан учир амыг гараараа нээх гэж гараараа эрүүний доод талаас оролдож байгаад амаараа хиймэл амьсгал хийсэн, тэгээд болохгүй болохоор нь эхнэрийнхээ дээр нь мордож суугаад цээжин хэсэгт нь 2 удаа давхарлаж дараад хэд хэд хүчтэй дарсан” гэх үед амьсгал бүтэлт үүсэх боломжтой. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон дүгнэлтийнхээ 9 дэх заалтад “талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай гэж дүгнэсэн нь зөв байна. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...” /1хх 94-98/ гэж өмнөх шинжээчийн дүгнэлтийг бататгаж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан, 

шинжээч эмч Н.Энхцолмонгийн “…Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал гараар хүзүү, хоолой дарж шахсан тохиолдолд хөвч ясны хугарал үүснэ. Хүзүү, хоолойд үүссэн бусад гэмтлүүд багалзуурдалтын улмаас үүссэн байна. Харин дээд уруулын салстад үүссэн гэмтэл нь цохих үед үүссэн байх боломжтой гэмтэл юм. Мөн эд эсийн шинжилгээгээр доторх эрхтэнүүд цус дүүргэлттэй байгаа нь түргэн үхлийг илтгэж байна. Энэ нь өөрөөр хэлбэл амьсгал бүтэлт гэсэн үг. Үүнээс гадна хөвч ясны булчинг эд эсийн шинжилгээгээр дамжуулахад цус хуралт байгаа нь дээрх хөвч ясны хугарал амь хохирогчийг амьд байхад үүссэн илтгэгдэж байна. Багалзуурдалт гэдэг нь хүзүү хоолойд гараар дарах, шахах үйлчлэлийн улмаас амьсгал бүтэлтэд орж байгаа механизмыг ойлгоно. …” /1хх 92-93/,

шинжээч эмч Б.Ариунзулын “…Хөвч ясны хугарал нь хүзүүний урд хэсгээс багалзуурдаж шахах үед хугардаг. Тэгэхээр амь хохирогч Б.Н-ы хөвч яс хугарсан байна. Иймээс амь хохирогчийн хүзүүний урд хэсгээс дарж, шахаж багалзуурдсан байна. …Амь хохирогч Б.Н-д анхны тусламж үзүүлж байхад буюу зуусан байдалтай байхад эрүүний доод талаас хүзүүний хэсэгт хүрэх, дарах үед хөвч ясны хугарал үүсэх боломж муутай. Өөрөөр хэлбэл хөвч яс нь багалзуурдах, дарж, шахах үед үүснэ. Хөвч яс нь хүзүүний буюу хэлний доод талд байдаг. Тухайн хэсэгт хүчтэй дарах, шахах үед үүсдэг. ...” /1хх 107-108/ гэх мэдүүлгүүд,

2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч Н.Энхцолмонгийн өгсөн “...Ховч яс гэдэг нь анатомийн байрлалын хувьд хэлний доор, эрүүний цаад талд байдаг хүзүүний 7 нугалмын 3 дахь нугалмын түвшинд У хэлбэртэй жижиг яс байдаг. Шүүгдэгчийн хэлснээр амаа ангайлгаж байгаад хоёр хуруугаа хийгээд эрүүг нь доошоо дарахад дээрх гэмтэл үүсэх боломжгүй. ...Ерөнхий ойлголт бол механикаар амьсгал бүтэж байна гэсэн үг. Энэ нь дотроо хэлбэртэй, боолт, багалзуурдалт, дүүжлэлт байж болно. Үүнийг юугаар нь таньж болдог вэ гэхээр хүзүү нь дээр нь үүсэж байгаа өөрчлөлтөөр нь ялгадаг. Дүүжлэлтийн үед хүзүү дээр даралтын ором үүсдэг. Багалзуурдалт нь дарах, шахах үед үүсдэг. ...Цус хуралт нь амьд байх үед үүссэнийг гэрчлэх шинж тэмдэг болдог. Нас барсны дараа үүссэн гэмтэлд ямар нэгэн цус хуралт үүсдэггүй. ...Ховч ясны хугарлын 80-90 хувь нь багалзуурдалтаас үүсдэг...” /2 хх -127-128, 131-132/,

шинжээч Б.Ариунзулын өгсөн “...Талийгаачид анх шинжилгээ хийсэн эмч хүзүүний ховч ясны хугарал, механик амьсгал бүтэлт үүнээс болж амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан учраас уг дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн. ...Шүүгдэгч өөрийгөө цээжин хэсэгт дарж анхан шатны тусламж үзүүлсэн гэж хэлж байгаа боловч шахалтаар хүзүүнд даралт үүссэн. Хүч үйлчилсэн хэсэг нь хүзүү хэсэгт байсан. Хүзүүний хэсэгт даралт шахалт үүсэхэд ховч ясны хугарал үүсэж байгаа нь амьсгал бүтэлтэд орж байгаа гэсэн үг. ...Хүзүүний баруун хэсгийн голомтлог цус хуралт, хүч үүссэн хэсэгт цус хурсан, ховч яс хугарсан...” /2 хх 133-136/

шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн ”...Цээжин дээр дарахад ховч яс хугарахгүй. Шинжээч томилсон тогтоолд тавигдсан асуултын дагуу хариулсан. Дарахад хэр хүчтэй дарсан гэх үед дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэх гэхэд бид нар онолын хувьд амьсгал бүтэлт гэж хариулсан. Ховч яс хугарна гэж хариулаагүй. Цээжин хэсэг гэхээр хүзүүнээс доош хэсэгт хамаарна. Хүзүүний хэсэгт хүч үйлчилсэн учраас ховч яс хугарсан. Тэр хэсэгт хүч үйлчилсэн учраас механикаар амьсгал бүтэл үүссэн нас барсан гэж үзэж байгаа. Шүүхийн шинжилгээгээр хүзүү хоолойны хэсгий арьс, арьс нь доор өөхөн эдэд зүслэг хийж арьс нь доорх зөөлөн эдийн цаана байгаа ховч яс хугарсан гэдгийг тогтоосон. Дүгнэлтдээ ховч ясны хугарал хугарлын орчимд цус хурсан. Хүний нүдээр харагдах хэмжээнд байсан. Түүнээс авсан дээжийг эд эсийн шинжилгээгээр харахад булчингуудад цус хуралт үүссэн байсан учраас хүч үйлчлэлийн улмаас үүссэн гэмтэл гэдэг нь тогтоогдсон. Багалзуурдалт хүний гараар үйлдэгддэг...” /2 хх 136-139/

шинжээч эмч О.Болороогийн өгсөн “...Цээжин дээр гараараа давхарлаж дарахад ховч яс хугарах боломжгүй. Бүрэлдэхүүний шинжээч бид нар өмнө гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэлтээ гаргасан. Амьсгал бүтэлтийг хэлбэрүүдээр ангилдаг. Багалзуурдалт гэдэг нь хүний гараар амьсгалын замыг бөглөх, тагласны улмаас үхэлд хүргэж байгаа хэлбэр. Дүүжлэлтийн улмаас ховч яс хугарах боломжгүй. Боолт нь хүзүү хоолойг гадны хүчээр дарахыг хэлнэ. Ховч яс хугарах хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг нь багалзуурдалт юм. /2 хх 140/ гэх мэдүүлгүүд хавтас хэрэгт авагджээ.

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон дээрх тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байх ба дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийн хүзүү, хоолойд гараар хүч үйлчилсний улмаас амь аврагдах боломжгүй гэмтлүүд учирсан, уг гэмтлийн улмаас механик амьсгал бүтэлтэд орж нас барсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.С-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн дээр дурдсан үйл баримтаар шүүгдэгч хохирогчийн амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч биеэ хамгаалах чадваргүй байдлыг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг алсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 8 /найм/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

4. Шүүгдэгч Ш.С-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О- нараас “...Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээгүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, багалзуурдалт гэж үйлдэл тогтоосон, шүүгдэгч нь амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх боломжтой...” гэсэн агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай /шууд болон шууд бус/ үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг хангасан байна.

 

Хэрэгт хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 298 дугаартай /1хх 94-98/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн байхаас гадна шүүх хуралдааны тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шинжээч нарын мэдүүлгээс дүгнэхэд амь хохирогч Б.Н-ы биед учирсан хүзүүний баруун хажуу хэсгийн голомтлог цус хуралт, ховч ясны баруун бага эврийн төвшинд тасарсан хугарал, ясны хальс булчинд голомтлог цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зүүн дээд буйлны цус хуралт, язарсан шарх гэмтэл нь түүнийг нас барахаас өмнө үүссэн байх ба механик амьсгал бүтэлт буюу багалзуурдалтын улмаас нас баржээ.

 

Шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй хэмээн давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Ш.С- нь “би эхнэрээ санаатай алаагүй” гэж мэдүүлж байх боловч амь хохирогч механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байх тул түүний үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь үхлийн шалтгааныг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч тогтоосныг буруутгах үндэслэлгүй буюу механик амьсгал бүтэлт нь боолт, дүүжилт, багалзуурдалт гэсэн хэлбэртэй аль хэлбэрээр механик амьсгал бүтэлт явагдсан болохыг тусгай мэдлэг бүхий шинжээчид тогтоох үүрэгтэй тул шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгийг эргэлзээгүй үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.5, 16.15 дахь зүйлд заасныг зөрчөөгүй байна.

 

Мөн шүүгдэгч Ш.С- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болсон үйл явдлын талаар харилцан зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн, тухайлбал хэрэг учрал болсон даруйд буюу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “…манай эхнэр Н- бие нь муудаад амьсгал нь давхцаад шүлс нь гоожоод байхаар нь би эмнэлэгийн байгууллагад хандсан. Түргэн тусламж ойролцоогоор 1 цагийн дараа ирсэн ба ирэхэд эхнэр Н- нас барчихсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм…” /1хх 43-44/, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “…өчигдөр өглөө 4 цаг 30 минутын орчим эхнэр Б.Н- орныхоо доор байдаг цагаан өнгийн бие засдаг төмөр хувиндаа бие засаад буцаад орон дээрээ гараад суух гэж байгаад хойшоогоо гэнэт татаад орон дээрээ унасан. Би сандраад миний хөгшин яасан гээд хажууд нь очтол хоёр гараа алдлаад, амнаас нь хөөс гарсан байсан. Би эхнэртээ чи үхэж болохгүй шүү гэхэд талийгаач намайг түргэн тусламж дууд гэж хэлсэн. Би эхнэрийнхээ хоёр гарыг бариад нааш цааш хөдөлгөөд цээжин дээр нь хоёроос гурван удаа дараад ам руу нь хиймэл амьсгал хийхэд ямар ч нөлөө байхгүй байхаар нь гэрээсээ гараад зүүн талын айлынхаа хашааг давж ороод А- гэх эмэгтэйд эгч чинь ухаан алдчихлаа гэж хэлээд тусламж гуйсан. Тэгсэн А- надтай хамт манай гэр лүү ороод манай эхнэрийн гарыг нааш, цааш татаад, цээжин дээр нь хэд хэдэн удаа дараад, хамарны доод хэсэгт эрхий хуруугаараа дарсан. Хөршийн А- талийгаачийн биед тусламж үзүүлж байгаад зүрх нь зогсоод нас барсан юм шиг байна гэж хэлсэн…” /1хх-ийн 47/,  2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ “…шөнө 3 цагийн үед сэртэл эхнэр баруун талын орны урд талд босч ирээд бие засаж байгаа харагдсан. Би тухайн үед надад хэлэхгүй яагаад өөрөө босч ирээд бие засаж байгаа юм гэж хэлтэл эхнэр Б.Н- шээс хүрээд байсан учраас бие заслаа гэсэн. Талийгаач хөл муутай байсан учраас бие засч дуусаад ор тулж босоод орон дээрээ гарах гэж байгаад гэнэт орныхоо гол хэсэгт хойшоо саваад унасан. Би тухайн үед орон дээрээ хэвтэж байсан учраас үсэрч босч очоод эхнэрээ хартал амаа зуусан байдалтай байсан учраас амыг нь нээх гэж нэг гараараа эрүүний доод талаас нөгөө гараараа уруулын дээд хэсгээс дарж амыг ангайлгах гэж оролдож байгаад амаараа хиймэл амьсгал хийсэн. Тэгээд болохгүй байхаар эхнэрийнхээ дээр нь мордож суугаад цээж хэсэгт нь хоёр гараа давхарлаж дараад хэд хэдэн удаа хүчтэй дарахад ямар ч нэмэргүй байсан учраас хөл гарыг нь илж байгаад аргаа бараад хөрш айлын гэрт орох гэж хашаа давж байгаад хашааны төмөрт баруун гарынхаа дотор талын шууг төмөрт урчихсан. …тухайн үед А- манай гэрт орж ирээд талийгаачийн хөл гарнаас барьж байгаад цээжин дээр нь дарсан. Мөн үнэртэй ус оруулж ирээд хамарт нь үнэртүүлсэн. Удалгүй түргэн тусламж 20 орчим минутын дараа орж ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн …шүүх эмнэлэгий гарсан дүгнэлтэд багалзуурдалтаас болж нас барсан гэж гарсан байна. Миний хувьд талийгаачийг ухаан алдахад нь сандарсандаа хиймэл амьсгал хийх гэж байгаад санамсар болгоомжгүйгээр хүзүү хоолойд нь дарсан байж магадгүй…” /1 хх 148/, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “…би очих уу гэж асуухад чи хэрэггүй гэж хэлсэн. Би хэсэг хараад хэвтэж байхад эхнэр Б.Н- коршонк дээрээсээ босоод орон дээрээ суух гэж байгаад хойшоогоо саваад орон дээр байх дэрэн дээрээ толгойгоороо унасан. Очиход хоёр нүдээ аньсан, хоёр гараа чанга атгаж, амаа зуусан байдалтай байсан. Би сандарсандаа амыг нь ангайлгах гээд нэг гараарай арай гэж ангайлгаад ам руу нь үлээгээд чадахгүй болохоороо цээжин дээр нь гараад хоёр гараараа хүчтэй хэд хэдэн удаа дарсан. Тэгээд би нэгэнт амьсгалахгүй байсан болохоор, өөрөө чадахгүй байсан учир хөрш айлын хашааг давж орох болсон. Эхнэр болох А- надтай хамт гэрт орсон. Нөхөр Сэлэм нь түргэн тусламж дуудаад үлдсэн. Түргэн тусламж ойролцоогоор 20-30 минутад ирээд нас барсан байна гэж хэлсэн…” /1хх 165/ гэж тус тус зөрүүтэй гэж мэдүүлсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтаар тооцогдохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл Ш.С-ын үйлдлийн улмаас амь хохирогч нас бараагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, шүүгдэгч Ш.С-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ш.С-ын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, шүүгдэгч Ш.С-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Х.Наранзул, Б.Өлзийбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.С-ын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                    С.БОЛОРТУЯА