Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2025/00097

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: С.Н-ын хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.******* оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хүсэлт гаргагч ******* нь миний гэр бүлийн хүн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр харвалт өгч миний бүрэн асаргаанд байдаг. Миний нөхөр ******* нь 1964 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Хужирт сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний комбинат болон Хужирт сумын модны үйлдвэрт тус тус ажиллаж байсан.

Гэтэл *******гийн 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Цэргийн батлахад овог нэрийг *******ын ******* гэж, 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт *******ын *******сүрэн гэж, Хужирт сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаар тушаал дээр ******* овогтой ******* гэж, Хужирт сумын модны үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай тушаал дээр Ц.******* гэж, Хужирт сумын модны үйлдвэрт 1993 оны 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай тушаал дээр *******ын *******сүрэн гэж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7284 дугаартай Батлан хамгаалахын төв архивын лавлагаанд *******ын ******* гэж тус тус буруу бичигдсэн байна. ******* гэдэг нь миний нөхөр *******гийн эцэг бөгөөд эх *******аар овоглодог юм.

Мөн ******* нь 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл Хужирт сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний комбинатад мужаан, төмөрчнөөр ажиллаж байсан, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Хужирт сумын модны үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн зарим тушаал, цалингийн лавлагаа олдохгүй, бичиг баримтын зөрчилтэй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн цэргийн батлах, 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой *******сүрэн мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн *******г Хужирт сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний комбинатад мужаан, төмөрчнөөр 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, Хужирт сумын модны үйлдвэрт мужаанаар 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

        ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******гийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хүсэлт гаргагч ******* нь 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 007012 дугаартай *******ын *******сүрэн гэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон 516195 дугаартай *******ын ******* гэсэн цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болох нь

-1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон 516195 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 007012 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- 0000226268-Г-0058 дугаартай овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-0145672 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- ******* овогт *******ын *******сүрэнгийн цахим үнэмлэхийн хуулбар,

- Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар,

Хүсэлт гаргагч ******* нь

Хужирт сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний комбинатад 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл мужаан, төмөрчнөөр, Хужирт сумын модны үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 007012 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хужирт сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1989 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай “ажилд авах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хужирт модны үйлдвэрийн даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай “ажилд авах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Өвөрхангай аймгийн Хужиртын модны үйлдвэрийн даргын 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай “ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч *******г 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 007012 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон 516195 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг,

мөн Хужирт сумын Нийтийн аж ахуй ахуйн үйлчилгээний комбинатад 1989 оны 03 дугаар сарын 01 щ-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл мужаан, төмөрчнөөр, Хужирт сумын модны үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

******* нь эцэг *******аар овоглож байгаад 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр овгоо өөрчилж эх *******аар овоглосон байх тул түүний хэрэгт гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь түүнийг эцэг *******аар овоглож байх үед олгогдсон баримтууд байна гэж үзэж шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг бичгээр ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц овогт С.Н-г 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон *** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг,

- Хужирт сумын **** 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл мужаан, төмөрчнөөр,

-Хужирт сумын модны үйлдвэрт 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуустал мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА