| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0056/э/ |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч: Н.У,
Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэд холбогдох 1828000000032 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нүдэн гэх газарт Н.Уыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд дурьджээ.
Шүүгдэгч Б.Гийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг банкны зээлтэй юу гэж асуусан. Би 2 сая төгрөгийн зээлтэй гэсэн. Тэгсэн чинь 4 сая болгоод сунгаад өгчихөөч гэсэн. Би тийм боломж байхгүй гэж хэлсэн. Утастай гараараа нэг цохьсон. Хавирч унагаад өшиглөсөн. Сууж байгаад босоход бэлэг эрхтэнрүү өшиглөсөн. Сууж байгаад босоход бэлэг эрхтэнрүү өшиглөсөн, хавирч унагаад далруу цохьсон. Эмнэлэг рүү ярьсан чинь шээгээд үзээтэх гэсэн. Шээгээд үзсэн чинь болж байсан. Сумаас ирэх бензин 40 литр, ирээд 60.000 төгрөгийн эм авч өгсөн. Өнөөдөр 80.000 төгрөг дансанд хийсэн байсан. Суманд 30.000 төгрөгийн эм авч өгсөн. 15 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 6 сая төгрөг. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Байнга сэтгэл санааны хохиролтой байгаа. Манай хамаатны хүн ийм оноштой явж байгаад хавдар болоод өнгөрсөн.
Хохирогч Н.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Б.Г, Бямбасүрэн нар тэмээ асууж манай гэрт ирсэн. ...Тэр хоёр тэмээгээ сураад цай уучихаад удаагүй явахаар гэрээс гарцгаасан. Би гаргаж өгөхөөр араас нь дагаад гарсан. Намайг гэрээс гараад очиход Бямбасүрэн бие засахаар явсан. Б.Г малгайгаа өмсөнгөө надаас малчны зээлтэй юу гэж асуусан. Би Б.Гэд малчны 2 сая төгрөгийн зээлтэй гэхэд Б.Г зээлээ нэмэх боломжтой юм байна. Малчны зээлээ сунгаад надад 4 сая төгрөг аваад өгчих гэж хэлэхэд нь би боломжгүй гэж хариулсан. Тэгэхэд Б.Г чи яагаад новшроод байгаа юм нэг хонхорт байж намайг хулхидна гэж санаа юу үхлээ юу чи гээд, өмнө нь чи манай аавд агсан согтуу тавьж намайг хутгална гээд явж байсан гэж надруу уурласан. Би тийм юм байхгүй гэхэд Б.Г намайг сууж байхад миний зүүн хацарлуу нэг удаа гараараа цохьсон. Би уурлаад босож Б.Гийг унагахаар оролдоод хоёр хөлийг нь давхар хаман дайрахад Б.Г унах шахсанаа тогтож миний өмсөж байсан хувцасны арын захаас барьж аваад дугтарч миний бэлэг эрхтэнлүү өшиглөж намайг газар унагаасан. Тухайн үед надад өвдөлт мэдрэгдсэн боловч уурандаа өвдөлтөө бага мэдэрсэн. Намайг газар уначихсан байхад Б.Г миний нүүрлүү өшиглөсөн гэсэн. Тэр өшиглөснийг нь би мэдээгүй. Гэхдээ манай эхнэрийн дүү Оюунтунгалаг гэрээс гарч ирэхдээ харсан гэж надад хэлсэн. Би босоод Б.Гтэй зууралдаж Б.Гийг гараараа хэд хэдэн удаа цохих гэж оролдсон боловч Б.Г намайг барьчихсан байсан болохоор миний цохилт Б.Гэд хүчтэй очиж чадаагүй. Б.Г бөх хүн, аймгийн харцага цолтой хүн болохоор би Б.Гийг дийлээгүй миний бяр хүрэхгүй байсан. Тэгээд Б.Г бид хоёр нэг нэгнийгээ барьчихсан зогсож байхад гэрээс манай эхнэр Мягмарсүрэн, дүү Оюунтунгалаг нар гараад ирчихсэн Бямбасүрэн, Мягмарсүрэн хоёр Б.Гийг боль гээд зодооныг салгах гээд дийлээгүй. Манай эхнэр Мягмарсүрэн хүүхдүүдийн хажууд чи болиоч гэж Б.Гэд хэлэхэд Б.Г надад хоёулаа одоо сайхан ярьчихъя гээд миний энгэрээс бариад гэрээс баруун зүгт намайг дагуулж явсан. Тэр үед намайг заамдаж барьсан байсан. Б.Гийн баруун гарыг өөрөөсөө салгах гээд эрхий хурууг нь мушгихад Б.Г гар утас барьж байсан зүүн гараараа миний зүүн хацарлуу нэг удаа цохиод газар хавирч унагаад миний баруун дал орчим хэсэгрүү нэг удаа өшиглөсөн. Намайг босоход Б.Г намайг дахиад бариад авсан. Тэгээд би Б.Гээс гэрлүүгээ зугтаж гүйсэн. Би гэрлүүгээ гүйх замдаа газраас чулуу авч Б.Грүү шидэх гэхэд Б.Г бас газраас чулуу авч барьсан. Би барьсан чулуугаа хаяад гэрлүүгээ гүйгээд орсон. Намайг гэрт байхад гадаа Б.Г чи хутгаа бариад гараад ир гээд дуудаад байсан. Би гарах гэтэл манай эхнэр намайг гэрээс гаргалгүй орон дээр суулгаад дүү охин Оюунтунгалагдаа наад хүмүүсээ яв гэж хэл гэж хэлүүлсэн. Тухайн үед миний давсагруу чинэрч өвдөөд байсан. Удаагүй Б.Г Бямбасүрэн нар мотоциклоо унаад явсан. Б.Г Бямбасүрэн нарыг явснаас хойш 30 орчим минут өнгөрөхөд миний давсаг хавиар өвдсөн хэвээр байсан. Тэгээд би бие засахаар мөн өөрийн өвдөөд байгаа хэсгээ харахаар гэрээс гарч харахад миний төмсөг хавдаад миний бэлэг эрхтэн цавь тэр чигээрээ хөхөрч хавдсан байсан. Тэгээд гэртээ орж эхнэртээ хавдсан хэсгээ үзүүлж сумын эмнэлэгт дуудлага өгсөн боловч сумын эмч дуудлагын машин өөр газар дуудлаганд явж байгаа ирэхээр нь очьё гэж дуудлага хүлээн авсан сувилагч хэлсэн. Дараа эмнэлгээс эмч ярьж бие засаж болж байна уу бие засаад үз гэсэн. Би бие засаж болж байна одоохондоо гайгүй юм шиг байна гэж хэлсэн. Орой нь 23 цагийн орчимд эмнэлгээс дахин миний биеийн байдлыг асууж дуудлагын машин, эмч ирээгүй байгаа талаар хэлсэн. Би өөрөө эмнэлэгт үзүүлэхээр бол хүрээд очьё гэж эмчид хэлсэн. Миний бие өвдөөд байхлаар нь өөрийн эхнэр Мягмарсүрэн, Оюунтунгалаг нарын хамт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сумын эмнэлэгт очиж биеэ үзүүлсэн. Миний биеийг Уянга эмч үзээд миний баруун төмсөг бяцарсан байх магадлалтай гээд эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэж хэлсэн. Тэр үед манай эхнэр Мягмарсүрэн Б.Грүү утсаар ярьж миний төмсөг гэмтсэн талаар хэлж эмнэлэг дээр Б.Гийг ир гэж хэлсэн. Тухайн үед Б.Г Сэврэй сумын төв дээр байсан юм байна лээ утсаар яриад удаагүй байхад Б.Г эмнэлэг дээр ирж надтай уулзаж миний гэмтсэн төмсгийг үзсэн. Би Б.Гэд чи намайг өшиглөөд миний төмсгийг гэмтээсэн талаар хэлэхэд Б.Г би чиний төмсгөнд өшиглөснөө санахгүй байна гэж хэлсэн. Б.Г эмчтэй уулзаад миний эмчилгээнд шаардагдах эм тариаг бичүүлж аваад миний эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Миний эрүүл мэндийн даатгалыг 1 жил 2 сараар төлсөн. Б.Г нийт хэдэн төгрөг төлснийг нь би мэдэхгүй байна. Б.Г энд эмчлүүлж хэрэггүй юм байна наадах чинь сүрхий болсон байна аймгийн төвд очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлье гэсэн. Би ч тэгье гэж зөвшөөрөөд одоо орой болсон байна. Нэг мөсөн эндээ хоноод маргааш өглөө явъя гэж хэлсэн. Б.Г аймаг руу явах миний машинд 40 литр АИ-92 бензин хийж өгөөд маргааш явахдаа замаараа намайг хөдөө гэрээс дайраад аваарай гэж хэлээд явсан. Маргааш нь буюу 2018 оны 01-р сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд эмнэлгээс гарч аймагруу явсан. ...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр эход харуулаад зургаа авчихаад гэртээ байж байхад Б.Г утсаар ярьж эход харуулсан уу гэж асуусан. Би эход харуулаад зургаа авсан эмчид үзүүлээгүй байна гэхэд эмчид үзүүлье гээд гэрээс эхнэр бид хоёрыг ирж аваад эмнэлэг дээр очиж Отгонжав гэх эмчид миний биеийг үзүүлсэн. Эмч миний биеийг үзээд наадах чинь хавдар ихтэй байна хавдарыг нь буулгаж байж дахин үзье гээд 3 хоногийн эмчилгээ бичиж өгсөн. Эмчилгээний зардал болох 60000 төгрөгийг Б.Г төлсөн. Үүнээс хойш Б.Г хаад надруу залгаж утсаар миний биеийн байдлыг асууж ярьдаг байсан. Гадуур эмчилгээ хийж байгаад 2018 оны 01-р сарын 19-ний өдөр Отгонжав эмчид дахин үзүүлэхэд баруун талын төмсөг чинь бяцарсан унжчихсан байна. Хагалгаанд орно хэвтэж эмчлүүлнэ гэсэн. Амралтын өдөр байсан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлэгт ирж хэвтсэн. 2018 оны 01-р сарын 24-ний өдөр хагалгаанд ороод 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан. Би Б.Гэд зодуулаад өөртөө хагалгаанд ортлоо гэмтэл авсан болохоор гомдож 2018 оны 02-р сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гомдол гаргасан. Б.Г намайг зодсоны улмаас тухайн үед миний зүүн хацар бага хэмжээний шалбарч цус гарсан байсан. Мөн миний бэлэг эрхтэн хавдаж хөхөрч улайн баруун төмсөгний тал хэсэг нь бяцарсан. Баруун төмсөгний үхэжсэн хэсгийг нь хагалгаа хийлгэж авахуулсан. Надад өөр гэмтэл учраагүй. Миний хагалгааны зардал 300.000 төгрөг болсон, хагалгаанд хэрэглэх пампэрс ойр зуурын хэрэглээний зүйл мөн таксинд их мөнгө хэрэглэсэн. Надаас нийт 700.000 орчим төгрөгний зардал гарсан. Хагалгааны төлбөр болох 300.000 төгрөгөнд баримт өгөөгүй. Бусад зардлын баримт байхгүй баримт гаргуулж аваагүй. 2017 оны 08 сарын орчимд би найз Алтангэрэлтэй хамт архи уучихсан явж байгаад Б.Гийн аав Батаа ахын гэрт халамцуу очсон. Алтангэрэл халамцуу даа Батаа ахтай бэлчээр усны маргаан хийгээд байсан. Би тэр үед ямар нэгэн байдлаар Батаа ахтай муудалцаж маргалдаагүй. Б.Гийг хутгална гэж ярьж явсан гэдэг бол худал үг. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Г надаас мөнгө зээлэх талаар асуугаад бүтэхгүй болохоороо намайг дарамтлах гэж аавд агсан согтуу тавьсан. Намайг хутгална гэж ярьж явсан гэж худал үгээр шалтгаалан намайг зодож дарамталсан. Би өөрт учирсан гэмтлээ гайгүй байх хөхөрч хавдаж байгаад хавдар нь буучих болов уу гэж бодоод цагдаад хандаагүй. Гэтэл бүүр хагалгаанд орох хэмжээнд тулаад хагалгаанд орсон болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж хандсан. Сумын эмнэлгээс цагдаад хандах талаар хэлэхэд нь би гайгүй байхаа гэж хэлэн болиулсан” /хх-ийн 21-23-р хуудас/,
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би Б.Гийн хамт тэмээнд явж тэмээ асуухаар Н.Уын гэрт очсон. Н.Уын гэрт очоод тэмээгээ сурчихаад цай уучихаад Б.Гийн хамт явахаар гэрээс гарахад Н.У араас гараад ирсэн. Н.У гэрийнхээ үүдний амбаарын хажууд сууж байсан. Б.Г бид хоёр мотоцикль дээр мордох гээд дулаан хувцасаа өмсөж байсан. Тэгээд би бие засахаар яваад бие засч байхдаа эргээд харахад Б.Г Н.Уын нүүрлүү цохиж байсан. Бие засч дуусаад эргээд очиж байхад Н.У Б.Гийг унагах гээд хөлрүү нь дайрч байсан. Б.Г унаагүй газар бөгсөөрөө суугаад босож ирэхэд Н.У Б.Гийг 2 цохиж нэг өшиглөсөн. Тухайн үед Б.Г малгай өмсчихсөн үстэй дээлтэй байсан болохоор Н.Уын цохилт Б.Гэд өвдөлт, гэмтэл авахааргүй байсан. Тэр үед Б.Г Н.Уыг татаж дугтарч унагаад нэг өшиглөсөн. Н.Уын толгой орчим хэсэгт нь онож байх шиг харагдсан. Н.Уыг босоод ирэхэд баруун талын хацарных нь шонтгор ясан хэсэгт нь шалбарч цус гарч байсан. Н.У Б.Г хоёр хоорондоо барилцчихсан заамдалцчихсан байж байхад гэрээс Н.Уын эхнэр Мягмарсүрэн мөн дүү охин нь гарч ирээд надад салгаач гэж хэлсэн. Би Н.У Б.Г хоёрыг салгах гээд очиход Б.Г чамд хамаагүй чи цаашаа байж бай бид хоёр одоо зодолдохгүй гээд намайг түлхсэн. Б.Г Н.У хоёр нэг нэгнийгээ заамдаж хувцаснаасаа зуурч бариад гэрээс баруун зүгт явж байгаад Б.Г Н.Уын зүүн талын хацар орчим хэсэгт нь цохиж байгаа харагдсан. Би тэр үед араас нь очиж байхад Б.Г Н.Уыг газар унагаж байсан. Н.У босож ирээд зугтааж явж байгаад газраас чулуу авч барьхад Б.Г мөн чулуу авч бариад цохьчих чи муу гээд өөдөөс нь алхсан чинь Н.У гартаа барьсан чулуугаа газар хаяад гэрлүүгээ гүйгээд орсон. Б.Г бид хоёр гэрийнх нь үүдэнд яваад очиходБ.Г Н.Уыг гараад ир гээд дуудаж байсан. Тэгтэл гэрээс Мягмарсүрэнгийн дүү гэх эмэгтэй гарч ирээд эгч Н.Уыг гаргахгүй гэж байна та хоёр яв гэж байна гэж хэлсэн. Удалгүй Б.Г бид хоёр явсан. Намайг аймагт очсоны орой Б.Г араас утсаар залгаж Н.Уын төмсөг нь хавдсан талаар хэлж аймагруу эмнэлэгт үзүүлэхээр гарах гэж байгаа тухайгаа хэлсэн” /хх-ийн 31-33-р хуудас/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 01-р сарын 08-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед гэрт гаднаас Б.Г, Бямбасүрэн хоёр тэмээ асууж ирсэн. Тэр хоёр тэмээгээ асуучихаад цай уучихаад явахаар гэрээс гарсан. Манай нөхөр араас нь гаргаж өгөхөөр гарсан. Гадаа хоорондоо юм ярьцгаагаад байгаа сонсогдсон боловч юу ярьцгаагаад байгаа нь мэдэгдээгүй. Манай дүү Оюунтунгалаг бие засахаар гэрээс гараад орж ирэхдээ гадаа Б.Г ах Н.У ахыг зодож байна гэж хэлсэн. Тэгээд би юу болоод байгааг харахаар Оюунтунгалагийн хамт гэрээс гарахад гэрийн үүдэнд шахуу зайд Б.Г, Н.У хоёр нэг нэгнийгээ энгэрээс заамдаад барьчихсан зогсож байсан. Би Бямбасүрэнд салга гэж хэлээд би өөрөө Б.Г Н.У хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгэхлээр нь би хүүхдийн хажууд зодолдоод болиоч гэж хэлэхэд Б.Г би танай нөхрийг зодохгүй ярилцаадхья гээд манай нөхөр Н.Уыг бариад гэрээс баруун зүгт дагуулаад авч явсан. Би сумын цагдаад дуудлага өгөхөөр гэрлүү ороод цагдаагийн утсыг олохоор хүмүүсрүү залгаж утасны дугаарыг нь сурсан. Цагдаад дуудлага өгч амжаагүй байхад Н.У гэрт гүйж орж ирээд гал тогооны шүүгээ ухаад юм хайгаад байсан. Би хутга хайж байна гэж бодоод Н.Уыг татаад орон дээр суулган гэрээс гаргаагүй. Гадаа Б.Г Н.Уыг чаддаг юм бол хутгаа бариад гараад ир гээд дуудаад байсан. Би өөрийн дүү Оюунтунгалагийг гадаа байгаа хүмүүсийг яв гэж хэлээдэх гээд гаргасан. Оюунтунгалаг гэрээс гарч Б.Гийг яв гэж хэлэхэд удалгүй Б.Г Бямбасүрэн нар мотоциклоо асааж унаад явсан. Н.У орон дээр сууж байхдаа давсаг хавиар өвдөөд байна гээд байсан. Б.Г, Бямбасүрэн нарыг явсаны дараа Н.У бие засахаар гэрээс гараад орж ирэхдээ миний бэлэг эрхтэн, цавь, төмсөг хавиар хөхрөөд хавдчихсан байна гээд орж ирсэн. Би Н.Уын бэлэг эрхтэнг гаргаж харахад хөхөрч улайн хавдсан байсан. Тэгээд 17 цагийн орчимд байх Н.Уаар өөрөөр нь сумын эмнэлэгт дуудлага өгүүлж утсаар яриулсан. Сумын эмнэлгийн эмч, дуудлагын машин өөр газар хөдөө дуудлаганд явсан байгаа ирэхээр нь яваад очьё гэж хэлсэн байсан. Дараа нь сумын эмнэлгээс эмч хэд хэдэн удаа залган ярьж Н.Уыг бие засаж болж байгаа эсэх талаар асууж, эмчилгээ зааж өгөн биеийн байдлыг нь асуусан. Н.У одоохондоо миний бие гайгүй байна үзүүлэхээр бол өөрөө яваад очьё гэж хэлсэн. Н.Уын бие өвдөөд төмсөг нь хавдаад байхлаар нь 2018 оны 01-р сарын 10-ны өдөр Н.Уыг сумын эмнэлэгт үзүүлэхээр Н.У, Оюунтунгалаг нарын хамт явсан. Сумын төвд эмнэлэг дээр ирэхэд Н.Уын биеийг Уянга эмч үзээд төмсөг нь бяцарсан байж магадгүй эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Би эмчээс Н.Уыг эмнэлэгт хэвтэх талаар сонсоод Н.Уыг зодож гэмтээсэн. Б.Грүү утсаар залган болсон зүйлийг ярьхад Б.Г Сэврэй сумын төв дээр байна одоо эмнэлэг дээр яваад очьё гэж хэлсэн. Удалгүй Б.Г эмнэлэг дээр ирээд Н.Утай уулзаад гэмтсэн эрхтэнийг нь харчихаад эмчлэгч эмч Уянгатай уулзаж эмчилгээний эм тариаг бичүүлж авсан сумын эмийн сангаас эм тариа авчирч өгсөн. Н.Уыг эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн болохоор эрүүл мэндийн даатгал нь бөглөгдөөгүй төлөгдөөгүй байсныг Б.Г 2017 оныг бүтэн 2018 оны 01, 02-р сарын даатгалын төлбөр болох 62000 төгрөгийг төлсөн. Эмнэлэг дээр Н.Уыг хэвтүүлэх өвчтөний түүх нээлгэх гэж байхад Б.Г ирээд энд дэмий юм байна. Аймгийн төв дээр очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн нь дээр юм байна гэж хэлэхэд нь Н.У бид хоёр зөвшөөрч аймгийн төв явахаар болсон. Тэгээд Н.У, Б.Г бид гурав ярилцаад маргааш өглөө нь явахаар болсон. Нэг хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд өвчтөний түүх нээдэггүй гээд өвчтөний түүхийг Н.Ут нээгээгүй. Б.Г маргааш аймаг явах бэлтгэл хийж манай машинд 40 литр бензин хийж өгөөд маргааш аймаг явах замаараа намайг хөдөө гэрээс аваад яваарай гээд явсан. 2018 оны 01-р сарын 11-ний өдөр өглөөний 09 цаг өнгөрч байх үед Н.У бид хоёр сумаас аймгийн төврүү хөдөлсөн. Сумаас гарахдаа Б.Гтэй утсаар ярьж сумаас гарч байгаагаа хэлсэн. Б.Г зам тосож манай машинд суун аймгийн төврүү хамт явсан. Бид гурав аймгийн төвд 17 цагийн орчимд очоод эмнэлгийн хүлээн авах дээр жижүүр эмч Батцэнгэл гэх эмчид Н.Уын биеийг үзүүлсэн. Батцэнгэл эмч Н.Уын биеийг үзээд их хавдартай байна маргааш эход харуулаад зургийг нь аваад ир гэж хэлсэн. 2018 оны 01-р сарын 12-ны өдөр Н.Уын гэмтлийг эход харуулчихаад гэрт байж байхад Б.Г утсаар залган ярьж эход харуулсан уу эмчид үзүүлсэн үү гэж асуусан. Эход харуулсан эмчид үзүүлж чадаагүй байна гэхэд би Отгонжав эмчтэй ярьчихлаа очоод үзүүлье гээд Н.У бид хоёрыг Б.Г гэрээс ирж аваад эмнэлэгрүү явсан. Эмнэлэг дээр очоод Отгонжав эмчид Н.Уын биеийг үзүүлэхэд төмсөг нь усчжихсан байж магадгүй гээд хавдараа буулгаад ир гээд эмчилгээ бичиж өгсөн. Эмчилгээний эм тарианы зардал болох 60000 төгрөгийг Б.Г өгсөн” /хх-ийн 34-35-р хуудас/,
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018.01.08-ны өдөр Сэврэй сумын Бүйлсэн баг Нүдэн гэх газарт хадам ах Н.Уын гэрт байж байхад 16 цагийн орчимд гаднаас Б.Г, Бямбасүрэн гэх 2 хүн гэрт орж ирээд тэмээ сурсан. Б.Г, Бямбасүрэн нар тэмээгээ асуучихаад цай уучихаад явахаар гэрээс гарахад нь араас нь Н.У ах гаргаж өгөхөөр гэрээс гарсан. Б.Г, Бямбасүрэн нар явна гэж гарчихаад мотоциклнийх нь асах чимээ сонсогдохгүй байсан. Н.У ах гаднаас орж ирэхгүй байсан. Б.Г Бямбасүрэн нар явна гэж гэрээс гарсанаас хойш 30 орчим минутын дараа би бие засахаар гэрээс гарахад гэрийн гадаа гэрийн үүднээс урагш 20 орчим метр зайд Б.Г ах Н.У ахыг газар унагачихсан нүүрлүү нь өшиглөж байгаа харагдсан. Н.У ах дээшээ хараад хэвтэж байсан. Би гэрлүү буцаж ороод Мягмарсүрэн эгчийг дуудаж гаргаад эгч бид Б.Г ах Н.У ах хоёрын зодооныг салгах гэж оролдоод дийлээгүй. Газар хэвтэж байсан Н.У ах босож ирээд Б.Гэд хандан би чамд мөнгө зээлэх албатай юу гэж хэлэхэд Б.Г Н.У ахыг хоёулаа явж ярилцъя гээд гэрээс баруун зүгт дагуулаад явсан. Мягмарсүрэн эгч бид хоёр сумын төвлүү цагдаад дуудлага өгөхөөр гэрлүү орсон. Цагдаад дуудлага өгч амжаагүй байхад гаднаас Н.У ах гэрт гүйгээд ороод ирсэн. Тэр үед нь би гэрээс зөрж гарсан. Гадаа Б.Г ах гэрт байгаа Н.У ахад хандан хөөе чи наад хүүхдүүдээсээ гараад ир наад тонгорог чинь намайг нэвтэлж дийлэхгүй шүү гээд хашгараад байсан. Би гэрлүү буцаад ороход Мягмарсүрэн эгч Н.У ахыг орон дээр дараад суучихсан наад хүмүүсээ яв гэж байна гээд хэлчих гэсэн. Би гэрээс гараад та нарыг яв гэж байна гэж хэлэхэд Н.Уыг гараад ир гэж хэл эвлэрчихээд явья гэхэд нь Мягмарсүрэн эгч уурлаад Н.У ахыг гэрээс гаргаагүй. Б.Г ах дараа таарвал хохчинь гэж мэдээрэй гэж хэлчихээд Бямбасүрэнтэй хамт явсан. Б.Г Бямбасүрэн нарыг явсаны дараа удалгүй Н.У ах бие засахаар гэрээс гараад орж ирэхдээ миний төмсөг хавдчихсан байна чи хардаа гээд Мягмарсүрэн эгчид харуулж байсан. Би бол нүдээрэй хараагүй. Тэгээд сумын төврүү түргэний эмчид дуудлага өгөөд түргэн машин нь өөр дуудлаганд явчихсан байна ирэхээр нь очье гээд ирээгүй. Н.У ах орой нь унтаж чадахгүй өвдөөд байна гээд өвчин намдаах эм уугаад өвчин нь намдсан байх. Шөнө нь түргэний эмч утсаар ярьж Н.У ахын биеийн байдлыг асуугаад ирэхээ больсон” /хх-ийн 36-37-р хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018.01.08-ны өдөр би тэмээ хайж яваад даараад Н.Уын гэрт дулаацахаар мөн айраг авахаар 14 цагийн үед очсон. Намайг очсоноос хойш удаагүй Б.Г нэг танихгүй залуутай хамт очсон. Тэгээд Б.Г тэмээ сураад цай уучихаад явахаар гэрээс гарсан. Араас нь Н.У дагаад гарсан. Миний чих хатуу учраас хоорондоо юу яриад гарцгаасныг би мэдэхгүй. Намайг Н.Уын гэрт сууж байхад Н.У эхнэр сумын цагдаагийн утас байна уу гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Би юу болов гэж асуухад гадаа Б.Г Н.Уыг зодоод байна гэж хэлсэн. Удаагүй Н.У гаднаас гэрт орж ирсэн. Н.Уын зүүн хацарнаас нь цус гарсан харагдсан. ... Маргааш нь би Н.Уынд айраг авахаар очоод өчигдөр юу болов гэж асуухад Н.У Б.Г намайг дээрэлхэж дарамтлаад мөнгө зээлээч гэхэд нь үгүй гэж хэлсэн чинь зодчихсон гэж хариулсан” /хх-ийн 38-40-р хуудас/,
Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 01-р сарын 10-ны өдөр намайг жижүүр гарч байх хугацаанд Н.У гэх хүн 15 цагийн орчимд төмсөг өвдөнө, цавь гуяруугаа өвдөөд байна гэх зовиуртай ирсэн. Би Н.Уын биед үзлэг хийхэд баруун талын төмсөг нь хавдаж улайж хөхөрсөн байсан. Тэмтрэхэд төмсөг тэмтрэгдэхгүй маш их эмзэглэлтэй байсан. Би уг өвчтөнд өвчин намдаах тариа, үрэвслийн эсрэг тариа хийсэн. Тэгээд Н.Уыг цохиж гэмтээсэн гэх Б.Гтэй уулзаж Н.Уын эмчилгээнд шаардлагатай байх эм тариаг бичиж өгч өнөөдөртөө ажиглаж хоноод маргааш аймагруу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар хэлсэн. Мөн Н.Уын төмсөг нь усчиж үхэжсэн байж магадгүй гэж хэлсэн. Н.Уын эмчилгээнд шаардлагатай байх эм тариаг сумын эмнэлгээс Б.Г авч өгсөн. 2018 оны 01-р сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд Н.Ут өвчин намдаах тариа хийж өгөөд Даланзадгад сумруу явуулсан. Н.У өөрийн эхнэр Мягмарсүрэнгийн хамт өөрийн хувийн унаагаараа явсан” /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Үзлэгт гадна бэлэг эрхтэн хэвийн хуухнагт 2 төмсөг тэмтрэгдэнэ. Баруун төмсөг эмзэглэлтэй дайвар орчимд 3*3 см харьцаатай үүсгэвэртэй, эход баруун төмсгөнд шингэнтэй, төмсөгний бүтэц бага зэрэг буурсан гэсэн байсан. Бодит үзлэг болон зовиур шинжилгээ зэргээс үндэслэж төмсөг дааврын зөөлөн эдийн гэмтэл, цусан хураа гэж оношилж эмийн эмчилгээ болон зөвлөгөө өгч ажиглахаар явуулсан. 2018.01.19-ний өдөр дахин ирж үзүүлэхэд өвчтөний зовиур багассан байсан боловч төмсөг дааврын цусан хураа тэмтрэгдэх зүйлс хэвээр байсан тул дахин эход харж баруун төмсгөн дөх цусан хураа шимэгдээгүй нь тодорхой болсон. 2018.01.24-ний өдөр Н.У нь хагалгаанд орсон” /хх-ийн 45-47-р хуудас/,
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 01-р сарын 08-ны өдөр Бямбасүрэнгийн хамтаар өөрийн тэмээгээ бэлчээрт гаргаад буцах замдаа 15 цагийн орчимд Сэврэй сумын бүйлсэн багийн малчин Н.Уын гэрт тэмээ сурч асуухаар очсон. Бямбасүрэн бид хоёр цай уучихаад тэмээгээ асуучихаад явахаар гэрээс гарахад Н.У гаргаж өгөхөөр араас гарч ирсэн. Н.Уыг араас гараад ирэхэд нь би Н.Уаас банкны зээлтэй юу гэж асуухад Н.У би 2 сая төгрөгийн банкны зээлтэй гэж хариулсан. Би, чи зээлээ сунгах боломжтой юм байна малчны зээлээ сунгаад 3 сая төгрөг аваад өгчих гэхэд Н.У тэр бүтэхгүй гэсэн. Би Н.Ут хандан би найдвартай төлнө ш дээ чи намайг буцааж өгөхгүй гэж бодож байна уу гэхэд Н.У тэр бүтэхгүй асуудал гэж хариулсан. Би Н.Ут чи зун яагаад манай аавд агсан тавиад намайг хутгална гээд яваад байсан юм гэж хэлэхэд Н.У би тэгээгүй ш дээ гэж хариулсан. Чамтай цуг явсан Алтангэрэл манай аав хоёр надад тэгж хэлсэн гэхэд Н.У тэгээд чи яах гээд байгаа юм гэж уурлахад нь би, би чамд зүгээр хэллээ шүү зүгээр хэлж байхад хүний үгийг хүлээгээд авч чадахгүй үхэх гээд байна уу чи гэж хэлэхэд Н.У чи үхүүлээд өгөхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би Н.Уыг сууж байхад зүүн хацарлуу нь нэг удаа алагдахад Н.У босож ирээд намайг давхар хамж хөлруу дайрч унагах гэж оролдсон. Би тэнцвэр алдаад газар унах шахаад босож ирээд Н.Уын энгэрээс нь заамдаж барьхад Н.У хоёр гараа савж 3 удаа намайг гараа цохьсон. Би Н.Уын энгэрээс нь барьж байгаад нүүрлүү нь гараараа нэг удаа цохиод өөрлүүгээ татаж дугтран газар унагаад шилбэ хэсгээрээ Н.Уын нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед гэрээс Н.Уын эхнэр хүүхэд дүү нь гарч ирсэн. Бие засахаар явсан байсан. Бямбасүрэн бас хажууд ирсэн байсан. Бямбасүрэн, Мягмарсүрэн нар Н.У бид хоёрын зодооныг салгах гэж оролдсон. Н.У босож ирээд намайг цохих гэсэн би ч бас Н.Уыг цохих гэж гараараа далайх үйлдэл хийхэд Мягмарсүрэн хүүхэд харж байхад болиоч гэж хэлэхэд нь би Н.Ут хоёулаа гэрээс холдож байгаад эв зүйгээ ольё гэхэд Н.У явахгүй байсан. Би гэрээс холдохоор Н.Уын энгэрнээс нь бариад явж байхад Н.У тавь гээд миний баруун гарын эрхий хурууг мушгиад байхлаар нь би утас барьсан байсан зүүн гараараа Н.Уын зүүн шанаа хэсэгрүү нь утастай гараараа цохиод бут довцгон дээр тааруулаад хавираад газар унаган мөр орчим хэсэгрүү нь нэг удаа өшиглөсөн. Н.У босож гүйгээд газраас чулуу аваад надруу шидэх гэхлээр нь би ч бас газраас чулуу аваад Н.Уыг чи цохь наад чулуугаа надруу шид гэхэд Н.У барьж байсан чулуугаа газар хаячихаад ална чамайг гэж хэлээд гэрлүүгээ гүйгээд гэртээ орсон. Би араас нь яваад гэрийнх нь үүдэнд байсан мотоцикль дээр очиход гэр дотор Н.У хутга хайж байгаа бололтой юм ухаад хайгаад байгаа нь сонсогдсон эхнэр нь болиоч яах гээд байгаа юм гэж хэлэх сонсогдсон. Би гэрийн гаднаас эр хүн юм бол чи хутгаа бариад гараад ир гэж хэлэхэд Мягмарсүрэнгийн дүү охин Оюунтунгалаг гарч ирээд эгч та нарыг яв гэж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй би Бямбасүрэнтэй хамт мотоциклоо унаад гэрлүүгээ явсан. ...Би Н.Уын эрүүл мэндийн даатгалын 2017 оны төлбөрийг нь бүтэн нөхөж төлөөд 2018 оны 01, 02-р сарын эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Нийт 62,500 төгрөг төлсөн. Би Аймгийн төв орж үзүүлвэл илүү эмчилгээ сайтай байх гэж Н.Ут хэлэхэд Н.У аймаг явж эмнэлэгт үзүүлэхийг зөвшөөрсөн. Сумын эмнэлэг 1 хоногт өвчтөний түүх нээдэггүй юм гэхэд нь хэрэгцээтэй эм тариаг сумын эмийн сангаас 30000 орчим төгрөгөөр худалдаж авч өгсөн. Маргааш нь буюу 2018.01.11-ний өдөр аймгийн төв Даланзадгад сумруу явахаар болж аймгийн төв явах Н.Уын машинд 40 литр АИ-92 бензин хийж өгөөд маргааш замаараа намайг хөдөө гэрээс аваад яваарай гэж хэлээд тэр өдрөө би хөдөө гэрлүүгээ явсан. 2018.01.11-ний өдөр 11 цагийн орчимд Н.У сумын төвөөс гарч ирсэн би утсаар ярьж байгаад зам тосож суугаад Даланзадгадруу Н.У болон түүний эхнэр Мягмарсүрэн нарын хамт явсан. Даланзадгад сумын төвд 18 цагийн орчимд ирээд шууд эмнэлгийн хүлээн авах дээр очоод Батцэнгэл гэх эмчид Н.Уын биеийг үзүүлсэн. Батцэнгэл эмч маргааш эход харуулаад ир гээд явуулсан. Маргааш нь буюу 2018.01.12-ны өдөр би Н.Утай утсаар ярьхад Н.У эход харуулсан эмчид үзүүлээгүй байна гэхлээр нь би Н.Уыг эхнэр Мягмарсүрэнгийн хамт гэрээс нь очиж аваад эмнэлэг дээр очин Отгонжав эмчид Н.Уын биеийг болон эхоны зургийг үзүүлсэн. Отгонжав эмч би бяцарсан гэж хэлэхгүй юм байна. Гэхдээ хавдарыг нь буулгаж байж дахин үзье гээд эмчилгээ бичиж өгсөн. Би эмчилгээний зардал болох 62000 төгрөгийг нь өгсөн. Үүнээс хойш би Н.Утай дахин уулзаагүй гэхдээ утсаар байнгын холбоотой байсан. 2018.01.24-ний өдрийн орой нь Н.Утай утсаар ярьхад Н.У өнөөдөр хагалгаанд ороод гараад ирлээ гэж хэлж байсан” /хх-ийн 52-53-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.02-ны өдрийн 98 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Уын биед баруун төмсөгний эдийн бяцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,
Н.Уын эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 70-90-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн нутаг Нүдэн гэх газарт Н.Уыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.02-ны өдрийн 98 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Н.Уын биед баруун төмсөгний эдийн бяцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Хохирогч Н.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс сэтгэл санааны хохирол 6 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 9.000.000 төгрөг нэхэмжилж байгаа болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба үүний улмаас сэтгэл санааны хохирол хэрхэн учирсан талаар нотлох баримт байхгүй байх тул шүүх хохирогчийн нэхэмжлэлээс 6.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчид нотлох баримтаар тогтоогдож буй хэмжээнд буюу 312.000 төгрөгийн хохирол төлсөн ба хохирогч нь мэс засал хийлгэсний болон эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрийн баримтаа аваагүйн улмаас энэхүү мөнгийг шүүгдэгчээс авч чадаагүй, улмаар цаашид нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэхэд нэхэмжилж буй мөнгө шаардлагатай байгаа талаар мэдүүлж байх тул энэхүү нэхэмжлэлээ цаашид Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь хохирогчид 312.000 төгрөгний хохирол төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх тухай заахаар хуульчилжээ.
Улсын яллагч шүүгдэгчид торгох ял оногдуулах дүгнэлт гаргаж байх боловч торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлүүлэх талаархи саналаа шүүхэд гаргаагүй болно.
Иймд шүүх шүүгдэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүх шүүгдэгчийн торгох ял биелүүлэх хугацааг тогтоож болох хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх” хуульд заасан хугацаанаас бага хугацаа тогтоож, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн ба торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ улсын яллагч болон шүүгдэгчийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх буюу төлөх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
Иймд шүүх шүүгдэгчийн торгох ял биелүүлэх хугацаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах нь зүйтэй гэж үзэж, энэ талаарх хуулийн хугацааны талаар шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчийг мэдээлэл авах эрхээр нь хангахын зэрэгцээ энэхүү хуульд заасан хугацааны дотор торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих болохыг мэдэгдэж шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж хуульчилсан ба “бусад хуульд” хамаарч буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн торгох ялыг биелүүлэх хуулийн хугацааны талаарх заалтыг шүүх чанд сахиж шийдвэрлэв.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тусдурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.Уын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбогдуулан гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА