Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01514

 

Ц.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/01661 дугаар шийдвэртэй

Ц.Гийн нэхэмжлэлтэй хариуцагч “Т” ХХК-д холбогдох

Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Г нь 2006 оноос хойш “Т” ХХК-д ажиллаж байсан ба тухайн ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал нэг ч удаа гаргаж байгаагүй. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, Ц.Г 3 нас хүрээгүй хүүхэдтэй тухайн хүүхдээ эмнэлэгт асарч байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг зөрчин ажлаас нь халж, Ц.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ өөрийн санаачилгаар цуцалсан. “Т” ХХК-ийн Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тны гүйцэтгэх захирлын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 тоот тушаалаар Ц.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заалтуудыг баримталсан. Ц.Г мөн өмнө нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа сануулах сахилгын шийтгэл авсан байсан. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасны дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар ажил олгогчийн итгэлийг алдсан гэх 3 үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Мөн Ц.Г нь “Бүтээгдэхүүн үйлчилгээний журам”-ын 3.5.4 дугаар зүйлд заасныг зөрчиж, 127 харилцагчийн дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн ажлын бус цагаар 214 500 000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. “Т” ХХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.4.2, хөдөлмөрийн дотоод журмын 12.3 дах заалтыг зөрчин өөрийн ажлын байрны давуу байдлыг ашиглан түрээсийн орон сууцад зуучилж өгнө гэх залилангийн шинжтэй үйлдэл хийж 5 харилцагчид 23 600 000 төгрөгийн хохирол учруулах үйлдэл хийсэн. Энэ нь “Т” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам болон Ц.Гтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.5, 7.4.17, 7.4.21, 7.4.35 дах заалтуудыг зөрчсөн. Мөн теллерийн үйлчилгээнд гүйлгээ хийх дараалал алдагдсан байхад түүнд хяналт тавьж ажиллаагүй, зөрүү үүсгэсэн. Теллерийн системийн дагах журмын 3.5.15.4, 3.6.23-т заасныг тус тус зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гийг “Т” ХХК-ийн “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Барс” тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 364 865 “арван хоёр сая гурван зуун жаран дөрвөн мянга найман зуун жаран таван” төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Гий эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 212 787 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ц.Гтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1387 тоот захирлын тушаалын үндэслэл нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд хийсэн “Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төв болон “Хотын гааль тооцооны кассанд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан”-гаар журам зөрчсөн үйлдэл болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тогтоогдсон болно. Шалгалтын тайлангийн 6-р хуудасны 1.1.3 дахь хэсгийн хүснэгтийн 5-д 127 удаагийн үйлдлээр нийт 17 445 667 төгрөгийн үлдэгдэлтэй идэвхгүй дансыг Тны Бүтээгдэхүүн үйлчилгээний журмын 3 дугаар зүйлийн 3.5.4-т заасныг зөрчиж салбарын нягтлан бодогчийн зөвшөөрөлгүй өөрчилсөн зөрчил гаргасан. Шалгалтын тайлангийн 6 хуудасны 1.1.4 дэх хэсэгт нь 6 удаагийн үйлдлээр нийт 214 500 000 төгрөгийг ажлын бус цагаар гүйлгээ хийсэн зөрчил гаргасан. Шалгалтын тайлангийн 7 дугаар хуудасны 1.1.5 дахь хэсэгт шууд удирдлагад нь ажиллаж буй теллерүүд нь засварын гүйлгээ хийх дараалал алдагдуулсан буюу засварын гүйлгээг хийхдээ урт хугацааны дараа залруулсан, касст зөрүү үүссэн байхад хяналт тавьж ажиллаагүй нь Тны Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.5.17.4, 3.3.25-т заасныг зөрчиж ахлах теллерийн зүгээс хяналт тавьж ажиллаагүй зөрчил гаргасан. Шалгалтын тайлангийн 3 болон 4 дүгээр хуудсанд нэхэмжлэгч Ц.Г нь ажлын байрны давуу байдлыг ашиглан “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамруулж өгнө гэсэн залилангийн шинжтэй үйлдэлд 5 харилцагчийг иргэн Б.Дариймаад зуучилж, харилцагч нарт нийт 23 600 000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн шинжтэй үйлдэл гаргасан нь Тны Ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.2-т заасныг зөрчиж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болох 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.17, 7.4.21, 7.4.35 дахь заалтуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасанг банкны хяналт шалгалтаар тогтоогдсон болно. Гэтэл дээрх зөрчлүүдийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч Ц.Гийг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна” “Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдий ч Ц.Гийг гаргасан гэх зөрчил нь уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь тус тус үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн харилцагч нарыг “Түрээсийн орон сууцанд хамруулна” гэж бусдад зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил болно. Нэхэмжлэгч нь Тны холбогдох журмуудыг зөрчсөн, ноцтой зөрчил гаргасан талаарх тайлан, Хаан банк, Тны дансны хуулга, харилцагч нарын Ц.Гийн зуучилсантай холбоотой хохирол учирсан талаар гаргаж өгсөн тайлбар болон “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамруулж өгнө гэж зуучлуулсан харилцагч Б.Ц Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрч, хохирогчоор чөлөөлөх ноцтой шалтгаан эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг дагуу бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хариуцагч татгалзлаа нотлох үүднээс нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргасан байтал тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай нотлох баримтыг анхан шатны шүүхээс үгүйсгэж байгаа нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дүгнэлт өгч шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч харилцагч нартай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэдгийг удаа дараа тайлбараараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, зөрчил гаргаагүй талаар нотлох баримтаар нотолж чадаагүй болно. Нэхэмжлэгч Ц.Г нь тооцооны төвийн ахлах теллер ажилладаг байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д хамаарах ажил үүргийг гүйцэтгэдэг болно. Түүний дээрх гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь холбогдох шалгалтын тайлан болон баримтуудаар тогтоогдож байгаа болно. Хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар нотлоогүй байхад нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг салбарын харьяа Барс тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч “Т” ХХК нь ажилтан Ц.Гийг ажлаас халахдаа ...нэхэмжлэгч 127 харилцагчийн дансны төлөв өөрчлөх гүйлгээг хийсэн, ажлын бус цагаар 214 500 000 төгрөгийн зээл олгосон, ажлын байрны давуу байдлаа ашиглаж түрээсийн сууцанд хамруулж өгнө гэж 5 харилцагчид 23 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заалтуудыг баримталсан байна. /1хх.7/

Зохигчид ажил олгогчийн ажлаас халсан тушаалд заасан дээрх үндэслэлийн талаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалттай нийцээгүй.

Тухайлбал, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эгийн ...нэхэмжлэгч Ц.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл болсон үйл баримтын талаар Б.Б, Б.Ц нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. /1хх.137/

Мөн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2021/02108 тоот захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн иргэн Ж.Т, Б.Д нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа гэрч Б.Дгаас гэрчийн мэдүүлэг аваагүй, /1хх.219-222/

2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2021/04427 тоот захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бийн хүсэлтийг үндэслэн Б.Дг албадан ирүүлэх захирамж гарсан байгаа боловч гэрийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр тус захирамж биелэгдээгүй байна. /2хх.27-29/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан бөгөөд шүүх тодорхойлолт гаргасан Б.Ц, Б.Б нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг авах журамд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа нөхөн гүйцээж хийх эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/01661 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 212 787 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                                    

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.МӨНХЗУЛ

 

                                                    ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

 

          Ц.ИЧИНХОРЛОО