Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

 

 

 

         2024           01            03                                    2024/ДШМ/40

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

хохирогч С.Э-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч А.Ариунтуул,  

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2309018391809 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч С.Э-г хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж, хохирогч С.Э- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоож шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. 6 дугаар сарын 06-ны өглөө салхинд гарангаа хулсны хальс түүх гээд зам дагаад явж байхад хашааны хаалга нь онгорхой байсан хашаагаар гэнэт нэг том нохой давхиж гарч ирээд нүүр, нүд рүү дайрсан. Зүүн талын суганаас хазсан. Ноолууран цамцнаас татсан, махыг нь тасдаад хаячихсан байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1-т Гэмтлийн зэргийг “хүнд”, “хүндэвтэр”, “хөнгөн” гэсэн ангиллаар тогтоох ба дараах үндсэн шалгуур шинжийг баримтална. Үүнд: амь насанд аюултай эсэх, эрүүл мэнд сарниулсан хугацаа, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт гэжээ.

Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн хохирогч С.Э-гийн биед хүндэвтэр хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” гуравдугаар зэрэглэлд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг 9-15 хувь буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэжээ. Иймд сэтгэцэд учирсан гэм хорын  хохирол 540.000*13=7.020.000 төгрөгийг гаргуулмаар байна. Орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагаврыг үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний бодит хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч С.Э-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч С.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлын шаардлагыг дэмжиж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. Учир нь, тухайн нохойг Ц.Б-гийн тэжээдэг нохой гэж батлах баримт хэрэгт авагдаагүй ба нохойны эзэмшигчийг тогтоосон эсэхэд эргэлзээ төрж байна. Ц.Б- хүүхдүүдийнхээ хашаа, байшинг харж байсан гэдэг. Мөн шинжээчийн дүгнэлтэд миний үйлчлүүлэгчийн 5 хавирга хугарсан талаар дурдагдсан. Гэтэл дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарах байтал “хүндэвтэр” гэмтэл гэж тогтоосон. Тухайн үед миний үйлчлүүлэгч өмгөөлөгчгүй байсан учир энэ асуудал ямар нэг маргаангүйгээр шүүхийн шатанд шийдвэрлэгдсэн. Мөн анхан шатны шүүх 1.000.000 төгрөг буюу хохирлыг бүрэн төлсөн гэж үзээд шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хохирогч өмнө зах дээр ажилладаг байсан ба гэмтлийн улмаас цаашид ажиллах боломжгүй болж одоо хүний асаргаанд байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг тогтоосон байгаа. Үүний дагуу хохирлоо нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар тогтоол, шийдвэрээс гадна хууль нь батлагдсан байхад гэм хорын хохирлыг гаргуулалгүй, хэргийг нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч А.Ариунтуул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад хохирогч С.Э- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Мөн миний үйлчлүүлэгч баримтын хүрээнд бодит гарсан хохирлыг төлсөн бөгөөд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, удаа дараа эмчилгээнд хамт авч явсан байдаг. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй ба нохойны эзэмшигч эсэх дээрээ маргаагүй. Нохойг гөлөг байхаас нь тэжээсэн талаар гэрчийн мэдүүлэг авагдсан байгаа. Давж заалдах гомдолд сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах талаар дурдсан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл болон Хууль зүй дотоод хэргийн яамны сайд болон Эрүүл мэндийн яамны сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалд тухайлан заасан гэмт хэргийн хохирогчид дүгнэлт гаргахаар заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг ороогүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шатанд хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд төлбөр төлсөн, эмчилгээнд зориулж мөнгө өгсөн гэж тайлбарлаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт хохирол төлөгдөх хуулийн боломжит заалтуудыг тусгасан гэж үзэж байна. Мөн нохойны эзэмшигчийн талаар хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч С.Э-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Б- нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу гэрийн тэжээмэл нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч С.Э-г урж /хазаж/ түүний эрүүл мэндэд нь зүүн хавирганы 4-8 дугаар хугарал, дагз, зүүн суга, даланд шарх, зүүн дал, суга, хөх, зүүн бугалга, тохой, шуунд цус хуралт, зүүн бугалга, шуу, зүүн даланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Э-гийн “...би тэр өдөр уулнаас гал ноцоох хушны хальс авахаар 10 цагийн үед явж байхад гэнэт нэг төвд банхар хашааны хаалгаар гарч ирээд над руу шууд дайрч зүүн суганаас сэгсэрсэн. Би 3 удаа “нохойгоо аваач” гээд орилоход нэг өвгөн гарч ирээд нохойныхоо нуруу руу модоор цохиж арай гэж салгасан. Нохойны эзэн эмгэн хүүхэдтэйгээ ирж намайг эмнэлэгт үзүүлж, эм авч өгсөн. 200.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /хх 22-26/,

 

гэрч Г.Б-ын “...тэр өдөр би гадаа амбаартаа юм хийж байсан. Нохойгоо уясан гэж бодсон ч муу уясанаас болж тайлагдаж, хүүхдүүд гарахдаа хашааны хаалга онгорхой орхисноос болж хашааны гадаа нохой гарчихсан хүн урж байхыг хараад очсон. Намайг очиход хохирогч эвхрээд газар уначихсан, нохой дээр нь гарчихсан байсан. Яг хазаж байхыг харж чадаагүй. Би орилоод очиход нохой гүйгээд хашаандаа орчихсон. Манай эхнэр Б- багаас нь тэжээсэн нохой юм. ...” /хх 28/,

 

Ц.Б-гийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой санал нийлж байна. ...” /хх 6/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...С.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7469 дугаартай дүгнэлт /хх 32-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Б- ямар гэм буруутай, түүний үйлдэл /эс үйлдэхүй/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Б-гийн орчиндоо аюул учруулж болох амьтан буюу гэрийн тэжээмэл нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч С.Э-г урж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний өндөр настай хувийн байдал болон хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэлгүй байна.

 

Хохирогч С.Э- “...сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 7.020.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцсон, шүүгдэгч нь 1.651.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийж,  тооцоолох боломжгүй цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэсэн заалтад нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Э-гийн  сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 7.200.000 төгрөг гаргуулах давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1080 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

            ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН