| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0480/З |
| Дугаар | 128/ШШ2025/0641 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2025/0641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: "Л******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын хооронд үүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, Х.О*******, Э.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Л******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,835,210,841 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л******* ХХК-иас төлсөн 25,835,210,841 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л******* ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1.1. Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-иар онцгой албан татвар ногдуулах бараанд газрын тосны үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүн болох хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилат болон керосиныг хамааруулж, 1 тонн тутамд 285,000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар өөрчлөлт оруулж 2021 оны 08 дугаар 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлжээ.
2.1.2. Уг хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 2 жил орчмын хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд "Л*******" ХХК нь дээр дурдсан татварт нийт 25,835 210 841 төгрөг төлсөн байна. Уг татварыг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн нийт 92 удаагийн нэхэмжлэлийн дагуу холбогдох дансанд шилжүүлсэн.
2.1.3. Нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №04 дугаартай дүгнэлтээрээ Онцгой албан татварын хуулийн зарим заалт үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон бөгөөд энэ өдрөөс эхлэн хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн, өөрөөр хэлбэл "Л*******" ХХК нь Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу онцгой албан татвар төлж байсан байна.
2.1.4. Улмаар Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авснаар холбогдох хууль тогтоомж хүчингүй болсон.
2.1.5. "Л*******" ХХК нь төлж байсан татварыг буцаан авах эсхүл суутган тооцуулах талаар тухайн үед (онцгой албан татвар төлж байх үед) шууд харилцаж байсан Гаалийн ерөнхий газарт хандсан боловч асуудлыг шийдвэрлэхгүй байх, үндэслэлгүйгээр татгалзах зэрэг захиргааны акт (үйлдэл эс үйлдэхүй) гаргаж байсан тул шүүхэд хандсан.
2.1.6. Шүүхээс уг асуудлаар захирамж гаргаж урьдчилан шийдвэрлэх боломжтой үзсэний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 98 дугаар албан бичгээр Сангийн яаманд, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт тус тус хандсан боловч Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/4264, Гаалийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 096-ний өдрийн 01-1,2/1932 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
2.1.7. Тус шүүх 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Л******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсрын бүтээгдэхүүнд Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхүүд нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх нэхэмжлэхийн илүү төлсөн 23,486,555,310 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлсөн 2,835,210,841 төгрөг, нийт 25,835,210,841 төгрөгийн буцаан олголтыг хийхийг Гаалийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагаар Гаалийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Л******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсрын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 25,835,210,841 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л******* ХХК-иас төлсөн 25,835,210,841 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л******* ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгах гэж тодруулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим байна гэж заасан ба Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн аливаа хууль, бусад эрх зүйн баримт бичиг агуулгын хувьд "анхнаасаа үйлчлэлгүй" буюу хүчин төгөлдөр бус байх тул түүнд үндэслэж гаргасан захиргааны аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь мөн "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий" байхыг шаардлагыг хангахгүй, иймд тухайн татварыг төлөх үндэслэл байгаагүй болно.
Татвартай холбоотой харилцаанд "шударга байх зарчим" Татварын Ерөнхий хуулийн 5.1.3-т байгаа. Энэ нь зөвхөн хураах харилцаанд бус хууль бусаар эсхүл илүү авсан татварыг буцаан олгох, эсхүл суутган тооцох асуудалд ч хамааралтай. Төр иргэний эрх зүйн харилцаанд бусад этгээдийн нэгэн адил оролцогчийн хувьд Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу авсан татварыг өөртөө ямар нэгэн байдлаар үлдээх нь шударга ёсонд харш юм.
Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хамааралтай. Учир нь хариуцагч Гаалийн ерөнхий газар нь Засгийн газрын агентлаг болохынхоо хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хуулийг биелүүлэх үүрэгтэй атал бидний хууль ёсны итгэлийг хамгаалах талаар арга хэмжээ авахаас цааргалж байгаагийн эсрэг шүүхэд уг асуудлыг тавьж байгаа болно. Бид тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу татвар төлөх үүргээ биелүүлсэн байсан боловч гагцхүү уг хууль нь эдүгээ Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн 49.1.3-т заасан зохицуулалт болно гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Л******* ХХК нь Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу онцгой албан татвар төлж байсан болох нь тогтоогддог. Монгол Улсын Их Хурал 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 52 тоот тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 04 тоот дүгнэлтийг хүлээн авснаар Л******* ХХК-иас тухайн үед төлж байсан татварыг дараа төлөх татварт суутган тооцуулах талаар Гаалийн ерөнхий газарт хандсан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр татгалзаж эс үйлдэхүй гаргасан.
Монгол Улсын татварын ерөнхий хууль нь Гаалийн тухай хууль болон бусад актуудаас бүрдэнэ гэж зааснаар Гаалийн тариф, гаалийн татварын хууль тогтоомж нь Татварын хуулийн нэг хэсэг болж байгаа. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д гаалийн болон бусад татвар ногдуулах гэж, Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрд гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг Төрийн сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан байдаг.
Мөн Сангийн сайдын 309 дүгээр тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.3-т Тухайн төрлийн татварыг буцаан хасах асуудлыг тухайлсан хууль тогтоомжоор нь зохицуулна гэж заасан. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд илүү төлсөн бол дараагийн татварт нь суутган тооцно гэдэг зохицуулалтууд байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Гаалийн байгууллага олон улстай нэгдсэн гэрээ, конвенц, Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилладаг. 2021 онд Онцгой албан татварын тухай хуульд дагалдах бүтээгдэхүүн дээр тонн тутамд 285,000 төгрөгийн онцгой албан татварыг ногдуулж барагдуулна гэдэг заалтыг гаалийн байгууллага хэрэгжүүлж ажилласан.
Гаалийн байгууллага бол ерөнхийдөө олон улсад дагаж мөрдөх конвенцийг мөрдөж ажилладаг. Конвенц дээр илүү төлөлт гэдэг ойлголтыг өөрөөр тайлбарласан байдаг. Ямар тохиолдолд илүү төлөлт гэж үзэх вэ гэвэл гаалийн үнийг буруу тооцсоноос болж гаалийн татварыг илүү ногдуулж, барагдуулсан тохиолдолд барааны тоо хэмжээ зөрөөтэй тохиолдолд ногдуулсан илүү төлөлт гээд энэ илүү төлөлт гэдэг ойлголтуудыг бол ерөнхийдөө конвенц, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хууль дээр мөн адил заасан байдаг.
Нэхэмжлээд байгаа 25 тэрбум төгрөгийг илүү төлөлт гэж үзэх үү, үзэхгүй юү гэдгийг шүүх тунгааж бодоорой. Цэцийн шийдвэр бол Улсын Их Хурал хүлээж авсан тохиолдолд хуулийг буцааж хэрэглэх асуудал тодорхойгүй байгаа. Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар өмнө нь гарсан иргэн, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг барагдуулах тухай тодорхой зохицуулалт байхгүй.
Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрүүд, цэц хүчингүй болгосон хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор, хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу хянаж болно гэж заасан байдаг.
Л******* ХХК-ийн нэхэмжилсэн зүйл Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд хамаарагдахгүй асуудал байгаа учраас боломжгүй гэдэг үндэслэлээр хариу тайлбар өгсөн байгаа. Илүү төлөлт гэдэг ойлголт нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, конвенц, Татварын ерөнхий хууль дээр ч тодорхой биш. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу ногдуулсан онцгой албан татварыг төлснөөрөө энэ нь илүү төлөлт мөн юм уу, биш юм уу гэдэг нь тодорхой биш байгаа.
Татварын ерөнхий хуульд илүү төлөлтийг буцаах асуудлыг тусгайлсан журмаар зохицуулаад Сангийн сайдын журам гарч илүү төлөлтийн асуудлыг Төрийн сангийн татварын ерөнхий газрын Бодлого зохицуулалтын газар, татварын ерөнхий газарт даалгасан, Гаалийн ерөнхий газарт даалгасан заалт байхгүй. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дотор хүчин төгөлдөр болно. Онцгой албан татвар ногдуулсан хууль хүчин төгөлдөр болонгуут гаалийн байгууллага хүчин төгөлдөр хуулийн дагуу татвараа авсан. Гаалийн байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Хуульд заасан татварыг авсан болохоос илүү төлөөгүй, хуулийн үндэслэлийн дагуу одоо татвар төлөхгүй байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол улсын Үндсэн хуулийн цэц 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээрээ Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоосныг Монгол Улсын Их хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор уг дүгнэлтийг хүлээн авснаар холбогдох хууль хүчингүй болсон...нь агуулгын хувьд анхнаасаа үйлчлэлгүй тул татвар төлөх үндэслэл байгаагүй гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас, ...субъектив эрхийн хувьд маргаж буй захиргааны шийдвэрийн үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байж болзошгүй шалтгаант холбоотой байх учиртай тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн хууль хүчин төгөлдөр байх хугацаанд нэгэнт төлсөн татвар тул буцаах болон илүү төлсөн татвар гэж үзэхгүй, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар зохицуулагдана гэж тус тус маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
3.Монгол Улсын Их хурал 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль-иар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, Тайлбар: Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно", 1тн тутамд 285000 төгрөгийн татвар ногдуулна гэж тогтоосон байна.
4.Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн 1 дэх заалтаар Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5 дахь заалтад "газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин." гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 6 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн", 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 10 дахь заалтад "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, 1 тонн, 285 000 төгрөг" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... тэгш байдал... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэснийг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт гаргасан.
5. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх ба ингэснээр Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан дээрхи хууль хүчингүй болжээ.
6. Нэхэмжлэгч Л******* ХХК нь дээр дурдсан Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль-ийн заалтын дагуу 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн 23,486,555,310 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2,835,210,841 төгрөг, нийт 25,835,210,841 төгрөгийн татвар төлсөн болох нь хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.
7. Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1-д Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэж, 2711.1.7-д гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах гэж зааснаар нэхэмжлэгчээс татвараа суутган тооцуулахаар 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хандаж хүсэлт гаргасныг хариуцагч захиргаа зохих журмын дагуу шийдвэрлээгүй, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хүчингүй болсон хуулийн дагуу төлсөн илүү төлөлтийг хуулиар зохицуулаагүй, энэ тохиолдолд татварыг буцаан олгох ямар ч хуулийн зохицуулалт байхгүй гэх тайлбар хууль зүй үндэслэлгүй. Учир нь:
8. Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ гэж, Гаалийн тухай хуулийн 2691.1-д Гаалийн байгууллага дараахь үндсэн үүргийг гүйцэтгэнэ гэж, мөн зүйлийн 2691.1.3-д гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Гаалийн байгууллага нь гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно, 43.2-т Гаалийн байгууллага илүү төлөгдсөн гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно,
43.2.3-д гаалийн болон бусад татварыг илүү төлсөн, эсхүл илүү ногдуулсан бусад тохиолдолд гэж тус тус заасан.
9. Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч Гаалийн ерөнхий газар нь импортоор орж ирж байгаа бараанд татвар ногдуулж, орлогыг төрийн санд шилжүүлэх, илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэйг хариуцагч гаалийн байгууллагад хуулиар тухайлан тогтоож олгосон байна.
10. Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж зааснаар Үндсэн хууль зөрчсөн Онцгой албан татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчид ногдуулсан 23,486,555,310 төгрөгийн онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын 2,835,210,841 төгрөг, нийт 25,835,210,841 нь хариуцагчийн хувьд нэхэмжлэх ёсгүй байсан татвар, нэхэмжлэгчийн хувьд төлөх ёсгүй татвар байх ба нэгэнт төлөх ёсгүй татварыг төлсний хувьд нэхэмжлэгчийн тухайд итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гэж, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах. Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй. гэж тус тус заасан ба нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн гаалийн албан татварын, тэр дундаа онцгой албан татварын харилцаа дуусаагүй цаашид үргэлжлэхээр байгаа, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн, тухайн үр дагавар нь хуулийн дагуу үүсээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эдгээр нөхцөл байдалд нэхэмжлэгчийн итгэл зайлшгүй хамгаалагдахаар байна.
12. Хэдийгээр Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу төлсөн татварыг буцаан олгох зохицуулалт Гаалийн ерөнхий хуульд байхгүй боловч энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.
13. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Татвар төлөгч дараах эрх эдэлнэ: гэж, 12.1.4.-т илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах; мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ гэж, 49.1.3.-т татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох гэж тус тус заасан тул Татварын ерөнхий хуулийн эдгээр заалтуудыг баримтлан нэхэмжлэгч компанийн дараагийн хугацаанд төлөх онцгой албан татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
14. Хариуцагчаас, Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн хуульд нийцээгүй хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр, түүнчлэн өмнөх шийдвэрүүд, цэц хүчингүй болгосон хууль, зарлиг, шийдвэр, гэрээний улмаас учирсан хор, хохирол болон бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх шууд үндэслэл болохгүй. Гагцхүү Эрүүгийн хууль, эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу хянаж болно гэж заасныг иш татан маргаж байх боловч мөн зүйлийн 2-т Үндсэн хуульд нийцээгүй хууль...-ийн улмаас...учирсан хор хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль, зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан буюу гэрээ байгуулж соёрхон баталсан байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу тухайн үед нь хянан шийдвэрлэнэ гэж заасан тул шүүх тухайн маргааныг хянан үзэж дээр дурдсан үндэслэлүүдээр энэхүү шийдвэрийг гаргав.
15. Иймд нэхэмжлэгч Л******* ХХК-ийн, 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 удаагийн онцгой албан татварын нэхэмжлэхийн дагуу төлсөн 23,486,555,310 төгрөгийн онцгой албан татвар, 2,835,210,841 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 25,835,210,841 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 25,835,210,841 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л******* ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4., 49 дүгээр зүйлийн 49.1.3., Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л******* ХХК-ийн 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 92 гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн газрын тосны завсарын бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулсан нэхэмжлэхийн дагуу төлсөн нийт 25,835,210,841 төгрөгийг суутган тооцоогүй Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л******* ХХК-иас татварт төлсөн 25,835,210,841 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.3-т заасны дагуу Л******* ХХК-ийн дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН