Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/436

 

 

 

 

 

 

  2024            4              16                                       2024/ДШМ/436

 

 

                                            Ц.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн өмгөөлөгч Д.Э,

шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч Ц.Г,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ж-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Ж нь ......... дугаар хороо, Авто цахилгаан засварын зүүн замд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03 цаг 05 минутын орчим ....... загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Б-ыг дайрч амь нь нас хохирсон,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Ж-өөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийн 5 настай хүү Ж.А, 2 настай охин Ж.М нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар дурдсан байх боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг тусгаж өгөөгүй. Мөн торгох ялыг биелүүлээгүй бол 1 хоногийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. …” гэв.

Шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч Ц.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн эхнэр төрөх гэж байгаа гэсэн асуудал огт яригдаагүй. Шүүгдэгчийн эхнэр төрөөгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.О-ийг тогтоосон нь үндэслэлгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь амь хохирогчийг оршуулж чадахгүй гэж орхиод явж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийг бид 40 хоногийн хугацаанд мөрдөгчийн хамт хайсан. Тэрээр “ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж илэрхийлдэг. Шүүгдэгч Ц.Ж нь холын хараа муутай /-1.5/ бөгөөд тухайн өдөр харааны шилээ зүүгээгүй байсан. Тэрээр тээврийн хэрэгслээрээ бялуу зөөдөг байсан тул нарны гэрлээс хамгаалахын тулд урд талын цонхондоо тень наалгасан байсан. Үүний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал байгаа. Тухайн үед шүүгдэгч Ц.Ж хүн дайрснаа мэдээгүй бөгөөд “хөндлөн хар юм байсан. Би дугуйны попрошик гэж бодсон” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хасна гэж байгаа. Гэтэл прокурор шүүгчийн асуусан асуултад “3-5 жил хасна” гэж хариулж байгаа нь зохисгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Миний үйлчлүүлэгч Ц.Ж нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлтийг үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд амь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Ж 2-4 насны бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд одоогийн байдлаар эхнэр нь жирэмсэн байгаа. Мөн тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлдэг. Прокурорын зүгээс “шүүгдэгч анхан шатны шүүхийн шатанд хохирол төлбөр төлөх санаачилга гаргаагүй” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийг энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Ж-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 2 жилийн хорих ялын багасгаж, эсхүл түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Хэрэв  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн өмгөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь анхнаасаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж илэрхийлсэн атлаа сүүлд нь өмгөөлөгч аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирсэн юм бэ” гэсэн асуудал ярьдаг. Тухайн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн нөхөр нь хорт хавдрын оноштой байсан тул сэтгэл санааны байдал нь маш хүнд байсан. Гэмт хэрэг гарсны дараа шүүгдэгч Ц.Ж-тэй уулзахад шүүгдэгчийн нөхцөл байдал маш хүнд харагдаж байсан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О өөрийнх нь хүү шиг хүн байна гэж бодоод “миний дүү тайван байгаарай. Эгч нь ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Гомдол санал гаргахгүй” гэж хэлж байсан. Амь хохирогчийг улсаас оршуулсанд бидний зүгээс ямар нэгэн маргах зүйлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс нэг ч төгрөг нэхэмжлээгүй. Хамгийн гол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О шүүгдэгчийг “хүний амь нас хохироочхоод өнөөдрийг хүртэл ирж уулзаж, уучлалт гуйгаагүй” гэж гомддог. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө миний бие шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г-тэй холбогдож “Ц.Ж очиж уулзаагүй юм уу” гэж болсон нөхцөл байдлын талаар тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч утсаар ярьж 20.000.000 төгрөг нэхэмжилсэн” гэж тайлбарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уулчлалт гуйх байхдаа гэж харж байсан боловч тэрээр огт уучлалт гуйгаагүй. Хэдийгээр өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй боловч шүүгдэгчийн өмгөөлөгч “миний үйлчлүүлэгч хараа муутай байсан бөгөөд тухайн үед харааны шилээ зүүгээгүй явж байсан” гэж тайлбарлаж байгаа нь зохимжгүй юм. Үнэхээр шүүгдэгч хараа муутай байсан бол харанхуй шөнө замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байсан эсэх асуудал байна. Мөн хараа муутай атлаа тээврийн хэрэгслийнхээ урд талын цонхонд тень наалгуулсан байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч ямар нэгэн зүйл мөргөж, дайрсан бол тээврийн хэрэгслээ зогсоож харах үүрэгтэй атал шууд зугтаасан. Дээрх нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй холбогдоход “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ” гэж хэлж байсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ж нь ............. дүүргийн .............. дугаар хороо, Авто цахилгаан засварын зүүн замд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03 цаг 05 минутын орчим ................... загварын ........................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Б-ыг дайрч амь нь нас хохирсон,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолооны үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О-ийн “...Ж.Б гэдэг ахыг тэр айл бас өргөж авсан байсан учир бид 2 өөр өөр айлаас өргүүлж очсон ах дүүс юм. 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагаас надад хэлж би мэдсэн. Ослын талаар би сайн мэдэхгүй байна. ...” /1хх 21/,

гэрч С.С-ын “...Би Ж.Б-ыг танина. Одоо бол надад ямар ч хамааралгүй хүн. Уг нь бол бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй, тэр хүүхэд С маань 2004 онд нас барчихсан. Харин С нь Ж.Б-тай ямар ч цусан төрлийн хамаарал байхгүй зүгээр л овоглодог юм. Б гэх хүнийг ч танихгүй, одоо энэ асуудлаар би хүүхдээ С-ыг оролцуулаад баймааргүй байна. ...Тухайн хэргийн хувьд надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 28-29, 203/,

иргэний хариуцагч У.Ш-ын “...Ослын талаар мэдэхгүй, цуг байгаагүй, Ц.Ж нь манай байгууллагад борлуулагчаар ажиллаж байсан, борлуулалт хийж дуусаад оройтвол гэр лүүгээ унаж харьж байгаарай гэж хэлсэн. Бусдад учирсан хохирлыг буруутай этгээд төлж барагдуулна. Ослын улмаас машинд эвдрэл гэмтэл учраагүй. ...” /1хх 32/,

яллагдагч Ц.Ж-ийн “...Би гэм буруу дээрээ маргахгүй, маш их гэмшиж байна. ...” /1хх 100/ гэх мэдүүлгүүд,

 “...Талийгаачийн цогцост зулайн хуйхны язарсан шарх, бага, тархины аалзан хальсан доорх цус харвалт, эрүү яс, өвчүү зүүн эгэм, цээжний 2 талын олон хавирганы хугарал, хавирганы булчингийн цус хуралт, сээрний 3 дугаар нугалмын үйрч бяцарсан хугарал, голын зөөлөн эдийн цус хуралт, баруун уушгины урагдал, няцрал, үнхэлцэг хальс, баруун бөөрний өөхөн эслэг, ходоодны их махиа дагасан өөхөн эслэгт цус хуралт, элэгний урагдал няцрал, баруун шаант тахилзуур ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины язарсан шарх, нүүр, хүзүү, цээж, хэвлий, мөчдийн олон тооны зулгаралт, цээж, зүүн тохойн цус гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ. Гэмтлүүдийн байрлалаас харахад босоо байрлалд мөргөгдөөд, унасан үед нь автомашины дугуйгаар дайрагдсан байх боломжтой байна. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. 2023.07.04-ний 04 цаг 30 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр талийгч нас бараад 3-5 цаг болсон байна. Талийгаач нь 4 дүгээр бүлгийн цустай байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 1832 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 61-67/,

“...Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн доод хэсгээс цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээний үр дүнгээр тээврийн хэрэгслээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ж.Б-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3054 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 77-80/,

дуудлагын лавлагааны хуудас /1хх 2/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 9-13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-16/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 18/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 39679877 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 36-43/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 105-110/, химийн шинжилгээний 5357 дугаар хариу /1хх 71-74/, мөрдөгчийн магадалгаа /1хх 88/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Ж-ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Ц.Ж-ийг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03 цаг 05 минутын орчим ..................... загварын ...................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 12.2 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Б-ыг дайрч амь нь нас хохирсон, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 а, б, г гэсэн заалтуудыг зөрчин осол хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч Ц.Г “...Ц.Ж-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгах, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна шүүгдэгч Ц.Ж-д тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, хуульд заасан хэмжээний дотор буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон ба ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй. 

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул хорих ялыг хөнгөрүүлэх эсхүл өөр төрлийн ялаар солихыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. …” гэсэн өөрчлөлтийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр оруулжээ.

Дээрх гэмт хэрэг 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн ба шүүх, шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй нь хуулийг нэг мөр зөв хэрэглэх агуулгыг зөрчсөн байна.

Шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар дурдсан байх боловч нэмэгдэл ялын хэрэгжилтийг хэдий үеэс эхэлж тоолохыг болон торгох ялыг биелүүлээгүй бол нэг хоногийн арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах ялын хугацааг нь тоолсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж шийдвэрлэв.

Харин шүүх, шүүгдэгч Ц.Ж-ийн бага насны хоёр хүүхдэд ямар үндэслэлээр асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг засаг даргад даалгасан дүгнэлтээ бичээгүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгч нарын шүүгдэгчийн эхнэр нь жирэмсэн, бага насны 2 хүүхэд асрахад хүндрэлтэй байдлыг харгалзан үзсэн гэх тайлбарыг үндэслэн энэ заалтыг хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу бичсэн алдааг буюу  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дэх хэсэгт...” гэснийг “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг гэж, мөн заалтын “...” гэснийг “...” болгон тус тус зөвтгөж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ж-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Иймд шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон 2, 9 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/131 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “Шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг Шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.” гэж,

9 дэх заалтын “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дэх хэсэгт...” гэснийг “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг...” гэж, “...” гэснийг “...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах ялын хугацааг нь тоолсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ж-ийн өмгөөлөгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ