Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Г.М, 

Шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Ө-т холбогдох эрүүгийн 1720001630028 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эмэгтэй, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Уул уурхайн электро баазын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М.Ө,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хил буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор лицензийн зөвшөөрөлгүйгээр 750 ширхэг дуслын тариурыг 44-98 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч М.Ө мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Замын-Үүд сумын иргэн найз П.П-н 44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг унаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос хүн, ачаа тээвэрлэхээр гараад Эрээн хотын “Минзу” зогсоол дээр 15 цагийн үед зогсож байгаад үл таних Өвөр Монгол залуугаас хайрцагтай дуслын тариурыг 1 хайрцагийг нь 30 юаниар 2 хайрцаг дуслын тариурыг 60 юаниар бодож авсан. Тухайн үед Өвөр Монгол залуу Замын-Үүд сумруу ороод дугаарын утас руу залгахад хүлээн авна гэж хэлсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байхад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын хилээр гараад Замын-Үүд сумын хилийн боомтоор гарахаар явж байгаад Гааль дээр ирээд шалгуулахад гаалийн байцаагч “юу ачсан юм бэ” гэж асуухаар нь би “хүний бараа, хэдэн хайрцаг жимс байгаа” гэж хэлэхэд гаалийн байцаагч миний машиныг шалгах үед “энэ хоёр хайрцагтай зүйл юу юм бэ” гэж асуухад “дуслын тариур” гэж хэлэхэд гаалийн байцаагч намайг үнэн зөв мэдүүлэхгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь Эрээний хил шалгаад хураадаг гэхээр нь би нуусан байсан...Надад ямар нэгэн хүн Эрээн хотоос Замын-Үүд сум руу оруулж ирэхээр захиалаагүй, мөнгө олох зорилготой ачсан. Тухайн барааг оруулж болохгүй гэж би мэдээгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр импортын чиглэлийн суудлын автомашин шалгах хэсэгт улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 40 минутын орчим 44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад хүн, эмнэлгийн дуслын тариур 750 ширхэг гарч ирсэн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан М.Ө гэх хүнээс тусгай зөвшөөрлийн бичиг баримт байгаа талаар асуухад байхгүй гэж хариулсан. Тэгээд тусгай зөвшөөрлийн бичиг баримт байхгүй байсан учир тухайн бараа тээврийн хэрэгслийг саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд хүн эмнэлэгийн хэрэгслийг импортоор оруулахад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж, ахуй нэгж, лицензийн зөвшөөрөлтэй оруулж ирдэг. Тухайн иргэн 750 ширхэг дуслын тариурыг ямар нэг зөвшөөрөлгүй оруулж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,

- Иргэний нэхэмжлэгч П.П мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн тээврийн хэрэгслийг 2013 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэнээс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хүний нэрийг нь сайн санахгүй байна. Одоо тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа би Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд хүн ачаа тээвэр хийдэг. Хааяа манай найз М.Ө гуйж Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот хооронд хүн ачаа тээвэр хийдэг. Машинаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Тээврийн хэрэгсэл барьж явж байсан М.Ө-с ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай 44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг 500,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 48/,

- Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн 1244 тоот сорилын дүнгээр дуслын тариур /дуслын систем/ гэх эд зүйл нь сав баглаа боодол, хаяг шошгын байдал 1 ширхэгээр савласан. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр 2017.08.31, хадгалах хугацаа 3 жил. Лабораторийн шинжилгээгээр ариун чанар нянгийн ургалтгүй байна. Энэ нь шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд Монгол Улсад мөрдөгдөж буй MNS ISO 5483:2013 стандартын шаардлагыг хангаж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-24/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 750 ширхэг дуслын тариурт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-45/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 46/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-52, 54, 56/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор лицензийн зөвшөөрөлгүйгээр 750 ширхэг дуслын тариурыг 44-98 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан бараан дундаа нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.Ө-г  2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 750 ширхэг дуслын тариурын 44-98 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Ө нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын хилээр лицензийн зөвшөөрөлгүйгээр 750 ширхэг дуслын тариур болох хязгаарласан барааг 44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар хил нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.Х “...44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад хүн, эмнэлгийн дуслын тариур 750 ширхэг гарч ирсэн... М.Ө гэх хүнээс тусгай зөвшөөрлийн бичиг баримт байгаа талаар асуухад байхгүй гэж хариулсан... Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд хүн эмнэлэгийн хэрэгслийг импортоор оруулахад Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж, ахуй нэгж, лицензийн зөвшөөрөлтэй оруулж ирдэг...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ө-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 750 ширхэг дуслын тариур нь шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсад мөрдөгдөж буй MNS ISO 5483:2013 стандартын шаардлагыг хангасан гэсэн байх тул улсын орлого болгохоор Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч М.Ө-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч П.П-н өмчлөлийнх тул Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг П.П-д олгож, шүүгдэгч М.Ө нь гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Ө-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Ө-т оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Ө нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 750 ширхэг дуслын тариурыг улсын орлого болгуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 44-98 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч П.П-д олгож, шүүгдэгч М.Ө-с тээврийн хэрэгслийн үнэ болох 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Б.Н