| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0366/З |
| Дугаар | 128/ШШ2025/0644 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0644
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч бөгөөд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХК /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга нарын хоорондын Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын НХОГ/-20 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах, хариуцагчаас Х ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-иас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын НХОГ/-20 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн, Х ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
2. Нийслэлийн Засаг даргын тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болон ХХК, Ж ХХК-иудын түншлэл нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр НХОГ-20 дугаар Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо)-ын Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Гүйцэтгэгч нь Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо)-ын зураг төслийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхэлж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр магадлалаар оруулж баталгаажуулан хүлээлгэн өгч, барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар тохиролцжээ.
3. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* дугаар албан бичгээр "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНΘΑΑΤΥΓ-т Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Бага Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) ажлын гүйцэтгэгч А ХХК болон Ж ХХК-ийн түншлэлийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээг танай байгууллагын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлийг үндэслэн цуцалж байгаа-г мэдэгдэн, хувийг "А ХХК болон "Ж" ХХК-ийн түншлэлд хүргүүлсэн,
4. ХХК-иас Нийслэлийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/203 дугаар албан бичгээр ...нөхцөл байдлыг харгалзан үзэж манай гэрээг сунгаж ажлыг цааш гүйцэтгэх боломж олгож өгнө үү гэх хүсэлт, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/02 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт дахин ...гэрээг сунгаж өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэх тайлбарыг тус тус хүргүүлжээ.
5. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03/1618 дугаар албан бичгээр ...Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо)" төсөл, арга хэмжээний танай байгууллагатай байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд танай байгууллага нь захиалагчийн хяналтын байгууллагаас ажил эрчимжүүлэх талаар удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, ажил зогссон тул гэрээний ерөнхий нөхцөлийн 9.1 дүгээр хэсэг болон 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээ цуцлах тухай сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлын гэрээг цуцалсан.
Дээрх төсөл, арга хэмжээний үлдэгдэл ажилд худалдан авах ажиллагаа зохион байгуулахаар "Эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/103 дугаар захирамж гарч, гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагаа явагдаж байна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч нь ажлаа гэрээт хугацаанд гүйцэтгэхгүй байгаагаас шалтгаалж хөрөнгө оруулалтын ажлууд хэрэгжих боломжгүй болох, санхүүжилт буцаан татагдах, төсөвт өртөг нэмэгдэх, мөн нийгмийн хэрэгцээ шаардлага хангагдахгүй байх зэрэг олон сөрөг үр дагавар үүсч байна. Иймд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-20 дугаартай гэрээг сунгах боломжгүй гэж мэдэгджээ.
6. Нэхэмжлэгчээс тус шүүхэд нэхэмжлэл гарган, түүний үндэслэлээ: Р ХХК нь Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан. Манай компани 2017 оны 05 сарын 15-ны өдөр СХД-ийн 26-р хороон дахь Бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэх 61/17 тоот туслан гүйцэтгэх гэрээг Р ХХК-тай байгуулсан. Ингээд Засгийн газрын тогтоол гарч манай компанитай шууд гэрээ байгуул гэсэн/ 2022 оныы 08-р сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай НХОГ-20 дугаартай 4,376,600,000 /Дөрвөн тэрбум гурван зуун далан зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийн төсөвт өртөгтэй. барилга угсралтын гэрээг манай компанитай байгуулсан. /Олон жил зогссон барилга тул төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдолд гэрээг шинэчилсэн үнийн дүнгээр байгуулахаар харилцан тохиролцсон юм/
2024 оны 09 сарын 23-ны өдөр СХД-ийн 26-р хороон дахь Бага сургууль, цэцэрлэгийн барилгын явцын тухай хуралдсан. Хурлаар 2024 оны 09 сарын 10-ны дотор 415,000,000/Дөрвөн зуун арван таван сая/ төгрөгт багтааж ажлыг гүйцэтгэх шаардлага тавьсан. Ажлыг гадна галын цахилгаан болон дизель генератор, КВТ болон шугамын ажлыг татах гэрээг гүйцэтгэхээр 2023 онд гэрээ хийж урьдчилгаа төлбөр шилжүүлсэн байсан. 2024 оны 09 сарын 09-ний өдөр цахилгаан татах ажлыг эхлүүлж КВТ-ээ суурилуулж ажлыг эхлүүлсэн. Гэтэл манай магадлалын дүнгээр батлагдсан гадна цахилгаан болон дулааны ажил дээр тендер зарлаж уг ажлыг цааш явуулах боломжгүй болсон. Одоо баталгаат хөрөнгийн дансанд байгаа 415,000,000/Дөрвөн зуун арван таван сая төгрөгөөс каркас болон барилгын ажлыг явуулахад үнийн санал авахад арматур төмөр 220 ти 484,000,000/Дөрвөн зуун наян дөрвөн сая төгрөг, зуурмаг 700куб 161,000,000 /зуун жаран нэгэн сая/ төгрөг, ажилчдын хөлс 310,000,000 /гурван зуун арван сая/ төгрөг, хэв хавшмал болон дагалдах туслах материалууд 310,000,000 /гурван зуун арван сая/ төгрөг, нийтдээ 1,265,000,000 /нэг тэрбум хоёр зуун жаран таван сая/ төгрөг ажил гүйцэтгэхэд хэмжээний мөнгө хүрэлцэхгүй байсан ч манай компани ажлаа явуулсаар байсан.
Концессын гэрээний нөхцөлд дээрх барилгын гадна талын зураг төсөв байхгүй байсан тул манай компани зураг төсвийг батлуулсан юм. Ингээд барилгын суурийн ажлыг болон дэд бүтцийн ажлуудыг явуулах үед Захиалагчийн өмнөөс иргэн А овогтой Б эзэмшлийн 2018 оны Нийслэлийн захирамжтай 000******* тоот газар эзэмшлийн гэрчилгээтэй, Г******* овогтой А*******ийн эзэмшлийн 000******* тоот газар эзэмшлийн гэрчилгээтэй /Бие төлөөлөгч нь Б.*******/ 260, 261-р газруудтай давхцлын маргаан гарч ирсэн бөгөөд захиалагч талд удаа дараа энэ хүндрэлээ арилгуулахаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Манай компани өнөөдрийг хүртэл газрын маргааныг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад хүсэлт гаргасны дагуу 2025 оны газрын төлөвлөгөөнд дээрх бүтээн байгуулалтын давхцалыг СХД-ийн газрын алба шийдвэрлэхээр болсон.
Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр "Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар"-т 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* тоот "Гэрээ цуцлах тухай" албан бичиг ирсэн.
Энэхүү гэрээ байгуулагдсан боловч улсын төсөвт барилгын төсөв бүрэн дүнгээр тавигдаагүй орхигдсон, мөн манай компани Ковид-19-ийн эдийн засгийн хүндрэлээс өнөөдрийг хүртэл гарч чадахгүй хүндрэлтэй байдалд байсан ч ажлаа үргэлжлүүлсээр байсан.
Хариуцагч тал өөрийн үүргээ гүйцэтгэхийн оронд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) төсөл арга хэмжээ НХОГ-2022-A/948- 9 дугаартай ажлыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулан гүйцэтгэж байхад гэрээ цуцалсанд гомдолтой байна.
Манайх ажил эрчимжүүлэх тухай мэдэгдлийг хүлээн аваад ажлаа явуулах гэсэн боловч техникийн нөхцөлд: бусдын өмчлөлийн 2 айлын газрыг нийслэлээс чөлөөлж өгөөгүй ба ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөн талбайд замын трасстын ус зайлуулах хоолой манай барилгын талбай руу чиглэж тавигдсан, мөн цахилгаан техникийн нөхцөлүүдийг захиалагчийн өмнөөс дахин шинэчлэх шаардлагатай болсон
Мөн Ковид-19 цар тахлын эдийн засгийн хүндрэлээс болж Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) төсөл арга хэмжээ НХОГ-2022- А/948-9 дугаартай гэрээний үнийн дүнг магадалсан төсвөөр буюу 6,168,700,000 /зургаан тэрбум нэг зуун жаран найман сая долоон зуун мянга төгрөгөөр барилга угсралтын ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлага үүссэн юм.
Бидний зүгээс захиалагч талд дээрх хүндрэлүүдийг шийдвэрлэх нь танай үүрэг гэдгийг мэдэгдсэн ч хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Бидэнд тус газрыг хурааж авах эрх байхгүй. Гэтэл манай барилга угсралтын гэрээг хүчээр цуцалсан. Ингээд 6,162,700,000 тэрбум төгрөгөөр өөр компанитай гэрээ байгуулахаар оролдож НХОГ/225-А/15-4 дугаартай тендерийг 2025 оны 3 сарын 10-ны өдөр зарласанд гомдолтой байна.
Манай НХОГ-20 дугаартай тоот гэрээний барилгажих талбай нь 1807******* тоот дугаартай 3717 мк2 газар дээр барилгийн ажил эхлэх газрын зөвшөөрөлтэй боловч 5200мк2 талбайд барилга барих төлөвлөлтийн захиалагч талаас баталж өгсөн болно. Гэтэл манайд олгосон төлөвлөлтөөр 2 айлын газартай шууд давхцал үүсгэсэн. Энэхүү газар нь манай суурьтай шууд залгадаг бөгөөд зөвхөн энэ газраар дамжин орж гарах боломжтой нөхцөл байдлыг захиалагч тал болох БСШУЯ шийдвэрлэх амлалтыг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...2022 онд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) НХОГ-2022А/948-9 дугаартай ажлыг 4.376.600.000 (дөрвөн тэрбум гурван зуун далан зургаан сая зургаан зуун мянга)-н төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр А ХХК болон Ж******* ХХК-иудын түншлэлтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь гэрээ байгуулсан. Тус төсөл арга хэмжээ 2017 онд концессийн гэрээгээр барилгын суурийн ажил хийгдсэн бөгөөд гүйцэтгэлээр 385.000.000 (гурван зуун наян таван сая) төгрөгийн санхүүжилт олгогдсон байдаг.
2022 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гүйцэтгэгч А ХХК болон Ж******* ХХК-иудын түншлэлийн зүгээс барилга угсралтын ажлыг эхлүүлээгүйгээс удаа дараа ажлыг эрчимжүүлэх талаар амаар болон бичгээр мэдэгдсэн боловч гүйцэтгэгч нь ажлын талбайд ажиллах хүн хүчгүй, инженер техникийн ажилтангүй, гүйцэтгэх боломжгүй байна гэх шалтгаанаар гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон.
Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сонсох ажиллагааны хурлыг зохион байгуулж гүйцэтгэгч байгууллага болох А ХХК нь 10 хоногийн дотор барилга угсралтын ажлыг эхлүүлэн 2024 онд он дамжин санхүүжих 415.000.000 төгрөгт тохирсон ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хүчинтэй хугацаа дууссан, гүйцэтгэгч компани гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй тул гэрээний ерөнхий нөхцөлийн 9.1 дүгээр заалт мөн сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлийг үндэслэн "А" ХХК болон Ж ХХК-иудын түншлэлтэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-2022А/948- 9 дугаар гэрээг цуцалсан ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* дугаартай албан бичгээр гэрээ цуцалсан тухай мэдэгдсэн.
Гэрээ цуцлах хурлын тэмдэглэлд гарын үсэг А ХХК-ийн зүгээс гарын үсэг зураагүй бөгөөд шаардлага хүргүүлсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэв. Үүнд:
Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* дугаар албан бичгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар" ОНΘΑΑΤΥΓ-т Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) ажлын гүйцэтгэгч А ХХК болон Ж ХХК-ийн түншлэлийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээг танай байгууллагын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны хурлын тэмдэглэлийг үндэслэн цуцалж байна гэж мэдэгдэн, хувийг "А ХХК болон "Ж" ХХК-ийн түншлэлд хүргүүлжээ.
Нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж түүний үндэслэлээ ...ажлаа явуулах гэсэн боловч гэрээний үнийн дүнг магадалсан төсвөөр буюу 6,168,700,000 төгрөгөөр цааш үргэлжлүүлэх шаардлагатай болсон, мөн манайд олгосон газар нь 2 айлын газартай давхацсан асуудлаар маргаан үүссэн ба үүнийг хариуцагч тал зохицуулах үүрэгтэй байсан боловч хариу өгөөгүй... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...гэрээнд заасан хугацаанд багтаж ажлаа эхлүүлээгүй, удаа дараа шаардсан, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцалсан... гэж тайлбарлан маргав.
Хэрэгт авагдсан баримтууд, талуудын хооронд байгуулсан гэрээ болон хариуцагчаас тухайн барилгын талбайд хийсэн үзлэгийн зураг бүхий СД зэргээс үзвэл нэхэмжлэгч компаниудын түншлэл нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр НХОГ-20 дугаар Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо)-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний 4 дэх заалтаар Гүйцэтгэгч нь Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо)-ын зураг төслийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхэлж 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр магадлалаар оруулж баталгаажуулан хүлээлгэн өгч, барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулна, 2022 оны нийслэлийн төсөвт 500 000 000 төгрөг /таван зуун сая/-өөр батлагдсан, үлдэгдэл хөрөнгийг тухайн онд батлагдсан хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгох, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжихээр, уг санхүүжилтийг гүйцэтгэлээр олгохоор тус тус тохиролцсон, мөн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д Захиалагч дараах үндэслэлээр гэрээг цуцалж болно, 9.1.2-т Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй гэж заасан байна.
Гэвч гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажил үүргийг бүрэн гүйцэтгээгүй байх ба Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/4877 дугаар Ажил эрчимжүүлэх тухай, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн и3/5288 дугаар Ажил эрчимжүүлэх тухай албан бичгүүдээр "А ХХК болон "Ж" ХХК-ийн түншлэлд ...Өнөөдрийн байдлаар зураг батлагдаж ирээгүй, иж бүрэн ажлын зураг төсвийг боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөж магадлал хийлгэн баталгаажуулж ирүүлээгүй байгаа нь тухайн жилд батлагдсан хөрөнгө хураагдах эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна, иймд түлхүүр гардуулах гэрээнд заасны дагуу загвар зураг төслийг боловсруулж холбогдох байгууллагуудаар баталгаажуулан ажлын зураг төсвийг яаралтай хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлнэ үү гэх,
2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/572 дугаар Ажил эрчимжүүлэх тухай албан бичгээр ...түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд заасны дагуу иж бүрэн ажлын зураг төсвийг боловсруулж холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, магадлалаар баталгаажуулан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлнэ үү гэх,
2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/1671 дугаар Ажил эрчимжүүлэх тухай албан бичгээр ...түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд заасны дагуу иж бүрэн ажлын зураг төсвийг боловсруулж холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, магадлалаар баталгаажуулан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор яаралтай хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлнэ үү гэх,
2023 оны 08 дугаар сар 02-ны өдрийн 2/2685 дугаар Ажил эрчимжүүлэх тухай албан бичгээр ...гэнэтийн ослын даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгч тухайн онд батлагдсан санхүүжилтийн хүрээнд барилга угсралтын ажлыг гүйцэтгэн гэрээний үүргээ биелүүлнэ үү гэх шаардлага, мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж байжээ.
Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зохион байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний явц, гэрээ цуцлах тухай хуралдаанаар нэхэмжлэгч компанийн түншлэл нь гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, гэрээг зөрчсөн болох нь тогтоогдсон, хуралдаанд А ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.М******* оролцож дээрхи байдлыг хүлээн зөвшөөрсөн ба 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор гүйцэтгэгч компани нь 2024 онд он дамжин санхүүжих 415 сая төгрөгт тохирсон ажлыг гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд "А" ХХК болон Ж ХХК-иудын түншлэлтэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-20 дугаар гэрээг зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй,
Үүний дараа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/3746 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр ХХК-нд ...2023 оны нийслэлийн төсөвт 800 сая төгрөг батлагдсан боловч гүйцэтгэгч компани концессын гэрээгээр хийсэн суурийн ажлын санхүүжилт 385 сая төгрөгийн гүйцэтгэлийг олгосноос хойш шалтгаангүйгээр ажлыг зогсоосон ба гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, тухайн хурлын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь бүрэн хангаагүй байгаа тул...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-20 дугаартай гэрээг цуцалж байгаа-г мэдэгдсэн байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас захиалагч тал нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч тогтоосон хугацаанд ямар нэгэн үр дүн гараагүй байх тул гэрээг нэг талын санаачлагчаар цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн, уг мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.
Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно, 52.2.3-т төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж тус тус зааснаас үзвэл талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-2022А/948-9 дугаар гэрээ нь нийгмийн суурь үйлчилгээг бий болгоход чиглэсэн захиргааны гэрээ ба гэрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих, уг санхүүжилтийг гүйцэтгэлээр олгохоор тохиролцсон, энэ тохиолдолд ...гэрээний үнийн дүнг магадласан төсвөөр буюу 6,168,700,000 төгрөгөөр цааш үргэлжлүүлэх шаардлагатай болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчээс ...2 айлын газартай шууд давхцал үүсгэсэн асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр тайлбарласан боловч энэ нь гэрээг дуусгавар болгож цуцалсан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ба тухайн асуудлаар нэхэмжлэгчээс маргаан үүсгэж шүүхэд хандсан зүйлгүй байх тул гуравдагч этгээдийн зүй бус үйлдэл үйл ажиллагаа нөлөөлсөн гэж шууд дүгнэх хууль зүйн боломжгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Захиргааны гэрээг бичгээр байгуулна., 56.3-т Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно., 56.4-т Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-т Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй... гэж,
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 63.1.4-т нийслэлийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж..., Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 22.1.1-т энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж тус тус зааснаар хариуцагч захиргаа талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж мэдэгдэл хүргүүлсэн нь дээрхи хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн байна.
Иймд эдгээр үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* дугаар мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан, Барилгын ажил явуулах 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын НХОГ/-20 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
Шүүхийн энэ шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ/-20 дугаар гэрээ нь нэг талын санаачилгаар цуцлагдсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах... гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй тул хариуцагч захиргааны байгууллагад гэрээг үргэлжлүүлэхийг даалгах хууль зүйн боломжгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тухайн гэрээг хууль зүйн ямар үндэслэлээр үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэж үзсэн талаар оновчтой тодорхойлоогүй, гэрээний хугацаа нэгэнт дуусгавар болж гэрээ цуцлагдсан тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гурав. Нэхэмжлэлийн шаардлагын Хариуцагчийн, Х ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/103 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хавсралтаар баталж уг арга хэмжээний эрхийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т шилжүүлж худалдан авах ажиллагааг зохин байгуулахыг даалгасан, тус захирамжийн хавсралтын 4-т Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо багтсан байна.
Уг захирамжийг үндэслэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) нэртэй, НХОГ/2025-A/15-4 дугаар тендер шалгаруулалтыг нээлттэй зарлаж, улмаар Х ХХК шалгарсан тул тус компани болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хооронд "Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаap хороо)"-ын ажил гүйцэтгэх НХОГ/2025-Α/15-4 дугаар гэрээг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулжээ.
Үүнээс үзвэл Х ХХК болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хооронд "Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаap хороо)"-ын ажил гүйцэтгэх НХОГ/2025-Α/15-4 дугаар гэрээ нь тендер шалгаруулалтын үр дүнгээр хийгдсэн гэрээ бөгөөд тухайн сонгон шалгаруулалтын ажиллагаанд нэхэмжлэгч ХХК болон Ж ХХК-ийн түншлэл оролцоогүй, энэ тохиолдолд уг гэрээний улмаас нэхэмжлэгч ХХК болон Ж ХХК-иудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэхгүй, тухайн гэрээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид шууд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-иас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулж гаргасан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/******* тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын НХОГ/-20 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-иас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулж гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хариуцагчийн, Х ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.