Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 61

 

                       

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нод холбогдох 1828000000037 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                  Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Цагаан дэрс гэх газарт Ц.Дгийн биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүгдэгч Ц.Ныг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.Д ахад золгох гэж очсон. Очоод золгочихоод байж байгаад Ц.Д ах малруугаа явлаа гээд явсан. Нэлээн орой согтуу ирсэн. Ирээд эхнэр хүүхэддээ авирлаад байсан. Яах гэж эхнэртээ авирлаж байдаг юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгээд би гутал аваад шидсэн. Тэгээд унтлаа гээд зүүн орон дээрээ хэвтээд өгсөн. Хэвтэж байгаад гар хөл нь татаад байсан. Тэгээд эмч дуудаж эмнэлэгт аваачсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна

Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр саахалт айлдаа очиж мал нийлсэн байсныг ялгачихаад архи уусан. Тэгээд шөнө 22 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон. Тухайн үед гэрт манай дүү Нандинболд, манай эхнэр Отгончимэг нар болон манай хоёр хүүхэд байсан. Тэгээд би архи уусандаа согтоод гэртээ очоод эхнэртээ агсан тавьсан. Тэгсэн чинь манай дүү Нандинболд надруу гутал шидээд миний толгойд оноод би ухаан алдаж унасан юм билээ.

 Манай эхнэр надад тэгж хэлсэн. Би өөрөө бол огт санахгүй байгаа. Нандинболд миний толгойруу цохьсон гэж эхнэр хэлсэн. Би өөрөө бол сайн мэдэхгүй байна. Би тухайн үедээ ухаан алдаж унасан байсан одоо бол гэмтэл шарх байхгүй. Манай эхнэр, Нандинболд бид 3 байсан өөр хүн байгаагүй. Архи уугаагүй байсан байх, намайг гэрээс гарахад л эрүүл байж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй” /хх-ийн 09-10-р хуудас/,

Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө эмнэлгийн жижүүр сувилагч Алтанцэцэг шөнийн 02 цагийн орчимд Гоёот багийн нутагт 40 настай эрэгтэй Ц.Д гэх хүн бөөлжөөд биеийн байдал нь муу байна яаралтай дуудлага гэж хэлсэн. Энэ дуудлагын дагуу жолооч Эрдэнэтогтохын хамтаар Гоёот багийн нутаг Цагаан дэрс гэх газарлуу явж Ц.Д гэх хүний гэрт очсон. Ц.Д нь гэрийн зүүн талынхаа орон дээр унтаж байгаа байдалтай байсан. Биед нь үзлэг хийхэд ил шарх, гэмтэл байгаагүй. Орчиндоо харьцаа муутай биеийн байдал нь хүндэвтэр байсан болохоор би аймгийн төвийн эмч нараас зөвлөгөө аваад уг хүнийг сумын төврүү эмнэлэг рүү тээвэрлэн авч ирээд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэгч их эмч Долгорт хүлээлгэн өгсөн. Долгор үргэлжлүүлэн эмчилгээ хийж байгаа. Би Гоёот багийн эмч болохоор уг хүнийг таньдаг. Сайн таньж мэдэх зүйл байхгүй. Ц.Д нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ер нь цагаан cap болж байсан учраас архи уугаад байсан гэж хэлсэн ба анх гэрт нь очиж уг хүний биед үзлэг хийхэд архи уусан бололтой архи үнэртэж байсан. Онош нь тодорхой гараагүй байгаа толгойдоо цохиулснаас болж тархиндаа гэмтэл авсан байх магадлалтай гэсэн урьдчилсан оноштой байгаа” /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 02  дугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 23 цаг өнгөрч байхад би эхнэртэйгээ унтаж байсан Манай охин Солонго гэрт орж ирээд Ц.Д ахын бие нь өвдөөд байна таныг дуудуулж байна гэсэн. Би хувцасаа өмсөөд Ц.Д ахын гэрт ороход гэрийн зүүн орон дээрээ хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад тэнд байсан хүүхдүүд Ц.Д ах согтоод эхнэртэйгээ маргалдаад байхад нь миний төрсөн дүү Нандинболд болиулж толгойруу нь цохьсон гэж ярьсан. Өөр тодорхой зүйлийг би мэдэхгүй байна. Тэгээд би сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Шөнийн 03 цаг өнгөрч байхад ахыг эмч ирээд сумын төврүү авч явсан. Ер нь бол манай ах хааяа архи уучихдаг. Сая цагаан сараар байнгын архи уусан. Ер нь тайван хүн гэхдээ архи уучихаараа эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээд байдаг. Ц.Д нь эхнэртээ агсан тавиад байсан. Тэгэхээр нь Нандинболд салгаж болиулах гэсэн л байх би тодорхой мэдэхгүй байна. Намайг Ц.Д ахын гэрт ороход эрүүл байсан” /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 02 дугаар сарын 19-ний үдээс хойш айлд очиж малаа ялгаж байгаад орой 21 цаг болж байхад гэртээ архи уучихсан ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд надруу хандан чи муу уурлаад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Нандинболд манайд байж байсан. Тэгээд Ц.Д руу та яах гэж нэгнийгээ ингэж дээрэлхэж байдаг юм гээд хромон гутал байсныг аваад шидсэн. Тэр гутал нь Ц.Дгийн толгойн зүүн талд нь оносон. Тэгээд чимээгүй байж байгаад унтлаа гээд гэрийн зүүн орон дээрээ очоод хэвтсэн. Тэгээд нэлээд унтаж байгаад сэргээд юм хэлэх гээд хэлж чадахгүй байсан гар нь татаад байсан. Тэгээд бид нар эмч дуудсан. Ер нь ааш зан нь зүгээр даруу үг дуу цөөтэй хүн. Ер нь баяр ёслол болохоор архи уудаг сая цагаан сараар 02 сарын 15-ны өдрөөс эхлээд тасралтгүй архи уугаад бие нь өвдсөн байхаа. Согтуу орж ирээд надруу олон юм яриад байхаар нь Ц.Д руу гутал аваад шидчихсэн. Бусдаар бол өөр биед нь халдаж зодож цохьсон зүйл байхгүй. Нандинболд архи уугаагүй эрүүл байсан.” /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Гурвантэс сумаас төрсөн ах Ц.Дгийнд золгохоор 17 цагийн үед гэрт нь очсон. Тэгээд Ц.Д ах, Отгончимэг нартай золгочихоод байж байтал Ц.Д ах малруугаа яваад нэлээд удаж байгаад 22 цагийн үед нэлээд согтуу ирсэн. Тэгээд Ц.Д ахыг эхнэр нь архи уулаа, дандаа архи ууж байх юм гэж хэлсэн чинь Ц.Д ах уурлаад хэрэлдээд маргалдаад миний ууж идэх чамд ямар хамаатай юм гээд байсан. Тэгэхээр нь би Ц.Д ахыг яах гэж тэгж байдаг юм. Эхнэрийгээ зовоогоод авирлаад гэсэн чинь Ц.Д ах чамд хамаагүй ээ гээд тоохгүй эхнэрийгээ элдвээр хэлж загнаад байхаар нь би хажуудаа орны хөлд байсан 1 өрөөсөн гутлыг аваад шидсэн чинь миний шидсэн гутал Ц.Дгийн толгойны ар дагз хэсэгт нь оносон. Тэгсэн чинь Ц.Д ах надруу уурлаж яаж байна чамд миний яах хамаагүй гэж хэлж байгаад удалгүй гэрийн зүүн орон дээр хэвтээд унтсан. Тэгээд байж байсан чинь Ц.Д ах гэнэт сонин дуугараад гар хөл нь татаад байгаа харагдахаар нь эгч юу болов оо гээд сумруу эмч дуудсан. Ц.Д ахтай би муудалцаагүй, тухайн үед эхнэрийгээ элдвээр хэлээд агсраад байхаар нь миний уур хүрээд гутал шидсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Төрсөн ах дүү болохоор сайн харилцаатай байдаг. Ц.Дгийн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ байсан өөр хүн байгаагүй. Ц.Д ах намайг зодоогүй. Их согтуу байсан тасарсан байсан байх. Гутлыг эд мөрийн баримтаар хураалгасан байгаа. Ц.Д ах архи уухаараа ер нь их агсан зантай эхнэрийгээ зовоогоод байдаг болохоор л би битгий ингэж бай гэж хэлсэн. Гэхдээ эхнэрийгээ зодож цохиод байдаггүй” /хх-ийн 27-28-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.26-ны өдрийн №124 дүгээр шинжээч эмч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ц.Дгийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/,

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

 Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06-р хуудас/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 22-24-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.10-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-37-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Цагаан дэрс гэх газарт Ц.Дгийн биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

         Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.26-ны өдрийн №124 дүгээр шинжээч эмч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ц.Дгийн биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх-ийн 18-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хохирогч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Ныг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөр хохиролгүй гэж үзэв.

        Шүүгдэгч Ц.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Нод Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлого олох боломжгүй байдлыг харгалзан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, сар бүр 100.000 төгрөгийн торгууль төлүүлэх тухай улсын яллагчийн саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэв.  

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн /хромон/ гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нод 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ц.Н нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100.000 төгрөгийн торгуулийн ял гүйцэтгэж байхыг үүрэг болгосугай.  

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн /хромон/ гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА