| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0111/З |
| Дугаар | 128/ШШ2025/0654 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л ХХК /РД:/
Нэхэмжлэгч: Р ХХК /РД:/
Нэхэмжлэгч: С ХХК/РД:/
Нэхэмжлэгч: ХХК /РД:/
Нэхэмжлэгч: М.Б /РД/
Нэхэмжлэгч: Г.Б /РД:/
Нэхэмжлэгч: Ж.Э /РД:/
Нэхэмжлэгч: Д.А /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: З******* ОНӨТҮГ
Гуравдагч этгээд: Э ХХК /РД:/ нарын хооронд үүссэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Ш.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхзаяа, О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч М.Бгийн тухайд: Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, 100 айлын Цагдаагийн гудамж, Б, Барилгачин дэлгүүрийн баруун талын нийтийн эзэмшлийн зам, талбайд 37 авто машины "Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах тухай гэрээ" 2019 оноос хойш байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 07-р сарын 01-ний өдөр З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-2024/16 тоот гэрээ,
Нэхэмжлэгч Л" ХХК-ийн тухайд: Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, Э-р байрны зүүн талын нийтийн эзэмшлийн талбайд 53 авто машины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2024 оны 01-р сарын 02-ны өдөр, 2024 оны 07-р сарын 01-ний өдөр тус тус З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-20 тоот гэрээ,
Нэхэмжлэгч "С" ХХК-ийн тухайд: Сүхбаатар дүүргийн 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж | Н рестораны урд талд Соёлын төв Өргөөний хойд талын нийтийн эзэмшлийн зам талбайг 2017 оноос хойш одоог хүртэл авто зогсоолын зориулалтаар ажиллуулж байна. 2024 оны 07-р сарын 01-ний өдөр З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-20 тоот гэрээ,
Нэхэмжлэгч Р ХХК-ийн тухайд: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж Р төвийн байрны зүүн талын 12 авто машины зогсоолыг ажиллуулдаг бөгөөд 2024 оны 07-р сарын 01-ний өдөр З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-20 тоот гэрээ,
Нэхэмжлэгч "" ХХК-ийн тухайд: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Ц. Жигжиджавын гудамж-8, Эн оффисын зүүн талын нийтийн эзэмшлийн зам, талбайд 24 авто машины төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг 2024 оны 07-р сарын 01- ний өдөр З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-20 тоот гэрээ,
Нэхэмжлэгч Г.Бгийн тухайд: Сүхбаатар дүүргийн 11-р хороо, 100 айл Цагдаагийн гудамж, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн баруун талын нийтийн эзэмшлийн зам, талбайд 20 авто машины төлбөртэй зогсоолыг 2024 оны 07-р сарын 01-ний өдөр З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-20 тоот гэрээ,
Нэхэмжлэгч Ж.Эийн тухайд: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн урд талын нийтийн эзэмшлийн зам, талбайд 21 авто машины зогсоолын үйл ажиллагааг З******* ОНӨТҮГ-тай ТЗГ-20 тоот гэрээ,
Нэхэмжлэгч Д.Аын тухайд: З*******" ОНӨТҮГ-тай байгуулсан 2024 оны 07-р сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгачдын талбайн авто зогсоолыг ТЗГ-20 тоот гэрээг тус тус байгуулан ажиллуулж эхэлсэн.
1.2. З******* ОНӨТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/1121 дугаар албан бичгээр С ХХК-д нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгааг мэдэгдсэн.
1.3. З*******" ОНӨТҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/57 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нарт...төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Э ХХК болон Г" ХХК-ийн түншлэлд 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөхийг мэдэгджээ.
1.4. ХХК-аас дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр З******* ОНӨТҮГ-д ... гэрээний 4-р зүйлд заасан гэрээг цуцлах тухай нэг ч залт зөрчөөгүй тул цаашид үргэлжлүүлэх хүсэлт гаргасан.
1.5. Нэхэмжлэгч нараас дээрх хариуг эс зөвшөөрч З******* ОНӨТҮГ, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамж, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2025/0765 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.
1.6. Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлж,
2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамж, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулж,
2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамж, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдэл, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгаж, газар чөлөөлүүлэх тухай А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулсан, энэхүү багасгаж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
Хоёр. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч аж ахуйн нэгж, иргэд бидний зүгээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д "Нийслэлийн авто зогсоолын менежмент. авто зогсоолын нэгдсэн системийг Нийслэлийн Засаг дарга хариуцна" гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага болох "З*******" ОНӨТҮГ-тай "Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах гэрээ" байгуулан ажилласан.
Гэтэл "З******* ОНӨТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Мэдээлэл хүргүүлэх тухай" 01/1121 албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай" А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2023 оны 8 дугаар хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд У" ХК нь хариуцан хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж, 2023 оны 11-р сарын 23-ны өдөр "Э ХХК болон Г" ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа тул нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацааг 2024 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож байгаа тухай нийт төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдсэн.
Дараа нь 2025 оны 01-р сарын 14-ний өдрийн 01/57 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр нийт төлбөртэй зогсоолуудыг 2025 оны 01-р сарын 20-ны өдрийн дотор талбайг чөлөөлж өгөхийг шаардсан тул арга буюу өөрсдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/165 дугаар захирамж, "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай" А/1058 дугаар захирамжийн дагуу З******* ОНӨТҮГ-аас нийт төлбөртэй авто зогсоол эрхлэгчдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас дээрх актуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан болно.
Төлбөртэй зогсоол эрхлэгчид нь тэдгээрийн эрх ашгийг хөндсөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамж тус тус гарч, "У" ХК сонгон шалгаруулалт явуулж, 2023 оны 11-р сарын 23-ны өдөр "Э ХХК болон Г" ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа тухай З*******өөс мэдээлэл 2024 оны 12-р сарын 31-ний өдөр, мэдэгдэл хүлээн авсан 2025 оны 01-р сарын 14-ний өдрүүдэд л мэдсэн бөгөөд хамтран шүүхэд нэхэмжлэл гаргахаар хэлэлцэж шийдвэрлэн шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэгч нар нь дээрх байдлаар өөрсдийн боломжоор хөрөнгө оруулалт хийж тухайн авто зогсоолыг ажиллуулж байгаа боловч төрөөс буюу Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллагаас гэнэт зогсоолын үйл ажиллагааг зогсоож, тэдний оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэн хүчээр булааж авах оролдлого хийж байгаа тул Нийслэлийн Засаг дарга болон "З*******" ОНӨТҮГ-ын энэхүү бусармаг үйлдлийг төрийн нэрийг барьсан дээрэм гэж үзэхээс өөр аргагүй юм.
"З******* ОНӨТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 01/1121 тоотоор гэрээний хугацаа 2024 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа тухай, 2025 оны 01-р сарын 14-ний өдрийн 01/57 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр авто зогсоолын талбайг 2025 оны 01-р сарын 20-ны өдрийн дотор чөлөөлж, хүлээлгэн өгөхийг шаардсан нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Нэхэмжлэгч нар нь дээрх зогсоолуудыг ажиллуулж эхэлснээс хойш Нийслэлийн замын санд орлого төвлөрүүлэн, өөрсдийн хувь нэмрийг нийслэлийн хөгжилд оруулан ажиллаж, зохих тооны иргэдийг ажлын байраар ханган цалинжуулж, тэдний ар гэр, нийгмийн асуудлыг шийдэж, гэрээний нөхцлийг зөрчөөгүй байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцлан, оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгохгүй гэж байгааг хэлэх нь зүйтэй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/165 дугаар захирамж, "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай" А/1058 дугаар захирамж, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01-р сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгож шударга ёсыг тогтоож өгнө үү. гэв.
2.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Автозогсоолыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд автомашины хяналтын камер, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулах, төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний ухаалаг төлбөрийн болон бусад систем хөгжүүлэх, төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг цахим хэтэвчийн смарт системд нэвтрүүлэх гэж байгаа. Гэтэл энэ 2 компанийн түншлэлээр хийх ажлыг ахиад тендер зарлаж оруулж ирж байна гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагч З******* ОНӨТҮГ-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ... Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын уйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/165 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн VIII дугаар хуралд танилцуулсан.
Тус зөвлөлийн хурлаас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн 50 байршилд байгаа 2400 зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг Ажлын хэсэгт болон "У" ХК-д тус тус үүрэг болгосон.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны "Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамж, "Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай" А/1058 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2023 оны VIII хуралдааны тэмдэглэлд тус тус заасны дагуу "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "У" ХК нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан хуулийн этгээдтэй 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан.
Иймд дээрх төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах дээд газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1121 дугаартай албан бичгээр нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хийсэн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаартай албан бичгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хүлээлгэн өгөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн болно.
"Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээг эхний хагас жил, сүүлийн хагас жилээр гэрээ байгуулсан бөгөөд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид гэрээ байгуулах бүрд төсөл хэрэгжиж эхлэхэд гэрээний хугацаа дуусгавар болж нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх талаарх тайлбар мэдээллийг танилцуулж ажилласан.
Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2-т үйлчилгээ эрхлэгч өөрийн хөрөнгөөр төлбөртэй зогсоолын талбайг зогсоолын зориулалтаар захиалагчийн шаардлагад нийцүүлэн өөрийн хөрөнгөөр тохижуулах, зогсоолын орох гарах цэгт программчлагдсан хаалт, И-баримт олгох төхөөрөмж, хяналтын камер зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 хоногт багтаан хийж гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцлагдсан тохиолдолд дээрх асуудлаар аливаа нэгэн эд хөрөнгийн маргаан гаргахгүй байх гэж, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх" гэж тус тус заасан байдаг.
Энэ хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төслийг хэрэгжүүлэгч байгууллагад нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгч, хэрэгжүүлэгчийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий иргэн, аж ахуй нэгж нь үнийн санал гарган харилцан тохиролцож, шаардлага хангахгүй тоног төхөөрөмж бүхий төлбөртэй зогсоолуудын тоног төхөөрөмжийг өмнө үйл ажиллагаа эрхлэгчид нь өөрийн эзэмшилдээ авах зарчмаар төөл хэрэгжиж байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийтийн эзэмшлийн 18 байршлын 1137 зогсоолыг хүлээлцэн Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл нь амжилттай хэрэгжиж байна.
Нэхэмжлэл гаргасан иргэн хуулийн этгээдийн ашиглаж байсан газар нь тухай иргэдийн эзэмшлийнх бус "нийтийн эзэмшлийн газар" ба гэрээгээр ашиглах хугацаа дуусаж, гэрээ дахин сунгагдаагүй учир нэхэмжлэл гаргагч этгээд нь тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд боон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллагаас "Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр "цахимаар сонсох ажиллагаа явуулах" гэж заасныг үндэслэн газар чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагаас дурдсан хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй болно.
Иймээс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2025 оны А/171 дүгээр захирамжаар "Ажлын хэсэг байгуулах тухай" байгуулан ажлын хэсгээс гарсан шийдвэрийн хүрээнд А/276 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, гэрээний хугацаа дууссан цаашид үйл ажиллагаа явуулах эрхгүй этгээд, үндэслэлгүйгээр ашиг олж нийтийн эзэмшлийн зам талбайд авто зогсоолын үйл ажиллагаа явуулж, иргэдээс авто зогсоол ашигласны төлбөр, хураамж авч байгаа иргэн хуулийн этгээдийн зогсоолын хаалт, объектыг албадан булгаж, үйл ажиллагааг зогсоон нийтийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлсөн болно гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/165 захирамж нь тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээг сайжруулах тухай. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд оногдох ажлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай, мөн нийслэлийн нутаг дэвсгэрийн тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой дараах арга хэмжээг авч ажлын хэсэгт даалгах тухай гэж захирамж байгаа.
Ажлын хэсгээс гарсан шийдвэр, үйл ажиллагааны явц, үр дүнгийн тухай тайлагнаж ажиллахыг үүрэг болгосны дагуу үр дүнгээ Нийслэлийн Засаг даргад танилцуулж 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/1058 дугаар захирамж гарсан.
А/1058 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг 50 байршлын зогсоолын менежмент, засвар арчлалтыг хариуцаж гүйцэтгүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулж шалгарсан хуулийн этгээдийг зохих журмын дагуу гэрээ байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хөгжлийн корпорацад даалгасан.
Нийслэлийн хэмжээнд 50 зогсоолын менежмент сайжруулах сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац 2023 онд зарлаж Э ХХК шалгарсан. Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх ажил нь Улаанбаатар хотын Замын хөгжлийн газарт байж байгаад 2023 оны 7 дугаар сард З******* ОНӨТҮГ-д шилжиж ирсэн. Шилжиж ирэхдээ 72 албан ёсны гэрээтэй байгууллагатай, гэрээтэй шилжиж ирсэн.
2023 оны 7 сард 72 байгууллагын гэрээг хүлээн авч сонгон шалгаруулж Э ХХК шалгарсан тул 2024 онд төсөл хэрэгжүүлэх гэж 2024 онд нэг жилийн хугацаатай гэрээ сунгаж явж байгаад төсөл хэрэгжихгүй байсан тул гэрээгээ хийхгүй 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээсэн. Төсөл хэрэгжих болоогүй байсан тул хагас жилээр буюу 4 сард гэрээ байгуулахдаа 2024 оны 01 дүгээр сараас 7 сарын 01-ний өдөр хүртэл хагас жилээр гэрээ байгуулсан, гэрээнд нэг талын санаачлагаар цуцлахаар тохиролцсон байсан гэв.
3.4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ажлын хэсэг гарч судалгаа явагдсан. А/1058 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар нийтийн эрх зүйн акт биш, Засаг дарга эрх хэмжээний хүрээнд доод шатны байгууллагад чиглэл олгож сонгон шалгаруулалт зарлахыг үүрэг болгосон. Үүний хүрээнд сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац зарласан. Ингэснээр захирамжийн хэрэгжилт хангагдана. Энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэл гаргагч этгээдүүдэд мэдэгдэх үүрэггүй. Нээлттэй мэдээллийн сайт дээрээс өөртөө холбоотой ямар төсөл арга хэмжээ явагдаж байгаа. Гэрээний 4.1-д гэрээ цуцлах мэдэгдэл хүлээж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор газраа чөлөөлж хүлээлгэж өгнө гэсэн заалт байгаа гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд Э ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Э" ХХК нь "У" ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр зарласан УБХК2023/ дугаартай "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийн урьдчилсан болон уралдаант шалгаруулалтад оролцох саналыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн АБ-23/25 тоот албан бичгээр хүргүүлсэн.
"Э" ХХК болон "Г" ХХК-ууд тус сонгон шалгаруулалтад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХН-23/14 тоот Түншлэлийн гэрээний дагуу хамтран оролцохоор гэрээ байгуулсан ба тус өдрийн ГСМ-121/23 тоот "Э" ХХК болон "Г" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хамтарсан мэдэгдлээр сонгон шалгаруулалтад Түншлэлийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх эрхийг М.Өт итгэмжлэн олгосон.
"У" ХК-аас 2023 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлж, гэрээний хэлэлцээрт урих тухай" 01/270 тоот албан бичгийн дагуу "Э" ХХК болон "Г" ХХК-ийн түншлэл нь сонгон шалгаруулалтад тэнцэж, дараалуулсан жагсаалтын нэгдүгээр байранд орсон тухай мэдэгдлийг ирүүлсэн.
"У" ХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн "Гэрээ байгуулах тухай" 01/437 тоот албан бичгээр "Э" ХХК болон "Г" ХХК-ийн түншлэлд "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдсон болно.
Эрх олгогдсоны дагуу "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэх Г/23-82 тоот гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "У" ХК болон "Э" ХХК болон "Г*******" ХХК-ийн түншлэлийн хооронд байгуулсан.
Гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд төслийн байршлуудыг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөх эсэх нь тодорхойгүй байдалтай байсан бөгөөд тус хугацаанд түншлэлийн компаниуд нь төсөл хэрэгжүүлэх байнгын бэлэн байдалд ажиллаж, эрх олгогч болон зохицуулагч байгууллагуудад цаг тухайд нь холбогдох мэдээллийг шинэчлэн хүргүүлэх зэргээр төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс шаардлагатай бүхий л ажлуудыг хийж ирсэн.
"З******* ОНӨТҮГ-аас "У" ХК-д 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн "Хариу хүргүүлэх" тухай 01/1076 тоот албан бичигт төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн зогсоолуудын 40 байршлыг тодорхойлж, эцэслэсэн.
"Замын хөдөлгөөний удирдлагын тев" ОНӨТҮГ-аас зогсоол эзэмшигч нартай байгуулсан гэрээ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан "З*******" ОНӨТҮГ, "У" ХК, "Э ХХК болон "Г" ХХК-ийн түншлэлийн компаниудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан 2025 оны 01 дүгээр сарын 08. 09-ны өдрүүдэд зогсоолын байршил хүлээлцэх, зогсоол эзэмшигч нартай газар дээр нь очиж уулзах ажлыг зохион байгуулсан. гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2 захирамж мэдэгдлийг яг ямар хууль тогтоомж зөрсөн гэж үзээд хууль бус үзэж байгаа вэ гэдгийг ойлгохгүй байна, нэхэмжлэл дээрээ дурдаагүй. Захиргааны акт хуульд үндэслэсэн гэдэг дээр маргахгүй байна гэж ойлгож байна. Маргаж байгаа зүйл нь бид нар зогсоолын үйл ажиллагаа явуулж ашиглах боломж байсан, энэ боломжоо алдсан гэдэг зүйл яриад байгаа. Энэ боломжийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 2023 онд зартай танилцаад хэрэгжүүлэх боломж байсан. Энэ боломжоо алдсан нь захиргааны актуудыг хууль бус гарсан гэж үзэх үндэслэл болохгүй.
Мэдэгдэл нь захиргааны акт гэхээс илүү нэхэмжлэгч нартай байгуулсан иргэний харилцааг зохицуулсан гэрээний дагуу гэрээний хугацаа дуусгавар болж байгаа талаар мэдэгдэл. Энэ мэдэгдэл нь захиргааны акт биш. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар газар албадан чөлөөлөх захирамж байдаг. Энэ захирамж хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгч А/276 дугаар захирамж хууль тогтоомж зөрчиж байна гэж хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэгч тус захирамжийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгчийн зүгээс нийтийн эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьсан, газрын тодорхой хэсгийг эзэмшиж байгаа зүйл байхгүй.
Төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан. Актуудтай танилцаж боломжоо өөрөө хэрэгжүүлээгүй. Боломжоо яагаад хэрэгжүүлээгүй вэ гэдэг нь нэхэмжлэгч нарын өөрийнх нь асуудал. Боломжийг нь хязгаарласан сонсох ажиллагаа явуулах ёстой байтал явуулаагүй үйл ажиллагаа захиргааны акттай холбоотой гараагүй гэв.
4.3. Гуравдагч этгээд Г ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Г ХХК нь "У" ХК-ийн сонгон шалгаруулалтад Э ХХК-тай түншлэлээр оролцож, шалгарсан. Тус шалгаруулалтын дагуу Э ХХК болон Г ХХК нь хамтарсан компани үүсгэн байгуулж, тус хамтарсан компанийн үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн өмчийн 50 авто зогсоолын менежментийг шилжүүлэн авах нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар тус хамтарсан компанийг үүсгэн байгуулаагүй бөгөөд шүүгчийн 128/ШЗ2025/2889 дүгээр захирамжид дурдсан нэхэмжлэлд Г ХХК нь хууль эрх зүй, үйл ажиллагааны хувьд хамааралгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцох боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбарт харьцуулан дүгнэлт хийж, дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
2.1. Хариуцагч З******* ОНӨТҮГ нэхэмжлэгч М.Бтай ТЗГ-2024/16 тоот гэрээ, нэхэмжлэгч "С" ХХК-тай ТЗГ-20 тоот гэрээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Л" ХХК-тай ТЗГ-20 тоот гэрээ, нэхэмжлэгч Р ХХК-тай ТЗГ-20 тоот гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар 01-ний өдөр хүртэл байгуулж, тус гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан, нэхэмжлэгч "" ХХК-тай ТЗГ-20 тоот гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар 01-ний өдөр хүртэл байгуулж, тус гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан, нэхэмжлэгч Г.Бтэй ТЗГ-20 тоот гэрээ, нэхэмжлэгч Ж.Этэй 20 тоот, нэхэмжлэгч Д.Атай 20 тоот гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 07 дугаар 01-ний өдөр хүртэл байгуулж, тус гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байх ба харин эдгээр гэрээний хугацаа дууссанаар цаашид үргэлжлээгүй нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч нар нь газрын эрхийн талаар болон тухайн газар нь нийтийн эдэлбэр газар болох талаар маргаагүй байна.
Нэг. Нэхэмжлэгч нарын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд,
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/1058 дугаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, 22 дугаар зүйлийн 22.5, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Нийслэлийн иргэдийн Төлөвлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам"-ыг тус тус үндэслэн 1 дүгээр заалтаар: Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагаа сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн удирдлагын системд холбох зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай дахь 50 байршилд байгаа зогсоолын менежмент, засвар, арчлалтыг хариуцан гүйцэтгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан хуулийн этгээдтэй зохих журмын дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг "У" ХК (Н.Б*******)-т даалгаж, 2 дахь заалтаар захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэд үүрэг болгож шийдвэрлэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна, 24.1.13-д нийслэлийн авто зам, зогсоолын төлөвлөлт, байршил;, 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж,
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ, 8.3.11-д авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ, 9.4.2-д замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нар нь дээрх захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...зогсоолуудыг ажиллуулж эхэлснээс хойш Нийслэлийн замын санд орлого төвлөрүүлэн, өөрсдийн хувь нэмрийг нийслэлийн хөгжилд оруулж ирсэн, гэрээний нөхцөлийг зөрчөөгүй байхад нэг талын санаачилгаар цуцалсан нь буруу... гэж тодорхойлон маргасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал талуудын хооронд байгуулсан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-ний 4 дүгээр зүйлд Гэрээг цуцлах, 4.1-д Энэ гэрээг дараах нөхцөлд хугацаанаас нь өмнө цуцлах арга хэмжээ авна, 4.1.1-д Үйлчилгээ эрхлэгч нь төлбөртэй зогсоолын талбайг хэсэгчлэн болон бүтнээр нь гэрээнд заасан зориулалтын бусаар ашигласан тохиолдолд, 4.1.2-т Үйлчилгээ эрхлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, 4.1.3-т Нэг сарын төлөвлөгөөг биелүүлээгүй тасалсан тохиолдолд, 4.1.4-т Хэрэгжүүлэгч байгууллага шаардлагатай тохиолдолд дээр дурдсаныг үл харгалзан гэрээг цуцлах эрхтэй, 4.1.5-д Үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх-өөр тус тус тохиролцсон байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн маргаж буй дээрхи захиргааны акт нь Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ...нийслэлийн 50 байршилд байгаа автозогсоолыг хариуцах этгээдийг нээлттэй сонгон шалгаруулах, тухайн шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахыг "У" ХК-д үүрэг болгосон /эрх олгосон/, уг захиргааны акт нь хуулиар зөвшөөрсөн хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий акт ба уг актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь тухайн актыг ...нийслэлийн 50 байршил гэж зааснаараа нэхэмжлэгчид нөлөөлөл үзүүлсэн гэж, хариуцагч нь ...гадагшаа үйлчлэл үзүүлээгүй, захиргааны акт биш гэж тус тус маргасан ба Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж зааснаар уг акт нэхэмжлэгч этгээдүүдийн үйл ажиллагаа явуулж буй автозогсоолын байршилд шинээр сонгон шалгаруулалт явуулах эрхийг У ХК-д олгосноороо нэхэмжлэгч нарт нөлөөлөл, үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэхээр байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тухайн захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо ...Нийслэлийн замын санд орлого төвлөрүүлэн, өөрсдийн хувь нэмрийг нийслэлийн хөгжилд оруулж ирсэн... гэж тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгч нарт итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхээргүй, бодитоор учирсан хохирол болон захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар маргахгүй байгаа ба З******* ОНӨТҮГ-тай нэхэмжлэгч нар гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд гарсан уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм. Өөрөөр хэлбэл, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн захирамжаар 50 байршилд буй зогсоолыг сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэсний дараа 2024 онд нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан тул уг этгээдүүдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох; гэж заасан, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хоёр. Нэхэмжлэгч нарын гаргасан, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/57 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/57 дугаар албан бичгээр ...үйлчилгээ эрхлэгчээс гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд зориулалтын талбайг гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойш 5 өдрийн дотор хэрэгжүүлэгч байгууллагад хүлээлгэн өгөх гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Э ХХК болон Г******* ХХК-ийн түншлэлд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх-ийг нэхэмжлэгч тус бүрд мэдэгджээ.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын менежментийг сайжруулах тухай А/1058 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 байршилд байгаа автозогсоолыг хариуцан гүйцэтгэх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулахыг "У" ХК-д даалгасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан байна.
Уг сонгон шалгаруулалтанд Э ХХК болон Г ХХК-иуд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХН-23/14 тоот Түншлэлийн гэрээний дагуу хамтран оролцож, уг сонгон шалгаруулалтад тэнцэж, дараалуулсан жагсаалтын нэгдүгээр байранд шалгарснаар "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэх Г/23-82 дугаар бүхий гэрээг "У" ХК, "Э" ХХК болон "Г" ХХК-ийн түншлэлийн хооронд 15 жилийн хугацаагаар байгуулсан, уг гэрээний зорилго нь Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл (цаашид Төсөл гэх)-ийн хүрээнд Нийслэлийн 6 дүүргийн 50 байршилд үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, эрх бүхий этгээд болон төсөл хэрэгжүүлэгч талуудын оролцоо, эрх, үүрэг, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих, дуусгавар болгох, цуцлах, маргаан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заан, гэрээний хавсралтанд зогсоол хүлээлцэх хугацаа-г 2024 оны 5 дугаар сарын 31 гэж тохиролцжээ.
Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд гэрээний нэг тал болох У ХК нь төслийн байршлуудыг төсөл хэрэгжүүлэгч дээрхи компаниудын түншлэлд хүлээлгэн өгөөгүй, харин ч эсрэгээрээ 2024 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нэхэмжлэгч этгээдүүдтэй гэрээ байгуулан эзэмшүүлж байсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдов.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч этгээдүүд болон З******* ОНӨТҮГ-ын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгэнт дуусгавар болсон, уг гэрээг дуусгавар болгосон талаар болон "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэх Г/23-82 дугаар бүхий 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "У" ХК, "Э" ХХК болон "Г" ХХК-ийн түншлэлийн хооронд байгуулсан гэрээний талаар маргаагүй, тухайн сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч нар оролцоогүй тул тухайн зогсоолыг чөлөөлөх мэдэгдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзнэ.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн 50 байршилд буй автозогсоолын менежментийг хэрэгжүүлэгч этгээдийг сонгон шалгаруулсан, тухайн шалгарсан этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу захиргааны байгууллагаас ...нийтийн эзэмшлийн талбайг хүлээлгэн өгөх мэдэгдэл хүргүүлсэн нь буруу биш тул тухайн мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Гурав. Нэхэмжлэгч нарын гаргасан Нийслэлийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгаж газар чөлөөлүүлэх тухай А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгаж газар чөлөөлүүлэх тухай А/276 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6.8.3.11, 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр үйлийн 59.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-г тус тус үндэслэн 1 дэх заалтаар: Нийслэлийн нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд авто зогсоолын үйл ажиллагаа явуулж, иргэдээс авто зогсоол ашигласны төлбөр хураамж авч байгаа иргэн, хуулийн этгээдийн зогсоолын хаалт, объектыг албадан буулгаж, үйл ажиллагааг зогсоон газрыг албадан чөлөөлөхөөр, 2 дахь заалтаар: Албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.М*******)-нд, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Э. Т*******)-т цахилгаан эрчим хүчээр хязгаарлахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК (К Э*******)-т газар албадан чөлөөлөх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгаж, 3 дахь заалтаар: Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2025 оны газар хянан баталгаажуулах зардлаас ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү хөрөнгө оруулалтын газар (Л. Э*******)-т гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээс нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.М*******)-нд тус тус зөвшөөрч, 4 дэх заалтаар: Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Д*******д үүрэг болгож тус тус шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна., Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 9.1.7-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан...барилга байгууламж...албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах. 9.2-т Энэ хуулийн 9.1.7-д заасан барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгахтай холбоотой зардлыг буруутай этгээдээр гаргуулна гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нартай байгуулсан Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах гэрээ-ний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл"-ийг хэрэгжүүлэх Г/23-82 дугаар бүхий гэрээг сонгон шалгаруулалтын үр дүнд байгуулсан байх хэдий ч тухайн зогсоолуудыг нэхэмжлэгч этгээдүүд эзэмшсээр байгаа нь буруу, энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн засаг даргаас газрыг албадан чөлөөлөх А/276 дугаар захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгаж газар чөлөөлүүлэх тухай А/276 дугаар захирамж нь хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн, захиргааны байгууллага сонгох боломжийг зөв хэрэгжүүлсэн байх тул эдгээр үндэслэлүүдээр хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л ХХК, Р ХХК, С ХХК, ХХК, М.Б, Г.Б, Ж.Э, Д.А нараас Нийслэлийн Засаг дарга, З******* ОНӨҮГ-т холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1058 болон 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/276 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, З******* ОНӨТҮГ-ын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/57 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН