Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/336

 

 

 

 

    2024           3              19                                       2024/ДШМ/336

 

Э.Э, Я.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г,

шүүгдэгч Э.Э, Я.А,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э, Я.А нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох 2211011941093 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Э, Я.А нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 5-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчимд хохирогч Л.Бы эсрэг хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн 735.600 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг А-32 загварын гар утсыг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Э, Я.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Э.Э, Я.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зөвтгөн өөрчилж, шүүгдэгч Э.Э, Я.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлож дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Я.А, Э.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А, Э.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Я.А, Э.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Я.А, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдгээрийг цагдан хорьж, эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч нараас биечлэн удаа дараа уучлал гуйж байсан. Би ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Ээж Х нас өндөр, биеийн байдал нь муу, одоо хагас харвалтын байдалтай 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний бие “Хишиг эрдэст” ХХК-д операторын ажил хийдэг байсан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Ийм учраас миний ар гэрийн байдал, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг минь хөнгөлж, хасаж өгнө үү. ... Тухайн үед буюу 12 дугаар сарын 26-ны өдөр ээж сэхээнд байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ээжтэйгээ холбоо барьж чадаагүй бөгөөд ээжийнхээ амьд үгүйг мэдэж чадахгүй байна. Дүү маань ээжийг асарч чадахгүй бөгөөд би уурхайд ажиллаж эм, тарианы мөнгө олдог байсан. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Я.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хам хэрэгтнээр хийгээгүй хэрэгтээ яллагдагчаар татагдаж ял эдэлж байна. Гэрч З.Б, Ц.Г нарын мэдүүлэгт худал мэдүүлэг байгаа тул шүүх бүрэлдэхүүн зөвөөр шийдэж өгнө үү. ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г намайг утсыг нь авч зугтаасан гэж худал мэдүүлсэн. Би утсыг нь авч зугтаагаагүй. Мөн З.Б худал мэдүүлсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нөхөр маань нас барсан, би үнэн зөвөөр гэрчийн мэдүүлэг өгсөн. Э.Э надаас байнга уучлалт гуйж, хохирол төлж байсан. Я.А нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би хохирлоо барагдуулмаар байна” гэв.

Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э, Я.А нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож 02 жил 01 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан З.Б, М нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э, Я.А нар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э, Я.А нар нь бүлэглэн 2022 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-н автобусны буудлын орчим хохирогч Л.Бы эсрэг хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн 735.600 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг А-32 загварын гар утсыг авсан болох нь:

хохирогч Л.Бы “...шар өнгийн сандал дээр суугаад утсаа гаргаад эхнэр Г рүү залгах гэж байхад миний утас руу хүн өшиглөөд 3-4 метр орчим шидэгдсэн ба өөр нэг хар хувцастай залуу утсыг аваад цаашаагаа гүйгээд явчихсан, тэр хооронд би босох гэтэл эхний буюу утас өшиглөсөн залуу миний уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохичихоод хоёрдугаар буюу утас авч зугтсан залуугийн хойноос гүйгээд явчихсан. ...” /хх 23, 25/,

гэрч Ц.Ггийн “...20-30 орчим насны 2 залуу манай нөхрийн хажуугаар эргэлдээд байсан. Тэгээд 10-20 минутын дараа уг залуучуудын нэг нь манай нөхрийн самсунг А-52 маркын гар утсыг шүүрч аваад тэр хоёр залуу дэнжийн 1000 руу явдаг гүүрний зүгт зугтчихсан. ...” /хх 36/

гэрч З.Б-ын “...Э, А нар 32-ын автобусны буудлын таксины зогсоол дээр буугаад үлдсэн. Хэсэг хугацааны дараа Э, А хоёр гүйж ирээд машины хаалга татчихаад цаашаа буюу гэр хорооллын гудамж руу гүйгээд явчихсан. ...” /хх 46, 49-51/,

гэрч Ж.Мын “...нэг согтуу ах замын хашлага дээр сууж байсан ба араар нь танихгүй хоёр залуу эргэлдээд байсан ба тэр хоёр залуугийн нэг нь сууж байсан ахыг цохичих шиг болсон чинь нөгөө ах утас аваад зугтаачихлаа гээд орилсон. ...” /хх 63-62/,

Э.Эийн яллагдагчаар өгсөн “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын автобусны буудлын хажууд би нэг ахын гар утсыг гарнаас нь булааж аваад Аы хамт гүйсэн. ...” /хх 89/,

Я.Аы яллагдагчаар өгсөн “...Э бид хоёрыг автобусны буудлын ойролцоо зогсож байхад хажууд нэг согтуу ах гар утсаа оролдоод сууж байсан ба Э тэр ахын гар утсыг авчихъя гэхээр нь яах юм бэ, хэрэггүй гэж хэлээд би буцаад машин руу алхаж явтал Э нөгөө ахын утсыг булааж аваад миний хажуугаар гүйгээд явахаар нь би сандрахдаа дагаж гүйгээд Б-н машин руу суух гэтэл араас хүн хөөж байхаар нь зугтаад Эийг яах гэж хүний гар утас авч байгаа юм бэ, одоохон буцааж өг гэсэн чинь Э нөгөө утсыг газар тавьчихаад зугтаачихсан. ...” /хх 101/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 18-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 75-76/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Э, Я.А нарыг бүлэглэн бусдын эд зүйлийг хүч хэрэглэн довтлож авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Э, Я.А нарын бүлэглэн буюу хохирогч Л.Бы гарт байсан гар утасыг нэг нь өшиглөн газар унагаж, нөгөө нь газраас авч зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Э.Э “...анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Я.А “...хийгээгүй хэрэгтээ яллагдагчаар татагдан ял эдэлж байна, гэрч З.Б, Ц.Г нарын мэдүүлэг худал тул зөвөөр шийдэж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нотлохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг явуулж, яллах ба өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээн, тэдний шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоох учиртай.

Хохирогч Л.Бы “... тухайн залуучууд намайг автобусны буудал дээр байхад тэрүүгээр эргэлдээд байсан юм. ... утсаа гаргаад эхнэр Г рүү залгах гэж байхад миний утас руу хүн өшиглөөд 3-4 метр орчим шидэгдсэн ба өөр нэг хар хувцастай залуу утсыг аваад цаашаагаа гүйгээд явчихсан, тэр хооронд би босох гэтэл эхний буюу утас өшиглөсөн залуу миний уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохичихоод хоёрдугаар буюу утас авч зугтсан залуугийн хойноос гүйгээд явчихсан. ...” /хх 23, 25/,

гэрч Ц.Ггийн “...20-30 орчим насны 2 залуу манай нөхрийн хажуугаар эргэлдээд байсан. Тэгээд 10-20 минутын дараа уг залуучуудын нэг нь манай нөхрийн самсунг А-52 маркын гар утсыг шүүрч аваад тэр хоёр залуу дэнжийн 1000 руу явдаг гүүрний зүгт зугтчихсан. ...” /хх 36/

гэрч Ж.Мын “...нэг согтуу ах замын хашлага дээр сууж байсан ба араар нь танихгүй хоёр залуу эргэлдээд байсан, тэр хоёр залуугийн нэг нь сууж байсан ахыг цохичих шиг болсон чинь нөгөө ах утас аваад зугтаачихлаа гээд орилсон. ...” /хх 63-62/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч Э.Э, Я.А нар хохирогч Л.Быг дээрэмдэх санаа зорилгоор түүний ойр орчмоор явж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдэх цаг хугацааг хүлээж, улмаар хохирогчийн мэдүүлэгт тусгагдсанаар хоёр залуугийн нэг нь түүний гарт байсан гар утасыг өшиглөн газар унагаж, нөгөө залуу нь газраас авч хамтдаа зугтаасан үйл баримт байна.

Харин гэрч Ц.Ггийн “...20-30 орчим насны 2 залуу манай нөхрийн хажуугаар эргэлдээд байсан. Тэгээд 10-20 минутын дараа уг залуучуудын нэг нь манай нөхрийн самсунг А-52 маркын гар утсыг шүүрч аваад тэр хоёр залуу дэнжийн 1000 руу явдаг гүүрний зүгт зугтчихсан. ...” /хх 36/ гэсэн мэдүүлгийн хувьд, тэрээр хохирогчийн сууж байсан газрын хажуугийн автомашины замын цаана зогсож байсан буюу тодорхой зайнаас харсан төдийгүй, үйлдэл бүрийг нэг бүрчлэн харж байсан эсэх нь эргэлзээтэй.

Түүнчлэн, гэрч Ц.Ггийн орон зай, цаг хугацаа, үйл хөдлөлөөс хамааралтайгаар тухайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар бүрэн харж чадаагүй буюу хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгсөн хэсэгт хохирогч Л.Б, гэрч Ж.М нарын мэдүүлэгт тусгагдсан байдлыг үнэлж буюу хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоосон байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нотолбол зохих асуудлуудын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Я.А нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилго бүхий гэмт этгээдүүдийн үйлдлийн шинж, өөрсдийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Э, Я.А нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, Я.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Я.А нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР