Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 23

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би иргэн Д.Равжиргиваагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Өлзийт сумын улсын бүртгэгчид холбогдох “Шинэ иргэний үнэмлэх дээр овгийг Долгор, нэрийг Равжгиваа гэж буруу бичсэнийг Долгорзав овогтой Равжиргиваа гэж залруулахыг Өлзийт сумын Улсын бүртгэгчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн Д.Равжиргиваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1966 онд төрсөн. Тухайн үеийн төрсний гэрчилгээн дээр бичилт хийж олгож байсан хүмүүсийн хариуцлагүйн улмаас миний хүүхдүүдийн төрсний гэрчилгээн дээр миний овог нэрийг Цэгмид овогтой Равжиргаваа, мөн иргэний үнэмлэх дээр Долгор овогтой Равжгиваа гэх мэтээр андууран бүртгэгдсэн байгааг Долгорзав овогтой Равжиргиваа болгон залруулахыг даалгаж өгнө үү” гэж,

харин шүүхэд гаргасан тайлбартаа: ”... Өлзийт сумын Улсын бүртгэгч миний овог, нэрийн зөрчлийг хуульд зааснаар залруулахаар тохиролцсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Равжиргиваа нь “Шинэ иргэний үнэмлэх дээр овгийг Долгор, нэрийг Равжгиваа гэж буруу бичсэнийг Долгорзав овогтой Равжиргиваа гэж залруулахыг Өлзийт сумын Улсын бүртгэгчид даалгуулах тухай” шаардлагыг тус шүүхэд гаргасан. Гэвч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх тайлбараа 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус шүүхийн 121/2016/0020/з дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д  заасныг баримтлан иргэн Д.Равжиргиваагийн “Шинэ иргэний үнэмлэх дээр овгийг Долгор, нэрийг Равжгиваа гэж буруу бичсэнийг Долгорзав овогтой Равжиргиваа гэж залруулахыг Өлзийт сумын Улсын бүртгэгчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Өлзийт сумын Улсын бүртгэгчид холбогдох Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/2016/0020/з/ дугаарын индэкстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т  зааснаар нэхэмжлэгч нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                   Б.БАТЧИМЭГ