Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0034

 

"Б.Т.Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Г.Б, гуравдагч этгээд "Т.Ф" ББСБ-ийн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Д.Н, Д.Т, гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн В-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Ш.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Б.Т.Г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1, 38.1, 38.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Б.Т.Г" ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/146 дугаар захирамжийн "Т.Б" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Газар ашиглуулах эрх олгох тухай А/47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 4 сарын 10-ны өдрийн Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Б.Т.Г"ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/146 дугаар захирамжийн "Т.Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/146 дугаар захирамжийн "Т.Б" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох гэж өорчлсөн, түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Газар ашиглуулах эрх олгох тухай А/47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс Хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалыг тус тус үндэслэн гарсан ба үүнээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зохицуулсан харилцаа нь дүүргийн Засаг даргын буюу хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон заалтууд байна. ...Хариуцагч захиргааны байгууллагыг шууд буруутгах нотлох баримт, хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ гэсэн үндэслэх хэсэгтээ дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гуравдагч этгээдүүд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 100.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, мөн өдрөө газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан талаар тайлбарладаг, энэ нь баримтаар тогтоогддог. Маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд манай компанийн захирал гарын үсэг зурахдаа барьцаалж байна гэж ойлгож зурсан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 1.1 дэх заалтад энэ талаараа дурьдсан байдаг. Эдгээрээс газрын албаны мэргэжилтнүүд битгий хэл жирийн хумүүс барьцааны гэрээ байна гэдгийг ойлгоно. Мөн маргаан бүхий газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1 дэх заалтад зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй талаар зохицуулсан байдаг.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан болохоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусах хүртэлх хугацаатай барьцааны гэрээний дагуу шилжүүлэх асуудлыг зохицуулаагүй. Шүүхээс тэгэхлээр уг хуулийн 38.2-д эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гээд жагсаалт бүхий гурван зүйлийг тодорхойлжээ. Энэ заалтын агуулгыг хангаж, нотариатаар гзрчлүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгч Бугаттэнгэр говь ХХК-ийн хүсэлт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Т.Б" ХХК-ийн хүсэлт, газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт, газрын төлбөр төлсөн баримт, бүртгэл хяналтын маягт, бусад бичгийн баримтуудыг бүрдүүлж, эрх бүхий албан тушаалтанд хандсан энэ байдал нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний заалтыг судалж үзээгүй гэж тайлбарлаж байгааг шүүхээс зөвтгөх үндэслэлгүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний агуулгыг бүхэлд нь зөв ойлгох талаар хариуцагч захиргааны байгууллага хүлээх үүрэггүй, хэрэв захиргаааны байгууллага уг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн, илэрхийлэл нь буюу агуулга нь хууль бус гэж буруутгавал, нөгөө талд нь талуудын хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр хандсан хүсэлтүүдийг мөн адил буруу байсан гэж ойлгох, газар эзэмших эрх шилжүүлэх талаарх хуульчилсан зохицуулалтыг хангахгүй байна гэж тайлбарлах хангалттай үндэслэл хариуцагч захиргааны байгууллага болох Засаг даргад үүсэхээргүй байна гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, дээрх хуулийн заалтын агуулгыг харин ч хангаагүй хэлбэрийг хэлбэр төдий хангаж, бүрдүүлсэн баримтууд, хүсэлт зэргийг хүлээн авч, шилжүүлсэнд захиргааны байгууллагын ажилтнуудын буруу байгаа гэж үзэж байгаа. Хэдийгээр зээлээ эргэн төлөөгүй бидний буруу ч зээлийн гэрээний 200.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 2 тэрбум төгрөгийн үнэ бухий газар, дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тэр тусмаа газрын албаны мэргэжилтнүүдийн газар эзэмших, ашиглах гэрээ болон барьцааны гэрээг ялгахгүй байгаа үйлдэлд гомдолтой байгаа.

Шүүхээс Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар эзэмших эрхээ барьцаалж барьцааны гэрээ байгуулан уг гэрээгээ бүртгүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхээс барьцааны гэрээг бүртгэх үүрэг бүхий захиргааны байгууллага дээр бичиг баримтын үзлэг хийхэд энэ талаарх баримт олдоогүй тул хүчин төгөлдөр барьцааны гэрээтэй, түүнийгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байхад газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн гэх тайлбар няцаагдаж байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдүүдийн тайлбараар гэрээний дагуу зээл авсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг газрыг барьцаалсан байсан гэдэг нь тогтоогддог бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хэргийн оролцогчийн гайлбар нь нотлох баримт болдог.

Шүүхээс нэхэмжлэгчийн газрыг шударгаар эзэмших эрх зөрчигдсөн гэх үйл баримт буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж нэхэмжлэгч газар эзэмших эрхээ барьцаалсан болохоос шилжүүлээгүй, хэрэв Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шилжүүлсэн захирамж гаргаагүй байсан бол барьцааны эрхээ бүртгүүлээд эзэмших эрх хөндөгдөхгүй байсан.

2. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн захиргааны акт-ыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 з, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг үндэслэн баталсан байна. Хуулийн 20 дугаар зүйлд: Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх-ийг нэрчлэн жагсаан заасан бегөөд 20.1-д: ...дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ... 18.1.2 з...-д заасан хурлын бүрэн эрхийг хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохыг заажээ. Түүнчлэн дээрх хуулийн 18.1.2 з-д нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах хэмээн заасныг үндэслэсэн нь мөн хуулийн 18.1-д дүүргийн Хурлын онцгой бүрэн эрх-д хамаарч, ... төрийн эрх бүхий бусад байгууллага албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхэй гэж заасантай нийцэж байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн баримт тогтоогдохгүй байна гэж нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглээгүй.

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2016 тоот Газар эззмших эрх шилжүүлэх гэрээ-ний 2.1.1 энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, нотариатаар гэрчлэгдэхээр эзэмших эрх шилжиж, 01/2016 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар дуусгавар болно, 3.2.4-т эзэмших эрхийг шилжүүлснээр түүнтэй холбоотой аливаа нэгэн маргаан гаргахгүй болно". 3.2.5-д гэрээнд заасан үүргийг чин шударгаар биелүүлнэ гэж тус тус заасаар байхад "Т.Б" ХХК нь энэхүү үүргээ зөрчиж БНХАУ-ын иргэн В-д ашиглуулах эрхийг олгохыг зөвшоөрсөн. Ийнхүү хууль зөрчиж олгосон газар эзэмших зрхийн гэрчилгээг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/47 тоот газар ашиглуулах эрх олгох тухай А/47 тоот тогтоолоор БНХАУ-ын иргэн В-д маргаан бүхий газрыг ашиглуулах зөвшөөрөл олгох эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад олгосон байна. Энэхүү тогтоолыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/165 дугаар захирамжаар газар ашиглуулах эрхийг баталгаажуулсан байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэжг. Газрын тухай хуулийн 20.1.1-т газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийт хяналт тавих, энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх, 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, 20.1.4-т бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах, 20.1.5-т үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох гэж тус тус зааснаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчид нь газрын асуудлаар дүрэм журам батлах, тухайн жилийн төлөвлөгөөг батлах, Засаг даргын тайлан, саналыг хэлэлцэх, байршил тогтоох, төсөвтэй холбоотой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэхээр байх бөгөөд харин газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах, Засаг даргад үүрэг даалгавар өгөх зэрэг эрхийг хуулиар олгоогүй байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалгтай аж ахуйн нэгж нь ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул дүургийн төсөв санхүүг сайжруулах, хамтран ажиллах үүднээс газар ашиглах эрхийг олгох тухай шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна гэж үзсэнийг ямар ч нотлох баримтад тулгуулаагүй тул гомдолтой байна. Өөрөөр хэлбэл дүүргийн төсөв санхүү хэрхэн сайжирсан, хэрхэн хамтран ажилласан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2017/0772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч "Б.Т.Г" ХХК-аас шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/146 дугаар захирамжийн "Т.Б" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/146 дугаар захирамжийн "Т.Б" ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Газар ашиглуулах эрх олгох тухай А/47 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай А/165 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчээс ...газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний нэр нь ийм болохоос биш барьцааны гэрээний утгыг агуулсан гэрээ байхад үүнийг харж үзэхгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэл нь хууль бус... хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч "Б.Т.Г"ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/2016 дугаар газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээний дагууСонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, МТ ШТС-ын зүүн талд байршилтай 10.000 м.кв газрыг "Т.Б" ХХК-ийн нэр дээршилжүүлэх хүсэлтийг газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ болон шилжүүлэн авч буй "Т.Б" ХХК-ийн хүсэлт холбогдох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн болох нь тогтоогджээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1-д нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хүсэлтийг хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд "Т.Б" ХХК-д шилжүүлсэн А/146 дугаар захирамж гаргаж, уг захирамжийг үндэслэн гэрчилгээ олгогдсон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38.4-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно. гэж заасныг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн ...Засаг дарга Газрын тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхийг тодруулах үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/47 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2./з/, 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг тус тус үндэслэн маргаан бүхий газрыг БНХАУ-ын иргэн В-д 5 жилийн хугацаатай ашиглуулах зөвшөөрөл олгох эрхийг тус дүүргийн Засаг даргад олгосноор тус дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/165 дугаар захирамжаар гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн В-д дээрх газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хууль зөрчиж олгосон гэрчилгээг үндэслэж газар ашиглуулах тухай А/47 дугаар тогтоол баталсан байх ба холбогдох хуулийн заалтаас үзэхэд газар эзэмшигч, ашиглагчид шууд чиглэсэн шийдвэр гаргах, Засаг даргад үүрэг даалгавар өгөх эрх олгогдоогүй гэжээ.

Гуравдагч этгээд "Т.Б" ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлж болно гэж заасан эрхийн дагуу өөрийн газар эзэмших эрхийг эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн шийдвэрээр БНХАУ-ын иргэн В-д шилжүүлсэн байх ба газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанаар гэрээний хугацаа дуусгавар болохоор заасан, нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж хохирлоо барагдуулсан гэсэн гуравдагч этгээд "Т.Б" ХХК-ийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/47 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус байх тохиолдол бий болоогүй зэрэгцээ уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/146 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй болохыг шүүхээс тогтоосон тул мөн дүүргийн Засаг даргын А/165 дугаар захирамжаар БНХАУ-ын иргэн В-д газар ашиглах эрхийг баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй тул хүчингүй болгох боломжгүй юм.

Дээрх болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ