Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01450

 

Б.Мөнхчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэр,         

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

Б.Мөнхчулууны нэхэмжлэлтэй

Увс аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 квт-ын дэд өртөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Мөнхчулууны гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Мөнхчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавд хүсэлт гаргахад тус албаны дарга Ж.Октябрь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгээр хангахаас татгалзсан нь. хуулиар өөрт эрх олгоогүй, хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасныг зөрчсөн. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, хураасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоосон тул түүнд үндэслэн явагдсан эд хөрөнгө үнэлүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа зөв байх боломжгүй. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах ажиллагаа явагдсаны дараа эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явуулдаг хуультай. Хэрэв эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус бол эд хөрөнгө үнэлсэн үйл ажиллагаа, эд хөрөнгө үнэлүүлэх тухай тогтоол хууль бус болно. Иймээс нэхэмжлэгч Б.Мөнхчулуун миний гомдлын шаардлагыг хангана уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, С.Маамуу, О.Одсүрэн нарт шүүхэд гаргасан тайлбартаа: Тус албанаас гарч буй ямар нэгэн албан бичиг нь байгууллагын албан бланк дээр албаны даргын гарын үсгээр баталгаажиж гардаг болно. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад С.Мягмаржавын гарын үсэгтэй албан бичиг гарах боломжгүй юм. “Шинжээч томилох тогтоол”-ыг ахлах шийдвэр гүйцэтгэгч баталж тогтоолын дугаар өгдөг тул 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар тогтоол үйлдэх боломжгүй. Мөн уг эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь тус албанаас хараат бус бие даасан үнэлгээний байгууллага тул үнэлгээтэй холбоотой ямар нэгэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3-д зааснаар үнэлгээг тус алба хүчингүй болгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3.5, 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар, 20 өрөө, 720 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга болон 0,6 мкв-ын дэд өртөөний барилга, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байршилтай 2 давхар 1360 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлсэн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Мөнхчулууны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхчулуун нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1270 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгийг гаргасан байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төлбөр төлөгч Б.Мөнхчулуун нь Үндсэн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолуудыг хүчингүй болгуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржав хүсэлт гаргасан боловч хүсэлтийг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ж.Октябрь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичгээрээ хангахаас татгалзсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3.1-т заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржавт хандсан байхад тус албаны дарга Ж.Октябрь хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн нь хуулиар өөрт эрх олгоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан хэрэг юм.

Товчхондоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хөндлөнгөөс оролцож, шийдвэр гаргах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан зарчимд нийцэхгүй юм.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/112 тоот тушаалаар батлагдсан “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын 4.2-т заасныг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т, 40.4-т гэж заасан заалтыг Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдсан “...үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол нь түүнийг үнэлүүлэхээр шинжээч томилох тухай тогтоолын хүчин төгөлдөр байдалд шууд нөлөөлөх шалтгаант холбоогүй, тус тусдаа бие даасан үйл ажиллагаа” гэсэн дүгнэлт нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах ажиллагаа явагдсаны дараа эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явуулдаг хуультай. Хэрэв эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус бол эд хөрөнгө үнэлсэн үйл ажиллагаа, эд хөрөнгө үнэлүүлэх тухай тогтоол хууль бус болно. Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар төлбөр төлөгч Б.Мөнхчулуун миний эд хөрөнгийг үнэлүүлэх ажиллагаа явуулах урьдчилсан нөхцөл болсон үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан үйл ажиллагаа хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Ийм байхад давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчөөгүй гэж буруу дүгнэлт хийсэн. Үндсэн хуулийн 16 зүйлд иргэний үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхийг тусгасан байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг эрхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас халдах үндэслэл журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан тодорхойлжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч Б.Мөнхчулууны гомдлын шаардлага нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар шийдвэр, мөн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг гүйцэтгэх баримт бичигтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдох юм. Гэтэл иргэний хэргийн материалд авагдсан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулгын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр “Шинжээч томилох тухай тогтоол”-д “Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаар шийдвэр”-ийг гүйцэтгэх зорилгоор үнэлгээ тогтоолгохоор шийдвэрлэсэн тухай дурьджээ. Үүнээс үзэхэд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23- ны өдрийн 138 дугаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хэрэгт авагдаагүй байжээ. Гэтэл анхан, давж заалдах шатны шүүхүүд шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоол хууль зөрчөөгүй гэж гомдлын шаардлагад үл хамаарах шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын талаар дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулна уу гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхчулуун нь хариуцагч Увс аймаг дах Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ “...албаны даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 дугаар албан бичиг, ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...албан бичиг нь байгууллагын албан бланк дээр даргын гарын үсгээр баталгаажиж гардаг, үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Увс аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 200 дугаар шийдвэрээр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03, 04 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолуудыг, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр явагдсан 01, 02 тоот тэмдэглэл бүхий хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг тус тус хүчингүй болгож, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгосон” үйл ажиллагааг, төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах Ахуй үйлчилгээний комбинатын баруун хойд талд байршилтай 0,6 квт-ын дэд өртөөний барилга, Ахуй үйлчилгээний комбинатын хойд жигүүрийн нэг, хоёрдугаар давхрын 720 м.кв талбай бүхий 20 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг, “Шинэ зуун” худалдааны төвийн 1 дүгээр давхрын 780 м.кв, 2 дугаар давхрын 580 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, хураасан Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 3-10 дугаар тал/.

Б.Мөнхчулуун нь Увс аймаг дах сум дундын шүүхийн 2011 оны 87 дугаар шийдвэрээр Зоос банкны эрх хүлээн авагч Монгол банкинд 58.062.361 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2009 оны 138 дугаар захирамжаар ХААН банкинд 987.986.061 төгрөг төлөх төлбөртэй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Б.Мөнхчулууны өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3-т заасан журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

Б.Мөнхчулуун нь дээрх шийдвэр гарсны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 3-ны өдөр 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолд Увс аймаг дах Шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасны дагуу хариуцагч 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 528 тоот албан бичгээр хариу өгсөн, уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргажээ /хавтаст хэргийн 1-3, 12-13 дугаар тал/.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан бичиг болон шинжээч томилох тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох гэж тодорхойлсон, энэ нь үнэлгээний талаар бус, харин үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг хүчингүй болгох агуулгатай байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч иргэний мөнгөн болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан дараалал, журмыг баримтлах бөгөөд мөн хуулийн 36.1, 36.1.1, 36.5-т эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор битүүмжлэх, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн эд хөрөнгийг хураан авах, 39 дүгээр зүйлийн 39.3-т хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тохиолдолд хураасан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, ингэхдээ талууд тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлгээ тогтоолгоно.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...битүүмжилж, хураах нь шинжээч томилохтой шалтгаантай холбоогүй, тус тусдаа бие даасан үйл ажиллагаа” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн, энэ тохиолдолд уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулах шаардлагатай бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан. Шийдвэр гүйцэтгэгч нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн ямар эд хөрөнгийг битүүмжилж, хураасан нь тодорхой бус тохиолдолд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01, 03 дугаар “шинжээч томилох” тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09 дүгээр магадлалын нэг, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг баримтлан 93, 94 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн “Шинжээч томилох тухай” 01, 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ