Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 26

 

 

 

 

Ч.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2021/00323 дугаар шийдвэртэй Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотод оршин суух, РД:ПЮ60123773, Шаргай овгийн Чимэдийн *******ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК /РД:2056836/

Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 120 айлын орон сууцны 32 тоотод оршин суух, РД:ПЭ61012503, Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч ажилтай, Тайжууд овогт Мөнхдөөгийн *******,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7-3б тоотод оршин суух, РД:ПЮ89110872, Боржигон овогт Пүрэвийн Хүрэлчулуун нарт холбогдох, иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Гантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: “Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын Ү-1617004604, №000203857, Г-1617000037, №000241762 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “*******” ХХК-иас гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нотариатын бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай”

Нэхэмжлэлийн агуулга: “ Манай хүргэн болох П.Хүрэлчулуун нь ******* ХХК-ийн Ховд салбарт борлуулагчаар ажилд орохын тулд таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрэгтэй байна гээд аваад явсан. Би тухайн үед энэ үгний утга учир, үр дагавар, хор уршгийг нь мэдэлгүй хүргэн ажилд ороход хэрэг болсон юм байх гэж бодоод өгөөд явуулсан. Сүүлд нь надаар нэг бичиг дээр гарын үсэг зур гээд манай хүргэн, хүргэнийг ажилд авч байгаа хүн хоёр ирээд гарын үсэг зуруулаад явсан. Манай хүргэн “*******” ХХК-д ажиллаж байхдаа их хэмжээний өрөнд орсон юм билээ. Энэ асуудлаас болж манай хүргэн охин хоёр хоорондоо маргалдаж их л бухимдалтай байснаас болж охин минь нас барсан. Би өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн бичиг баримтаа авах гэхээр ******* ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын V-1617004604, №000203857, Г-1617000037, №000241762 дугаартай үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээг өгөхгүй байна. Учир нь та манай компанид барьцаанд өгсөн гэсэн хариу хэлсэн. Барьцааны гэрээг хотод байдаг охиноороо дамжуулж байж “*******” ХХК дээр нь очоод гар утсаараа дарж авсан бөгөөд энэ барьцааны гэрээний хувь нь ч надад байхгүй, юу болоод байгааг миний бие нь одоог хүртэл ойлгохгүй яваад байна.

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №19/07 дугаартай Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Миний хөрөнгийг барьцаанд тавихдаа учир холбогдлыг нь тайлбарлахгүйгээр гарын үсэг зур гэсэн тэгээд би зурсан. Хүргэн П.Хүрэлчулуундаа итгээд л зурсан болно. Энэ барьцааны гэрээнээс харахад гэрээг Улаанбаатар хотод хийсэн харагдаад байх юм. Би Улаанбаатар хот руу яваагүй. Иймд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №19/07 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын Ү-1617004604, №000203857, Г-1617000037,№000241762 дугаартай үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээг “*******” ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайд: Нэхэмжлэгч Ч.*******ийн хүргэн П.Хүрэлчулуун нь манай компаниас болон компанийн гэрээт борлуулагчаас нийт 10,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч борлуулахаар харилцан тохиролцож 2019 оны 05 дугаар 01-ний өдөр №19/07 дугаар Борлуулагчийн гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан улсын бүртгэлийн Ү-161 7004604 дугаарт бүртгэлтэй, Ховд аймгийнЖаргалант сумын 1 дүгээр баг, Алагтолгой багийн 8-25 тоот хаягт байрлах 50.4 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-1617000037 дугаарт бүртгэлтэй 1350 м.кв талбайтай газрын хамт барьцаалуулж 2019-05-07-ны өдөр №19/07 дугаар барьцааны гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулахад “*******” ХХК-ийг төлөөлж хөдөө орон нутаг хариуцсан супервайзер А.Амартүвшин, үндсэн үүрэг гүйцэтгэгч П.Хүрэлчулуун болон барьцаа хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч Ч.******* нар оролцсон бөгөөд талууд гэрээнд гарын үсэг зурж, хуульд заасан журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Ийнхүү №19/07 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг бүрэн хангасан тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарахгүй. Мөн нэхэмжлэгч барьцааны гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурсан гэдгээ нэхэмжлэлд маш тодорхой дурдсанаас үзэхэд тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, уг гэрээний учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож, ухамсарлаж, барьцаалуулахыг хүлээн зөвшөөрсөн болохыг харуулж байна.

Хоёр. Барьцаа хөрөнгүүдийн гэрчилгээг гаргуулах шаардлагын тухайд: Барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Барьцаалуулагч эсвэл үндсэн үүрэг гүйцэтгэгч барьцаалагчийн шаардлагыг бүрэн хангасан, эсвэл үндсэн гэрээ буюу борлуулагчийн гэрээ дуусгавар болсон бол барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцаа хөрөнгийн гэрчилгээний эх хувийг барьцаалуулагчид буцаан олгохоор талууд тохиролцсон. Гэтэл үндсэн үүрэг гүйцэтгэгч П.Хүрэлчулуун нь борлуулагчийн гэрээгээр ажиллах байх хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж компанид 28,185,833 төгрөгийн өр төлбөртэй болсон ба тэрээр уг өр төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 153/Ш32020/00439 дүгээр захирамжаар баталгаажуулсан. Ийнхүү үндсэн үүрэг гүйцэтгэгч нь барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу барьцаалагчийн шаардлагыг бүрэн хангаж компанид төлөх өр төлбөрөө бүрэн барагдуулаагүй тул барьцаалуулагчид барьцаа хөрөнгийн гэрчилгээг буцаан өгөх үндэслэлгүй байна.

Гурав. Нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн үндэслэсэн тус зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхтэй холбоотой хэрэгт хамаарах бөгөөд энэхүү хэрэгт хамаарахгүй. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээний эрх зүйн маргаантай асуудлаар шүүхэд хандахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан нутаг дэвсгэрийн харьяалалыг зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянтогтохын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. “*******” ХХК-ийн төлөөлөгч А.Амартүвшин нь манай аймгийн 1 хүнийг ч гэсэн орлого, ашигтай болгох гэж сайхан сэтгэл өвөртөлж Улаанбаатар хотоос 1 талдаа 1,600 км, 2 талдаа 3,200 км хол замыг туулж ирээд П.Хүрэлчулуун, Ч.******* нартай “*******” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/07 дугаартай борлуулагчийн болон барьцааны гэрээ байгуулж, өөрсдийн биеэр нотариат дээр ирээд гэрчлүүлээд явсан. Би 5 ширхэг гэрээг гэрчлээд 1 ширхгийг авч үлдээд 4 хувийг өгсөн.

2. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний бүртгэлийн дэвтрийн 909 дугаартай борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээг гэрчилсэн үйлдлийг бүртгэсэн бүртгэлийн гарын үсэг гэдэгт А.Амартүвшин гарын үсгээ таталж бичээд А.Амартүвшин гэж гарын үсгийн тайлал бичсэн. Гарын үсэг гэдэгт Хүрэлчулуун монголоор гарын үсгийн тайлал бичсэн. Гарын үсэг гэдэгт ******* гэж гарын үсгээ нэр чигтээ бичсэн. Ч.******* нь нэрээ нэр чигээр нь бичсэн учраас нэрний тайлал бичих шаардлагагүй.

3. Итгэмжлэл нь өөрийн биеэр байх боломжгүй тохиолдолд хийгдэнэ. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/07 дугаартай барьцааны гэрээ хийгдэх үед А.Амартүвшин, П.Хүрэлчулуун, Ч.******* нар нь өөрийн биеэр байгаа тул итгэмжлэл хийгдэх шаардлагагүй. Надаас итгэмжлэлийн талаар хэн ч асуугаагүй. Гэрээ нь өөрсдийн биеэр уулзаж ярилцаад хийгддэг учраас маш хүчтэй баримт юм.

4. “*******” ХХК-ийн төлөөлөгч Амартүвшин үүрэг гүйцэтгэгч Хүрэлчулуун, барьцааны эзэн ******* нар нь “*******” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19/07 дугаартай борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээг өөрсдийн биеэр ирж гэрчлүүлээд явсан тул энэ хэргийн хариуцагч би биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч П.Хүрэлчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Хүрэлчулуун нь Ч.*******ийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2019 онд би“*******” ХХК-тай холбогдож гэрээт борлуулагчаар ажилд орох санал тавьсан. “*******” ХХК нь намайг ажилд авахад барьцаа шаардлагатай гэсэн. Тиймээс хадам аав болох Ч.*******ийн хашаа байшингийн гэрчилгээг барьцаанд тавьж уг компанийн борлуулагчаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 12 сарын эхээр уг ажлаас гарахаар болж ажлаа хүлээлгэж өгөхөд ******* ХХК надаас 31,000,000 төгрөг гаруйтай авлагыг нэхсэн.

2020 оны хавар нь би Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд “*******”ХХК-тай тохиролцож уг авлагыг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо тэр гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэлээр дамжуулан уг компанид 2,000,000 төгрөгийг төлөөд явж байна. Хадам аавыг улсын бүртгэл дээр гарын үсэг зуруулах ажлаар талбай дээрээс утсаар дуудсан. Тэр үед нотариат руу орж ааваар гарын үсэг зуруулснаа санахгүй байна. Одоогоос 2-3 жилийн өмнөх асуудал учир би сайн санахгүй байна.

Нэгэнт “*******” ХХК-тай дээрх төлбөрийн асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулаад, зохих журмын дагуу төлбөрөө төлж байгаа. Эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ гэж ойлгоогүй, тухайн үедээ хугацаа авах санаатай эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэгэнт би “*******” ХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болж төлбөрөө төлөөд явж байгаа тул барьцаанд тавьсан хадам аавын хашаа байшингийн гэрчилгээг “*******” ХХК буцаагаад өгөх нь зүйтэй юм шиг санагдаж байна. Энэ асуудлаас болж би бас их зовлон үзсэн. Хань ижлээ алдсан. Хадам аав, ээж хоёр минь сэтгэл санаагаар унаж, өндөр настай улсуудад хэцүү байгаа. “*******” ХХК-ийн удирдлагууд боломжтой бол хадам аав ээжийн минь хашаа байшингийн гэрчилгээг буцааж өгнө үү гэх хүсэлттэй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2021/00323 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №19/07 дугаартай “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой баг, 8 дугаар гудамжны 25 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-1617004604, №000203857 дугаартай, 50,4 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-1617000037, №000241762 дугаартай, 1350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “*******” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Чимэдийн *******ид олгож, 2.    Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 31.3-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нотариатын Бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 140,400 (Нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ид олгож, 70,200 (Далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай гэж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.*******ийн давж заалдсан гомдлын агуулга: ******* ХХК –иас бараа, бүтээгдэхүүн авч борлуулан гэж аав *******ийнхоо газар, хувийн сууцыг барьцаанд тавьж байгаа гэж хэлээд ******* ХХК –ний итгэмжлэл, 9011254030 дугаартай улсын бүртгэлтэй 2056836 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ мөн ******* ХХК-ний дүрэм, Ховд  аймаг Жаргалант сумын Алагтолгой, баг 8 дугаар гудамжны 25 тоотод байршилтэй Г-Ү 1617004604 дугаартай улсын бүртгэлтэй 200700127 нэгж талбартай газрын гэрчилгээ, Ү-1617004604 дугаартай улсын бүртгэлтэй хувийн сууцны гэрчилгээг надад гаргаж өгсөн.  ******* ХХК 219 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжлэлээр төлөөлөгч Амартүвшинд олгосны үндсэн дээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-ний төлөөлөгч Амартүвшин нь *******той барьцааны гэрээ байгуулсан үйлдэл нь цаг хугацааны хувьд зөв байхад энэ барьцааны гэрээ болон нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан. ******* ХХК-аас олгосон итгэмжлэлийн хугацаа барьцааны гэрээ байгуулахаас өмнө байна гэх үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь өөрийн хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд өөрийн биеэр гарын үсгээ зурсан болох нь эргэлзээгүй нотлогдож байна. ******* ХХК-аас өөрийн ажилтандаа олгосон итгэмжлэлийн агуулга нь талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд огтоос хамааралгүй бөгөөд итгэмжлэл нь зөвхөн ******* ХХК-г төлөөлөх эрхийг нотолсон баримт бичиг юм. Тиймээс итгэмжлэлийн хугацаа гэрээ байгуулсан өдрөөс өмнө байгаа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй. Уг маргааны гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан нутаг дэвсгэрийн харьяалалд хамаарахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын Ү-1617004604, №000203857, Г-1617000037, №000241762 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “*******” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нотариатын бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулсан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хэргийн харьяалал зөрчсөн” гэж тайлбарласан бол хамтран хариуцагч М.******* “барьцааны гэрээг талуудын хүсэлтээр гэрчилсэн, тухайн үед Ч.******* өөрөө байлцсан тул нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй” гэж хамтран хариуцагч П.Хүрэлчулуун ”******* ХХК-нд учирсан хохирлыг шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлж байгаа” гэж тус тус тайлбарлажээ.  

Шүүх нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэснийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хамтран хариуцагч М.******* нар эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч Ч.******* өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулахыг зөвшөөрч, барьцааны гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлэхээс өмнө ******* ХХК түүний үл хөдлөх хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг авахгүйгээр өмчлөгч Ч.*******ийн хөрөнгийг нэрлэн зааж, барьцааны гэрээ байгуулах эрхийг ажилтандаа олгосон нь хууль зөрчсөн буюу гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлохоор тусгасан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан чөлөөт байдлын зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалтын тус тус зөрчжээ” гэх дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайлбал хэрэгт авагдсан баримтуудаар Иргэн П.Хүрэлчулуун нь 2019 онд ******* ХХК-тай холбогдож гэрээт борлуулагчийн ажилд орох санал тавихад ******* ХХК нь түүнийг ажилд авахад барьцаа хөрөнгө шаардлагатай гэснийг П.Хүрэлчулуун хүлээн зөвшөөрчээ.[1]

Улмаар  2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий тус компанийн хөдөө орон нутаг хариуцсан ажилтан Амгалан овогтой Амартүвшинд №19/139 дугаартай итгэмжлэлээр Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр баг, Алагтолгой баг, 8 дугаар гудамжны 25 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-1617004604, №000203857 дугаарт бүртгэлтэй 50.4м2 талбайтай хувийн сууц, Г-1617000037, №000241762 дугаарт бүртгэлтэй 1350м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг  Ховд аймгийн  үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст борлуулагчийн гэрээ, барьцааны гэрээ байгуулах болон бүртгүүлэх, барьцаанд бариулах, барьцааны гэрээ борлуулагчийн гэрээг хүлээж авах,  хүлээлгэн өгөх, Ховд аймгийн нотариатын газар бүртгүүлэх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгожээ.[2]

Ингээд дээр дурдсан итгэмжлэлийг үндэслэн иргэн П.Хүрэлчулуун нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн хөдөө орон нутаг хариуцсан Супервайзер  Амгалан овогтой Амартүвшинтэй №19/07 дугаартай “Борлуулагчийн гэрээ” байгуулж, тус компанийн борлуулагчийн ажилд оржээ.[3]

Харин 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр борлуулагчийн гэрээг нотариатчаар гэрчлүүлж, барьцааны гэрээ байгуулан, барьцааны гэрээг мөн нотариатчаар гэрчлүүлсэн[4] үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Ч.******* нь “би барьцааны гэрээний учир холбогдлыг ойлгоогүй, надад учир холбогдлыг нь тайлбарлахгүйгээр гарын үсгээ зур гэсэн” гэх тайлбараа баримтаар нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байхад шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангахгүй болжээ.

Мөн нэхэмжлэгч Ч.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянтогтох нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ “нотариатын бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээг баталсан үйлдлийг бүртгэсэн бүртгэлд зурагдсан Ч.******* гэсэн гарын үсэг нь биш, мөн тухайн нотариатын үйлдлийг хийгдэх үед Ч.******* биечлэн байгаагүй” гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбараа шүүхэд нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гарын үсгийн шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гараагүй байх тул “...нотариатын бүртгэл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг нэхэмжлэгч Д.*******ийн гарын үсэг биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянтогтох нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.*******, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.*******, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2021/00323 дугаар шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 8-25 тоотын Ү-1617004604, №000203857, Г-1617000037, №000241762 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “*******” ХХК-иас гаргуулах, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нотариатын бүртгэлийн дэвтрийн 909 дугаарт бүртгэгдсэн 19/07 дугаартай барьцааны гэрээг баталсан 174 дугаар тамгатай нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.*******, хариуцагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хүлээн авсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч М.*******ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж хариуцагч нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                        Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                       М.НЯМБАЯР

   

 

 

 

 

[1] Хэргийн 161 дүгээр тал

[2] Хэргийн 46 дугаар тал

[3] Хэргийн 47-48 дугаар тал

[4] Хэргийн 49-50 дугаар тал