| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0073/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 75
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Болортуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001150062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, ** настай, эмэгтэй, мэргэжилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл *, аав ээж * ахын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ** хороо Дүүргийн **-ийн *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй 2017 оны 04 дүгээр сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 143 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жил 06 сарын хугацааг тогтоогдож ялаа эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ялын тэгшигтгэлд хамрагдаж ялаас чөлөөлөгдөж байсан, Сартуул овогт Батжаргалын Болортуяа /РД:ИЮ-91031001/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Болортуяа нь 2017 оны 09 дүгээр сард Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл зарж борлуулах нэрийдлээр итгэл төрүүлэн автомашин тээвэрлэх ачилтын хөлсөнд хэрэглэнэ гэж 450.000 төгрөгийг бусдаас дансаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Болортуяагийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дүгээр гудамжны *** тоотод ээж, аавынхаа хамтаар амьдардаг. Болсон асуудлын талаар ярихад 2017 оны 09 дүгээр сарын эхээр байсан санагдаж байна. Би Энжи Болороо нэрээр фэйс бүүк хаяг нээсэн юм. Ингээд хаяганыхаа нүүр хуудас буюу зургийг өөр царайлаг эмэгтэй хүний зургаар тавьсан, өөрийн хувийн ямар нэгэн зургийг оруулаагүй цахим сайтнаас татаж авсан зурагнуудаа оруулсан байх үед надруу Түвшөө гэх хүн найзын хүсэлт явуулсан байсан ба найзын хүсэлтийг нь авсан. Ингээд найз болсон байх үед Түвшөө гэх хүнээс надруу чатаар “Сайнуу” гэх мессэжийг явуулж би харилцах болсон 14 хоног тасралтгүй мессэнжэрээр харьцсан юм. Ингээд би хэсэг харьцаж гайгүй харьцаатай болсныхоо дараагаар уг хүнд хандаж Приусс-10 маркын автомашиныг 6 сая төгрөгөнд зарах гэсэн юм авах хүн байна уу гэж асуухад би машингүй наад машиныг чинь авчихъя гэж хэлхээр нь урьдчилгаа 300.000 төгрөг явуулах хэрэгтэй байна гэж хэлхэд заза гэж хэлээд урьдчилгаа 300.000 төгрөг миний ************** дугаарын Хаан банкны дансруу шилжүүлсэн юм. Тухайн үед би өөрийн утасны дугаар уг хүнд өгсөн байсан ба надтай утсаар ярьж холбогддог болсон байсан. Ингээд надтай утсаар холбогдоод машин тэргээ асуухад нь удахгүй ачууллаа нэмээд мөнгө өгчих гэж хэлээд эхний мөнгө авсныхаа дараагаар буюу 2 хоногийн дараа дахин 150.000 төгрөг өөрийн дансаар авсан юм. Ингэж мөнгө аваад холбоогүй болсон өөрийн *********** гэх дугаарыг барихаа больж хаагаад мөн фэйс бүүк хаягаа хаачихсан юм. Тухайн үед би мөнгө аваад хамаг харилцаж байсан дугаар, фэйсбүүк хаягаа хаасан юм. Гэтэл намайг цагдаагаас хэн болохыг маань тогтоогдоод эрэн сурвалжилж хайж байгаад 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн гэртээ байхад Сэлэнгэ аймгийн цагдаа нар барьж саатуулсан юм. Ингээд одоо болсон зүйлийн талаар яриад сууж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/
Хохирогч Д.Болормаагийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирлын төлбөрт 592.000 төгрөгийг миний ********** дугаарын дансруу шилжүүлж өгсөн өнөөдөр өглөө мөнгөө хүлээж авсан. Миний хувьд учирсан хохирол болон унааны зардал гэх зэрэг мөнгийг оруулаад нийтэд нь авсан юм. Одоо надад ямар ч гомдол санал, нэхэмжлэх, нэмж шалгуулах зүйл алга байна. Би өөрийн хохирлыг бүрэн авч дууслаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/
Гэрч В.Батжаргалын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин Б.Болортуяа 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн айлын бага охин юм дээрээ * ахтай. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж 10 жилийн сургуульд элсэн орж суралцаж байгаад Улаанбаатар хот руу сургуульд суралцахаар орж ирсэн. Эхнэр бид 2-ын хувьд хот руу 2005 онд суурьшихаар орж ирсэн ба одоог болтол өөрийн гэсэн газаргүй айл айлын хашаанд түрээсээр гэр барьж амьдарч байна. Охин маань 10 жилийн сургуулиа төгсөөд 2009 онд хотруу орж ирсэн МУИС-ийг өөрийн мэдлэгээрээ аваад элсэн орж суралцсан ба 2 дугаар курсээсээ сургуулиа хаячихсан юм. Миний хувьд сургуулийнх нь төлбөрийг олж өгөөд нэхсэн мөнгийг нь өгдөг байсан гэтэл сургуулийнхаа төлбөрийг үрэн таран хийгээд сургуулиа хаячихсан байсан үүнийг нь сүүлд л олж мэдсэн юм. Мөн ингэж суралцах явцдаа залилангийн хэрэгт холбогдоод цагдаад шалгагдаад 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 7 сар шоронд суугаад хуулийн тэгшитгэлээр суллагдсан юм. Ингээд эхнэр бид 2-той 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс хойш хамт байх болсон өнөөдрийг хүртэл уул нь гайгүй л байсан юм хоол унд хийгээд ахынхаа хүүхдийг харж өгөөд их л томоотой байсан. Ийм хэрэгт дахин холбогдон гэж бодсонгүй ээ ямар учиртайг нь цагдаа нар ирж барьж явах үед нь л сонсож мэдсэн. Манай охин бол надад ямар нэгэн зүйл хэлээгүй байсан цагдаагаас хайж байгааг нь хүртэл мэдээгүй байсан юм... “ гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
Гэрч Д.Түвшинбаярын 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Түвшинбаяр Түвшөө” гэх нэртэй фэйс бүүк хаягтай юмаа уг хаягийг ашиглаад 5 жил гаран болж байна. Болсон асуудлын талаар ярихад 2017 оны 09 дүгээр сарын ихээр байсан санагдаж байна яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би “Энжи Болороо” гэх хаягтай эмэгтэй хүнтэй фэйсбүүкээр танилцсан. Юу болсон юм бэ гэхээр тухайн хаягтай эмэгтэйгээс над руу мессэж хамгийн анх бичсэн юм надтай найз болоогүй байхдаа чат бичиж байсан юм. Хамгийн анх “Сайнуу” гэж бичихэд нь би хариу мессэж бичсэн ингээд хоорондоо харилцахад өөрийгөө МУИС-д сурдаг одоо 3 дугаар курс оюутан гэж ярьж байсан ба Дархан уул аймгийн Хаан банкан дээр дадлага хийж байна гэж чат бичсэн юм. Ингээд би зургийг нь орж үзхэд их л хөөрхөн охин байсан надад мөн маш их таалагдсан. Ингээд би харилцах болсон ба хэсэг хугацаанд мессэжлээд надад утасны дугаараа өгсөн ************ гэсэн дугаарын өгсөн ба мөн ******* дугаарыг манай эгчийн дугаар гэж өгч байсан юм. Ингээд утсаар болон мессэнжэрээр харилцаж байх хугацаанд буюу 7 хоногийн дараа байх гэнэт надад хандаж “Хямдхан машин байна” авах уу гэж хэлэхээр нь ямар машин зарах гээд байгаа юм гэж асуухад “Приусс-20” маркийн машин байна 2 сая төгрөгөнд өгчихнө гэж хэлхээр нь би сонирхоод яагаад ийм хямдхан байгаа юм бэ гэж асуухад манай эгч Архангай аймагт авто ломбард ажлуулдаг юм. Энэ приусс-20 машиныг ломбарданд тавьсан хүн гадагшаа явах гээд 2 сая төгрөгөнд тавьчихаад ирж аваагүй машинынхан хугацаа дууссан. Ломбардны өмч болсон иймд намайг ав гэж хэлсэн юм би эгчийнхээ хүүхдийн зунжингаа харж өгсөн болохоор надад өгч байгаа юм “Чи хямдхан авбал ав” авахгүй гэвэл 2-лаа уг машиныг хямдхан шиг зараад мөнгийг нь хуваагаад авчихъя гэж ярихаар нь наад талаар чинь би асууяаа гэж хэлсэн юм. Тухайн үед би өөрийн гэррүүгээ Сэлэнгэ аймаг руу явж байсан ба гэртээ ирээд ээж Д.Болормаад энэ талаар хэлсэн гэтэл найдвартай юмуу ийм хямдхан машин гэж байхгүй дээ гэж хэлхээр нь найдвартай надад хандаж машиныг хамт зараад мөнгийг нь хувааж авъя гэж ярьсан юм. Их хөөрхөн охин байгаа яриа хөөрөө нь ч давгүй санагдсан зүгээр байхаа гэж хэлхэд ээж заза тийм бол яахав гэж хэлсэн ба машинаа яг авахдаа мөнгийг нь өгнө өө гэж надад ээж хэлсэн юм. Ингээд би энэ талаар Энжи Болороод утсаар хэлхэд “Архангай аймгаас машиныг чинь хот руу ачуулчихъя гэж хэлэхээр нь” аан заза гэж хэлсэн ба гэтэл өөдөөс машин ачуулсны төлбөр 300.000 төгрөг болж байна мөнгөө шилжүүл гэж хэлхээр нь би итгэсэн байсан учир энэ талаар ээжид хэлээд дансны дугаарыг нь ээж рүү явуулахад ээж маань мөнгө шилжүүлсэн юм. Ингэж 300.000 төгрөг аваад дахин Энжи Болороо надруу яриад машиныг чинь хотруу ачуулчихсан одоо замдаа явж байгаа 300.000 мянган төгрөгөн дээр чинь нэмж 150.000 төгрөг манай эгч ачилтын хөлсөнд өгсөн байна мөнгө нэмж өгөхгүй бол энэ мөнгө чинь хүрэхгүй юм байна гэж хэлхээр нь юу яриад байгаа юм бэ чи болно гэж хэлээ биздээ гэж хэлхэд тэгвэл чи боль боль гэж намайг сүрдүүлсэн ба 300.0 мянган төгрөгнийхөө 100.000 төгрөгийг нь буцаагаад ав машиныг чинь буцаагаад Архангай аймаг руу нь явуулчихъя эсвэл чи нэмж 150.000 төгрөгөө өг гэж тулган шаардаад байхаар нь аргагүй байдалд ороод ээжид энэ талаар хэлхэд яг одоо бэлэн мөнгө алга байна гэж хэлхээр нь ээжид хандаж би гарг утасаа ломбарданд тавьчихъя та мөнгө явуулаарай гэж хэлээд өөрийн гар утасыг Дархан уул аймагт 150.000 төгрөгөнд ломбарданд тавьчихсан юм. Ингэж тавиад мөнгийг “Энжи Болороо"-гийн дансруу шилжүүлсэн юм. Ингээд би хот руу таксинд суугаад явсан ба хотод очоод өөр утсанд сем картаа хийхэд тухайн эмэгтэйгээс олон мессэж ирсэн байсан “Ингэхдээ машин чинь хотод ирчихсэн байна ченж нар машинуудаа аваад чиний л машин ганцхан үлдчихлээ гэж намайг хот руу орохоос өмнө 1 цагийн өмнө бичсэн байсан”. Ингээд би тухайн эмэгтэй рүү эгчийнхээ утаснаас залгахад утасаа авч ярьсан ба надад хандаж чи яачихваа алга болчих юм чамайг ирээгүй болхоор машиныг чинь буцаагаад Архангай аймаг руу ачаад аваад явчихсан байна гэж хэлхээр нь чи юу яриад байгаа юм бэ чи надруу 1 цагийн өмнө л мессэж бичсэн байна шүү дээ чи надаар тоглоод байна уу, намайг залилаад байгаа юмуу гэж уурлаж хэлхэд шууд гар утасаа тасалчихсан юм. Ингээд би дахин залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан ба надруу мессэж бичсэн “Ингэхдээ аниад энэ талаар чинь хэлсэн их уурлаж байна, хуулийн зөвлөхөө одоо хот руу явуулна гэж байна, шийдэх ёстой газраар нь шийдье даа гэж намайг дарамтлах маягтай мессэж ирүүлсэн юм”. Ингээд би энэ талаар ээжид хэлээд ээж утасыг нь авсан. Ингээд ээж надтай эргэж яриад би тэр эмэгтэйтэй чинь утсаар ярьлаа чамайг машинаа аваагүй гээд буцаагаад явуулсан шийддэг газраар нь шийдүүлье гэж ярьлаа их залилангийн эмэгтэй байна гэж надад уурласан юм. Ингээд ээж энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн байсан ба тухайн эмэгтэй рүү дахин залгахад утас нь холбогдохоо байсан ба Энжи Болороо гэх хаяг нь устгагдаад алга болчихсон байсан. Надтай ямар ч холбоогүй болсон ингээд ээж маань цагдаагаар энэ асуудлыг шалгуулахаар явах болсон ба би хотод суралцаад байж байсан юм. Ингээд өчигдөр байх над руу цагдаагаас яриад Энжи Болороо гэх хүнийг барьж саатуулсан байна ирж уулз гэхээр нь хотоос ирсэн юм. Болсон зүйл гэвэл энэ л байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/
Юнител ХХК-ний лавлагаа /хх-ийн 51-124 дүгээр тал/
Хаан банкны диспозиц дансны хуулга /хх-ийн 127-135 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 136 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар тал/
Сонгино-Хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 139-144 дүгээр тал/
Ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 145 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд:
Шүүгдэгч Б.Болортуяа нь 2017 оны 09 дүгээр сард Приус-10 маркийн тээврийн хэрэгсэл зарж борлуулах нэрийдлээр итгэл төрүүлэн автомашин тээвэрлэх ачилтын хөлсөнд хэрэглэнэ гэж 450.000 төгрөгийг Д.Болормаагаас дансаар авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 23-27/, гэрч Д.Түвшинбаярын /хх-ийн 32-33/ мэдүүлгүүд, Юнител компаниас ирүүлсэн ярианы болон мессежний лавлагаа /хх-ийн 51-84/, Мобиком корпарациас ирүүлсэн ярианы болон мессежний лавлагаа /хх-ийн 85-124/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Болормаагийн мэдүүлэг нь гэрч Д.Түвшинбаярын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Болортуяад холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Болортуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Болортуяад нь урд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан боловч ял шийтгэлээ биечлэн эдэлсэн байх тул Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаангүй зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас санал болгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Болортуяагийн энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 08 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг цагдан хоригдсон 01 хоногтой тооцож нийт 64 цаг болж байгааг түүнд оногдуулах 240 цагаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 176 цагийн хугацаатай байхаар тогтоов.
Шүүгдэгч Б.Болортуяа энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Б.Болортуяа нь хохирогч Д.Болормаад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сартуул овогт Батжаргалын Болортуяаг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Батжаргалын Болортуяад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан Б.Болортуяагийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 08 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг цагдан хоригдсон 01 хоногтой тооцож 64 цагийн ялыг 240 цагаас хасч түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 176 цагийн хугацаатай байхаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ялтан Б.Болортуяад оногдуулсан 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Болортуяа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Ялтан Б.Болортуяа нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Ялтан Б.Болортуяад урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ