| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0509/З |
| Дугаар | 128/ШШ2025/0655 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0655
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Э.Азбаяр, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц*******инг ХХК /РД:/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар,
Гуравдагч этгээд:Л ХХК /РД:/
Гуравдагч этгээд: Ш.Т /РД:/ нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, гуравдагч этгээд Ч.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц*******инг ХХК-иас анх шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 6/5468 тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Эрхийн улсын Бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгийн Л ХХК-аас 41 тоот хүсэлтийг үндэслэсэн 2016 оны 12 сарын 12-ний өдрийн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 дахь хэсгийг үндэслэн илт хууль бусад тооцуулах, анхны өмчлөгч Т" ХХК-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Л ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч Т ХХК буюу нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах болгож өөрчилсөн.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1, Шувуун фабрикийн зам хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.
2.2. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л ХХК-иас өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд өөрчлөлт оруулахаар мэдүүлэг гаргаж 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Л ХХК-ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1, Шувуун фабрикийн зам тоот хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн.
2.3. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-иас Өмчлөгчийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдээс иргэнд, иргэн үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн өмчлөлд өмчлөх эрх шилжих мэдүүлэг гаргаж 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 000 дугаар гэрчилгээгээр үл хөдлөх хөрөнгийг Т ХХК-нд бүртгэсэн.
2.4. 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК-иас Эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх мэдүүлэг гаргаж 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар гэрчилгээгээр Ц*******инг ХХК-нд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, шувуун фабрик гудамж тоот хальт байршилтай 723 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.
2.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 дугаартай дүгнэлтээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлд өмчлөх эрх шилжсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн, өмчлөгчийн нэр өөрчлөгдсөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох гэж дүгнэжээ.
2.6. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/5468 дугаар Хариу өгөх тухай албан бичгээр Хяналт шалгалтаар эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик гудамж, тоот, хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-иас Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн нь тогтоогдсон тул хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Хэрэв Та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. гэж хариу хүргүүлсэн.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлдээ: Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгө нь анх 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т ХХК-ийн хөрөнгөөр бүртгэгдсэн байсан. Д.Д нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК-ийг Ш.Төөс 80 хувийг 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгөөр, Б.Ааас 20 хувийг 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр тус тус худалдаж авсан.
Ингээд Т ХХК-ийг 100 хувь худалдан авсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-аас Л ХХК-ийн 41 тоот хүсэлт хүргүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг Л ХХК-руу шилжүүлсэн.
Дараа жил нь 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгөө Л ХХК-ийн дүрмийн санд бүртгүүлсэн, гэсэн ч хожим Ш.Т өөрийг нь оролцуулалгүй бүртгүүлсэн гэж татгалзаж гомдол гаргасан учир 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 тоот дүгнэлтээр дүрмийн сангийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бүртгэл хүчингүй болсны үр дагаварт Л ХХК-аас Т ХХК-руу Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлсэн.
Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Улсын байцаагчийн шийдвэрээр дахин 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон байна.
Тухайн шийдвэрт 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасныг 2024 оны 04 дугаар сарын 25-ны өдөр хангахгүй шийдвэрлэснийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Дээрх хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулсан бүртгэл нь Л ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчийн зүгээс дүрмийн санг 1 сая төгрөг байсан өөрийн Т ХХК-ийн хөрөнгөөр 218,728,900 төгрөгөөр нэмэгдүүлж, 219,728,900 төгрөг болгосон үйл явдал ба үүнийг 30 хувийн хувьцаа эзэмшигчийн зүгээс эс зөвшөөрч, гомдол гаргасан тул бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Тухайн хувь нийлүүлсэн хөрөнгөнд бүртгүүлсэн 218,728,900 төгрөгийн 100 сая төгрөг нь дээрх Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгө юм.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэхэд тухайн үед хөрөнгө хүлээн авагч Л ХХК-ийг иргэн Д.Д миний бие 60 хувь, Ш.Т 30 хувь, Б.А 10 хувийг тус тус эзэмшдэг байсан.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Т ХХК-аас 14 тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.2 дахь хэсгийг баримтлан/ Л ХХК-аас 41 тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлийг зөрчиж /тус тус хүсэлт гаргасан байгааг 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.5 дахь хэсгийг зөрчиж Улсын бүртгэгч бүртгэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Тодруулбал Л ХХК-аас 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу гурван хувьцаа эзэмшигчтэй ХХК-ийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авсан байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг, 47.2 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлүүдийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгийн ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Т ХХК-аас Л ХХК-руу шилжүүлсэн буюу Л ХХК-иас 41 тоот илт хууль бус хүсэлтийг үндэслэн шилжүүлэн авсан бүртгэлийг илт хууль бусад тооцож, анхны өмчлөгч Т ХХК-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлдээ: Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх нь анх 2011 оны 09 сарын 29-ний өдөр Т ХХК-ийн хөрөнгөөр бүртгэгдсэн ба үүний дараа 2016 оны 04 сарын 06-2016 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн "Т" ХХК-аас "Л" ХХК- руу шилжиж, 2016 оны 12 сарын 12-нд "Л" ХХК-д, 2017 оны 07 сарын 30-ний өдөр "Л" ХХК-ийн дүрмийн санд бүртгэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 тоот дүгнэлтээр дүрмийн сангийн бүртгэл хүчингүй болж 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдөр "Л" ХХК-аас "Т" ХХК-руу тус тус шилжсэн. Гэтэл Улсын байцаагч дан ганц 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдөр "Л" ХХК-аас "Т" ХХК-руу шилжсэн бүртгэлд л дүгнэлт хийсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, Хан-уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрик гудамж, тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн "Т" ХХК-аас "Л" ХХК-руу шилжүүлсэн бүртгэл ч өөрөө анхнаасаа илт хууль бус байна. Тодруулбал, Дгийн Д нь Ц*******инг ХХК РП:/ буюу хуучнаар Т ХХК-ийг 2016 оны 04 сарын 06-ний өдөр иргэн Ш******* овогтой Төөс 80 хувийг, Б******* овогтой Ааас 20 хувийг тус тус худалдаж авсан байна. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Д.Д нь дангаар өмчилж, эзэмшдэг "Т" ХХК-аас Махны үйлдвэрлэлийн зориулалтай 440м2 сэндвийчин барилгыг "Л" ХХК-руу шилжүүлэх хүсэлт гаргаж, мөн өөрийн 60 хувийн хувьцааг нь эзэмшдэг "Л" ХХК-аас мөн шилжүүлэн хүлээн авах хүсэлт ганцаараа гаргасан байна.
Гэтэл тухайн үед буюу 2016 оны 12 сард "Л" ХХК-ийг иргэн Д.Д 60 хувь, Ш.Т 30 хувь, Б.А 10 хувийг тус тус эзэмшдэг байсан байна. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 05-ний өдөр "Т" ХХК-аас 14 тоот хүсэлт Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.2 дахь хэсгийг баримтлан/ "Л" ХХК-аас 41 тоот хүсэлт /Компанийн тухай хуулийн 62, 63, 87 дугаар зүйлийг зөрчиж/ тус тус хүсэлт гаргасан байгааг 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.5 дахь хэсгийг зөрчиж Улсын бүртгэгч бүртгэж, илт хууль бус 2016 оны 12 сарын 05-ний өдөр "Л" ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.
Тодруулбал "Л" ХХК-аас 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу гурван хувьцаа эзэмшигчтэй ХХК-ийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авсан байна. Мөн дээрх 14, 41 тоот хүсэлтүүд нь нэг хүний өөртэйгөө хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсонг анхаарч үзээгүй бүртгэсэн байна. 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 тоот дүгнэлтээр дүрмийн сангийн бүртгэл хүчингүй болгосны үр дагаварт Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Л ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдөр өмнөх өмчлөгч Т" ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хожим Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дүгээр сарын 20-ний өдрийн 681 тоот дүгнэлтээр хүчингүй болгосон нь хууль бус захиргааны шийдвэр үйл ажиллагаа болсон. гэжээ.
4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чгаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэгдүгээрт, иргэн Ш.Т 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түүний 30 хувийн хувьцаа эзэмшдэг Л ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг 2022 онд надад мэдэгдэлгүйгээр шилжүүлснийг шалгаж өгөхийг хүссэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийж, дүгнэлт үйлдсэн.
Хоёрдугаарт, Т ХХК-ийн захирал Д.Дгийн гомдлын дагуу эрхийн улсын Ү-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлтэй холбоотойгоор хяналт шалгалт хийж, уг бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчөөгүй талаар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 7/4609 дүгээр албан бичгээр Т ХХК-ийн захирал Д.Дд хариу өгч байсан байна. Иймд дахин хяналт шалгалт хийх шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлд ... Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгосон нь хууль бус захиргааны шийдвэр болсон..... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийн үндэслэн илт хууль бусад тооцон, мөн хуулийн 18.1 дэх хэсгийг үндэслэн хүчингүй болгож болгож өгнө үү... гэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй холбоотой хийсэн хяналт шалгалтаар улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөнийг улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэл, баримтаар тогтоож, өмчлөх эрх шилжсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн, өмчлөгчийн нэр өөрчлөгдсөний 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ нь улсын бүртгэлийн хууль тогтоомж, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн шийдвэр юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна. гэжээ.
5. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ....Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, /1/ Шувуун фабрикийн зам тоот хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т ХХК-ийн гаргасан мэдүүлэг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ, план зураг, фото зураг зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт Т ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж;
-2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л ХХК-ийн гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, Т ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай албан бичиг, Т ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шилжүүлэх тухай захирлын тушаал, Л ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, Л ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн Л ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.
Уг бүртгэлийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дэх хэсэгт өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй" гэж заасны дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийг улсын бүртгэгч цахим мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгах бөгөөд боломжгүй тохиолдолд мэдүүлэг гаргагчаас иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авч, мэдүүлэгт хавсаргана гэж заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-ийн гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж, Л ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/02 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх тухай албан бичиг, Т ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 22/01 дугаартай өмчлөх эрх шилжүүлж өгөх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн Т ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж,
-2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т ХХК-ийн гаргасан мэдүүлэг, хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2226******* дугаартай лавлагаа, зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулийн этгээдийн оноосон нэр Ц******* ХХК болж өөрчлөгдсөн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 681 дугаартай дүгнэлтийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байна. гэжээ.
6. Гуравдагч этгээд Ш.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Шувуун фабрик гудамж, тоот үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-иас Л ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн улсын бүртгэл нь зохих хууль, журмын дагуу явагдсан хууль ёсны бүртгэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7. Гуравдагч этгээд Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Маргааны зүйл болоод буй үл хөдлөх хөрөнгө нь анх үүсмэл хөрөнгөөр Т ХХК-ийн нэр дээр 2011 оны 9-р сарын 17-ны өдөр бүртгэгдэж, Ү-22 тоот гэрчилгээ авсан.
Одоогийн Ц******* ХХК буюу хуучнаар "Т" ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, ХУД-н 13-р хороонд байрлах Шувуун фабрикийн зам тоот хаягтай 440 м2 үйлдвэрлэлийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг анх Т******* ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж улмаар 2015 оны 4-р сарын 12-ны өдрийн 1 дугаартай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******гийн 2016 оны 12-р сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлэг, Л ХХК-ийн өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай албан бичиг, Т ХХК-ийн захирлын тушаал зэрэг холбогдох бусад баримт бичгийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаараар Л******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байсан.
2016 оны 12-р сарын 12-ны бүртгэлийн дараа Л ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж тус хөрөнгийн зах зээлийн бодит үнээр компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилготойгоор 2017 оны 6-р сарын 30-ны өдөр Хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийсэн. Хөрөнгийг Т ХХК-с Л ХХК-руу бодитоор шилжүүлсэн бүртгэлийг дүрмийн өөрчлөлтөөр баталгаажуулах нь Л ХХК, болон Т ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд бүрэн нийцэх боловч хувьцаа эзэмшигч иргэн Ш.Тийн хувийн эрх ашиг, хувьцаа эзэмшигч иргэдийн таарамжгүй байдал, хувийн зөрчил зэргээс үүдэн хөрөнгийг нь авсан ч дүрмээр баталгаажуулахгүй гэх шударга бус хувийн сонирхлын улмаас тус бүртгэл хүчингүй болсон.
Энгийнээр авч үзвэл хөрөнгийг шилжүүлэн авсан боловч зүй ёсоор тус шилжилтийг дүрэмд тусган баталгаажуулахгүй хэмээн гомдол гаргасныг бүртгэлийн байгууллага хянаж үзээд, шийдвэрлэсний үр дагаварт 2017 оны 07-р сарын 30-ны бүртгэл, 2016 оны 12 сарын 12-ний өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болсноор бүртгэл хүчингүй болсны үр дагаварт 2022 оны 7 сарын 05-ний өдөр маргаан бүхий хөрөнгө анхны өмчлөгч Т ХХК-ийн өмчлөлд шилжсэн.
2023 оны 2-р сарын 20-ны өдрийн 681 тоот дүгнэлтийг үндэслэн тус маргаан бүхий хөрөнгийг Л ХХК-ийн нэр дээр хөрөнгийн эзний оролцоогүйгээр дур мэдэн шилжүүлсэн нь өнөөдрийн шүүхийн маргааны гол асуудал болоод байна.
Нэгэнт Ү-22 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2016 оны 12 сарын 12-ний өдөр шилжин, 2017 оны 07 дугаар сарын 30-ний өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөнд бүртгэгдсэн бүртгэл хожим 2021 оны 04 сарын 14-ний өдөр хүчингүй болсон тул 2016 оноос өмнөх өмчлөгч болох Ц******* ХХК /хуучнаар Т ХХК /-ийн өмчлөх эрхийг сэргээн тогтоох нь зохистой байна.
Иймд Гуравдагч этгээд "Л" ХХК-ийн зүгээс маргаан бүхий хөрөнгийн анхны өмчлөгч, тус хөрөнгийг бий болгох бүх санхүүжилтийг дангаар гаргасан нэхэмжлэгч Ц*******инг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болохоо үүгээр илэрхийлж байна гэжээ.
8. Иргэдийн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гүйцэтгэх захирал албан тушаалын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаанд шилжүүлсэн байна. Худалдах, худалдан авах гэрээ байхгүй, төлбөр төлсөн баримт байхгүй тул хөрөнгийг анхны өмчлөгчид шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийг дэмжиж байна. гэв.
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үзээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Ц*******инг ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Л ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч Т ХХК буюу нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах гэж өөрчилсөн бөгөөд тус өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Л ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1, Шувуун фабрикийн зам тоот хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т ХХК-ийн өмчлөлд бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон,
1.2. Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргаж, үйлчилгээний хураамж төлсөн баримт, Т ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаар Т ХХК нь махны үйлдвэрийн үйл ажиллагаагаа "Л" ХХК-д шилжүүлж байгаа учир махны үйлдвэрийн байр болох Ү-22 дугаар бүхий тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай нийт 440 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг "Л" ХХК-д шилжүүлж өгнө үү. гэх захирал Д.Дгийн гарын үсэгтэй албан бичиг, Т ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар бүхий Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шилжүүлэх тухай Хөрөнгө оруулагчдын 2015 оны 04 сарын 12 өдрийн хурлын тогтоолыг үндэслэн махны үйлдвэрийн үйл ажиллагааг шинээр байгуулагдсан Л ХХК-ийн мэдэлд өгч тус үйлдвэрийн эд хөрөнгө, эзэмшил газар, барилга байгууламж, тоног төхөөрөмж болон ажилчдыг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Л" ХХК-ийн мэдэлд шилжүүлсүгэй гэх захирлын тушаал, Л ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 41 дугаар бүхий Манай компани Т ХХК-аас махны үйлдвэрийн үйл ажиллагааг шилжүүлэн авч байгаа учир махны үйлдвэрийн байр болох Ү-22 дугаар бүхий тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай нийт 440 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг "Л" ХХК-д шилжүүлж өгнө үү гэх захирал Д.Дгийн гарын үсэгтэй албан бичиг, Л ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар үүсгэн байгуулах шийдвэр болон тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм зэргийг хавсаргаж өгсний дагуу дээрхи хаягт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн өмчлөлд бүртгэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
1.3. Нэхэмжлэгчээс шаардлагын үндэслэлээ ...уг хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн "Т" ХХК-иас "Л" ХХК руу шилжүүлсэн бүртгэл анхнаасаа илт хууль бус, Л" ХХК-иас ирүүлсэн 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу компанийн нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр хөрөнгө шилжүүлж авсан, 14, 41 тоот хүсэлтүүд нь нэг хүний өөртэйгөө хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болсныг анхаарч үзээгүй... гэж тайлбарлан маргасан.
1.4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө", 14 дүгээр зүйлийн 14.1-д Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:, 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;, 14.1.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол;, 14.1.3-т энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол;, 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол;, 14.1.5-д бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол;, 14.1.6-д энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол;, 14.1.7-д энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол;, 14.1.8-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол;, 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол., 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж тус тус заасан.
1.5. Эдгээр хуулийн заалтууд болон нотлох баримтуудаас үзвэл хариуцагчийн хийсэн улсын бүртгэл нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтэд үндэслэсэн, уг бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэлгүй байсан тул бүртгэлийг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
1.6. Тухайлбал, Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг гаргаж түүндээ ...махны үйлдвэрийн үйл ажиллагаагаа Л ХХК-д шилжүүлж байгаа гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-д шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг хавсаргаж өгсөн, тухайн цаг хугацаанд хэргийн оролцогчдын дунд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар маргаангүй байсан, тухайн хүсэлтийг компанийн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж ирүүлсэн энэ тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
1.7. Нэхэмжлэгч нь Л" ХХК-иас ирүүлсэн 41 тоот хүсэлт гэсэн баримт илт хууль бус буюу нэг л хувьцаа эзэмшигчийн хүсэлт,...нэг хүний өөртэйгөө хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байхад хяналгүйгээр бүртгэсэн нь илт хууль бус гэж маргасан ба уг хүсэлтэд ...манай компани Т ХХК-иас махны үйлдвэрийн үйл ажиллагааг шилжүүлэн авч байгаа учир...үйлдвэрлэлийн зориулалттай нийт 440 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг "Л" ХХК-д шилжүүлж өгнө үү гэж дурдан захирал Д.Д гарын үсэг зурж тамга дарсан, энэ тохиолдолд бүртгэлийн байгууллага тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус эсэхийг шалгаж тогтоох үүрэггүй юм.
1.8. Учир нь хөрөнгийн бүртгэлийг хийлгэхээр мэдүүлэг гаргаж буй этгээд нь тухайн мэдүүлэг, түүнд хавсаргаж буй баримтын үнэн зөвийг хариуцах ба илт үндэслэлгүй баримт гаргаж бүртгэл хийлгэсэн тохиолдолд бусдад учруулсан хохирлыг тухайн мэдүүлэгч этгээд өөрөө хариуцна.
1.9. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчийн хийсэн уг бүртгэл нь илт хууль бус гэж үзэхээргүй буюу захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үндэслэлд хамаарахгүй юм.
1.10. Иймд нэхэмжлэгч компанийн гаргасан, ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгийг Л ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот Улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Хэрэгт авагдсан баримтаар, Ш.Төөс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт Миний бие 30 хувийн хувьцаа эзэмшдэг Л ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох махны үйлдвэрийг надад мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн байна... 2022 онд миний зөвшөөрөлгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөр аж ахуйн нэгжид шилжүүлснийг шалгаж, эд хөрөнгийг Л ХХК-ийн эзэмшилд бүртгэж өгнө үү" гэх гомдол гаргасны дагуу Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Улсын байцаагчийн 681 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлд өмчлөх эрх шилжсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн, өмчлөгчийн нэр өөрчлөгдсөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргажээ.
2.2. Тодруулбал, Хяналт шалгалтын газрын Улсын байцаагчийн 681 дугаар дүгнэлтээр ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасныг үндэслэн иргэн Ш.Төөс гаргасан /Л ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч/ Л ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох махны үйлдвэрийг надад мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн гэх гомдлын дагуу холбогдох бүртгэлийн нотлох баримтыг хянаад анх улсын бүртгэлд 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т ХХК-ийн өмчлөлд, тус компанийн шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн ба харин 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Л ХХК-ийн өмчлөлөөс Т ХХК-ийн өмчлөлд /нэр өөрчлөгдсөн тул Ц*******инг ХХК-ийн өмчлөлд/ тус тус шилжиж бүртгэгдсэн байна.
2.3. Хариуцагч улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн бүртгэлийг Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дгийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/02 дугаар Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай "тушаалыг үндэслэсэн, уг тушаалд ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 тоот Улсын байцаагчийн дүгнэлтээр 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгосон тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг "Т" ХХК-д буцаан шилжүүлэх гэж тодорхойлсон /Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2069 тоот Улсын байцаагчийн дүгнэлтээр ...Л ХХК-ийн...тогтоол, дүрэмд зурсан 30 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Тийн гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн хувь нийлүүлсэн хөрөнгөнд өөрчлөлт оруулсан бүртгэлийг хүчингүй болгосон/-д үндэслэн хийсэн боловч мөн өдрийн байдлаар тус компанид Д.Д 70 хувь, Ш.Т 30 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй атал компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК-д шилжүүлэх талаархи хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг аваагүй, нотлох баримт дутуу байхад бүртгэл хийсэн нь буруу, улсын бүртгэгч бүртгэхээс татгалзахаар байжээ.
2.4. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна, 19.4.2. энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;, 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
2.5. Иймд эдгээр үндэслэлүүдээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх хөрөнгийг Л ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн, өмчлөгчийн нэр өөрчлөгдсөн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн Улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх ба уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.6. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д "Улсын байцаагч...дараах эрх, үүрэгтэй" гэж, 18.7.1-д "хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах..." гэж тус тус зааснаар уг дүгнэлт нь хариуцагчийн хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч Т ХХК буюу нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ ...тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа зохих этгээдүүдийн зөвшөөрөлгүйгээр шилжсэн тул улсын бүртгэл нь анхны өмчлөгчид байх нь зүйтэй гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Л ХХК болон Т ХХК-ийн 14 дугаар албан бичиг зэрэг холбогдох баримтуудыг үндэслэн Л ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж бүртгэсэн гэж, гуравдагч этгээд Ш.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Гүйцэтгэх захирал нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхийн хувьд өөрөө улсын бүртгэлийн байгууллага руу хүсэлт гаргасан атлаа дараа нь улсын бүртгэлийн байгууллагыг буруу шийдвэр гаргасан гэж буруутгаж байгаа нь буруу гэж, Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2016 оны бүртгэл хүчин төгөлдөр бус болбол өмнө хүчинтэй байгаа нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэх нь зөв гэж тус тус маргасан.
3.2. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Ү-22 дугаарт бүртгэгдсэн тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Л ХХК-ийн бүртгэлд хүчин төгөлдөр бүртгэгдсэн, хэргийн оролцогчид тухайн хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн талаар эрх бүхий байгууллагад гомдол хүсэлт гаргаагүй, ямар нэгэн маргаан үүсээгүй байгаа энэ нөхцөлд бүртгэх байгууллага өмчлөгчийг өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй.
3.3. Нөгөө талаар шүүхийн энэхүү шийдвэрээр Л ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот дүгнэлтийг тус тус хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэхгүй.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд Гүйцэтгэх захирал албан тушаалын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаанд шилжүүлсэн байна. Худалдах, худалдан авах гэрээ байхгүй, төлбөр төлсөн баримт байхгүй тул хөрөнгийг анхны өмчлөгчид шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгчийг дэмжиж байна. гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц*******инг ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Л ХХК-ийн 41 тоот хүсэлтийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Л ХХК-ийн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 681 тоот улсын байцаагчийн дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч Т ХХК буюу нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Э.АЗБАЯР
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР