| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2019/00983/И |
| Дугаар | 27 |
| Огноо | 2021-10-01 |
| Маргааны төрөл | Хөрөнгө итгэмжлэх, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 27
Д.Ганзоригийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00329 дугаар шийдвэртэй Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар Эсба 80 айлын 38 тоотод оршин суух, РД:ПЮ70112077, Боржигон овгийн Доржийн Ганзоригийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Алтайн мөнгөн од байрны 12 тоотод оршин суух, РД:ПН87122238, Наран овгийн Дамдинсүрэнгийн Нямдаваад холбогдох, иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 3,000,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “ Д.Ганзориг миний бие иргэн Д.Нямдаваагаас хурдан удмын хар зүсмийн 4 настай соёолон морийг аймаг бүс, сумын наадамд уралдуулах зорилгоор 2018 оны 08 сарын сүүлээр 5 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож түүний дансанд эхний ээлжид 2,000,000 төгрөгийг 2018 оны 09 сарын эхээр шилжүүлсэн.
Харин үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нь дараа боломжтой үедээ боломжоороо өгөхөөр харилцан тохиролцсон байсан боловч 2018 оны 11 сарын сүүлээр Д.Нямдавааг тус морио буцааж авахаар болсон тул би тухайн морийг нь Ховд аймгийн Буянт сумд портер машин хөлслөн хүргүүлж хүлээлгэж өгсөн. Д.Нямдаваа нь 2018 оны 12 сарын сүүлээр өөрийн ажиллуулдаг үнээний фермийнхээ сүүний мөнгийг цуглуулж байгаад миний 2,000,000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл янз бүр шалтаг зааж миний мөнгийг өгөхгүй байсаар байна. Иймд Д.Нямдаваагаас хурдан удмын хар зүсмийн 4 настай соёолон морийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас Д.Ганзориг надад буцааж олгох ёстой 2,000,000 төгрөг, мөн тус мөнгийг түүний дансанд шилжүүлснээс хойш арилжааны банкны зээлийн хүүгээр тооцож алданги болох нийт 520.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Учир нь Д.Нямдаваад 2,000,000 төгрөг шилжүүлсэн өдөр болох 2018 оны 09 дүгээр сараас энэхүү нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2019 оны 10 дугаар хүртэл нийт 13 сарын хугацаанд Д.Нямдаваа нь миний мөнгийг эргэлдүүлж ашиг олж байгаа гэж үзэж байгаа тул 2,000,000 төгрөгийн нэг сарын 2 хувийн хүү нь 40,000 төгрөг болох бөгөөд нийт 13 сарын хугацаанд үржүүлбэл нийтдээ 520,000 төгрөг болж байгаа болно. 2,520,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлд тусгагдсан хар үрээг 2017 оны намар 10 дугаар сард өөрийн найз болох Монгол Улсын манлай уяач Ганбаатарын Буянтогтохоос 6,000,000 төгрөгөөр худалдан авсан. Намайг худалдан авах үед тус хар үрээ хязаалан 14 настай байсан. Хар үрээ нь намайг худалдан авах үед 5 түрүү, 1 аман хүзүүдсэн угшил сайтай, биеийн байдал эрүүл саруул адуу авсан. Тус үрээ нь 2018 онд миний нэр дээр уралдсан бөгөөд бага том нийлүүлсэн 6 наадамд түрүүлсэн. Энэ үед тус адууг олон уяач нар 10,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж байсан. Миний бие тус үрээг их морь болгож цаашид уралдуулах хүсэл зорилготой байсан. Гэвч өөрийн нагац талын хамаатан болох Дорж овогтой Ганзориг нь худалдан авах санал тавьж, удаа дараа уулзаж гуйсан учир хамаатан гэдэг үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон.
Д.Ганзориг нь тус үрээг аваад хөлийг нь гэмтээж, 2 жил уралдах боломжгүй болгосон. Хөлийг нь гэмтээгээд үсний өнгийг нь үхүүлээд бага гүүрний дээд талын гол 5 хоног усанд уяж байхыг би болон манай сумын уяачид харж байсан. Мөн Д.Ганзориг нь үлдэгдэл төлбөр болох 3 сая төгрөгийг 1 сарын дотор өгнө гэж тохиролцсон боловч 4 сар өгөхгүй байсан. Ингээд намар 2018 оны 11 сард Д.Ганзориг ахын хашаанд очиж үзэхэд маш туранхай, хөл нь хавдартай байсны дээр Д.Ганзориг нь тухайн адууг их иддэг, таргалахгүй байгаа зэрэг маш олон шалтаг хэлж муутгаж байсанд адуунд хайртай, морь уядаг хүний хувьд зүгээр хараад сууж чадахгүй, та надад эргүүлээд өгчих гэж авсан. Тус үрээ нь манай ферм дээр ачигдаж очихдоо ямаршуухан туранхай хөл нь хавдартай адуу байсныг манай Цант фермийн ажилчид бүгд мэдэж байгаа. Ингээд миний бие Д.Ганзориг ахаас авахдаа би таны тэр өгсөн 2,000,000 төгрөгөөр мориныхоо хөлийг эмчилж, тордож авна гэж хэлж байсан.
Ингээд миний бие болон ажилчид маань 2 сар гаруй тус үрээг 2.000.000 сая гаруй төгрөгөөр эмчилж, тордож байсны хүчинд хөлийн хавдар нь зүгээр болж, өнгө зүс сайжирч, хуучин хивэндээ орсон. Энэ явдал нь миний 10,000,000 төгрөгийн үнэ хүрч байсан 11 түрүүлж, 1 аман хүзүүдсэн адууг үнэгүйдүүлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сард Ховд аймгийн Жаргалант сумын залуу уяач Ц.Буянбат нь авахаар гуйсан. Ингээд миний бие тус залууг үнээ хэлээд ав миний хайртай адууг дахиж зарж, гэмтээж муутгахгүй байхыг сануулж, хэлсэн үнэ болох 3,000,000 төгрөгөөр худалдсан.
2019 оны хавар Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж ажилласан малын эмч нарын үзлэгээр шөрмөсөнд гэмтэл авсан, хүчтэй тариа хийж эдгэрсэн, 1 жил уралдаж болохгүй гэж дүгнэлт гарсан. Ингээд тус адуу нь одоогоор Ц. Буянбатад байгаа бөгөөд эрүүл саруул болсон байгаад эзэн хүний хувьд сэтгэл сайхан байна. Иймд миний бие болох Д.Ганзоригийн нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Д.Нямдаваа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие хурдан удмын хар үрээг 2017 онд худалдаж авч 2018 онд Ховд аймагт бага том нийлүүлсэн 6 наадамд түрүүлсэн. Нагац талын хамаатан болох Д.Ганзориг нь уг хар морийг худалдан авах санал тавьж, удаа дараа уулзаж гуйсан учир хамаатан гэдэг үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон. Д.Ганзориг нь тус үрээг аваад хөлийг нь гэмтээж, 2 жил цаашлаад насан туршдаа уралдах боломжгүй болгосон. Ингээд 2018 оны намар 11 дүгээр сард Д.Ганзориг ахын хашаанд ачиж морийг үзэхэд маш туранхай, хөл хавдартай байсны дээр Д.Ганзориг нь тухайн адууг их иддэг, таргалахгүй байгаа зэрэг маш олон шалтаг хэлж муутгаж байсан. Иймд адуунд хайртай, морь уядаг хүний хувьд зүгээр хараад сууж чадахгүй, та надад эргүүлэн өгчих гэж хэлсэн. Тус үрээ нь манай ферм дээр ачигдажочихдоо ямаршуухан туранхай хөл нь хавдартай адуу байсныг манай Цант фермийн ажилчид бүгд мэдэж байгаа. Ингээд миний бие Д.Ганзориг ахаас хар морио авахдаа таны өгсөн 2,000,000 төгрөгөөр мориныхоо хөлийг эмчилж тордож авна гэдгээ хэлсэн. Тэгэхэд Д.Ганзориг хариуд юу ч хэлэхгүй дуугарахгүй байсан. Ингээд миний бие болон манай ажилчид 2 сар гаруйн хугацаанд тус үрээг 2,000,000 гаруй төгрөгөөр эмчилж, тордож байсны хүчинд хөлийн хавдар нь зүгээр болж, өнгө зүс сайжирч, хуучин хэвэндээ орсон. Энэ явдал нь миний 10,000,000 төгрөгийн үнэ хүрч, 11 түрүүлж, 1 аман хүзүүдсэн адууг үнэгүйдүүлсэн бусармаг явдал юм. 2019 оны хавар Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж ажилласан малын эмч нарын үзлэгээр шөрмөсөнд гэмтэл авсан, хүчтэй тарианы хүчээр эдгэрсэн, 1-2 жил уралдаж болохгүй гэж дүгнэлт гарсан. Иймд миний бие Д.Нямдаваа нь нэхэмжлэгч Д.Ганзоригоос миний 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 10 сая төгрөгийнүнэ хүрч байсан адууг үнэгүйдүүлж, гэмтэл бэртэл авахуулсан учир бодит алдагдал болох 3,000,000 төгрөгийг нэхэмжлэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Нямдаваагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа адуунд гэмтэл авахуулж 10,000,000 төгрөгийн үнэ хүрч байсныг үнэгүйдүүлсэн гэж тайлбарлажээ. Гэтэл тухайн адууг уг үйл явдал болсноос хойш 5-6 хүнд дамнан зарагдаж, сумын болон аймгийн уралдаанд оролцож түрүүлсэн байна. Мөн тухайн адуунд нэхэмжлэгч Д.Ганзориг гэмтэл учруулаагүй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00329 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.7-д тус тус зааснаар хариуцагч Д.Нямдаваагаас 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганзоригт олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нямдаваагийн хариуцагч Д.Ганзоригоос 3,000,000(гурван сая) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,300 (тавин таван мянга гурван зуу) төгрөг, нэхэмжлэгч Д.Нямдаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950(жаран хоёр мянга есөн зуун тавь)төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.Нямдаваагаас 46,950 (дөчин зургаан мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганзоригт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд морины хөлийг гэмтээсэн талаар маргаан гарсан ба уг морин хөл хэзээ, хүний эзэмшилд байх хугацаанд гэмтсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болох зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг цаг хугацааны хувьд үнэлж дүгнэлт өгөөгүй байна. Нэхэмжлэгч Д.Ганзориг нь морийг хүлээн авахад гэмтэлгүй байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбараар доголдолгүй хөрөнгө хүлээн авсан нь тогтоогдож байгаа. Харин хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр Д.Ганзоригоос морийг хүлээн авахад хөл нь гэмтсэн байсан талаарх нөхцөл байдал тогтоогдож байна. Хэрэгт авагдсан Морьтон адууны үндэсний клиникийн Малч сэтгэлгээ ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар албан бичгээр “адуунд учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэсэн хариу ирүүлснийг шүүх үнэлсэн байх ба Шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх эрхтэй. Гэтэл нотлох баримтын хүрээнд бүхэлд нь дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Д.Нямдаваа нь тухайн үед уг морь 10 сая төгрөгийн үнэлгээтэй байсан, хөл нь гэмтсэн учир морины үнэлгээ буурсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар албан бичигт “хурдан морины үнэ ханш ихэвчлэн иргэдийн хоорондын сонирхол, тухайн адууны шинж байдал, хурдалсан түүх, хурдан морь сонирхогч уяачид, уяачдын холбооны дүгнэлт зэрэг тусгай үнээр худалдаалагддаг, зах зээлийн үнэ олон янз байдаг” гэсэн байх ба гэрч Ц.Буянбат “Алдарт уяач М.Энх-Амгалан нь 10,0 төгрөгөөр Д.Нямдаваагийн хар зүсмийн морийг худалдаж авах саналыг ирүүлж байсан, уг морь нь 2018 оны хавар аймгийн наадамд аман хүзүүдсэн, Бор хавцгайн уралдаанд түрүүлсэн” гэсэн мэдүүлэг, бусад гэрч нарын мэдүүлгээр маргаан бүхий хар зүсмийн морь нь хурдан удмын морь гэдэг нь нотлогддог бөгөөд хариуцагч Д.Нямдаваа морио 10,0 төгрөгөөр үнэлэгдэж байсан гэдэгтэй нэхэмжлэгч Д.Ганзориг маргадаггүй. Хар зүсмийн морь нь худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан болон худалдан авагч өмчлөлдөө байлгах хугацаанд гэмтэл учруулснаас анхны үнэлгээгээ алдсанаас худалдагч талд хохирол учирсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00329 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.
Нэхэмжлэгч Д.Ганзориг нь хариуцагч Д.Нямдаваад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 2.000.00 төгрөг, алданги 520.000 төгрөг нийт 2.520.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Нямдаваа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч Д.Ганзориг нь миний морины хөлийг гэмтээсэн тул 2.000.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн” гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад Д.Ганзоригоос “гэрээ цуцалсантай холбоотой хохирол 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүх нэхэмжлэгч Д.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Нямдаваагаас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганзоригт олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Нямдаваагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэснийг хариуцагч Д.Нямдаваа түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Ганзориг нь хариуцагч .Нямдаваагаас 2018 оны 8 дугаар сард 4 настай хар зүсмийн соёолон морийг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2.000.000 төгрөгийг түүнд шилжүүлж морийг авсан, 2018 оны 11 дүгээр сард талууд худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж морийг буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ганзоригийн морь худалдан авахдаа хариуцагч Д.Нямдаваад өгсөн 2.000.000 төгрөгийг шүүх гаргуулж, алданги 520.000 төгрөгийг гэрээгээр тохиролцоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Харин хэрэгт авагдсан баримтуудаар “нэхэмжлэгч Д.Ганзориг нь уг морины хөлийг гэмтээсэн буюу морь Д.Ганзоригийн эзэмшилд байхдаа хөл нь гэмтсэн” гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Нямдаваа нь “уг морины хөлийг Д.Ганзориг бэртээснээс болоод морины үнэлгээ буурсан, моринд 2.000.000 төгрөгөөр эмчилгээ хийсэн тул бодит алдагдал болох 3.000.000 төгрөг гаргуулж” өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.
Тухайлбал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон уг морины хөл нь нэхэмжлэгч Д.Ганзоригийн эзэмшилд байхдаа бэртэл авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Хэрэгт хариуцагч Д.Нямдаваа 3 гэрч асуулгасан ба гэрч Ц.Буянбат, Д.Нэргүй нар нь “харь морь Д.Ганзоригийн эзэмшилд байхдаа голын усанд сойчихсон байсныг харсан буюу морь Д.Ганзоригийн эзэмшилд байхдаа хөлөндөө бэртэл авсан” гэх агуулгатай тайлбар өгсөн бол гэрч Д.Хүрэлсум уг морийг эмчилж байгаа талаар тайлбар өгчээ.
Харин нэхэмжлэгч Д.Ганзориг 3 гэрч асуулгасан ба гэрч П.Адуучин, Д.Батсүх нар нь уг морийг Д.Ганзоригийн эзэмшилд байхдаа гэмтэл аваагүй, харин өвөл уг морийг рентген зураг авахуулах үед “бага насандаа гэмтэл авч хөлийнх нь яс цуураад бороолж эдгэсэн байна” гэж хүмүүс ярилцаж байхыг нь сонссон гэж, гэрч Г.Алтанхуяг нь уг морийг ачиж хүргэж өгөхөд ямар нэгэн гэмтэл, бэртэл байхгүй байсан гэж тус тус мэдүүлжээ.
Мөн хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан баримтаар уг моринд үнэлгээ тогтоох боломжгүй, 69 дүгээр талд авагдсан баримтаар моринд учирсан гэмтлийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2021/00329 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР