| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0057/э/ |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Иргэний нэхэмжлэгч: С.О,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: И.Оюунгэрэл,
Шүүгдэгч: Б.М, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, Б.М нарт холбогдох 1828000000019 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Э.Э, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын 1-30 тоотод байрлах З.Лхагвасүрэнгийн гэрээс 42 инчийн LED зурагт, тоон систем хулгайлан авч 545.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын 1-15 тоотод байрлах иргэн Д.Тогтохын гэрээс иргэн А.Доржийн хөөргийг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Э.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр худалдааны төвд явж байгаад цагдаад баригдсан. Болсон үйл явдлыг хүч хэрэглэж анхны тайлбар өгсөн. Тэндээс хурдан гарахын тулд хэргийг төгс үйлдэгдсэн болгож ярьсан. Тоон систем зурагт хоёрыг би өөрөө очиж авсан. Б.Мыг гэртээ унтаж байхад нь үүнийг зараад өгөөч гээд очсон. Түр саатуулах байранд байхад би Б.Маас гуйсан. Бид 2 хэргээ хувааж авахаар тохиролцсон. 01 дүгээр сарын 16-ны өдөр цагдан хоригдсон. Хэргээ үнэн зөв ярихгүй нуугаад байна гээд байсан. Ар гэртээ хурдан харьмаар байсан учраас тэгж мэдүүлэг өгсөн. Б.Маас хуваалцаж хэрэг үүрэхийг гуйж зөвшөөрүүлсэн. Энэ хүнд хилс хэрэг үүрүүлж байгаад харамсаж байна.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын эхээр гэртээ байж байсан чинь манай найз ирээд манайд байж байсан. Энэ залуутай танилцаад ууж идээд байж байгаад танилцсан. Машин эвдэрсэн, таних айл байхгүй гээд манайд 3, 4 хоносон. Орой гадуур явж байгаад хүрээд ирсэн. Ирээд зурагт зарчихмаар байна яах вэ гэсэн. Юун зурагт юм бэ гэсэн чинь зүгээр манай дүүгийнх байгаа юм гэсэн. Тухайн үед зарах гэж байхад нь энэ иргэний нэхэмжлэгч хулгайн эд зүйл юм биш үү гэсэн. Үгүй гэж хэлээд зарсан. Мөнгөөр нь хамт архи уусан. Манай ахынд оччихоод ирье гэсэн. Хамт явсан. 2 өвгөн байсан. Архи уугаад сууж байтал баруун хойд талын авдар дээр нэг хөөрөг байсан. Түүнийг нь аваад ханцуйндаа хийгээд гарсан. Хэн ч мэдээгүй. Анхны мэдүүлгийг өгсөн. Намайг гэрт унтаж байхад Өнөрбаяр хүрч ирсэн. Б.М гэж хэн бэ гэхээр нь би байна гэсэн. Тэгээд намайг бариад явсан. Драгер үлээлгэсэн. Шууд эрүүлжүүлэхэд хоригдсон. Жаахан унтаж байгаад сэрээд босоод ирсэн чинь Э.Э хашхирсан. Нөгөө зурагт хулгайн зурагт байсан гэдгийг хэлсэн. Намайг зодож нүдээд болохгүй юм. Чи зурагт тоон систем хоёрыг хамт авсан гээд хэлчихээч тэгэх үү гэсэн. Би хамт зарж архи уулцсан болохоор нь тэгье л гэсэн. Зурагт зардаг орой надад Э.Э гутал өгсөн. Тэрийг нь өмссөн байсан юм. Гутал хурааж авсан. Өглөө нь босоод ирсэн чинь зурагт авсан гээд байсан. Тэгэхээр нь бид 2 тохирсон байсан учраас тэгсэн л гэж хэлсэн.
Хохирогч Л.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед би найзынхруугаа нөхрийн хамт яваад тэндээ хоносон. Маргааш нь буюу 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн өглөө 09 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн цоож эвдэрчихсэн гэрийн тоононы рамны шил нь хагарсан байсан. Тэгэхээр нь гэрт ороод ирэхэд гэрийн хойно байсан шаргал хүрээтэй, 42 инчийн LСD зурагт тоон систем байхгүй болсон байсан. ...гэрийнхээ үүдийг жижиг саарал өнгийн цоожоор цоожилсон байсан, манай гэрийн хаалга дээрээ цүүтэй хаалганы рам дээрээ гогцоотой түүнд нь цүүгээ хийгээд цоожилдог, цүү нь мултарчихсан байсан. Галын дэгээ төмрөөр хаалганы цоожийг хөшсөн юм шиг байсан. Дэгээ төмөр нь гэр дотор мурийчихсан байхаар нь төмрийг нь хаячихсан одоо хайгаад олдохгүй байгаа. Тухайн үед цас орсон байсан гэр дээгүүр цасан дээр явсан арзгар гутлын мөр гарсан байсан. Шар хүрээтэй LCD гэсэн товчлол бүхий бичигтэй никэл хөлтөй, тоон систем нь хар өнгийн жижиг дөрвөлжин байсан нэрийг нь санахгүй байна. Гомдол санал байхгүй тоон системээ олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2018 оны 01 дүгээр сарын эхэн үеэр байсан санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Тэр шөнө унтаж байхад гаднаас манай өмнө талд байдаг Мөнхбаяр гэдэг залуу намхан бор махлагдуу залуутай хамт орж ирээд зурагт зарах гэж байна гэхээр нь би юун зурагт яах гэж байгаа юм бэ гэхэд намхан махлагдуу залуу нь миний юм байгаа юм би хөрөнгөө зараад дуусаж байгаа юм үлдсэн нь энэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдээр зарах гэж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу 200.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нарынх мөн юм уу гэж сэжиглэж асуухад хажуунаас Мөнхбаяр наадах чинь хулгай хийх хүн биш өөрийнхөө юмыг зарж байгаа юм баян айлын хүүхэд байгаа юм гэж хэлсэн. ...би надад 80.000 төгрөг байна гэхэд нөгөө хоёр хагасыг нь одоо өгчих маргааш өглөө нь үлдсэнийг өгөхгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө зурагтыг нь аваад 80.000 төгрөгийг өгөөд явуулсан. Мөнхбаяр хамт явсан залуугийн надад зарсан зурагт нь LCD гэсэн шар хүрээтэй хөл нь никел зурагт байсан. Маргааш өглөө нь намхан махлагдуу залуу нь ганцаараа орж ирээд 70.000 төгрөг аваад явсан. Дараа нь 15.000 төгрөгийг авсан. Ингээд нийтдээ Мөнхбаяр болон түүнтэй хамт явсан залуус нийлээд надаас 165.000 төгрөг авсан. Тэгээд нөгөө зурагтыг гэртээ тавиад 4, 5 хоног болсон дараа цагдаагаас хүмүүс ирээд Мөнхбаяр болон түүнтэй хамт явсан залуугийн надад зарсан зурагт нь хулгайн эд зүйл болохыг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Ө.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Би 2018 оны 01 сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын зүүн урд захад Дулааны цахилгаан станцын хойд талд байх Мөнхбаярын хашаагүй гэрт очсон. Намайг очиход Мөнхбаяр гэртээ архи уусан байдалтай байсан. Би очихдоо архи уусан байсан. Тэгээд Мөнхбаяр надад хар өнгийн тоон систем байгаа олон өнгийн залгуур байхгүй байна авах хүн байвал зарчих гэж хэлээд надад өгсөн. Би уг хар өнгийн дөрвөлжин тоон системыг аваад худалдааны төв дээр явж байгаад нэг эмэгтэй хүнд 10.000 төгрөгөөр зарсан. Би уг мөнгөөрөө архи авч уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
Хохирогч А.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Жаал-Уулын 1-15 тоотод байдаг Тогтохын гэрт очсон байсан. Тэгж байтал гаднаас хоёр танихгүй залуу орж ирээд хагас шил архи гаргаж ирээд ууцгааж байсан. Тэгээд удаагүй тэр бид хоёр цуваад гараад явсан чинь миний зурагтны өмнө тавиатай байсан цагаан өнгийн хаш хөөрөг, даваа шүрэн толгойтой гуулин хаж, зэс халбагатай хөөрөг байхгүй болсон. ...маргааш нь цагдаад хандсан угаасаа миний хөөргийг тэр хоёр орж ирсэн залуугаас өөр хүн аваагүй тэр хоёроос өөр хүн тухайн үед ирээгүй. Би тэр хоёр залууг яах гэж орж ирснийг нь мэдэхгүй. Манай хамт байсан өвгөн ч гэсэн танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2018 оны 01 сарын 10-ны өдөр 20 цагийн үед би найз Доржийн хамт хөдөө гэрт нь байж байгаад аймгийн төвд байх Жаал-Уулын 1-15 тоотод байх гэртээ ирсэн. Бид 2 хоол хийж идээд байж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирсэн. Манай гэрт орж ирээд машин тэрэг суучихсан таних айл аймаг дээр байхгүй гэж хэлэхээр нь би хоночихоод яв гэж хэлсэн. Тэгээд манайд хоол идчихээд гэрээс гараад явсан. Удалгүй гаднаас нэг туранхай, шар царайтай нэг залуу дагуулаад тал шилтэй архи бариад гэрт орж ирсэн. Тэр 2 залуу гэрт орж ирээд гэрийн баруун талд сууцгаасан. Гэрт орж ирснийхээ дараа онцын зүйл яриагүй архиа хувааж уучихаад дахиад нэг шил архи аваад ирье гээд гэрээс 2-лаа гараад чигээрээ явсан. Тэр хүмүүсийг явсны дараагаар Дорж хамрын тамхиа татах гэсэн чинь хөөрөг алга болсон байна гээд бид 2 гэрт хайгаад олоогүй. Би найз Доржид өгсөн юм. Дорж надаас аваад толгойг нь сольсон байсан. Сүүлийн үеийн цагаан хаш хөөрөг байсан. Даваа толгойтой, зэс халбагатай, хээтэй гуулин нуухтай дунд гарын хөөрөг байсан. Гаднаас орж ирсэн 2 залуу архи аягалж өгөөд яриад байсан аягалж өгсөн архинаас амсаад буцаагаад өгсөн. Би гаднаас орж ирсэн тэр 2 залууг огт танихгүй. Дорж бас танихгүй гэж хэлсэн. Нэг нь онигор нүдтэй намхан нуруутай, махлаг хар царайтай, нөгөө нэг нь туранхай шар царайтай хүн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/
Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Би 2018 оны 01 сарын 11-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Аргалантын 5-9 тоотод төрсөн ах Нэргүйн гэрт 22 цагийн орчимд унтах гээд байж байтал гаднаас Цогтцэций сумын харъяат Э.Э гээд залуу, дунд зэргийн нуруутай туранхай шар Мөөгий гэж дуудаад байсан хүнтэй хамт орж ирээд мөнгөний хэрэг байна энэ хөөргийг 50.000 төгрөгөөр худалдаад аваач гэсэн. Би тухайн үед үгүй ээ надад хөөрөг байгаа авахгүй гэж хэлэхэд 15.000 төгрөг түр зээлчихээ би энэ хөөргийг барьцаанд нь үлдээгээд маргааш ирээд авъя гэсэн. Тэгээд би Э.Эд 15.000 төгрөг өгөөд хөөргийг аваад үлдсэн. Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 12-нд Э.Эг ирээд хөөргөө авах байх гэж хүлээгээд ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/
Яллагдагч Э.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2017 оны 01 сарын 9-ний өдөр Б.М бид 2 Б.Мын гэрт нь хэвтэж байсан чинь Б.М манай эгчийнд очоод ирье мөнгө авъя гээд гэрээс нь гараад хойшоогоо алхсан. ...Тэгээд аймгийн зүүн зах руу алхаж явахдаа гэрэлгүй айл харж байгаарай гэж хэлээд явж байтал нэг гэрэлгүй айл байхаар нь би хүнгүй айл байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 уг айлын гэрийн үүдэнд очиход Б.М чи хүн харж бай би ороотхоё гээд уг айлын тооноор нь орсон. Тэгээд би нүүрсний амбаарын хажууд сууж байсан чинь Б.М гэрийн дотор талаас хаалга нүдээд, гэрийн цавагны хажуугаар галын дэгээ гаргаад чи цоожийг нь хөшөөтөх гээд галын дэгээ өгөхөд би яах гэж байгаа юм бэ гэхэд энд авах юм зөндөө байна гэж хэлсэн. Би галын дэгээгээр цоожийг нь доош нь дарсан чинь цоож нь эвдэрсэн. Тэгсэн чинь Б.М гэрийн дотроос зурагт тоон систем 2 бариад гараад ирсэн. Хашаанаас гарах үед зүүн талаас машины гэрэл тусахад би Б.Мыг авсан эд зүйлстэй нь үлдээчихээд түрүүлээд Б.Мын гэрт ирээд хэвтэж байтал Б.М удалгүй араас хүрээд ирсэн. Б.М гэрт орж ирээд гадагшаа гаръя гэж хэлээд гэрийн гадна талд гараад хойд айлынх нь хашааны гадаа зурагтаа тавьчихсан энэ зурагтыг арын айлд заръя чиний зурагт гэж хэлээд заръя минийх гэхээр үнэмшихгүй байх гээд бид 2 хойд айл руу нь орохоор явсан. Б.М уг айл руу түрүүлж ороод намайг зурагтаа аваад ороод ир гэж хэлсэн. Уг айлд Б.М манай найз зурагтаа зарах гэсэн юм мөнгөний хэрэг гараад байгаа юм үүнийг авчихаач гэхэд хойд айлынх нь хүн дэмий хулгайн эд зүйл биш биздээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.М манай найз урьд нь цагдаа байсан мянгат малчин айлын хүүхэд юу гэж хулгай хийдэг юм та бярдаад авчих гэж хэлсэн. За тэгээд хэдэд өгөхийн гэхээр нь 150.000 мянгад өгчихнө гэж хэлээд уг айлд зарсан. ...би өмнө мэдүүлэгдээ бүх зүйлээ үнэн зөв хэлсэн болохоор надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 39 дүгээр хуудас/... “Таксинд суух гэхэд мөнгөө эхэлж өг гээд авч явахгүй байсан. Тэгэхээр нь Жаал-Уул руу нөгөө туранхай ахынд алхаад хүрээд очсон чинь нөгөө ах байсан бас нэг өвгөн байсан. Тэгээд хоол идээд нөгөө архийг уусан. Тэгсэн нөгөө туранхай ах 15.000 төгрөг өгөөд дахиад нэг архи аваад ир гэж хэлэхээр нь би такси бариад нэг шил архи аваад Б.Мын гэрт ирэхэд тэр шартаж үхлээ гэхээр нь би айл руу дагуулаад явсан айлд очоод 4-үүлээ нөгөө архийг уугаад сууж байхад Б.М намайг гарч шээе гэж хэлээд гарсан. Тэгснээ би энэ хоёрыг саатуулж байя баруун хойд талын ширээн дээр хөөрөг байна түүнийг нь аваатах гэж хэлэхээр нь би буцаж гэрт нь ороод баруун хойд талд нь сууж байгаад нөгөө хөөргийг аваад халаасандаа хийгээд тэгээд бид хоёр тэндээс гараад явсан. Б.М тэр хөөргийг би юм болгоно гэж хэлээд надаас аваад чи өөрийнхөө хөөрөг зарах гэж байгаа юм шиг байгаарай тэгэхгүй бол надад итгэхгүй гэж хэлсэн. Бид хоёр Б.Мын хойд талын гэрт очоод нөгөө хөөргийг манай өвөө надад өгсөн гэж хэлээд 15.000 төгрөгөөр зараад архи авч уугаад Б.М надад чи өөрийнхөө баарыг даагаарай би олон жил шоронд явсан болохоор чамайг яаж л бол яаж чирнэ шүү гээд агсам тавихаар нь би тэндээс явсан.” /хх-ийн 96-97 дугаар хуудас/
Яллагдагч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“2018 оны 01 дүгээр сарын 08 билүү 09-ний үед Э.Этэй таарсан. Тэр гаръя гэж хэлэхээр нь гэрээс гарч яваад Жаал-Уулд нэг айл ухсан. Айл ухах гэж явахдаа Э.Эд би олон жил шоронд хүний эрхэнд явсан айлаас битгий дааж давшгүй юм аваарай, яланд унах вий гэж хэлсэн. Тэр тэгнээ тэгнэ гайгүй гэж хэлсэн. Тэгээд шууд яваад нэг айлын гадаа очиход цоожтой байхаар нь би гэрийн тооноор дотогш орж галын дэгээ хатавчаар нь Э.Эд хаалга нээгээтэх гэж өгсөн. Э.Э гаднаас хаалга эвдээд орж ирсэн. ...Э.Э зурагтыг нь авъя гэж хэлэхээр нь тэг тэг гээд би тоон системийг аваад гэрээс гарсан. Тэр зурагтыг аваад Нэргүйгийн гэрт орсон. Э.Э Нэргүйгийн эхнэр Оюунмаад би дүү охиноосоо зурагт аваад ирлээ. 150.000 төгрөгөөр авчих гэж хэлсэн чинь Оюунмаа 60 билүү, 80 мянган төгрөг өгсөн. Бид хоёр гарч дэлгүүрээс гурван шил архи авсан. Мрагааш өглөө нь орж ирээд Э.Э намайг унтаж байхад 10000 төгрөг өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ ... “Би хашааг нь давж ороод хаалгыг дотроос нь тавьж өгөөд Э.Э бид 2 хашаанд байсан жижиг гэрлүү ороход 2 өвгөн архи уугаад сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд цагаан өнгийн улаан толгойтой хөөрөгтэй болчихсон гэрлүүгээ Э.Этэй хамт явж байсан. Тухайн үед би их согтсон байсан учир хөөргийг яаж авснаа санахгүй байна. Э.Э бид 2 манай арын хашаанд байх Нэргүйгийнд хөөргөө 15.000 төгрөгөөр зарсан. Өөр хулгай хийсэн зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 101, 75-76 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл 2018.01.14-ний өдөр №32 /хх-ийн 03 дугаар хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2018.01.11, 2018.01.14 /хх-ийн 4-9, 48-49, 51-53 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2018.01.15 “шаргал хүрээтэй, ар тал нь саарал өнгөтэй, 42 инчийн, 2 хөлтэй LCD, LG брендийн нимгэн зурагт” “улаан өнгийн толгойтой, хээтэй шаргал өнгийн нуухтай, цагаан өнгийн 1 ширхэг хөөрөг” “бор хүрэн өнгийн бөөрөнхий бор үдээстэй, резинэн ултай, улан дээрээ cat гэсэн бичигтэй, арзгар хөндлөн хээтэй хос гутал” /хх-ийн 13-15, 56, 58, 61, 63 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2018.01.18 “42 инчийн LCD LED маркийн шаргал хүрээтэй, ар тал нь саарал өнгийн, 2 хөлтэй нимгэн зурагт 1 ширхэг” /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл 2018.01.11-ний өдөр №24 /хх-ийн 47 дугаар хуудас/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.16-ны өдрийн 03, 04 дүгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 90, 93 дугаар хуудас/
Шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдсэн талаар мэдээлэл, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 103-112, 128, 160 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдсэн талаар мэдээлэл, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 113-123, 127 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагын тодорхойлолтууд /хх-ийн 147-155, 159 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай Прокурорын тогтоол 2018.01.23 №03 дугаар /хх-ийн 162 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний 2018.01.16-ны өдрийн №163 дугаар дүгнэлт “42 инчийн LED зурагт 1 ширхэг нь 500.000 төгрөг, тоон систем 1 ширхэг 45.000 төгрөг” 2018.01.12-ны өдрийн №157 дугаар дүгнэлт “цагаан хаш хөөрөг 1 ширхэг 320.000 төгрөг” /хх-ийн 34, 80 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2018.01.31-ний өдөр №01 шинжээчийн дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын бэхжүүлэн авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б.Маас хураан авсан гутлын улны хээтэй ерөнхий шинжээрээ төстэй байна” /хх-ийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын 1-30 тоотод байрлах З.Лхагвасүрэнгийн гэрээс 42 инчийн LED зурагт, тоон систем хулгайлан авч 545.000 төгрөгийн хохирол учруулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Жаал-Уулын 1-15 тоотод байрлах иргэн Д.Тогтохын гэрээс иргэн А.Доржийн хөөргийг хулгайлан авч 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.Лхагвасүрэнд 545.000 төгрөгийн, хохирогч А.Доржид 320.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э, Б.М нар нь хохирогч А.Дд хөөргийг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч З.Лд 42 инчийн LED зурагтыг биет байдлаар тус тус буцаан өгсөн ба хохиогч З.Лд тоон системийн үнэ 45000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Од 165000 төгрөгийг тус тус шүүх хуралдааны өмнө төлж хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн ба энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Э, Б.М нар нь энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч нар нь хохирогч З.Л гэрийн тооноор орж, улмаар гэрийн хаалгыг эвдэх байдлаар бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болж байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь бүлэглэж тус бүр 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд ижил хэмжээний ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлвэл шүүгдэгч Б.Мын хувьд урьд /7 долоо/ олон удаагийн ял шийтгэлтэй хэдий ч түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй, урьд олон удаа ял шийтгүүлсэн байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй төдийгүй эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзсэн болно.
Иймд улсын яллагчийн санал болгож буй хорих ялын хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э, Б.М нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 1-р сарын 16-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болох хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Мын өмсөж явсан гэх гутлыг цаашид ашиглах боломжгүй эд зүйл гэж үзэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Э, Б.М нарт холбогдох хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Э, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА