Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2025/00123

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Нэхэмжлэгч: Н ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Х-д холбогдох,

“3,527,041 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч тусгай ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2022261000724 тоот зээлийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний дагуу буцаан төлсөн мөнгөн дүн 976,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 2,075,803.86 төгрөг, үндсэн хүү 1,396,300.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,936.02 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,527,041 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2022 онд “******* ББСБ” ХХК-аас 2,209,800 төгрөгийн зээл авсан. Үүнээс 976,000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 3,527,041 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэгт “3,527,041 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******эс нэхэмжлэлийн шаардлага 3,527,041 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн 3,527,041 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

            Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,382 төгрөгийн 50 хувь буюу 35,691  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,691  төгрөгийг улсын орлогоос, 35,691  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК нь хариуцагч М.Х-ээс 3,527,041 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,382 төгрөгийн 50 хувь буюу 35,691  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,691  төгрөгийг улсын орлогоос, 35,691  төгрөгийг хариуцагч М.Х-ээс гаргуулж нэхэмжлэгч “Н ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА