Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00897

 

 

 

 

 

 

2025 06 23 317/ШШ2025/00897

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** гудамж, *** давхарт байрлах, С***** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, В*** овогт З***н Э*** /РД:***/-т холбогдох,

Гэрээний үүрэгт 573,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С***** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хэрэглэгч З*** овогтой Э*** нь *** аппликейшн-аар дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх эсхүл 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги төлөхөөр үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно. Хариуцагчаас *** аппликейшн-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 573,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Э*** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие З** овогтой Э*** нь С*****-аас зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй. С*****-ийн нэхэмжилж буй 573,750 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С***** нь З.Э***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 573,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр З.Э*** нь ...С*****-ийн нэхэмжилж буй 573,750 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С*****-ийн гэрээний үүрэгт 573,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Э*** нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,931.5 төгрөгийг, хариуцагч З.Э***с 8,931.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С*****-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН