Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 28

 

 

И.*******ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2021/00281 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Жаргалант сум, Бугат багийн ******* тоотод оршин суух, ******* овогт гийн ******* //-д холбогдох, иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Б.*******/онлайнаар/, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Миний бие нь 2018 оны хавар Б.*******той танилцаж найз нөхдийн харилцаатай байх хугацаандаа дотносож 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр охин Н.Болорчин төрсөн. Тэрээр охиноо гэдсэнд байхаас нь хөндийн болж харьцаагаа тасалсан.Одоо охин Болорчин маань ой хүрэх гэж байгаа боловч энэ хугацаанд Б.*******ыг охинтойгоо уулзаж эцэг хүний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч татгалзсан. Одоогоор миний бие нь охиноо хараад ажилгүй байгаа учир 2019 оны 02 сарын 08-нд төрсөн Н.Болорчингийн эцэг нь Б.******* мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Би И.*******ыг сайн танихгүй. Ганц удаа дотно харилцаанд орсон. Тэр үед хүүхэдтэй болсон гэдэгт нь итгэхгүй байна. Миний хүүхэд биш. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт хугацаа хэтэрч ирсэн. Тийм учраас итгэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2021/00281 дугаар шийдвэрээр:” 1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 08-ныөдөр төрсөн охин Н.Болорчин /ПЭ19220868/-ийн төрсөн эцэг ******* овогт гийн ******* // мөн болохыг тогтоож,  2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөртөрсөн охин Н.Болорчин /ПЭ19220868/-г эх И.*******ын асрамжид үлдээж. 3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын08-ны өдөр төрсөн охин Н.Болорчинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, 4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгаж, 5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч И.*******д, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Б.******* нарт тус тус мэдэгдэж, 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч И.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 104,040 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөдИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 104,040 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай  гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. И.*******ын охин Болорчинг Б.******* миний хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. *******ыг сайн танихгүй. И.******* нь шүүхэд худал мэдүүлэг өгч өөрийн охиноо миний хүүхэд гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, анхны шинжилгээний дүгнэлт хуульд заасан хугацаанд гараагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж 3 сарын дараа гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүхээс бидэнд танилцуулсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шинжээч нар хамтын зарчмаар дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргахад адил биш эрхтэй оролцсон эсэх нь эргэлзээтэй. Учир нь шинжээчид дүгнэлтэд тэмдэг дарагдсаны дараагаар гарын үсэг зурсан байгаа нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 153 /ШШ2021/00281 дугаартай шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Н.Болорчин миний охин биш, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

Шүүх нэхэмжлэгч И.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар эс зөвшөөрч гомдол гаргажээ.

            Хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1517 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1442 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус “Б.******* нь Н.Болорчингийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэжээ.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсон байх ба харин хариуцагч нь татгалзах үндэслэл тайлбараа баримтаар нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

            Иймд нэхэмжлэгч И.Нямдаваагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 153/ШШ2021/00281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                          Д.КӨБЕШ

                                                                     

                                                                                        М.НЯМБАЯР