Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/383

 

 

 

 

 

    2024            3             28                                       2024/ДШМ/383

 

Д.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Батболд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор Д.Дд холбогдох 2308016102131 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоотод хохирогч Б.Чы толгой руу төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар гадна хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Өмгөөлөгчийн хувьд, хавтаст хэрэгтэй 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр танилцаад уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй, нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, хэрэгт эргэлзээ бүхий нотлох баримт гэрчийн мэдүүлэг, тухайн үед байсан нэр бүхий этгээдийг олж мэдүүлэг авахуулах, мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн талаар дурдаж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан боловч шүүхээс энэхүү саналыг хүлээж авалгүй Д.Д-ыг гэм буруутайд тооцсон.

Гэтэл хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт цаг хугацаа болон үйл баримт хоорондоо зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт нь ямар нэг гэрэл зураг болон эмчийн үзлэг, эмчлүүлэгчийн акт зэрэг бусад байдлаар бэхжүүлэгдээгүй, нотолгооны шаардлага хангаагүй. Учир нь, Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолд “шинжээчийн дүгнэлт нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх талаас нь үнэлнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх зэргийг прокуророос бүрэн хянаагүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д тухайн хэргийг үйлдсэн гэдгийг харсан, үзсэн гэрч болон шууд нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Хэргийг нотлогдоогүй байхад яллагдагчаар татаж хэргийн талаар бодит байдлыг тодруулалгүй, шинжээч томилсон тогтоол, дүгнэлтийг танилцуулаагүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3-т “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй”, 7.5 дугаар зүйлийн 4-т заасан “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэснийг зөрчиж, тайлбар, мэдүүлэг аваагүй, хэргийн оролцогчийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол, санал гаргах эрхийг нь хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн.

Энэхүү нөхцөл нь Д.Д-ын ямар нэг боловсролын гэрчилгээгүй, бичиг үсгийн чадваргүй, уншиж бичихдээ муу гэж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөхдөө “Би өмгөөлөгч Б-ийн хамт мэдүүлэг өгнө”, “Би маш удаан уншиж чадна, бичихдээ муу” гэсэн мэдүүлэг /хх 80 дугаар талд/ авагдсанаар тогтоогддог. Гэвч шүүхээс энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Мөн тухайн үед хохирогч Б.Ч, Ө.Н зэрэг нэр бүхий 2 хүний хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх мэдүүлэг хэрэгт авагдсан атал гэрчээр Ө.Н-оос мэдүүлэг авч бусад этгээдийг олж мэдүүлэг аваагүй зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээ бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлсийг бүрэн дүүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15-д заасныг тус тус зөрчсөн.

Шүүхээс өмгөөлөгчийн гаргасан удаа дараагийн хүсэлт, саналыг хүлээн авалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 16.3 дугаар зүйлийн 9-д “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж өмгөөлөгчөөс гаргасан эргэлзээтэй байдлыг нягталж шалгуулахаар шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд хохирогч Б.Ч, гэрч Ө.Н нарыг биечлэн оролцуулах хүсэлтийг мөн адил хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь шүүхээс Д.Д-ыг гэм буруутай гэж урьдчилсан дүгнэлт хийсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байтал анхан шатны шүүхийн шийдвэрт “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч /нийт 3 удаагийн ял шийтгэлтэй/ өөртөө дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, нийгэмшихгүй байгаа хувийн байдлыг нь болон хохирогчийг төмрөөр цохиж хохирол учруулсан байдлуудыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний үйлчлүүлэгч Д.Д хэдийгээр өмнө нь ял шийтгэл хүлээж байсан боловч энэхүү байдал нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчлан заасан байтал хэрэгт эргэлзээ бүхий олон баримт байсаар байхад таамаглалд үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасныг тус тус үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Д “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, бичиг үсэг бага зэрэг муу боловч уншиж чадна” гэж хэлсэн тул түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй. Мөн шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй тул прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Д.Д-ыг цагаатгах байр суурьтай оролцсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ч болон гэрч Н нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, эрх үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан. Хохирогч Б.Ч, гэрч Н нар нь “бид хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан” гэж тогтвортой мэдүүлдэг. Хэдийгээр гэрч Н анх мэдүүлэг өгөхдөө “Б.Чыг тухайн үед хэн цохисныг санахгүй байна” гэж мэдүүлсэн боловч хэргийн газарт дуудлагаар очсон мөрдөгч Б “тухайн үед дуудлагаар очиход Б.Ч, Н нар нь хүнд зодуулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Хэнд зодуулсан болохыг асуухад Д.Дд цохиулсан гэж хэлсэн” гэж мэдүүлсэн. Энэ талаар баримт хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч Д.Дд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн” гэдэг. Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй талаар шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгч Д.Д нь анхан шатны шүүх хуралдааны явцад “тухайн үед 2 хүн байсан” гэж мэдүүлдэг боловч энэ нь гэрч Н, Б, хохирогч Б.Ч нарын мэдүүлгээр үгүйсгэгддэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Д нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоотод хохирогч Б.Чы толгой руу төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар гадна хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Чы “...2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар хорооны 3 дугаар байрны 00 тоотод байрлах Нийн ажлын өрөөнд бид хоёр пиво ууж байсан бөгөөд тухайн үед бид хоёр 1 ширхэг том пиво уусан. ... пиво уугаад дуусаж байтал гэнэт нэг хүн орж ирээд шууд Нийг цохиод авахаар нь болиулах гээд дундуур нь ортол тухайн орж ирсэн хүн буцаж хаалгаар шагайгаад гартаа төмөр турба авснаа миний толгой руу 2 удаа цохисон ба шууд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь Н бид хоёр араас нь гараад Нтой хамт тэр хүний гэр рүү очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 39/ гэсэн,

 

гэрч Ө.Нийн “...Ч бид 2 пиво хувааж ууж дуусаад, би тэрнээс хойш зүйл санахгүй байна. Нэг сэрэхэд Чы толгойноос цус гарчихсан байдалтай нөгөө өрөөнд байж байсан. Тэгээд надад “жижүүр орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн. Надад ямар нэгэн гэмтэл байхгүй байсан, чих бага зэрэг шалбараад цус гарчихсан байсан. ...” /хх 49-50/ гэсэн,

 

гэрч Б.Бийн “...Дээрх дуудлагаар хэргийн газарт очиход тус тоот байрны гадна Ч болон Н нар нь хүнд зодуулсан гэх байдалтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би хэн гэх хүнд ямар байдлаар зодуулсан талаар тодруулахад орцны жижүүр Д гэх хүн Нийг цохиод байхаар нь болиулах гэтэл миний толгой хэсэг рүү цохисон гэж байсан учир би Д гэх хүнийг эрүүлжүүлэх байр луу аваачих гэтэл эрүүлжүүлэх ажиллаагүй тул эхнэрт нь хүлээлгэж өгсөн. ...” /хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6195 дугаартай “...1. Б.Чы биед зулайн баруун ар гадна хэсэгт шарх, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүснэ. 3. Шинэ гэмтлүүд байх бөгөөд хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүдээс зулайн баруун ар гадна хэсгийн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхины цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 49-50/ гэх дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Д-ын хохирогч Б.Чы толгой руу төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар гадна хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан 1 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй, тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах зарчимд нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батболд “хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээгүй, нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, тухайн үед байсан нэр бүхий этгээдийг олж мэдүүлэг аваагүй, шинжээч томилсон тогтоол, дүгнэлтийг танилцуулаагүй,  мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, Д.Д ямар нэг боловсролын гэрчилгээгүй, бичиг үсгийн чадваргүй, уншиж бичихдээ муу, хэрэгт эргэлзээ бүхий олон баримт байсаар байхад таамаглалд үндэслэж шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын хүрээнд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн эдгээр нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий байх бөгөөд хэргийн үйл баримтад эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж, мөн зүйлийн 1.3-т “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Д нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зурсан, хэргийн материалтай танилцуулсан баримтад санал хүсэлтгүй гэж бичсэн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт дээр дуудсан цагт ирэхээ илэрхийлсэн зэргээс үзэхэд, түүнийг монгол хэл, бичиг мэдэхгүй гэж үзэхээргүй байна.

Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулахад тэрээр “... хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдэлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Б.Чы толгой руу төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар гадна хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зуржээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Н.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР