| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 148/2024/00501/И |
| Дугаар | 191/ШШ2025/04243 |
| Огноо | 2025-05-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/04243
| 2025 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 191/ШШ2025/04243 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: **************** тоотод оршин суух, О овогт Г-ийн Б /Регистрийн дугаар:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************** тоотод түр оршин суух, Д овогт Ч-рын Ү /Регистрийн дугаар:************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Ү-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Г.Б би 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр телеграммаар өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр 5 од дарж үнэлгээ өгөөч, бид дэлхийн хэмжээнд ажилладаг менежерүүд байна, та зөвхөн миний явуулсан дэлгүүрүүдийн судалгаанд 5 одтой үнэлгээ өгсний төлөө бид таныг урамшуулах болно гэж Ч-ын Ү нь мессеж явуулсан. Би итгээд дэлгүүрүүдийн танилцуулгад үнэлгээ өгсөн, үүний хариуд надад 3 удаа 6.000 төгрөг өгсөн тул би итгэж урамшсан. Дараа нь надад Одоо та эхлээд өөрөө мөнгөө төлөөд манайхаас урамшуулал авч болно гэсэн би итгээд 23.000 төгрөг төлөөд 329.000 төгрөг болгож авсан. Дараа нь надаас 1.850.000 төгрөгийг чи манайд төлсний дараа бид уг мөнгийг 2.590.000 төгрөг болгож өгнө, судалгаанд үнэлгээ өгч худалдан авалт хийснээр дэлгүүрийн нэр хүнд өсөж, манайд ч ашигтай байгаа болохоор таныг урамшуулж байна, та энэ урамшууллын мөнгөө өгч байж өөрийн хийсэн мөнгөө авна гээд 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ч-ын Ү нь өөрийнхөө Х банкны **************** данс руу Яаралтай 6.000.000 төгрөг хий гэсэн тул би тэр өдөртөө, уг данс руу 6.000.000 төгрөг хийсэн. Гэвч одоог хүртэл надад амласан мөнгөө өгөөгүй тул би Урамшуулал авахгүй зүгээр л миний мөнгийг өгчих гэсэн боловч надаас авсан 6.000.000 төгрөгийг огт өгөхгүй байна. Иймд 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Г.Б нь 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр телеграммаар өөрийн Сүлжээ дэлгүүрүүдээр 5 од дарж үнэлгээ өгөөч, бид дэлхийн хэмжээнд ажилладаг менежерүүд байна. Та зөвхөн миний явуулсан дэлгүүрүүдийн судалгаанд 5 одтой үнэлгээ өгсний төлөө бид таныг урамшуулах болно гэж Ч-ын Ү нь мессеж явуулсан гэх утга агуулга бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Миний бие Г.Б гэх хүнийг огт танихгүй, ямар нэгэн байдлаар цахим буюу телеграммаар түүнтэй холбогдож байгаагүй.
Би анх 2024 оны 7 дугаар сарын сүүлээр фейсбүүк хуудсанд Бидэнтэй холбоо барина уу, өдөр бүр орлого олох боломжтой 100.000-200.000 төгрөг олно гэх ажлын зарыг харж, тухайн холбоос дээр дарж ороход Манай ажил танаас ямар нэгэн хөрөнгө оруулалт шаарддаггүй, та зөвхөн бидний ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд л хангалттай, тэгвэл бид өдөр бүр тогтвортой орлоготой байх боломжтой бөгөөд танд маш их цаг завтай л бол өдөр бүр 150.000 монгол төгрөг олох боломжтой. Та илүү их мөнгө олох боломжтой. Та манай ажилтан болохыг сонирхож байна уу? гэж +*************** дугаараас мессеж ирсэн. Мөн Шилжүүлэг авахдаа 2%-ийн шимтгэл авах боломжтой бөгөөд манайхаар мөнгө шилжүүлбэл гүйлгээ бүрээс 100 төгрөг авах боломжтой. Ийм захиалга өдөр бүр олон байдаг бөгөөд та маш их хэмжээний шимтгэл авах боломжтой гэсний дагуу тухайн хүнд буюу +*********** дугаар дуу өөрийн мэдээлэл болон дансны дугаараа явуулж бүртгүүлсэн. Миний данс руу тодорхой хэмжээний мөнгө орж ирсний дараагаар тухайн дугаараас над руу данс, данс эзэмшигчийн нэр болон хэдэн төгрөг шилжүүлэх, гүйлгээний утга дээр бичих 4 оронтой тооны хамт явуулснаар би тухайн гүйлгээг хийдэг байсан. Тэрний дараагаас намайг тухайн өдрийн гүйлгээ хийсэн мөнгөний 2%-иар цалинжуулдаг байсан. Би үүнд итгэж урамшин тухайн ажлыг нийт 3-4 удаа хийсэн. Тэгээд сүлжээгүй газар явах болсноор хийхээ больсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ .... судалгаанд үнэлгээ өгч худалдан авалт хийснээр дэлгүүрийн нэр хүнд өсөж манайд ч ашигтай байгаа болохоор таныг урамшуулж байна, та энэ урамшууллын мөнгөө өгч байж өөрийн хийсэн мөнгөө авна гээд 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр намайг Хаан банкны данс руу яаралтай 6.000.000 төгрөг хий гэсэн тул би тэр өдрөө хийсэн гэжээ. Миний бие ямар нэгэн хүнтэй харьцаж иймэрхүү утга агуулгатай зүйлсийг бичиж байгаагүй, мөн энэ хүнд мөнгийг нь ахиулан урамшуулал олгоно гэсэн талаар мэдэхгүй. Тиймээс Г.Б гэх хүнтэй би ямар нэгэн байдлаар холбогдож бид хоёрын дунд эрх зүйн харилцаа үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, вайбераар харилцсан чатын зураг зэргийг ирүүлжээ. /хх 3-6, 25, 69-71/
Хариуцагчаас баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э сургуулийн тодорхойлолт, Б дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дансны хуулга, шилжүүлгийн мэдээлэл, вайбераар харилцсан чатны зураг, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 17, 23, 40, 54-62, 93/
Шүүхийн журмаар: Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн 191/ШЗ2025/11284 тоот захирамжийн дагуу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг бүрдүүлжээ. /хх 79-87/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ч.Ү-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: хариуцагчтай Телеграммаар дамжуулж харилцсан, түүний заавраар мөнгийг шилжүүлсэн ч буцаан төлөөгүй тул үндэслэлгүй хөрөнгөжснөөр гаргуулна гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгчийг танихгүй, түүнтэй харилцаагүй, харин Телеграммын +************ дугаартай харилцаж ажлын санал хүлээж авсан, түүний дагуу өөрийн дансаа ашиглуулж гүйлгээ тутмаас 2 хувийн шимтгэлийг цалинд авсан, орж ирсэн мөнгийг хэлсэн дансанд нь хэлсэн утгаар нь шилжүүлж байсан гэв.
3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч Г.Б-ийн Х банкны **************** тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Ч.Ү-ийн Х банкны ********** тоот дансанд 6.000.000 төгрөгийг шилжүүлжээ. /хх 4-5/
4.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө а/хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол, б/үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол тус тус буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан.
Хуулийн дээрх үндэслэлээр шаардахын тулд а/нэг тал ашиг олсон байх б/нөгөө талд алдагдал, хохирол учирсан байх в/тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой байх урьдач нөхцөл хангагдсан байхыг шаардана.
4.1.Хэрэгт баримтаар ирүүлсэн хариуцагч Ч.Ү-ийн Х банкны ********* тоот дансны хуулгаас харахад 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нийтдээ түүний дансанд 23.255.000 төгрөгний орлого орж, эргээд 23.189.200 төгрөгний зарлага гарчээ. Дээрх өдрийн гүйлгээ дунд нэхэмжлэгч Ч.Б-аас мөнгө шилжиж орсны дараахан 4 минутын дараа Х банкны ************** тоот данс руу 6.100.000 төгрөгийг 0688 утгаар шилжүүлсэн, уг данснаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсний дараа Б.Г, Б.Г, Г.Ц нарын дансанд хувааж шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх54-58/
4.2.Шүүхийн журмаар хариуцагчийн гар утаст зурган файлаар хадгалсан телеграммын чатаар харилцсан тодорхой хугацааны цахим захидалд үзлэг хийсэн. 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр Телеграммын +************* дугаараас хариуцагч Ч.Ү нь ажлын санал хүлээн авч, үүний дагуу өөрийн дансанд орсон гүйлгээнээс бүрээс 0,2 хувийн шимтгэл авахаар тохиролцсон, зааврын дагуу нэрлэн заасан дансанд мөнгийг шилжүүлж байсан болох нь тогтоогдсон. /хх 59-62/
Нэхэмжлэгчийн зүгээс мөн адил телеграммаар дамжуулж хариуцагчтай харилцсан гэж тайлбарласан ч түүнтэй харилцсан хүн гуравдагч этгээд эсхүл хариуцагч алин болох тодорхойгүй тул энэ тохиолдолд шүүх хариуцагчийн тайлбар илүү баримтаар нотлогдсон гэж үзэхээр байна.
4.3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4, 492.4.1-д анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гэж зохицуулсан.
Маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгч үнэлгээ өгвөл урамшуулал өгнө, мөнгө шилжүүлсний дараа өсгөж өгнө гэх тайлбарт итгэж мөнгийг шилжүүлсэн талаараа нэхэмжлэлдээ дурдсан тул цахим орчин дах энэ төрлийн залиланд өртсөн, анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй гэдгийг мэдэх бүрэн боломжтой байтал мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь цахим залиланд өртсөн, харин хариуцагч уг цахим залиланд өөрийн эзэмшлийн дансаа идэвхитэй ашиглуулсан байх боловч тухайн дансны гүйлгээгээр хариуцагч ямар нэгэн ашиг олсон буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч хүрэлцэн ирээгүй. Шүүхээс хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж удаа дараагийн товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.4.1-д зааснаар Ч.Ү-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6.000.000 төгрөг гаргуулах тухай Г.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ