Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 307/ШШ2025/00968

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/01048/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-т холбогдох,

“700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан 700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...2025 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Н.*******тай 200 ширхэг өрөл модыг нэг ширхгийг 13,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 700,000 төгрөг өгсөн. Би тэтгэвэрт гарснаасаа хойш мод үржүүлгийн ажил сонирхож хийх болсон ба өөр нэмж өрөл мод гарвал авна шүү гэж хэлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр модыг хот руу явуулж өгөхийг Н.*******аас хүссэн ба 300 өрөл мод гарсан гэхээр нь би авъя гэсэн юм. Ингээд Н.******* нь модыг тээшинд хийгээд тээшний зардал 42,000 төгрөг болсон, чи яахав 50,000 төгрөг өгчихгүй юу гэхээр нь надад эргэлзээ үүсэж баримтуудыг шалгаж үзэхэд Багийн Засаг даргын тодорхойлолт дээр 300 ширхэг өрөл, монос мод хот руу тээвэрлэх гэж байгаа нь үнэн болно гэсэн байсан. Иймээс би модоо хүлээн авсны дараа үлдэгдэл мөнгийг хийе гэхэд Н.******* нь модыг явуулахаа болилоо гэсэн тул би мод худалдан авахаа больсон. Иймд урьдчилгаанд өгсөн 700,000 төгрөгөө буцаан гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.

3.Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлээс 143,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа “...Анх 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Г.******* нь надтай утсаар холбогдож манай хашаанд ирж мод үзээд 205 ширхэг өрөл модыг нэг ширхгийг нь 13,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод явсан. Ингэхдээ мөнгө, модоо баруун зүүнээрээ солилцоод өгөлцөж авалцахаар тохирсон. 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би тохирсон ёсоор моднуудаа хөрснөөс нь салгаж бэлдэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарал үүслийн бичгийг Засаг даргаас аваад моднуудыг тээшинд хийсэн боловч Г.******* нь миний дансны лимит хэтэрсэн байна, 00 цаг болохоор мөнгийг чинь шилжүүлье гэж хэлсэн. Би өмнө тохирсон байснаараа мөнгөө шилжүүлсний дараа модоо явуулах байсан учраас моднуудаа явуулаагүй. Маргааш өглөө нь дансаа шалгахад мөнгө орж ирээгүй байсан учир утсаар нь залгахад холбогдох боломжгүй байсан. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Г.******* нь утсаар залгаж мод авахаа болилоо гэж хэлсэн. Мод авна гэж урьдчилгаа төлж баталгаажуулаад газарт ургаж байсан 300 ширхэг модыг авхуулж, 9 хоногийн дараа мод авахаа больсон гэж хэлсэн бөгөөд үүнээс болж 27 ширхэг өрөл мод маань үхсэн. 27 ширхэг модны үнэ 405,000 төгрөг, нэгэнт хөрснөөс авсан модыг буцаан суулгах, хадгалах зэрэгт 200 ширхэг бортогыг Улаанбаатар хотоос авчруулсан 100,000 төгрөг, дайвар 10,000 төгрөг, моднуудыг буцаан суулгахад хэрэглэгдсэн нийлмэл бордоо 42,000 төгрөг бүгд 557,000 төгрөгийн зардал надаас гарсан учир үүнийг хасаад үлдэх мөнгийг өгөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.

4.Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Н.******* нар нь 205 ширхэг өрөл модыг нэг бүрийг нь 13,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч нь урьдчилгаанд 700,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

6.Хариуцагч нь моднуудыг тээвэрлэхээр бэлдэж, гарал үүслийн бичиг авч, тээшинд хийсэн боловч нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг шилжүүлэлгүй, дараа нь мод авахаас татгалзсан нь мөн талуудын тайлбараар тогтоогдож байна.

7.Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хэрэгт нотлох баримтаар Дархан сумын 15 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 609 дугаартай Улаанбаатар төмөр замд, тус багийн 3 дугаар хэсэг 15 дугаар брак, 8 тоотын иргэн Д. эзэмшлийн хашаанд үрэл, монос төрлийн 300ш суулгацын модыг Н.******* нь Улаанбаатар хот руу тээвэрлэх гэж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт авагджээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд дээрх баримтаас харахад тохиролцсон өрөл мод бус монос мод гэж хамтатган бичсэн байгаа нь худалдан авахаар тохиролцсон зүйл нь биет байдлын доголдолтой байж болох эргэлзээг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний зүйлийг хүлээн авсны дараагаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тавьсан шаардлага зүйд нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээг баталгаажуулж урьдчилгаа төлбөрийг төлсөн байхад моднуудыг илгээхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл талуудыг үл ойлголцолд хүргэж, маргааныг үүсгэжээ.

Гэвч нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж буй дээрх үндэслэл нь ялимгүй зөрчилд хамаарах бөгөөд энэ нь гэрээг бүхэлд нь цуцлах үндэслэл болохгүй боловч хариуцагч мөн гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдож буй хариуцагчаас гарсан хөрснөөс авсан модыг буцаан суулгах, хадгалах зэрэгт 200 ширхэг бортого авсан 100,000 төгрөг, моднуудыг буцаан суулгахад хэрэглэгдсэн нийлмэл бордоо авсан  42,000 төгрөгийн зардлыг хасаж тооцон нийт 558,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д тус тус зааснаар хариуцагч Н.*******аас 558,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******од олгож, нэхэмжлэлийн үлдэх 142,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН