Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 307/ШШ2025/00991

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00448/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* *******  (утас: *******)-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (төлөөлөгч Г.*******, утас: *******)-д холбогдох, 

“Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,725,769 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“... *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №25/01 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,725,769 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

 2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Т.*******гийн нэхэмжлэлтэй *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 5,725,769 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт талууд доорх нөхцөлөөр эвлэрч байна.

1.*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажилтан болон ажил олгогч харилцан тохиролцсон, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж өөрчлөн гаргах,

2.Ажилгүй байсан хугацааны цалинд 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох,

3.Нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 1, 2, 3 сарыг хамруулж нөхөн төлөх, бичилт хийлгэх үүргийг хариуцагч хүлээх,

4.Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох “Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,725,769 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээнд: *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажилтан болон ажил олгогч харилцан тохиролцсон, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж өөрчлөн гаргах, ажилгүй байсан хугацааны цалинд 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 1, 2, 3 сарыг хамруулж нөхөн төлөх, бичилт хийлгэх үүргийг хариуцагч хүлээнэ. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т.*******гийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэгт *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг ажилтан болон ажил олгогч харилцан тохиролцсон, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж өөрчлөн гаргах, ажилгүй байсан хугацааны цалинд 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2025 оны 1, 2, 3 сарыг хамруулж нөхөн төлөх, бичилт хийлгэх үүргийг хариуцагч хүлээх, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН