Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0692

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: С д Эрүүл мэндийн нэгдэл /РД:*******/,  Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* 

Гуравдагч этгээд: Д.Д******* /РД:*******/ нарын хоорондын “Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01  дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюунсувд,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч Ю.А*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, гуравдагч этгээд Д.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 

2.1. Иргэн Д.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Э.Ш*******оос 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гаргасан өргөдлийг хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/01******* дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Салбарын хяналтын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч О.А*******, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ю.А******* нар нь хяналт шалгалт хийж, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр маргаан бүхий 07/01******* дугаартай Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг гаргажээ.  

2.2. Уг дүгнэлтээр ... талийгаач Д.Г нь С д Эрүүл мэндийн төвийн аж ахуйн албанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Сан техникийн слесариар сэлгэн томилогдон, жийн хуваарийн дагуу 2024 оны 10  дугаар сарын 01-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар эмнэлгийн В1 давхарт өвчний улмаас нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 (ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед)-т заасан ослын тохиолдолд хамаарч байна. С д Эрүүл мэндийн төв нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Д.Гын гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125  дугаар зүйлийн 125.1.2-т заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг нэг удаа нөхөн олгоно” гэж дүгнэжээ.  2.3. Дээрх дүгнэлтийг С д Эрүүл мэндийн төв эс зөвшөөрч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 272 дугаар албан бичгээр гомдол гаргажээ.  2.4 Уг гомдлын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025  оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр хариу өгөхдөө “...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ” гэсэн хариуг өгсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс ... Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 4620 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  

Гурав.Нэхэмжлэлийн үндэслэл:  

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:  С д эрүүл мэндийн төвийн ажилтан Д.Г нь 2024 оны 10  сарын 18-ны өдөр ажлын байран дээр нас барсан бөгөөд ажил олгогч буюу “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.7-д заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан хүчин зүйлийг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагад хандсан билээ. 

3.2. Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нар нь шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар дүгнэлтээр дээр дурдсан ажлын байран дээр нас барсан ослыг “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх хэсэг /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-т заасан ослын тохиолдолд хамаарч байна хэмээн дүгнэж, дүгнэлт гаргасан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, уг байцаагч нарын актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. 

3.3. ... Нэхэмжлэгчийн зүгээс тухайн дүгнэлтийг гаргасан байцаагч нарыг хариуцагчаар тодорхойлсон болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар дүгнэлтийг анх талийгаач Д.Гын эгч Д.Д******* нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манайд олговор 35,712,000 төгрөгийг шаардсанаар мэдсэн бөгөөд дүгнэлтэд "... улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана" гэж заасны дагуу бид дээд шатны байгууллага болох Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргад гаргасан боловч гомдлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол шилжүүлсэн ба гомдлын хариуг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот албан бичгээр хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 

3.4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нар нь дээрх дүгнэлтийг үйлдэхдээ "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-н 2.1-т "...үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас ... эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, мөн 5 дугаар зүйлийн 5.2-т "Энэ дүрмийн 3.16-д заасан тохиолдлыг судлан бүртгэхэд дараах бичиг баримтыг актад хавсаргана”, 5.2.1-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас учирсан гэмтлийн зэрэг, эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ. туршилтын дүн”, 5.2.4-д “осолдогч нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлт” гэж тус тус заасны дагуу талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шууд “үйлдвэрлэлийн осол,  хурц хордлого” гэж дүгнэсэн нь ажил олгогч байгууллагын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 

3.5. Учир нь дүгнэлтийн 2 дахь заалтад “С д Эрүүл мэндийн төв нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Д.Гын гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасны дагуу 1  сарын дундаж цалин хөлсийг 36 сар дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг нэг удаа олгоно" гэж зааснаар манай С д эрүүл мэндийн төв нь талийгаач Д.Гын гэр бүлд олговор олгох үүрэг үүссэн нь байгууллагын санхүүгийн эрх ашиг, үйл ажиллагаа зөрчигдөхөд хүрч байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ю.А*******. О.А******* нар нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар дүгнэлтийг манай байгууллагад албан ёсоор өгөөгүй бөгөөд мөн дүгнэлт гаргах үндэслэл болсон задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг бидэнд өгөөгүй бөгөөд манай байгууллагаас Баянгол д Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч уг шүүх эмнэлгийн дүгнэлтийг хэргийн оролцогч бус гэж үзэж өгөөгүй болно. 

3.6. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-д заасны дагуу шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт гарахаас өмнө үйлдвэрлэлийн осол гэж дүгнэж, байгууллагад их хэмжээний олговор олгуулахаар акт үйлдсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн дүгнэлт болсон. 

3.7. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52  дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01- 02/021-01 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

3.8. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...  Талийгаачийн нас барсан үндэслэл нь мэргэжлээс шалтгаалах өвчин биш бөгөөд С д эрүүл мэндийн төвд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нас бараагүй, Үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлтэд дүгнээгүй, Үйлдвэрлэлийн осол гэдэг нь тухайн багж, тоног, төхөөрөмжтэй харьцаж байхдаа нас барсан тохиолдол хамаарна. Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим болон сонсох ажиллагаа явуулаагүй. Талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэгдэг байсан тул үүнээс шалтгаалж элэг хатуурч зүрхний цозмог өвчин туссан нь мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтад хамаарахгүй” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ” гэж зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлнэ. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 1.2-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөнө”, 1.6-д "  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт,  дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна", 2.7-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол 29.4-т зааснаар улсын байцаагч дүгнэлт гаргана” гэж тус тус заасан байдаг. 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан. Нэхэмжлэлд дурдсанаар олгогч "С д Эрүүл мэндийн төв” нь талийгаач Д.Гад олговор олгох үүрэг үүсэж байна гэх үндэслэлийг гаргасан байна. Мөн хуулийн 125.3-т “Энэ хуулийн 125.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь ажилтан, түүний гэр бүлд нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж олгохыг хязгаарлах үндэслэл болохгүй, 125.4-д “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан энэ хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулж болно” гэж заасан. 

4.3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн, ажлын байр, орчны, хүний, удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл гэсэн дөрвөн талаас нь судалж тогтоодог. Тус төвийн аж ахуйн албаны сан техникийн слесариар ажиллаж байсан Д овогтой Г нь тус компанид 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манаачаар ажилд орж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "Д.Гыг ажилд сэлгэн томилох тухай" тушаалаар аж ахуйн албаны слесариар ажиллаж байхдаа /ажлын байр талаас нь авч үзэхэд/ 2024  оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим тус төвийн В1 давхарт нас барсан цаг хугацаа нь Д.Гын ажлын цаг байсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн 1.9-д “ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.3-д "ажилтан"  гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж заасан байна.

4.4. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг үйлдсэн, эсхүл санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй” гэж заасан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй нөхцөлийг зааж өгсөн бөгөөд бусад тохиолдолд буюу “ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, “ажлын цагаар ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед", "ажил олгогч, эрх бүхий этгээд болон албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт,  дайчилгаагаар ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж байх үед”, ажлын цагаар ажлын байр,  нэгж, хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед”  үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан. Мөн хуулийн 3.1.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 93.1.1-д заасан амрах, хооллох, завсарлагааны нөхцөл байдлын үед даатгуулагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан хуульд заасан. Өмнөх Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэсэн заалтад Үйлдвэрлэлийн осол,  хурц хордлого гэж нэмэлтээр оруулсан байна. 

4.5. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл,  гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авч,  С д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн салбарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Гтэй утсаар холбогдон ирүүлсэн хүсэлтийг танилцуулан, холбогдох байгууллагаас гаргуулан авсан эрх зүйн баримтын талаар тус эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан П.Н ээс утсаар тодруулж, улмаар газар дээр нь очин эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, осолдогчийн ажиллаж байсан орчин нөхцөлийг үзэх шаардлагатай тул удирдлагад танилцуулж, "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" удирдамж батлуулан ажилласан. 

4.6. Хяналт шалгалтыг удирдамжид заагдсан асуудлын хүрээнд хийж,  осолдогч Д.Гын Хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолттой танилцахад хөдөлмөрийн гэрээний ажлын байрны нэр: манаач (2023.02.03-ны),  ажил гүйцэтгэх байршлыг хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд зааж өгөөгүй,  ажилтны долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. Албан тушаалын тодорхойлолт: (төвийн даргын 2022.08.04-ны тоот тушаал) албан тушаалын нэр Сантехникч, ажлын цаг 24 цаг, байгууллагын дулаан, цэвэр, бохир усны системийн хэвийн ажиллагааг хангаж, учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх, байгууллагын сантехникийн эвдрэл, гэмтлийг засаж сайжруулахад чиглэгдэнэ гэснээс харахад хөдөлмөрийн гэрээний ажлын байрны нэр, ажлын цагийн зөрүү болон манаачийн албан тушаалаас нь өмнө гарсан ажлын байрны тодорхойлолт нь сантехникчээр харагдаж байсан. 

4.7. С д Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 05  дугаар сарын 01-ны өдрийн дугаар "Д.Гыг ажилд сэлгэн томилох тухай"  тушаалаар осолдогч Д.Гыг Баянхошуу салбар амбулаторийн цахилгаанчин Ды Гыг 2024 оны 05 дугаар 01-ний өдрөөс Аж ахуйн албаны Слесариар сэлгэн томилох тушаал гарсан байдаг. Эндээс харахад Д.Г нь сантехникч, аж ахуйн албаны слесарь, манаач гэсэн 3 ажлын байранд ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, ажилд сэлгэн томилох тушаалаас харагдаж байна. 

4.8. Дээрх тушаал, шийдвэрийг хүний нөөцийн менежер Р.Ганчимэг боловсруулж, д эрүүл мэндийн төвийн дарга Ч.Ө баталж, Д.Г танилцан гарын үсэг зурсан, осолдогч Д.Гын ажлын байр өөрчлөгдөхөд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна. Шалгалтын тэмдэглэлээр Д.Г сургалтад хамрагдаагүй ажил үүрэг гүйцэтгэдэг байсан, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан нь байгууллагын сантехникийн слесариар ажиллаж байгааг мэдээгүй, ажлын уялдаа холбоо байхгүй, стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга Б.Б бидэнд нөхцөл байдлыг танилцуулахдаа: Манай байгууллагаас хуралдаад үйлдвэрлэлийн осолд тооцохоор болсон боловч, талийгаач тогтсон гэр бүлгүй, үр хүүхэдгүй болохоор хууль, эрх зүйн талаасаа тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хэнд нь өгөх нь асуудалтай. Тухайн үед байгууллагын зүгээс өөр ажил үүрэг өгч байгаагүй, оройн хоолоо В1 давхарт идэж байхдаа нас барсан гэх тайлбарыг өгч, эрүүл мэнддээ анхаараагүйн улмаас ийм асуудал болсон гэх мэдлийг өгсөн байна. 

4.9. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл" гэж ажлын байр, түүний байршил, цалин хөлсний хэмжээ,  хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг” гэж заасан, хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны нэр (2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээн”-д Ажлын байрны нэр-манаач, хөдөлмөрийн гэрээний хугацаа нь туршилтын 3 сар гэсэн мөртлөө, хугацаагүй), ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг (ажлын байрны тодорхойлолт буюу албан тушаалын тодорхойлолтод: Төвийн даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн тоот тушаал, дагаж мөрдөх огноо нь 2022 оны 08 дугаар сарын 04, албан тушаалын тодорхойлолтыг баталсан огноо нь 2022 оны 08 дугаар сарын 04, албан тушаалын нэр-Сантехникч),  Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулснаар ажил үүрэг гүйцэтгэх байршил гэж гэрээний нөхцөлд тусгахаар оруулсан (Хөдөлмөрийн гэрээнд тусгахдаа: Гэрээний 2.1-т ажилтан нь хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрдөж өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил дагуу эрх, үүргээ хэрэгжүүлнэ, ажилтны долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна гэж, харин албан тушаалын тодорхойлолтод С д 13-р хороо, Залуус гудамж, жийн ажилтан буюу албан тушаалын зорилтын 6-д Амрагчдад цахилгаан, сан техникийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг зөв ашиглах өрөө тасалгаандаа эмх цэгц дэг журамтай байх талаар санамж өгч байх гэсэн нь албан тушаалынхаа зорилгод нийцээгүй чиг үүрэг хүлээхээр заасан) цалин хөлсний хэмжээ буюу хөдөлмөрийн нөхцөл зэргийг заахаас гадна хуульд заасны дагуу ажилтны ажиллах байршил буюу орон зай, хил хязгаарын хэм хэмжээг хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод тусгайлан зааж өгөөгүй байна. 

4.10. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5 (үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах), "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3.11-д (Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана) заалтуудыг тус тус удирдлага болгон Талийгаач Д.Г нь С д Эрүүл мэндийн төвийн аж ахуйн албанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сан техникийн слесариар сэлгэн томилогдон, жийн хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар эмнэлгийн В1 давхарт нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015  оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 (ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед)-т заасан ослын тохиолдолд хамаарч байна. 

4.11. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол,  мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3  дугаар зүйлийн 3.2-т "Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг үйлдсэн, эсхүл санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй" гэж заасан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй нөхцлийг зааж өгсөн бөгөөд бусад тохиолдолд буюу "ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед", "ажлын цагаap ажлын байр, нэгж,  хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед", "ажил олгогч, эрх бүхий этгээд болон албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт,  дайчилгаагаар ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж байх үед", ажлын цагаар ажлын байр,  нэгж, хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед”  үйлдвэрлэлийн осолд тооцох, хуулийн 3.1.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 93.1.1-д заасан амрах, хооллох, завсарлагааны нөхцөл байдлын үед даатгуулагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно” гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан хуульд тус тус заасан байна” гэжээ.  

Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал 

5.1. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

5.2. Д.Д******* миний төрсөн дүү болох Д.Г /44 настай/ нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлын байр /С д эрүүл мэндийн төв/-нд нас барсан. Талийгаач 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс аж ахуйн албаны слесариар ажиллаж байсан байдаг. Үүнтэй нь тухайн байгууллагад анх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манаачаар ажилд орж улмаар Холбоотой ажил олгогч С д Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус комиссын дүгнэлт буюу /зүрхний цочмог ишеммит өвчний бусад хэлбэр” гэж урьдчилсан онош тавьсан, иймээс өвчний улмаас нас барсан гэж үзэж,  үйлдвэрлэлийн осол хэмээн судлан бүртгэхгүй гэсэн шийдвэрийг С д Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын ахлах байцаагч /Т.Г/-ийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ажил олгогчийн "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт"-ыг баталгаажуулсан шийдвэрийг гаргасан байдаг. 

5.3. Дээрх шийдвэрийг миний бие холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй,  зөрчсөн гэж үзээд хүчингүй болгуулан, дүгнэлт гаргуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №07/01- 02/021-01 дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” дүгнэлтээр 1-т "...талийгаач Д.Г нь С д Эрүүл мэндийн төвийн аж ахуйн албанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс сан техникийн слесариар сэлгэн томилогдон,  

жийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар эмнэлгийн В1 давхарт өвчний улмаас нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үед/-т заасан ослын тохиолдолд хамаарч байна" гэсэн дүгнэлт гарсан. 

5.4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ "... Улсын байцаагчийн дүгнэлт нь хууль бус... Д.Гын нас барсан шалтгаан нь гадны нөлөөгүй бөгөөд өвчний улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан” гэжээ. Улсын байцаагчаас холбогдох хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд зохих хяналт шалгалтыг явуулж дүгнэлт гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль,  захиргааны хэм хэмжээний актад ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсныг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн зохицуулалт байхгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. 

5.5. Д. Г нас барсантай холбоотой С д Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж улмаар С д Прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Тухайн хэргийн материалд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тоот дүгнэлтээр "...Д.Г нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний цочмог дутагдалд орж зүрх гэнэт зогсжээ” гэсэн дүгнэлт байдаг. 

5.6. Түүнчлэн гэрч Ш.Зын "...2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг эмнэлгийн слесарь Д.Гын хамт В1 давхарт эмульс хийж байгаад газар хэсэг амраад хоол цай идчихээд хажууд сууж байгаад хажуу тийшээ налаад уначихаар нь ... би тухайн өрөөнд эмульс нааж байсан, надад туслаад ойр зуурын бага сага ажил л хийсэн, 1 цаг жтэй учир ажлаа хийж байсан юм", гэрч С.Бгийн ...  Д.Г өнөөдөр орчим л хамт юм хийсэн, ямар нэгэн зүйл өвдсөн талаар надад хэлээгүй, өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орж, 08 цаг 30 минутад ажлаа хүлээж авсан энэ хүн 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэх хуваарьтай. Би орой 17 цаг орчим талийгаачтай уулзахад хэвийн ямар нэгэн зовиур байхгүй ажлаа хэвийн гүйцэтгэж байсан", гэрч Д.Цийн "... Ш.З эмульс хийгээд амь хохирогч юмыг нь авч өгөөд хажууд нь хараад байж байсан..." гэрч Т.Сгийн "...тэр өдөр талийгаач бид хоёр нэлээд олон удаа холбогдоод ярихад ажлаа хийгээд байж байна гэж ярьж байсан, би сүүлд утсаа харахад 18 цаг 53 минутад залгасан байсан, тэгэхэд жаахан ажилтай байна, эргээд залгая гэж байсан..." гэх мэдүүлгүүдээр талийгаач Д.Г нь тухайн өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нөхцөл байдал тогтоогддог. 

5.7. Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1-2.1.6-д Үйлдвэрлэлийн осолд тооцох нөхцөлүүдийг заасан харин 2.2-т "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон" тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол,  мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3  дугаар зүйлийн 3.2-т "Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг үйлдсэн, эсхүл санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй" гэж заасан нь үйлдвэрлэлийн осолд тооцохгүй нөхцөлийг зааж өгсөн бөгөөд бусад тохиолдолд буюу "ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед", "ажил олгогч, эрх бүхий этгээд болон албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт,  дайчилгаагаар ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж байх үед", "ажлын цагаар ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед"  үйлдвэрлэлийн осолд тооцохоор зохицуулсан буюу осолдогч Д.Г нь үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан гэж үзсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй юм.

5.8. Иймд осолдогч, түүний гэр бүлийн гишүүний үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №07/01******* дугаартай "Үйлдвэрлэлийн ослын тухай" дүгнэлтийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар,  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2. Нэхэмжлэгч С д эрүүл мэндийн нэгдлээс Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нарт холбогдуулан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нас барсан шалтгаан нөхцлийг тогтоогоогүй буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гараагүй байхад шууд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэж дүгнэсэн нь ажил олгогч байгууллагын эрх, хууль ёсны ашгийг ноцтой зөрчсөн ...  

Үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэж, 

хариуцагчаас “...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн, ажлын байр, орчны, хүний, удирдлагын тогтолцооны гэсэн 4 хүчин зүйлийн нөлөөлөл хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог ... үйлдвэрлэлийн осолд тооцохгүй нөхцөлийг хуульд зааж өгсөн бөгөөд бусад тохиолдолд буюу ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед ажлын цагаар ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд ажил үүргээ гүйцэтгэхээр явж байх үед,  

ажил олгогч, эрх бүхий этгээд болон албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар ажиллаж, ажил үүрэг гүйцэтгэж байх үед бол үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан ... Д.Г нь жийн хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар эмнэлгийн В1 давхарт нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 (ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед)-т заасан ослын тохиолдолд хамаарч байна” гэж,  

гуравдагч этгээдээс “...Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль,  захиргааны хэм хэмжээний актад ажлын байран дээрээ өвчний улмаас нас барсныг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэсэн зохицуулалт байхгүй ... Д.Г нь тухайн өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг нөхцөл байдал тогтоогддог” гэж тус тус тайлбарлан маргасан. 

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, талийгаач Д.Г нь С д эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар анх манаачаар ажилд орж, мөн өдрөөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Гыг ажилд сэлгэн томилох тухай” дугаар тушаалаар С д Эрүүл мэндийн аж ахуйн албаны сан техникийн слесариар ажиллаж байгаад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим тус төвийн В1 давхарт нас барсан байна. Улмаар тус төвийн Хөдөлмөрийн

аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний орон тооны бус зөвлөлийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар “... шүүх шинжилгээний хариунд үндэслэж эцсийн дүгнэлт гаргах”-аар шийдвэрлэсэн байна. 

3.2. Үүний дараа С д эрүүл мэндийн төвийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар “...С д эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны А/08 тушаалаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх орон тооны бус зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарсан ослын талаар хуралдаж тухайн ослыг “үйлдвэрлэлийн осол” гэж эцэслэн дүгнэлт гаргахад осол гарсан шалтгаан, хүчин зүйл тодорхой бус,  

эмчлэгч эмчийн урьдчилсан онош “зүрхний цочмог” ишеммит өвчний бусад хэлбэр /I.24/ гарсан тул үйлдвэрлэлийн осол хэмээн судлан бүртгэхгүй” гэж шийдвэрлэснийг С д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч баталгаажуулжээ. 

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт гомдол гаргаснаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025  оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хяналт шалгалтын хийх тухай 07/01-02/21-01  дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийснээр маргаан бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Үйлдвэрлэлийн ослын тухай” 07/01- 02/021-01 дүгээр дүгнэлтийг гаргажээ. 

3.4. Уг дүгнэлтээр “...ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар эмнэлгийн В1 давхарт өвчний улмаас нас барсан нь гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-т заасан /ажлын байрандаа ажил үүргээ, гүйцэтгэж байх үед/ ослын тохиолдолд хамаарч байна” гэж дүгнэн, С д Эрүүл мэндийн төв нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтан Д.Гын гэр бүлд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг нэг удаа нөхөн олгохоор шийдвэрлэсэн байна. 

3.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн,  

ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг”, 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” гэж тус тус заажээ. 

3.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан буюу хөдөлмөр эрхлэгчийг эрүүл аюулгүй орчинд ажиллах бүхий л нөхцлийг ажил олгогч хангахаар, ажилтны ажил гүйцэтгэх үүрэгтэй холбоотойгоор ажил олгогчийн хяналтад байх байрыг ажлын байр гэж ойлгохоор байна. 

3.7. Хэрэгт авагдсан баримтуудаар Д.Г нь ажлын байран дээрээ 2024  оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу С д эрүүл мэндийн төвийн албан тушаалын тодорхойлолтод заасанчлан 24 цагаар ажиллах жийн хуваарийн дагуу ажиллаж байгаад С д эрүүл мэндийн төвийн В1 давхарт нас барсан болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй болно. 

3.8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ”, 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан ажил олгогч,  ажилтан”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.8-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд үйлдвэрлэлийн ослын хувьд ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулснаас бусад тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр байна. 

3.9. Уг маргааны тухайд, талийгаач Д.Г нь дээрх хууль, журамд зааснаар ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан байх ба Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн 2.2-д заасан тохиолдол үүсээгүй байх тул талийгаачийн нас барсан шалтгаан нөхцлийг ажил, мэргэжлээс шалтгаалаагүй, шууд үйлдвэрлэлийн осол биш гэж дүгнэх боломжгүй,  энэ талаарх хариуцагчийн “талийгаач Д.Г нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-д заасан ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед хамаарч байна” гэж дүгнэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

3.10. Тодруулбал, талийгаач Д.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3548 дугаар дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. 

3.11. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй, нас барсан шалтгаан нөхцлийг тогтоогоогүй буюу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гараагүй” гэж тайлбарлан маргах боловч талийгаач Д.Гыг ажилд томилохоос өмнө С д эрүүл мэндийн төв нь түүний эрүүл мэндэд үзлэг хийж байснаас гадна хэрэгт авагдсан баримтуудаар жийн хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын цагаар ажлын байран дээрээ нас барсан байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ. 

3.12. Нэгэнт 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчим С д эрүүл мэндийн төвийн В1 давхарт талийгаач Д.Г нас барсан байх төдийгүй энэ талаар тус төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний орон тооны бус зөвлөл шийдвэр гаргаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 01  дүгээр сарын 24-ний өдрийн хяналт шалгалтын хийх тухай удирдамжийн дагуу хариуцагч нараас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр очиж удирдамжид заагдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж, эрх зүйн баримт бичиг, ажилтны ажлын байр, нөхцөл байдалтай нь танилцаж дүгнэлтийг гаргасан байх тул сонсох ажиллагааг хийгээгүй гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй. 

4. Нөгөө талаар, нэхэмжлэгчийн талийгаач Д.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, ажилд томилсон тушаалууд зэргээс үзэхэд ажил олгогч нь ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан эсэх тодорхойгүй, ажилтны гүйцэтгэх ажил, үүргийг тодорхой зааж өгөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн ажлын байр, орчны, хүний, удирдлагын тогтолцооны хүчин зүйлийн нөлөөлөл гэсэн 4 хүчин зүйлээс хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог, Д.Г нь сантехник, аж ахуйн албан слесарь, манаач гэсэн 3 ажлын байранд ажиллаж байсан нь хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, ажилд сэлгэн томилох тушаалаас харагдаж байна ... ажлын байр өөрчлөгдөхөд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шалгалтын тэмдэглэлээр Д.Г сургалтанд хамрагдаагүй ажил үүрэг гүйцэтгэдэг байсан. Тогтсон ажлын байр байхгүй” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.  

4.1. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.4- т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5- д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар “Үйлдвэрлэлийн ослын тухай” дүгнэлтийг гаргажээ. 

4.2. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С д эрүүл мэндийн нэгдлээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нарт холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаартай “Үйлдвэрлэлийн ослын тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1- д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.4.2-д заасныг тус тус баримтлан С д эрүүл мэндийн нэгдлээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ю.А*******, О.А******* нарт холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/01******* дугаар Үйлдвэрлэлийн ослын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА